• Өнөөдөр 2024-04-27

Яндан хөөлөгч төртэйдөө гомдоод байна

2020-09-11,   1174

Яндангийн тоог цөөлнө гэдэг хэрнээ улсаас яндан хөөлөгч бэлтгэх нь бодлоготойгоо харшиж байгаа хэрэг биш үү, Ерөнхий сайд аа!
 
Дубайд нисдэг такси, Сингапурт жолоочгүй такси үйлчилгээнд нэвтэрч буй мэдээллийг би таксинд сууж явахдаа уншсан билээ. Тэр үед зулайгаараа халзарч эхэлсэн 50 орчим насны жолооч эр улс төрийн ялзрал, өнөөгийн залуусын соёл, түгжрэл, шатахууны үнийн тухай ярьж, миний хаана юу хийдэг тухай шалгааж, ёстой л ам хуурайгүй явсан. Харин би жолоочгүй такси яаж үйлчлүүлэгчээ хүссэн газарт нь хүргэдэг тухай бодож байсан. Бас бид улс орнуудын хөгжлөөс хэр хол хоцорч яваагаа бодож, битүүхэн гомдож явлаа. Жолоочийн шүлсээ үсчүүлэх чөлөө завгүй яриа, машин дотроос ханхлах эхүүн үнэр, хөдлөөд л 1000 төгрөгөөр тооцогдох үнэ бүхэн нь намайг хачин их ядраачихсан юм даг. 
 
Манай улсад “яндан хөөлөгч” мэргэжилтэн бэлтгэх тухай мэдээлэл өчигдрөөс тарж байна. Улс даяар яндан хөөлөгч 1000 мэргэжилтэн бэлтгэсэн. Энэ намар дахиад 300 хүнийг мэргэшүүлэх юм гэнэ. Асар эрэлттэй байгаа болохоор тэр гэжээ. Уншсаны дараа өнөөх таксинд явахдаа нисдэг таксины тухай уншсан үеийн “Бид ер нь ямар их хоцроод, хаана яваад байна вэ” гэдэг гомдолт бодолтой яг адил бодол төрлөө. Япон, Герман ч юм уу, өндөр хөгжилтэй улсад очоод “Яндан гэж юу вэ” гэж асуувал арай мэдэхгүй байх юм биш байгаа. Гэтэл бид яндан хөөлөгчдийг үндэстэн даяар бэлтгэх тухай яриад сууж байх ч гэж. Хоёр зүйлд гомдол төрөөд байна. 
 
Дэлхий  нийтээр нүүрснээс, пийшингийн галлагаанаас татгалзаад хэдэн арван жил болж байхад бид дөнгөж одооноос л зөв галлах тухай ярьж, яндан хөөлөгчийг мянгаар нь бэлтгэж байна. Бодоод үзэхэд бид бусдаасаа хэтэрхий хоцорч байгаа биз. Төр нь ч гэж төр. Нэг жил нь яндангийн тоог бууруулна гэж лоозондоод дараа жил нь яндан хөөлөгчдийг бэлтгээд л. Төрөөс янданг нь хөөлж өгөөд байвал хэн яндангаа буулгах юм. Хэзээ утаанаас салах юм.  Яндан хөөлөгч нарыг сургаж байхаар яаж цахилгаан халаалт ашиглах вэ гэдэг сургалт явуулбал цаг үе, бодлогодоо нийцэх юм биш үү. 
 
Нөгөө талаас яндан нь хөө ихтэй байвал сайжруулсан түлш түлэх үед соролт муу явагдаж, улмаар угаартах аюултай гэж өнгөрсөн өвөлжингөө л ярьсан. Олон ч хүн амиа алдсан. Энэ өвөл ч энэ тухай ахиад ярина гэдэг нь эргэлзээгүй. Энэ утгаараа гэр хорооллын 280 мянган өрх айлыг өвлийн турш аюулгүй галлагаатай байлгахын тулд яндан хөөлөгчс ажиллах нь зөв л байх. Гэхдээ яндан хөөлөгчдийг үндэсний хэмжээнд аян өрнүүлж, төрөөс бэлтгээд байх нь хэр зүйтэй вэ. Үнэхээр яндангаа хөөлөх завгүй айлдуудад зориулсан хувийн үйлчилгээ нэвтрүүлбэл илүү хэрэгтэй биш гэж үү. 50 хүнтэй хувийн компанийн хийж чадах ажилд төр оролцоод байна уу гэж санагдах юм. Ер нь төр аахар шаахар юм бүхнээр оролдоод ирэхээрээ л бишиддэг дээ.
Эцэст нь, эсэргүү нэг бодол бас байна. Байшинд, гэрт амьдарч буй хүмүүс өөрсдөө яндангаа хөөлж чадахгүй, тийм чадваргүй, тийм аминдаа хайргүй болчихсон хэрэг үү. Төрөөс яндан хөөлөгч мэргэжилтэн бэлтгэж, ажиллуулах хэмжээнд хүртлээ монголчууд “ажилгүй”, арчаагүй болчихоод байгаа юм биш үү. Өвлийн гурван сард гэр бүлээ угаартуулахгүй байя гэвэл ямар ч гэрийн эзэн яаж ийгээд яндангаа хөөлчихөж чадах биш гэж үү. 
 
Энэ бүхнийг хэлсэн ч нөгөөх гомдол арилахгүй нь. Цахиурын хөндийд хувийн компани сар луу аялал хийж байхад манай төр “Яндан хөөлнө” гээд сууж байна гэж бодохоор л...
 

Яндан хөөлөгч төртэйдөө гомдоод байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-11 16:52:13
    Hen bsan ch ydin: Chi ter gadaad luugaa ******** har ats min chinii setguulch gj yu bhawdee uhsen nohoin ******** yu niitlehuu sain bod
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188