.jpg)
–Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Цогт-Эрдэнэ овогтой Маралжингоо гэдэг.
–Аль аймаг, хотод төрсөн хүүхэд вэ?
-Би Орхон аймгийн Эрдэнэт хотод 2009 оны зургадугаар сарын 5-нд айлын том охин болон мэндэлсэн.
.jpg)
–Бага нас нь хаана өнгөрсөн бэ?
-Миний бага нас Эрдэнэт хотдоо өнгөрсөн.
.jpg)
-Багадаа хэр хөдөлгөөнтэй охин байсан бэ?
-Багадаа би их хөдөлгөөнтэй, эрч хүчтэй, сахилгагүйхэн охин байсан. Үргэлж гүйж, тоглож, шинэ зүйл туршиж үзэх дуртай. Нэг газраа тогтож суудаггүй хүүхэд байлаа. Тэр зан чанар маань одоо ч хадгалагдаж, спортод дурлах, өөрийгөө байнга сорих эхлэл болсон гэж боддог.
.jpg)
–Танай гэр бүлд чамаас өөр спортоор хичээллэдэг хүн бий юу?
-Миний доод талын дүү маань таеквондо-гийн спортоор хичээллэдэг. Харин дунд талын дүү маань жүдо бөхөөр хичээллэдэг.
.jpg)
-Одоо хэдэн настай вэ?
-Би одоо 17 настай.
-Таеквондо-гоос гадна өөр тулааны спортоор давхар хичээллэдэг юм уу?
-Үгүй ээ. Зөвхөн л таеквондо-гийн спортоороо дагнан хичээллэж байгаа.
.jpg)
–Одоо ямар сургуульд сурч байгаа вэ?
-Орхон аймгийн Эрдэнэт хотын ерөнхий боловсролын 14-р дунд сургуулийн 11-ийн “Г” ангид сурдаг.
.jpg)
-Анх яагаад таеквондо-гийн спортыг сонгож хичээллэх болсон бэ?
-Би багаасаа спортод сонирхолтой байсан. Харин таеквондо бол зөвхөн биеийн хүч биш, сахилга бат, тэсвэр тэвчээрийг давхар хөгжүүлдэг нь надад их таалагдсан. Тиймээс энэ спортыг сонгож тууштай хичээллэж эхэлсэн.
.jpg)
-Одоо хэд дэх жилдээ таеквондо-гоор хичээллэж байгаа вэ?
-Таеквондо-гийн спортоор гурав дахь жилдээ хичээллэж байна.
–Анх таеквондо заасан багш нь хэн бэ?
-Орхон аймгийн “Эрдэнэт таеквондо холбоо”-ны багш, дасгалжуулагч ОУХМ Б.Хосхөлөг гэдэг хүн бий.
.jpg)
–Таеквондо-гийн спортын ямар зэрэг цолтой тамирчин бэ?
-Би одоогоор таеквондо-гийн спортын дэд мастер цолтой.
.jpg)
–Тулаанаас өмнө өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу?
-Таеквондо-гийн спортоор хичээллэхээс өмнө спортын гимнастикаар багагүй хугацаанд хичээллэсэн. Гимнастикийн ОУХМ О.Цэрэндулам багшийн удирлага дор 1-р ангид байхдаа эхлээд, 9-р анги хүртлээ найман жил тасралтгүй уран сайхны гимнастик, аэробик гимнастикаар хичээллэсэн. Мөн гурван жил латин америк , цэнгээт бүжгээр хичээллэж байсан.
.jpg)
–Таеквондо болон бусад спортоор гаргасан амжилтуудаасаа танилцуулахгүй юу?
-Хамгийн том амжилтуудаасаа дурдвал 2018 оны уран сайхны гимнастикийн УАШТ-ий хүрэл медальтай. 2022 оны уран сайхны гимнастикийн УАШТ-ий алтан медальтай. 2025 онд "Оны онцлох хүүхэд"-ээр шалгарч байсан. Харин таеквондо-гийн төрөлд Монгол Улсын “Спортын дэд мастер” цолыг 2026 онд хүртэж, таеквондо-гийн пүмсэгийн төрлөөр УАШТ-ий ганцаарчилсан “freestyle” төрөлд мөнгөн медаль хүртэж байсан.
.jpg)
2025-2026 онд “Hangzhou Taekwondo Grand slam Youth league elite championships” тэмцээний ганцаарчилсан пүмсэ төрлийн алтан медальтай. Тулааны 45 кг-ын жинд мөнгөн медаль авсан. 2024-2025 онд “Hancheng Grand slam” тэмцээний тулааны 46 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн. БНХАУ зохион байгуулагдсан “Youth children taekwondo series tour 2025” тэмцээний ганцаарчилсан пүмсэ төрөлд алтан медаль, тулааны 47 кг-ын жинд хүрэл медаль авсан.
Мөн “Алтан цом 8th teakwondo international super league in 2025” олон улсын таеквондо-гийн тэмцээний ганцаарчилсан пүмсэ төрөлд алт медаль, тулааны 47 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн. Бусад хоёр төрлөөс нь хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль авч байсан. Сая “2026 Youth children taekwondo series tour” олон төрөлт тэмцээнээс долоон төрөлд өрсөлдөж, долоон алтан медаль авсан.
-Сэтгэлд тань хоногшин хамгийн сайхан дурсамж үлдээсэн ямар тэмцээн байдаг вэ?
-2025 онд БНХАУ-д зохиогдсон “Hangzhou Taekwondo Grand Slam” их дуулга тэмцээн миний сэтгэлд хамгийн тод, хамгийн сайхан дурсамж болон үлдсэн. Дэлхийн олон орны шилдэг тамирчидтай өрсөлдөж, өөрийн бүх чадвар, авхаалж самбаагаа дайчлан оролцсон тэр мөчүүд үнэхээр үнэ цэнтэй байсан. Ялангуяа ганцаарчилсан пүмсэ төрөлд 1-р байр эзэлж, алтан медаль хүртсэн тэр агшин миний амьдралын мартагдашгүй, бахархалт торгон мөч болсон. Тэр ялалт нь зөвхөн медаль биш, харин миний тууштай хичээл зүтгэл, зорилгын биелэл байлаа.
–Таеквондо-гоор хичээллэхийн хамгийн сайхан мэдрэмж нь юунд байдаг вэ?
-Олон хэцүү бэлтгэл, олон хэцүү сорилтуудын дараа гаргасан жижиг ахиц бүр, маш их урам өгч улам их дурлан хичээллэх хүслийг бий болгодог. Мөн ялалт байгуулсан үедээ өөрийн овог, нэрийг мөн Монгол Улсынхаа нэрийг дуудуулах нь хамгийн сайхан мэдрэмж байдаг.
-Ямар тамирчдаас үлгэр дуурайл авдаг вэ?
-Би таеквондо-гийн “Нүүдэлчин” клубийн тамирчин Л.Бадам эгчээс хамгийн их үлгэр дуурайл авдаг. Анх түүний ярилцлага өгсөн бичлэгийг үзээд энэ спортод илүү их дурлаж, тууштай хичээллэх хүсэл маань улам нэмэгдсэн. Тиймээс би өөрийгөө байнга дайчилж, ирээдүйд түүн шиг чадварлаг, амжилттай тамирчин болохыг зорьж хичээж байна.
–Таеквондо-гийн тулаан, пүмсэгийн төрлийн алинд илүү дуртай вэ?
-Таеквондо-гийн тулаан болон пүмсэ хоёр төрөлд хоёуланд нь адилхан дуртай. Тулаан нь хурд, мэдрэмж, шийдвэр гаргалт шаарддаг. Өөрийгөө сорьж, сэтгэлзүйгээ удирдах чадварыг илүү хөгжүүлдэг. Харин пүмсэ нь техник, тэнцвэр, гоо зүйг илэрхийлдэг учраас өөрийгөө илүү нарийн, төгс мэдрэмж гаргах боломжийг олгодог.
-Чөлөөт цагаараа тулааны спортоос гадна өөр юу хийх дуртай вэ?
-Чөлөөт цагаараа би тулааны спортоос гадна гадаад хэлд суралцдаг. Ялангуяа англи болон солонгос хэлийг сонирхон судалж, өөрийгөө хөгжүүлэхийг хичээдэг. Ирээдүйн зорилгод минь ч их хэрэгтэй учраас чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх нэг арга гэж үздэг.
-Одоо 2026 онд оролцох ямар тэмцээнүүд хүлээж байгаа вэ?
-2026 онд намайг хүлээж буй хамгийн том зорилго бол таеквондо-гийн тулааны улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцох юм. Одоогоор бэлтгэлээ тууштай хийж, өөрийгөө илүү сайжруулан, өмнөхөөсөө ахисан түвшинд өрсөлдөхийг зорьж байна.
| Ц.МАРАЛЖИНГОО: Тулааны хурд, мэдрэмжээ сайжруулж, сэтгэлзүйгээ удирдах чадвараа илүү хөгжүүлж байгаа |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |