Эрүү өвдөг нь нийлсэн хөгшин хоёр станц маань ачааллаа аргагүй дийлэхээ больж, дэлбэрчихээд байдаг боллоо. Зулын гэрэлд бөртөлзөж, зуухны өмнө зүүтэгнэсэн зутруу өвөл болж байна. УИХ-ын дарга хөдөөгүүр уулзалт хийж давхиад, Ерөнхий сайд гадаадад Д.Трамптай гар барьж гүйгээд, түнэр харанхуйд тэмтчиж яваа биднийг тоож байгаа янз алга.
Өнгөрсөн 20 жилд засагласан Ерөнхий сайдууд ерөөс баян улстөрчдийг, эсвэл авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэхээс айхгүй, сийхгүй улстөрчдийг л Эрчим хүчний сайдаар томилж иржээ. Улаанбаатарыг бетонон ширэнгэ болгосон “Одод”-ын Д.Зоригт, “Хурд”-ын Б.Чойжилсүрэн тэргүүтэй баян барилгачид, “Эрэл”-ийн Д.Эрдэнэбат, “Залуу Монгол”-ын М.Сономпил тэргүүтэй эрүүгийнхэн, бүхэл бүтэн 10 аймгийн дулааны станцтай болгох төслөөс айж ичихгүй мөнгө цохичихсон Н.Тавинбэх, “10 хувь” хочоороо ард олноо хүндлэгдсэн Ц.Даваасүрэн, Ч.Хүрэлбаатар гээд дурайж байна. Ийм байхад эрчим хүчний салбар элгээрээ хэвтэх нь, асах тоггүй, халах пааргүй байх нь арга ч үгүй юм байна.
Хөгжилтэй ч гэмээр, сонирхолтой ч гэмээр бас нэг зүйл байна. Өнгөрсөн 20 жилд Эрчим хүчний сайдаар есөн хүн ажилласан. Гурав нь Хөвсгөлөөс, гурав нь Увсаас, бас Завханаас нэг сайд “төржээ”. Цочир хүйтрэх цаг агаарын мэдээ дандаа Хөвсгөл, Увс, Завханаас буюу “Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр...” гэж эхэлдэг. Үе үеийн Ерөнхий сайдууд шинэ станц бариагүйгээ, хуучин станцуудаа тордоогүйгээ ухамсарлаж, хэзээ нэг өдөр хот даяараа тэс хөлдөхийг урьдчилан тооцоолж, монгол орны хамгийн хүйтэн гурван аймагт төрж өссөн, даарч хөрөх туршлагатай улстөрчдийг л Эрчим хүчний сайдаар томилдог байсан бололтой юм.
2006-2007 он- Түлш, эрчим хүчний сайд Бадарчийн Эрдэнэбат\Хөвсгөл\
УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдож, төрийн ордонд найман жил тухлахдаа Батлан хамгаалахын сайд, Түлш, эрчим хүчний сайдаар тус тус ажиллаж байв. Хамгийн сүүлд, 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшээд унаж, улс төрөөс зодог тайлсан.
“Эрэл” ХХК-ийн эзэн Б.Эрдэнэбат өдгөө монголын толгой баячуудын нэг гэгддэг, эсрэгээрээ монголын хамгий их өртэй хүн ч гэгддэг. Жишээ нь, Б.Эрдэнэбат эхнэр Б.Сэргэлэнтэйгээ 11 тэрбумын хаус, орон сууцанд амьдарч, хагас тэрбумын жийп хөлөглөдөг. Тэдний “Чойжин сүитс” ХХК нь Төрийн ордны чанх урд, Чойжин ламын сүм музейн зүүн хойно “Choijin suites” гэх 12 давхар тансаг барилгыг эзэмшдэг. “Эрэл” ХХК нь Дорноговь, Дархан, Төв, Говьсүмбэр, Дундговь, Ховд аймагт ашигт малтмалын есөн лицензтэй гэх мэтээр Б.Эрдэнэбатын гэр бүлийн бэл бэнчингийн жагсаалт үргэлжилнэ.
Харин өрийн тухайд, Б.Эрдэнэбат “Эрэл” ХХК-аараа Хөгжлийн банкнаас 14 сая ам.доллар, 13.2 сая евро, 9.0 сая ам.доллараар гурван удаа зээл авсан. Зээлийн хугацаа нь аль эрт дууссан боловч зээлээ эргэн төлөөгүй, Хөгжлийн банканд төлөх нийт өр нь 202.9 тэрбум төгрөг болчихсон. Энэ асуудлаараа Хөгжлийн банкны нээлттэй сонсголд дуудагдсан ч даналзаж байгаад гарч явсан байдаг.
Цаашилбал, ЭХ-ний сайд асан Б.Эрдэнэбатын гэр бүлийнхний шүүх цагдаад холбогдсон хэргүүд мундахгүй олон. Жишээ нь, Б.Эрдэнэбат, эхнэр Б.Сэргэлэнтэйгээ хамт “Номин холдинг” ХХК-аас 20 тэрбум төгрөг залилсан, мөнгө угаасан хэргээр 2020 онд шүүгдсэн. Б.Эрдэнэбат өөрөө долоон жилийн хорих ял сонсож, эхнэр Б.Сэргэлэн нь цагаадсан байдаг.
Түүнчлэн, Б.Эрдэнэбатын том хүү Э.Жаргалан нь согтуугаар машин жолоодож яваад осол гаргасан дуулиант хэрэгт холбогдож байсан. Харин бага хүү Э.Тэмүүлэн нь “Жем”-ийн эзэн Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл, “Таванбогд”-ын эзэн Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан хоёртой хамт хар тамхи хэрэглэж, улмаар бүлэглэн бусдыг зодож танхайрсан хэргээр одоо шүүгдэж яваа.
Эцэст нь, ЭХ-ний сайд асан Б.Эрдэнэбатын гэр бүлийнхний холбогдсон илүү ноцтой нэг хэрэг байдаг. Эргэн санавал, 2011 онд Б.Эрдэнэбатын гэрт үйлчлэгчээр ажиллаж байсан Филиппин эмэгтэй амиа алдсан. Тухайн үедээ талийгаач эмэгтэйн хэрэгт Б.Эрдэнэбатын эхнэр Б.Сэргэлэн, том хүү Э.Жаргалан хоёр холбоотой гэх мэдээллүүд цацагдаж байсан ч хэрэг нь хаагдсан. Харин сарын өмнө талийгаач эмэгтэйн нөхөр, хүүхдүүд нь Монголд ирж, хэргийг нь сэргээн шалгуулах өргөдөл өгөөд буцсан байдаг.
2007-2008 он- Түлш, эрчим хүчний сайд Чимэдийн Хүрэлбаатар\Увс\
Насаараа төрд ажиллаж, УИХ-д дөрвөн удаа сонгогдож, Засгийн газарт таван удаа сайдаар томилогдсон ховорхон намтартай. Энэ хугацаанд олон ч хэрэгт нэр холбогдсон. Төрсөн хоёр ахтайгаа “Хотгор шанага”-ын нүүрсний уурхайн талыг 10 сая ам.доллараар худалдсан гэх хэргийг өдгөө бүгд мэднэ. Энэ хэрэгт нь АТГ-аас 2018 онд хэрэг бүртгэл нээж байсан ч тэгсгээд мартагдсан. Улаанбаатар хотын утааг арилгах анхны шийдэл болох “Коксжсон шахмал түлшний үйлдвэр” барих 17 тэрбум төгрөгийг төрсөн ах Ч.Гантулгынхаа 10 жилийн ангийн найз Ж.Баатарсүрэнгийн “Аморе интернэшнл” ХХК-д өгсөн гэх хэрэг нь илүү ноцтой. Өнөөх үйлдвэр нь баригдаагүй, нийслэлчүүд утаатайгаа үлдэж, харин 17 тэрбум төгрөг халаасалсан “Аморе интернэшнл” ХХК нь мөнгөө эргэлдүүлж, өдгөө мөнгө хүүлэлтээрээ алдартай “Нөмөр кредит” ББСБ нэртэй болчихсон тууж яваа. Тэр байтугай, “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК, “ДЦС-3” ТӨХК, “ДЦС-4” ТӨХК-ийн хэдэн арван тэрбумын төсөвтэй бүх том тендерүүд хуу хамдаг “Новатек интернэшнл” ХХК, “Кемекс” ХХК, “Мехлопат” ХХК гэх гурван компани өнөөх л Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Гантулгын 10 жилийн ангийн найз Ж.Баатарсүрэнгийн гэр бүлийнх байж таардаг. “Новатек интернэшнл” ХХК нь л гэхэд 680 гаруй тендерийн түүхтэйг дурдах нь зүйтэй байх.
Энэ мэт асар их мөнгө дагуулсан олон хэрэгт Ч.Хүрэлбаатар холбогддог ч 95-хан сая төгрөгийн ганц байрнаас өөр өөрийн гэж өмчлөх хөрөнгөгүй, унах машингүй, муулах малгүй гэж мэдүүлдэг “зальтай” нөхөр.
Гол асуудалдаа оръё. Ч.Хүрэлбаатар С.Баярын Засгийн газарт Түлш, эрчим хүчний сайдаар ганцхан жил ажилласан. Хорлонтой нь, ганц жил ажиллахдаа ганц байгуулсан “гавьяа” нь “Эгийн голын усан цахилгаан станц”-ын төслийг гацаасан явдал байсан.
Тодруулбал, 2006 оны арванхоёрдугаар сард Засгийн газраас “Эгийн голын усан цахилгаан станц”-ын төслийг БНХАУ-ын 300 сая ам.долларын зээлээр санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Улмаар 2007 оны дөрөвдүгээр сард “Эгийн голын усан цахилгаан станц”-ын гүйцэтгэгчийг шалгаруулах анхны тендер зарлагдаж “Синамаче-Камке консерциум” шалгарч байв. Ийнхүү олон жил яригдсан “Эгийн голын усан цахилгаан станц”-ын төсөл бодитоор амь орж, ажил хэрэг болоход бэлэн болоод байв.
Гэтэл 2007 оны арванхоёрдугаар сард Түлш, эрчим хүчний сайдаар Ч.Хүрэлбаатар томилогдов. Улмаар 2008 оны хоёрдугаар сард Түлш, эрчим хүчний сайд Ч.Хүрэлбаатар “Эгийн голын усан цахилгаан станцыг барих шаарлагагүй” гэсэн шийдвэрийг Засгийн газраар гаргуулсан. Засгийн газраас энэхүү шийдвэрийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд танилцуулж, зөвшилцөхийг Түлш, эрчим хүчний сайд Ч.Хүрэлбаатарт үүрэг болгосон. Ингээд 2008 оны дөрөвдүгээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Эгийн гол дээр усан цахилгаан станц барих төслөөс татгалзсан Засгийн газрын шийдвэрийг хэлэлцэж, дэмжсэн.
Хуралдааны дараа Эрчим хүчний сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн 100 хувийн саналаар Эгийн голын усан цахилгаан станцын асуудлыг хориглож чадлаа. Үүнд маш их баяртай байна. Эгийн гол дээр усан цахилгаан станц барих нь ямар ч ашиггүй. Ашигтай гэж бодож байгаа хувийн компаниуд хүсвэл бариг л дээ. Тэгээд ч нэгдүгээрт, Эгийн гол маш үзэсгэлэнтэй газар. Хоёрдугаарт, усан цахилгаан станцын далан барьчихвал эрэг дагуух 14 мянган га ой мод усанд автаж устана. Гуравдугаарт, усан цахилгаан станц барьчихвал загасны нүүдэл тасарч, улмаар мөхөх аюулд орно. Тиймээс усан цахилгаан станц барьж болохгүй” гэж мэдэгдэл хийж байв.
Сүүлд, 2023 онд Ч.Хүрэлбаатар Эдийн засгийн хөгжлийн сайд байхдаа ч “Эгийн голын усан цахилгаан станцын асуудал дээр ОХУ-аас зөвшөөрөл авах ёстой” гэж мэдэгдэж байлаа.
2008-2012 он- Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Дашдоржийн Зоригт\Төв\
Ерөнхий сайд С.Баяр, Сү.Батболдын Засгийн газар дамнан Эрдэс баялаг, эрчим хүчний сайдаар ажилласан Д.Зоригт сайдын ажлаа өгснийхаа дараа Сү.Батболдын “цэрэг” болж, түүний "Алтай холдинг" ХХК-ийн захирал, "Имарт" сүлжээ дэлгүүрийн ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг болсон. Өдгөө ч Д.Зоригт Сү.Батболдын гэр бүлийнхэнтэй "Имарт" сүлжээ дэлгүүрийн хувьцаа эзэмшиж, удирдалцаж яваа.
Жишээ нь, Д.Зоригт “Чингис хаан адвентурс” ХХК-ийг Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү Б.Баттүшиг, хүү Б.Самаади хоёртой хамтран эзэмшдэг. Харин “Чингис хаан адвентурс” ХХК нь “Имарт” худалдааны сүлжээ дэлгүүр буюу “Скай хайпер маркет” ХХК-ийн хувьцаа эзэмшигч. Өөрөөр хэлбэл, ЭХ-ний сайд асан Д.Зоригт Улаанбаатар хотын хамгийн том сүлжээ дэлгүүр болох “Имарт” сүлжээ дэлгүүрийг Сү.Батболдын гэр бүлтэй хамтран эзэмшигч гэсэн үг.
Цаашилбал, Д.Зоригт нь “Алтай фүүд корт” ХХК-ийг Ерөнхий сайд асан Сү.Батболдын эхнэр Х.Отгонтуяа, охин Б.Бадамханд, Б.Цэрэндулам нартай хамтран эзэмшдэг. ЭХ-ний сайд асан Д.Зоригтын “Алтай фүүд корт” ХХК нь “Имарт” сүлжээ дэлгүүрийн рестораныг хариуцаж ажиллуулдаг.
Мөн Д.Зоригт “Скай медиа групп” ХХК-ийг Сү.Батболдтой хамтран эзэмшиж байгаад 2020 оноос ганцаараа эзэмшдэг болсон. Гэхдээ Д.Зоригтын “Скай медиа групп” ХХК-ийнх нь гүйцэтгэх захирлаар Сү.Батболдын охин Б.Бадамханд ажилладаг.
2012-2014 он- Эрчим хүчний сайд Мишигийн Сономпил\Увс\
Эхэнд дурдсан ЭХ-ний сайд асан Б.Эрдэнэбат, ЭХ-ний сайд асан М.Сономпил хоёр тун адилхан намтартай. Хоёулаа УИХ-д хоёр удаа сонгогдож, хоёулаа Батлан хамгаалахын сайд, Эрчим хүчний сайдаар ажиллацгаасан, мөн хоёулаа шүүхээс ял сонссон.
Тодруулбал, АТГ-ынхан 2017 намраас ЭХ-ний сайд асан М.Сономпилыг “Дарханы дулааны станц” болон “Амгалан дулааны станц”-ын тендертэй холбоотой хэргүүдээр шалгаж эхэлсэн. Улмаар М.Сономпил Эрчим хүчний сайд байхаа “Дарханы дулааны станц”-ын Үнс хадгалах сан барих тендерт “Хотгор зам” ХХК-ийг шалгаруулж, хариуд нь 266 сая төгрөгийн хахууль авсан хэргээрээ 2019 оны долдугаар сард шүүгдэж, дөрвөн жилийн хорих ял сонссон. Хоёр жил хоригдоод 2021 оны хавар Ерөнхийлөгч Х.Баттулгын уучлалаар суллагдсан байдаг.
Түүнчлэн, ЭХ-ний сайд асан М.Сономпил ЭХ-ний сайд асан Б.Эрдэнэбаттай бас нэг зүйлээрээ адилхан нь төрийн түүхэн дэх хамгийн баян сайдуудын жагсаалтад хоёулаа багтдаг. Жишээ нь, ЭХ-ний сайд асан М.Сономпил ХУД-ийн 1-р хороо, Энхтайваны гүүрний урд, Тэмээний хөшөөний дэргэд байрлах 14 давхар “Их хуралдай” барилга, хаяа залгаа есөн давхар “Зүчи” зочид буудлын эзэн.
2014-2016 он- Эрчим хүчний сайд Дашзэвэгийн Зоригт\Өвөрхангай\
Монгол төрийн түүхэн дэх хамгийн баян сайдуудын жагсаалтад ЭХ-ний сайд асан Д.Зоригт албан ёсоор багтана. Зайсангийн аманд байрлах баячуудын хүүхдүүд сурдаг, хамгийн өндөр төлбөртэй хувийн сургууль болох “American school” сургуулийг ЭХ-ний сайд асан Д.Зоригт, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хамтран эзэмшдэг. Өдгөө “American school” сургуулийн ТУЗ-ийн дарга, Ерөнхий захирлаар Д.Зоригтын эхнэр Д.Оюунсүрэн ажиллаж буй. Цаашилбал, СБД-ийн 1-р хороо, Чойжин ламын сүм музейн баруун урд өнцөгт байрлах “UB mart” худалдааны төв, БГД-ийн 25-р хороо, 10-р хорооллоос Төмөр замын төв өртөө явах зам дагуу байрлах “Хермес” барилгын материалын зах гээд ЭХ-ний сайд асан Д.Зоригтын хөрөнгүүдийг дурдаж болно.
Цаашилбал, ЭХ-ний сайд асан Д.Зоригт одоогийн ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэнтэй адил Улаанбаатарыг, тэр тусмаа Богдхан уулын Зайсангийн амыг бетонон ширэнгэ болгоход “хувь нэмэр”-ээ оруулсан этгээд. Жишээ нь, Зайсангийн аманд Д.Зоригтын “Одод” ХХК нь 7.8 га газар эзэмшдэг. “Одод” ХХК-ийнхаа 7.8 га газар дээр Д.Зоригт тансаг зэрэглэлийн 110 айлын хаус бүхий “Занаду ресиденс” хотхоныг барьж худалдсан. Тус 110 хаус нь тус бүр 6-12 өрөөтэй, 2.4-5.2 тэрбум төгрөгийн үнэтэй бөгөөд 385 тэрбум төгрөгөөр худалдсан тооцоо гарна.
Мөн Зайсангийн гүүрний баруун талд Туул голын эрэг дээр Б.Зоригтын “Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК 0.1 га газар эзэмшдэг. Энэ газар дээрээ Д.Зоригт тус бүр долоон давхар хос орон сууц барьсан. Хамгийн ноцтой нь, энэ хоёр орон сууц Туул голын эргээс тавхан алхмын зайтай баригдсан бөгөөд Туул гол руу бохироо цутгадаг гэж цаг үргэлж асуудал дагуулж ирсэн.
2016-2017 он- Эрчим хүчний сайд Пүрэвжавын Ганхүү\Хөвсгөл\
Хөвсгөлийн уугуул УИХ-ын гишүүд болох Л.Энх-Амгалан, Л.Мөнхбаатар хоёрын “татаас”-аар, басхүү ЭХЯ-нд ажиллаж байсан намтраараа Ж.Эрдэнэбатын Засгийн газарт ЭХ-ний сайдаар нэг жил ажиллаад буусан. Ийнхүү нэг жил ЭХ-ний сайдаар ажиллаад л П.Ганхүүгийн ашиг орлогын үүд нь нээгдэж, албан тушаалын зам мөр засагдаад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал болж дэвшсэнийг Хөвсгөлийнхөн гайхацгаадаг.
ЭХ-ний сайдаас буусныхаа дараа 2018 оны тавдугаар сард “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал байхдаа буюу 2019 онд П.Ганхүү “Зээлийн санхүүжилт” нэрээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Багануур” ХК-ийн данс руу 20 тэрбум төгрөг шилжүүлж, улмаар тэр өдөрт нь “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулуун өнөөх 20 тэрбум төгрөгийг нь П.Ганхүүгийн зөвлөх У.Мэргэнбаярын төрсөн дүү У.Мэргэнсүхийн “Сүмбэр сүлд” ХХК-ийн данс руу шилжүүлсэн, түүнийг нь У.Мэргэнбаяр бэлэн мөнгө болгож П.Ганхүүд өгсөн гэх хэрэг хэвлэлүүдээр цацагдаж, хэсэгтээ шуугиж байлаа. Гэвч тэгсгээд мартагдсан. Ямартай ч, П.Ганхүү 2020 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирлаас чөлөөлөгдөж, П.Ганхүүтэй холбоотой гэгдэж байсан “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулуун авлигын хэргээр 2023 онд шүүгдэж ял сонссон байдаг.
Дурдахгүй өнгөрч болохгүй бас нэг асуудал нь, П.Ганхүү “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлаа өгснийхөө дараа “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байгаад чөлөөлөгдсөн. Өнгөрсөн онд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар О.Батчулуун гэгчийг томилсон. Хоржоонтой нь, О.Батчулуун нь П.Ганхүүгийн сайн найз нь бөгөөд П.Ганхүүг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал байх үед нь зөвлөхөөр нь ажиллаж байсан нөхөр. Товчхондоо, ЭХ-ний сайд асан П.Ганхүү хувьдаа компанигүй ч бүхэл бүтэн төрийн “Монголын төмөр зам” ТӨХК-ийг найз О.Батчулуунтайгаа үе улируулан “эрхшээчихээд” буй. Тиймдээ ч П.Ганхүү, О.Батчулуун хоёрын “ач”-аар “Монголын төмөр зам” ТӨХК Хөвсгөлийнхнөөр дүүрчихээд буй гэх.
2017-2020 он- Эрчим хүчний сайд Цэрэнпилийн Даваасүрэн\Хөвсгөл\
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Эрчим хүчний сайдаар гурван жил ажиллахдаа гавьяа байгуулаагүй, эсрэгээрээ түүний гацаасан гэддэг цахилгаан станцын төслүүд олон бий гэдэг. Тухайлбал, “ДЦС-5” төсөл, “Тавантолгойн дулааны станц”-ын төсөл, “Багануурын цахилгаан станц”-ын төсөл, “Шивээ-овоо”-гийн уурхайг түшиглэсэн 750 МВт-ын цахилгаан станцын төсөл зэргийг Ц.Даваасүрэн гацаасан гэгдсээр ирсэн.
Жишээ нь, 2015 оны дөрөвдүгээр сарын 1-нд Эрчим хүчний сайд Д.Зоригт, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, БНХАУ-ын “Хятадын цөмийн эрчим хүчний үйлдвэрийн 22 дугаар барилга” компанийн гүйцэтгэх захирал Ван Шөүхэ нар “Багануурын цахилгаан станц” төслийг концессоор хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэн зурж байв. Энэ хүрээнд “Багануурын цахилгаан станц”-ыг “Багануур пауэр” ХХК-аар гүйцэтгүүлэхээр болсон.
“Багануурын цахилгаан станц” төслийн хүрээнд Хятадын тал Чойр-Нялгын нүүрсний ордыг түшиглэн 700 МВт-ын цахилгаан станцыг 3.5 жилийн хугацаанд 1.2 тэрбум ам.доллараар барьж, 25 жилийн дараа манай талд үнэ төлбөргүй шилжүүлж өгөх ёстой байв.
Гэтэл 2017 онд Ц.Даваасүрэн Эрчим хүчний сайдаар томилогдсон. Улмаар Ц.Даваасүрэн Эрчим хүчний сайдын ажлаа авмагцаа “Багануурын цахилгаан станц”-ын төслийг гоочилж, шүүмжилж, эсэргүүцэж эхэлсэн. Тодруулбал, 2018 оны гуравдугаар сард Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Энэ компани өндөр хүчин чадалтай турбин генератор тавих гээд байгаа юм. Тиймээс хөрөнгө оруулагчдад манайд тохирсон 150МВт хүчин чадалтай цахилгаан станц барь гэдэг шаардлага тавьсан” гэж байв. Өөрөөр хэлбэл, өмнөх Засгийн газартай 700 МВт-ын цахилгаан станц барих концессын гэрээ байгуулаад, нэгэнт ажлаа эхлүүлчихсэн атал Ц.Даваасүрэн Эрчим хүчний сайд болмогцоо “Та нар манайд өндөр хүчин чадалтай цахилгаан станц барих гээд байна. Бага хүчин чадалтай станц баривал барь, үгүй бол үгүй” гээд гэдийчихсэн.
Бүр ноцтой нь, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнг ийнхүү хэвлэл бүрээр “Багануурын цахилгаан станц”-ын төслийг миалж, гоочилж ярилцлага өгч байхтай яг зэрэгцээд буюу 2018 оны гуравдугаар сараас “Нэгдсэн Монгол” ТББ-ын тэргүүн, өдгөө тагнуулын хэргээр ял эдэлж буй Ч.Мөнхбаяр гэнэт гарч ирж “Хятад компани Багануурт цахилгаан станц бариад эхэлбэл 5000 хятад оруулж ирж, бүхэл бүтэн тосгон байгуулна. Бас Багануурын цахилгаан станц хэтэрхий өндөр хүчин чадалтай учраас манай улсын цахилгааны хэрэглээний 70 хувийг дангаараа хангана. Тэгвэл ТЭЦ3, ТЭЦ4 станцууд ажиллах шаардлагагүй болж, хаалгаа барина. Ингэхээр 3000 хүн шууд ажилгүй болно. Багануурын цахилгаан станц бол цахилгаанаар дамжуулж эзлэх гэсэн бодлого. Тиймээс зогсоох ёстой” хэмээн хэвлэлийн хурал хийж, жагсаал зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл, ЭХ-ний сайд Ц.Даваасүрэнгийн "Хятад компани өндөр хүчин чадалтай станц барих гээд байна" гэсэн яриаг “Нэгдсэн монгол” ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаяр тоть шиг давтаж, “Багануурын цахилгаан станц”-ын төслийг зогсоох "ажиллагаан"-д хүч нэмэгдүүлж, Ц.Даваасүрэнтэй “хавсайдсан” гэсэн үг.
Ийнхүү Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Багануурын цахилгаан станцыг тасралтгүй гоочилж, эсэргүүцэж байсан тул 2018 оны наймдугаар сард Засгийн газрын хуралдаанаар “Багануурын цахилгаан станц”-ын төслийн хүчин чадлыг багасгах, хөрөнгө оруулагч талтай шинээр гэрээ хийхийг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнд даалгасан. Ингээд Багануурын цахилгаан станцын төсөл албан ёсоор гацсан түүхтэй.
Цаашилбал, Ерөнхий сайд асан С.Баяр 2024 онд албан ёсны твиттер хаягтаа “Английн “М Повер” компани Шивээ овоогийн уурхайг түшиглэн 2017-2020 онд 750 МВт-ын цахилгаан станц барих төсөл хэрэгжүүлэхээр хөрөнгөө босгож, гэрээнд гарын үсэг зурах дутуу байх үед Ц.Даваасүрэн Эрчим хүчний сайд болж, энэ төслийг гацаасан. Яагаад гэж таван жил асуугаад хариулт авч чадаагүй байна” гэж жиргэсэн байдаг.
2020-2022 он- Эрчим хүчний сайд Нансалын Тавинбэх\Завхан\
Насаараа шахуу Багануур дүүрэгт ажиллаж, амьдарч байсан Н.Тавинбэх 2020 онд гэнэт Улаанбаатарт дуудагдаж ирээд ЭХ-ний сайдаар томилогдсон. Тухайн үедээ МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн томилгоо гэгдэж байв. Дараа нь, Н.Тавинбэх 2022 оноос ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар, 2025 оноос “ДЦС-3” ТӨХК-д Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч, “ДЦС-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан. ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар гурван жил ажиллах хугацаандаа “10 аймагт дулааны станц” барих төслөөс их хэмжээний мөнгө идсэн, тэр тусмаа өөрийн зөвлөх П.Товуудоржийн “Грийн энержи интернэйшнл” ХХК-д 2.6 сая ам.доллар буюу одоогийн ханшаар 9.2 тэрбум төгрөг шилжүүлсэн хэргээр АТГ-т баривчлагдан хоригдож буй. Улс төрийн хүрээнийхэн "Ёстой л дуугай хүний доодох нойтон гэгч боллоо" гэж шогширцгоож байгаа.
Цаашилбал, Н.Тавинбэх “Багануур энерги” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2015 онд Багануур хотын Захирагчаар томилогдсон намтартай. Түүнээс хойш “Багануур энерги” ХХК-ийг эхнэр С.Мөнхжаргал, төрсөн дүү Н.Намуунбэх хоёр нь удирдаж, төрийн тендерүүдийг, тэр тусмаа эрчим хүчний салбарын тендерүүдийг түүж ирсэн баримтууд бий. Жишээ нь, “Багануур энерги” ХХК нь БГД-т шинээр дэд станц барих 1.4 тэрбумын тендер, Дорноговь аймагт цахилгаан дамжуулах агаарын шугам тавих 1.0 тэрбумын тендер гэх мэтээр шалгарсан. Мөн “Багануур энерги” ХХК нь Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Азийн хөгжлийн банкны 40 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон Засгийн газрын 26.6 сая ам.долларын санхүүжилтээр Логистикийн төв барих төсөлд эрчим хүчний шугам татах, дэд станц барих гүйцэтгэгчээр оролцсон байдаг. Товчхондоо, Н.Тавинбэх ЭХ-ний сайд болох үеэсээ л ашиг сонирхлын асар их зөрчилтэй байсан этгээд.
2022-2026 он- Эрчим хүчний сайд Баттогтохын Чойжилсүрэн\Увс\
“Хурд”-ын босс Б.Чойжилсүрэнгийн намтрыг танилцуулах илүү биз. Тэртээ 2008 оноос хойш 18 дахь жилдээ төрийн ордонд тухалж буй нөхөр. Сүүлийн дөрвөн жил нь ЭХ-ний сайдаар ажиллаж байгаа ч эрүү өвдөг нь нийлсэн станцуудаа тордож чадалгүй нийслэлчүүдийг тэс хөлдөөх шахаж, амны уншлага шиг “Аргална, хичээнэ” гэх хоёрхон үгээрээ ард түмний хараалыг барж яваа.
Төрийн сайдын ажилд хойрго боловч хувийн бизнесээ Б.Чойжилсүрэн шиг хөдөлгөөнтэй хүн үгүй. Энхтайваны гүүрний урд үзүүрт байх “Хаан банк”-ны төв оффис буюу 25 давхар “КВ tower” гэх шилэн барилга Б.Чойжилсүрэнгийнх, хажууханд нь байх “Наадам центр” худалдаа, үйлчилгээний төв ч түүнийх.
Цаашилбал, Б.Чойжилсүрэнгийн барьж худалдсан хотхон, хорооллуудыг тоолоод барахгүй. Жишээ нь, Энхтайваны гүүр, Төв цэнгэлдэх хүрээлэнг тойроод Б.Чойжилсүрэнгийн “Рапид харш” хороолол, “Академи” хотхон, “Хүннү 2222” хотхон, “Хүннү плас” хотхон, “Хүннү стандарт” хотхон“КН” апартмент, 780 айлын “Цэнгэлдэх” хотхон, 132 айлын “Наран тауэр” хотхон, 160 айлын “Энхтайван” хотхон, Богд уулын Жаргалантын аманд тансаг зэрэглэлийн 41 хаус бүхий “Жаргалант хүннү” хотхон, Сү.Батболдын “Чингис” зочид буудлын хашаан доторх 800 айлын “Сансар гарден” хотхон, Зайсангийн аманд байрлах 1400 айлын “Зайсан хүннү” хотхон, Нарны гүүрний зүүн талд байрлах “Нарны хороолол”, Нисэхийн тойргийн баруун талд “Нисэх гарден” хотхон гээд цааш үргэлжилнэ.
ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэн энэ олон хотхон, хороолол барьж буй атлаа төрөөс олон арван тэрбумын тендер авна, тендергүйгээр ч авна. Ялангуяа Увсын уугуул сайд, дарга нараас…
Жишээ нь,
2018 онд аравдугаар сард Монголбанкны төв оффисын 16 давхар барилгын ажил болон гадна шугам хоолойн ажлыг Б.Чойжилсүрэн “Хурд групп” ХХК-аараа тендергүйгээр авч, нууц гэрээ байгуулан 43.6 тэрбум төгрөг халаасалсан. Тухайн үед Монголбанкны Ерөнхийлөгчөөр Увсын уугуул Н.Баяртсайхан ажиллаж байлаа.
2018 оны дөрөвдүгээр сард ХЗДХ-ийн сайд Увсын уугуул Ц.Нямдорж ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны есөн давхар барилгын 9.2 тэрбум төгрөгийн ажлыг “Билгүүнмонгол констракшн” ХХК-д тендергүйгээр өгсөн. Дараа нь Ц.Нямдорж Дотоод хэргийн их сургуулийн Төв номын сан болон Спорт заалны барилгын 18.5 тэрбум төгрөгийн ажлыг мөн л “Билгүүнмонгол констракшн” ХХК-д өгсөн. “Билгүүнмонгол констракшн” ХХК нь Б.Чойжилсүрэнгийн барилгуудыг барьдаг туслан гүйцэтгэгч нь.
2018 оны аравдугаар сард ХЗДХ-ийн сайд Увсын уугуул Ц.Нямдорж ХЗДХЯ-ны найман давхар барилгын 5.9 тэрбум төгрөгийн ажлыг “Дабль пирамид констракшн” ХХК-д тендергүйгээр өгсөн. “Дабль пирамид констракшн” ХХК нь Б.Чойжилсүрэнгийн барилгуудыг барьдаг туслан гүйцэтгэгч нь.
Бүр цаашилбал, дээрх дурдсан Б.Чойжилсүрэнгийн туслан гүйцэтгэгч “Билгүүнмонгол констракшн” ХХК нь Чингис хаан музейн барилгын 53 тэрбумын тендер, Сэлбэ голын үерийн даланг барих 20.5 тэрбумын тендерийг ч авсан байдаг.
| СҮҮЛИЙН 20 ЖИЛ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДААР МОНГОЛЫН ТОЛГОЙ БАЯЧУУД, ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД Л АЖИЛЛАЖЭЭ |
|