• Өнөөдөр 2024-11-04

ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Ц.ДОРЖСҮРЭН: ЦАСТ УУЛЫН ХЯРААС ХОЁР МЯНГАН САРЛАГАА ДҮҮГҮҮРИЙН ЧУЛУУ ИСГЭРҮҮЛЭН БУУЛГАХ ЯМАР САЙХАН БАЙДАГ ГЭЖ САНАНА

2024-02-09,   9282

-БИ ХӨДӨЛМӨРИЙН БААТРЫН ТЭМДГЭЭ ҮХРИЙН БААСАН ДОТРООСОО Л “ОЛСОН” ГЭЖ БОДДОГ ЮМ. ҮХРИЙН БААСАА ЦЭВЭРЛЭХЭД ЗОРИУЛСАН ХУГАЦАА Л ЭНЭ АЛДАР ХҮНДИЙГ АВААД ИРЖ БАЙГАА ЮМ-

                Улсад 2000 сарлаг тоолуулж, Хөдөлмөрийн баатар цол хүртсэн Архангай аймгийн Их Тамир сумын малчин Ц.Доржсүрэн гуайнхыг бид зорьсон юм. Хангайн ууланд хүдэн татаж, хүн байтугай хүлэг морьд бараадахааргүй хадан хавцалтай өндөр уулсын оройгоор сарлагийн сүрэг бэлчиж харагдана. Биднийг очих үеэр Ц.Доржсүрэн гуай царманд тошсон үхрээ хураахаар хэдийнэ мордсон байв. Эгц өндөр уулын оройд байх үхэр сүргээ дүүгүүрийн чулуу хэдэнтэй нүүлгээд л хураачихдаг юм байна, хашир малчин. Дүүгүүрийн чимээ тасхийн цуурайтахад сарлагийн сүрэг юу болов гэмээр уулын уруу тонгочин давхина. Хад, асгатай сүрлэг хөх уулсын дээрээс тоос манан татуулж, уул хад нурж байна уу гэлтэй их чимээ нүргэлнэ. Эгц өндөр уулын хяраас сарлагийн сүрэг саваг, сүүлээ сагсалзуулан буух нь тэнгэр, газар нийлж байна уу гэлтэй сүртэй юм. Тэр байтугай бяруу, шүдлэн нь сүүлээ сагсалзуулан, толгой хаялан давхиж, үнээнүүд хүр хүр мөөрөлдөн, том эвэртэй хайнагийн шарууд тас тас хийн мөргөлдөж сүрийг бадруулан ирэх нь аргагүй л Монголын хамгийн олон сарлаг нэгэн хотонд байгааг илтгэх ажээ.

             Ц.Доржсүрэн гуайнх Улаанбаатар хотоос 700 гаруй, сумын төвөөсөө 120 гаруй км зайд, хад асга ихтэй, өндөр уулсын эхэнд Их тамир сумын Хөх нуур багийн Бугат гэх газар нутагладаг. Угтаа бол алдарт Тамирын голын эх болох Хойд, Урд голын заагт Хангайн нурууны их цогцолбор түмэн сарлагаа тааваар нь өсгөж байна. Хөх нуур багийн төвөөс 70-аад км, хамгийн ойр байх айл нь 20 орчим км зайтай хангайн уулсын дунд байх ганцхан бор гэрийн яндангаас утаа суунаглах нь Хөдөлмөрийн баатар Ц.Доржсүрэн гуайнх.

         Түүний эхнэр Б.Дагийжигмэд гуай биднийг “Та нарыг ирнэ гэх сураг хүүхдүүдээс л сонслоо. Манайд сүлжээ барихгүй, зорьсноос өөр хүн үзэгддэггүй болохоор хэл дуулгах гэж удна. Бартаа ихтэй замтай байгаа биз” гэсээр угтав. Үнэхээр л тэднийх хэр баргийн машин очихооргүй том чулуутай, ам бүрээс нь ус урссан хангайн сүрлэг уулсын дунд байх юм. Хөх нуур баг нь Урд хэсгээр Архангай аймгийн Булган, хойд хэсгээрээ Чулуут, Баруун талаараа Баянхонгор аймгийн Галуут сумтай хиллэдэг юм байна.

        Хөдөлмөрийн баатар Ц.Доржсүрэн гуайнх 2012 онд 1500 сарлаг тоолуулж хамгийн олон сарлагтай хэмээн улсад данстай болсон бол өдгөө энэ тоо өссөөр 2000-д хүрчээ. Энэ жил тэднийх ганц гэрээрээ намаржиж байна. Газрын гарц, малын тарга тэвээргээ бодоод малаа гурван суурьт таслаж, хоёр хүүгийнх нь малчныхтайгаа бууц сэлгээд удаагүй байгаа гэнэ. Харуй бүрийтэй уралдан Ц.Доржсүрэн гуай уулнаас буулгасан сүргээ гэрийн хаяа бараадуулчихаад, тугалаа ялгаж хашаад бөг бөг шогшсоор гэртээ ирлээ.

           Бидэнтэй мэнд ус мэдэлцсэний дараа өвгөн өврөө ухаж, хоёр нүдний дурангаа авдар дээр  авч тавих зуураа “Манай ийшээ ч баргийн хүн зүглэхгүй. Та хэд сайн яваад ирэв үү” хэмээв. “Танай энд зун, намар сайхан болов уу” гэхэд “Сайхан боллоо. Гэхдээ ч жил ирэх тусам газрын гарц муудаад л байх юм. Энэ жил бороо хур оройтож орлоо. Намар орсон бороо зун нь гарсан багахан өвснийхөө шимийг угаачих юм. Байгаль дэлхийнхээ буянд ч бид сайхан л амьдарч байна. Гэхдээ байгаль эхээ хамгаалахгүй бол болохгүй болжээ. Миний багад манай энэ нутагт дөрөө шүргэсэн өвстэй сайхан зун болдог байлаа. Одоо харин жил ирэх тусам муудаад л байх юм. Энэ жил манай энэ хавийн мод хүр хорхойд идүүлээд юу ч үгүй шахам л боллоо” хэмээнгээ нар салхинд үнгэгдэж үрчлээтсэн нүүрээ илэн “Манай энд эрт намар болдог юм. Дөнгөж найман сар гаргаад л сэрүү уначихна. Гэхдээ сарлаг маллахад тун таатай сайхан газар” гээд халуун цай оочлон суулаа. 

ТАМИРЫН ГОЛЫН МӨСӨН ДЭЭР БАГА НАС МИНЬ ӨНГӨРСӨН

          Тооноор одод гялалзан түгэж, зуухны амаар улаан гал улалзан, түлээний оч чад пад хийн үсэрнэ. Гэрийн гадаа нохой боргож, үхэр мал мөөрөлдөх чимээнээс өөр аниргүй.  Ёстой л Монголын их амар амгалан энд л ноёлж байна.

              Ц.Доржсүрэн гуайн аав Архангай аймгийн Булган сумынх, ээж нь Их тамир сумын уугуул гэнэ. Тэрбээр “Манай аав таван жилийн цэргийн алба хааж, хожуу ээжтэй гэр бүл болсон гэдэг. Би эхээс хоёулаа, айлын бага. 1954 онд Их тамир сумын Хөх нуур бригадын төвд мэндэлсэн. Миний бага нас Тамирын голын хөндийд өнгөрсөн. Ахыг сургуульд явсан хойгуур би ээж, аавынхаа гар хөлийн үзүүрт зарагдаж, мал ахуйгаа хардаг байлаа. Өвөл амралтаараа ирэхээр нь Тамирын голын мөсөн дээр ханатал гулгадаг байжээ. Бид тэрсхэн болоод ч тэрүү ахыгаа сургуульд явсан хойно нь их санана. Зун нь хоёулаа загасанд явж байна гээд л дэгээ зүү зоочихсон мод бариад голын эрэг дээр өнждөг байлаа. Манайх нэгдлийн мал хариулдаг, борог амьдралтай айл байв. Аав минь ан гөрөө хийнэ. Нутаг усандаа яггүй сайн анчин гэгддэг байлаа. Би аав шигээ сайн агнахгүй ч ойр зууртаа гөрөө хийнэ” хэмээн даруухан өгүүлэв. Ах нь сургуульд сурч эрдэм номын мөр хөөсөн бол Доржсүрэн гуай дөрөвдүгээр анги дүүргээд сургуулиасаа гарч, өдийг хүртэл малын захаас холдоогүй гэнэ. Түүний ах мэс заслын гавьяат эмч, хурандаа Ц.Буянбат гэж хүн юм байна.Тэрбээр “Аав, ээжийнхээ буянд ах бид хоёр хүний дайтай сайхан амьдарч байна. Нэг нь хүний гавьяат эмч, нөгөө нь Хөдөлмөрийн баатар болчихсон. Энэ их ховор хувь заяа шүү дээ. Тэд минь амьд сэрүүн байсан бол хэчнээн их баярлах бол. Хөөрхий аавдаа би морийг нь олон жил аргамжиж өгч чадаагүй юм” хэмээн бодолхийлэв. Хоолойгоо засаад “Гэхдээ ном эрдмийн мөр хөөлөө гээд бүх хүн сайхан амьдрах албагүй. Хүний сайн сайхан амьдрах нь хүмүүжил, ухаан хоёртоо байдаг юм. Би айлын бага хүүхэд, дураараа ч байлаа. Хан-Өндөрийн бага сургуульд явдаг байсан. Ээж сургуульд мориор хүргэж өгнө. Ээжийгээ дагаж уйлсаар байгаад л буцаад ирчихдэг байж билээ. Дөрөвдүгээр ангид  суралцаж нэрээ бичиж, тоо бодохтойгоо болоод л сургуулиас гарчихсан. “Тийм дураараа хүүхэд өнөөдөр Хөдөлмөрийн баатар болчихдог” гээд сая багштайгаа уулзсан гайхаж билээ. Аргагүй шүү дээ, 14 нас хүртлээ ээжийнхээ өврөөс салаагүй хүнийг тэгж хэлэхээс яах вэ” хэмээн инээмсэглэв.

ТАВАН ҮНЭЭГЭЭ 2000 САРЛАГ БОЛГОСОН ХӨДӨЛМӨРИЙН БААТАРЫН ТҮҮХ

 Ц.Доржсүрэн гуай 16 нас хүртлээ ээж, аавтайгаа нэгдлийн мал маллаж, 18 насандаа гурван жилийн цэргийн албанд татагджээ. Зүүнбаянгийн цэргийн ангид үүрэг гүйцэтгээд, халагдаж ирсэн 1977 ондоо ханьтайгаа гэр бүл болжээ. Тэрбээр “Бид нэгдлийн мал маллаж, би фермийн үхэр хариулдаг байв. Харин манай хүн үнээ сааж, идээ цагаа хийнэ. Нэгдлийн малчнаар ажиллаж байхдаа ноолуурын, махны, үхрийн аварга болж байсан. Надад олон тууз, баярын бичиг бий. Хамгийн сүүлд би Онд оролтын аварга болж, аймгийн аварга болох болзлоо хангачихсан байтал зах зээлийн нийгэмд шилжчихсэн юм” гээд хойморт байх медалиудаа үзүүлэв.

                   “Зах зээлийн нийгэмд шилжихэд хүн тус бүрд адилхан тооны мал өгч байсан гэдэг. Та хэчнээн толгой мал авч тусдаа гарсан юм бэ” гэхэд “Манай энд хүн тус бүрд 30 толгой мал өгсөн. Харин манайд 30 толгой хүрэхгүй мал өгч байсан. Миний санахаар таван тугалтай үнээ, хоёр адуу, ишигтэй ямаа тав, хургатай хонь 10 орчмыг өгч байлаа. Тухайн үед нэг уут гурилыг тугалтай үнээгээр, боодол улаан тамхийг ишигтэй ямаагаар сольдог байсан. Яг адилхан хуваасан 30 толгой малыг хэн хариуцлагатай харж, хөдөлмөрлөсөн нь л хожсон болов уу гэж боддог. Тэр үед юм ховор хэцүүхэн цаг үе байсан ч өөрийн өмчийг зарж, ашиглана гэхээр сэтгэл амар байсан. Нэг хонь үхсэн ч “Чамаас авна” гэж шаардахгүй хэчнээн сайхан гээч. 1990-ээд оноос хойш хэдэн малаа өсгөх гэж зүтгэсэн. Ганзагын наймаа хүртэл хийж явлаа. Ингээд 2005 он гэхэд хонин сүрэг 5000 хүрч, улсын сайн малчин болсон. Олон хонь нэг дор хариулна гэдэг амаргүй. Ийн ярьж сууснаа “Өнгөрсөн хугацаанд бид 30 гаруй айл малжуулсан. Тэд маань сайн ч хөдөлмөрлөсөн, цөм сайхан амьдралтай болсон. Манай сумаас улсын сайн малчин, аймаг сумын аварга малчин төрсний олонх нь миний шавь. 2012 онд сарлагийн тоо 1500-д хүрч, Түмэн сарлагийн баяр хийж байсан. 2019 оны зуднаар манай сумын олон мал хоргодсон ч би нэг ч тугалны гарзгүй өвлийг өнөтэй давж байлаа. Сарлаг маллахыг хүмүүс амархан гэж боддог юм. Уул бараадуулаад хаячихдаг юм шиг л санана. Тийм биш шүү дээ. Үүрийн жингээс үдшийн бүрий хүртэл морин дээрээс буухгүй шогшиж өдийг хүргэсэн. Идэш тэжээлийг нь тааруулж, хэвтэр, өтөг бууцыг нь бэлдэхээс эхлээд толгой тавих завгүй ажиллана шүү дээ. Би Хөдөлмөрийн баатрын тэмдгээ үхрийн баасан дотроос л “олсон” гэж боддог юм. Үхрийн баас цэвэрлэхэд зориулсан цаг хугацаа энэ алдар хүндийг надад аваад ирж байгаа юм. Хөдөлмөрийн баатрын тухайд 2021 оны арванхоёрдугаар сард Ерөнхийлөгчийн Тамгын газраас ярихад нь гавьяат болох гэж байгаа юм байна гэж ойлгохгүй юү. Төрийн ордны тэмдэг гардуулдаг хэсэгт нь Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон авах дүүрэн л хүн байлаа. Гэтэл улаан хавтас барьсан залуухан эмэгтэй ирээд “Та Хөдөлмөрийн баатар болох юм байна” гээд гурван хүнтэй тусад нь суулгасан. Тэмдгээ гардаж авах хүртлээ өөртөө итгээгүй. Ерөнхийлөгчийн хажууд зогсохоор эрхгүй л “Нутаг ус, ижий аавын минь буян заяа түшлээ дээ гэж бодогддог юм билээ” гээд санаа алдав.

                  “Тэмдгээ гардаж авахад тань Ерөнхийлөгч юм хэлсэн үү” гэхэд “Улсдаа үнэтэй хувь нэмэр оруулсан танд баярлалаа. Одоо сайхан амраарай” гэсэн.  Миний амарна гэж юу байх вэ. Хэдэн малынхаа хажуунаас холдохоор сэтгэл тогтдоггүй юм. Манайх уг нь эндээс холгүй уулын тагт байх тув тунгалаг устай Хөх нуурын ойролцоо нутагладаг юм. Сүүлийн үед Бугатад намарждаг болсон. Хөх нуурынхаа ууланд түмэн сарлагаа бэлчихийг харахаар сэтгэл уужирдаг. Цаст  уулын хяраас  хоёр мянган сарлагаа  дүүгүүрийн чулуу исгэрүүлэн буулгах ямар сайхан байдаг гэж санана” гэв. 

             Ц.Доржсүрэн гуайнх ийн сарлагийн таван үнээгээ 2000 болтол нь өсгөж, 20 толгой богоо 5000 болгон үржүүлж, арчилж чадсан хөдөлмөрч айл. Хожим 5000 хонио залуу малчдаар маллуулж, чамгүй олон айлыг малжуулсан гэдгийг нутаг усныхан нь шагшин магтдаг юм билээ. Ц.Доржсүрэн, гэргий Б.Дагийжигмэд гуай хоёр таван сайхан хүүхдээ хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэж, нутаг усныхаа залуу гэр бүлд дэм болж яваа үлгэр жишээ, буянтай буурлууд юм.

                Түүний хоёр хүү өдгөө хоёул улсын сайн малчин болж, удам дамжсан малчид болсон бол хоёр охин нь дээд боловсрол эзэмшиж, Улаанбаатар хотод амьдарч байна. Оонын эвэр шиг эхээс хоёул өссөн Ц.Доржсүрэн гуай “Хүнд хүн илүүддэггүй юм. Би тээр жил Баянхонгорт ганзагын наймаа хийж явахдаа ядруухан айлд орсон. Эцэг, эх нь ганц охинтойгоо зутруухан амьдарч байсан. Ганц охин нь ажилсаг гэж жигтэйхэн. Гэвч малгүй шахам тэднийд идэх хоол, өмсөх хувцас ховор байв. Ингээд тэднийхээс гараад явсны дараа сэтгэлд нэг юм тороод болдоггүй. Гэртээ ирснийхээ дараа юм үлдээчихсэн юм шиг бодогдоод тогтож сууж чаддаггүй. Ингээд эхнэртээ мөнөөх охины талаар хэлж, бид ярилцаад өргөж авахаар шийдсэн. Аав, ээж нь зөвшөөрөх болов уу гэж бэргэж, бэргэж очсон. Харин тэд дургүйцсэнгүй. Ингээд бид ам бүл долуулаа болж байлаа. Одоо бага охин минь ээж аавыгаа хажуудаа авчихсан, өнөр өтгөн сайхан айл болсон. Манайхаас холгүй нутаглаж байна” хэмээн ярив.

ХӨДӨЛМӨРИЙН БААТРЫН ГЭРГИЙ “АЛТАН ТУГАЛ”-ЫН ЭЗЭН

             Маргааш нь үүр гэгээрэхтэй зэрэгцээд гэрийн эзэгтэй босож, цайгаа чанаад, үнээндээ гарав. Дан алчуураар толгойгоо боосон Дагийжигмэд гуай үнээгээ сар сар хийтэл саана. Шавилхан биетэй, толгойд нь буурал суусан жижигхэн бор эмээ үнээн дороос хувинтай сүүгээ аваад босоход норсон хурууны үзүүр нь төмөр хувинд наалдах шиг санагдана. Түүнд хандан “Хүйтэн байна шүү, та даарч байна уу” гэхэд хацар нь улаа бутарсан тэрбээр ажиг ч үгүй “Зарим өвлийн хүйтнийг бодвол энэ ч гайгүй” хэмээн дараагийн үнээгээ саахаар босов. Тэрбээр “Манайх уг нь 500 гаруй үнээ саах юм. Би ундны сүүгээ авах санаатай цөөн хэдийг барьчихаад байгаа нь энэ. Сарлагийн сүү өтгөн, шим тэжээл сайтай. Намрын идээ ч арвин сайхан шүү дээ. Даанч үнээ сааж, идээ, цагаа боловсруулдаг хүн ховор болоод байна. Уг нь сургаад авбал манайд залуу сайхан үнээ олон л байна. Би ганцаараа тэр олон үхэртэй хөөцөлдөөд бүгдийг нь номхруулна гэж байхгүй.

         Даанч залуус бидний үеийнхэн шиг мал дагахгүй юм. Өнгөрсөн зун хүүхдүүд амралтаараа ирээгүй болохоор би 20-оод үнээ л барьж, номхрууллаа. Уг нь хүүхдүүд ирчихвэл зун 50 орчим үнээ саачихдаг юм. Өдөрт 200-аад литр сүүгээр идээ, цагаа хийдэг байлаа. Малын буян их бий” хэмээгээд хэсэг чимээгүй боллоо.

             Бяруу шиг том тугалнуудаа тэр ядах юмгүй татаж, хашаа руу нь хийнэ. Зүсээр нь нэрлэсэн тугалнууд нь яг л сургуулилалттай юм шиг нэрээр нь дуудахаар ээлж дараагаараа хашаанаас гарах юм. Дагийжигмэд гуай “Залуудаа ч үнээг төвөггүй саадаг байлаа. Өдрийн хоёр саана. Тэр үед ажилгүй хүн ч гэж байсангүй. Хүн тус бүрд адил тооны үнээ хувааж, нормтай сүүгээ тушаадаг байсан. Олон ч айл хамт буудаг байж. Үнээгээ сааж, идээ, цагаагаа хийж, хүүхдүүдээ харахын хажуугаар сарлагийн хөөвөр, саваг, сүүлээр нь дээс томно. Одоо ч бэлэн юм их болж, малын ашиг шим үнэгүйдэж байна даа. Болоогүй ээ, тэр их ажлын хажуугаар намар нь үеийнхээ хэдэн хүүхэнтэй морь унаад жимсэнд явна. Манай нутагт хад, нэрс, үхрийн нүд гээд ургахгүй жимс байхгүй. Ээлээ өгсөн нутаг даа” хэмээн дурсав. Тэрбээр 2007 онд 100 тугал эндэгдэлгүй бойжуулж, Алтан төлийн эзэн болж байжээ.

             Намрын налгар өдрүүд сарлаг маллахад хамгийн амар тайван үе гэнэ. Зөөлөн салхинд салхи сөрөн, өвсний соргог руу тэмүүлэх үхэр сүрэг уул өөд мацаж, тарга хүчээ нөөнө. Намар тарга хүчээ сайн авсан сарлаг өвлийн хатуу цагийг ажрахгүй давдаг гэнэ. Өндөр уул бараадан амьдардаг энэ амьтныг хаврын хатуу цагаар дулаан бууц бараадуулж хотлуулахгүй бол хүйтэнд төл алдах эрсдэлтэй гэв. Сарлагийн сүү, өрөм, тараг, мах нь амттай, сайхан байдгийн учир нь идэж буй өвс тэжээлд нь бий гэнэ. Сарлаг зөвхөн эмийн ургамал, хангайн хамгийн шим тэжээлтэй өвс, усны тунгалагаар идэш тэжээлээ хийдэг их ухаантай амьтан хэмээн магтана.  “Хүүхдүүд биднийг хот хүрээ бараад, биеэ бод гэдэг л юм. Харин бид хотод байхаараа тогтож сууж чаддаггүй, харин ч бие өвдөөд байгаа юм шиг санагддаг юм. Шунал хүсэлдээ мал гээд байгаа юм биш. Ухаан орсон цагаасаа л хийж чаддаг, хийсэн зүйлс минь мал маллах болохоор холдож чаддаггүй юм” хэмээгээд Дагийжигмэд гуай хувинтай сүүгээ барин гэрийнхээ зүг алхлаа.

           Үнэхээр тэд л хот руу явчихвал уул хад, ой модоор хүрээлэгдсэн энэ байгалийн сайхан эзэнгүйрчих юм шиг санагдав. Сарлагийн эх орон гэгдэх Бугатын их нуруунд 2000 сарлаг ярайтал бэлчиж, өндөр хад асгатай уулсын оройд тошсон сарлагийн бух уулын эзэн гэдгээ тамгалж байгаа мэт сүрлэг харагдана.

         Ийн биднийг хөдлөхөд хоёр хөгшин аяны дөрөөнд сүү өргөн мялааж, хөтөл давтал гар далласаар үлдсэн юм. Үүлс хөвж, цэнхэр манан татсан сүрлэг хөх уулс, 2000 сарлагийнхаа дунд Хөдөлмөрийн баатар Ц.Доржсүрэн гуайнх ийнхүү жаргалтайн дэлгэр амьдарч байна.   

 

 

 

 

 


ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Ц.ДОРЖСҮРЭН: ЦАСТ УУЛЫН ХЯРААС ХОЁР МЯНГАН САРЛАГАА ДҮҮГҮҮРИЙН ЧУЛУУ ИСГЭРҮҮЛЭН БУУЛГАХ ЯМАР САЙХАН БАЙДАГ ГЭЖ САНАНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 12
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-19 10:21:43
    Б..Оролжав : Сайхан нуиагт сайн малч хүмүүс нутаг усандаа эзэн болон тлтн Сайхан у бууиайдаа эрүүлэнхийг хүсьё Сарлаг нүдэнд харагдаж гоё өтгөн сүү амтлагдам гоё уншлаа Баатарууддаа сайхан бүхнийг хүсьё. УВСДБАС САРЛАГБАЙДАГАА САЙХАН МАЛ ШҮҮ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-18 16:28:19
    Зочин: Сарлаг тэр ууландаа Доржсүрэн гуай шиг малчин эзэнтэйгээ байхад хангай нутгийн сүр бараа өсч л байх хэрэгтэй тоо толгойг нэг их цөөлөх хэрэггүй алсдаа устах аюул нүүрлэх эрсдэл гарч мэднэ,улаан ном яригдвал яана мал мэдэхгүй хүмүүс нэг их бэлчээр ярьж тэнэгтээд хэрэггүйдээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-18 09:15:23
    Ирээдүйд санаа зовнигч: Бугатын нурууны бэлчээрийг хониороо дуусгасан. Одоо сарлагаар дуусгаж байгаа хүн байна даа . Байгаль дэлхийг эмзэг болж буйг мэдэрсээр байж ганцаараа амьдраад дуусах юм шиг аашлах юм даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-17 22:29:58
    Зочин: Жил ирэх тусам газрын гарц муудаж хангай дэлхий доройтож байгаа нь шим мандлын хур борооноос гадна бэлчээрийн доройтол шүү дээ, Доржсүрэн гуай та байгаль эх дээ санаа зовж байгаа бол ямаа сарлаг адуу 3 бэлчээр тахалдаг амьтад шүү дээ, одоо мал аа цөөлж биеэ бодох бас байгаль эх дэлхийгээ хайрлаж хойч үедээ үлдээх хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-17 13:34:02
    Зочин: Хөдөлмөрч хүмүүс юм аа. Хүүхдүүд нь хамт амьдарсан бол ч сайхан л байх. Одооны хүүхдүүд эцэг эхээ бодохоо больж утас илэхээс өөр юм мэдэхгүй тэнэг юм доо. Бэлдсэн малын шим, аав ээжийнхээ буяныг идчихээд хотод тэнэгтээд утаанд хордоод хэвтэхээр уулын тагд жаргалаа эдэлж суухгүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-17 13:33:13
    Зочин: Хөдөлмөрч хүмүүс юм аа. Хүүхдүүд нь хамт амьдарсан бол ч сайхан л байх. Одооны хүүхдүүд эцэг эхээ бодохоо больж утас иоэхээс өөр юм мэдэхгүй тэнэг юм доо. Бэлдсэн малын шим, аав ээжийнхээ буяныг идчихээд хотод тэнэгтээд утаанд хордоод хэвтэхээр уулын тагд жаргалаа эдэлж суухгүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-17 12:49:59
    Чогсогмаа: Сайхан юм аа хөдөлмөрч буянтай сайхан хүн байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-16 20:47:05
    Jgd: Жинхэнэ монгол гень үнэртэж бн.саихан зүилииг уншлаа. Баярлалаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-16 20:41:49
    Оюука: Аргагүй хөдөлмөрч мундаг хүмүүс юм аа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-15 19:58:19
    Д.Батаа: Аргагүй үхрийн баас,аргалын үнэр үнэртэх шиг бодов.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-15 13:12:08
    Аагий : Номын номоос хүний ном гэж энэ юм даа. Бид хүүхдээ заавал эрдэм номтой болгох гээд байдгаа бараад байлгүй ажил хөдөлмөрт дуртай зөв хүн болгох нь чухал юм байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-09 13:12:58
    мө: сайхан шүү монголын малчин түмэн минэ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188