• Өнөөдөр 2026-09-22

МОНГОЛ, КАНАДЫН БИЗНЕС ФОРУМ ТОРОНТО ХОТНОО БОЛОВ

    Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яамнаас 4 дэх жилдээ Монгол-Канадын бизнес форумыг Торонто хотноо 9 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгууллаа. Арга хэмжээг Элчин сайд Э.Сарантогос нээж, Канадын Гадаад харилцааны яамны Зүүн хойд Азийн хэлтсийн захирал Кен Ингланд, Онтарио мужийн Эдийн засгийн хөгжил, ажил эрхлэлт, худалдааны яамны Худалдааны хөтөлбөрийн газрын захирал Доун Ландри, Монголын бизнесийн зөвлөлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ц.Түмэнцогт нар мэндчилгээ дэвшүүллээ. Энэ жилийн форумд Онтарио мужийн Эдийн засгийн хөгжил, ажил эрхлэлт, худалдааны яамны Ахлах зөвлөх Стивен Ип, Элчин сайдын яамны худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцаа хариуцсан зөвлөх Ц.Мөнхбаяр болон ФинДев Канад байгууллагын санхүүгийн байгууллагыг хариуцсан ахлах шинжээч Алина Рашид нар илтгэл танилцуулав.
 
   Түүнчлэн Монгол-Канадын бизнесийн боломжийг нээх нь хэлэлцүүлгийг Канад-Монголын худалдааны танхимын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн С.Золзаяа удирдаж, Инвест Онтарио байгууллагын хөрөнгө оруулалтын зөвлөх Тиёдор Ауст, Канадын экспортыг дэмжих байгууллагын Бүсийн захирал Сайна Фан нар хэлэлцүүлэг өрнүүллээ. Монголын экспорт, олон улсын худалдааны төвийн захирал Д.Оюунбилэг, Ханбогд Кашимер компанийн Сүлжих үйлдвэр хариуцсан захирал Д.Нямтунгалаг нар форумд Монголоос ирж оролцон ноос ноолуур, сүлжмэл бүтээгдэхүүнийг оролцогчдод танилцууллаа. Элчин сайдын яамнаас жил бүр зохион байгуулдаг энэхүү форум нь Монгол, Канадын төрийн байгууллага, санхүүгийн байгууллага болон хувийн хэвшлийн төлөөлөгчдөд хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх, бизнес хоорондын харилцаа, түншлэлийг бэхжүүлэх, харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ боломжуудыг эрэлхийлэх чиглэлээр санал солилцох талбар болж байна.

 


МОНГОЛ, КАНАДЫН БИЗНЕС ФОРУМ ТОРОНТО ХОТНОО БОЛОВ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188