• Өнөөдөр 2024-03-29

Х.ЧИЛААЖАВ: "Хурд"-ын "Аавдаа би хайртай" дуу амьд байдгийн шалтгаан нь би аавыгаа бодож шүлгийг нь бичсэнд байдаг болов уу

2023-07-07,   2992

       “Сэтгүүлч гэдэг чинь зохиолч л гэсэн үг шүү дээ. Орос болон манай улс л ялгаад байдгаас биш дэлхий ялгадаггүй л юм байна лээ. Юугаа бичих нь хувь хүний л эрх. Баримтад, түүхэн, шинжлэх ухааны, уран сайхны ямар зохиол бичмээр байна. Түүнийгээ л бичих хэрэгтэй. Яах вэ судлаач шүүмжлэгч нь онолын хувьд ялгах ёстой байх. Түүнээс биш манайхан энэ сайн зохиолч гэхээр дагаад  туйлшраад байгаа үзэгдэл ажиглагдах боллоо. Энэ нь их буруу зүйл л дээ” хэмээн ярих түүнийг Хайдавын Чилаажав гэдэг. Тэрбээр монголчууд бидний зүрх сэтгэлд үргэлж дуулагдаж байдаг олон сайхан дууны шүлэг бичсэн. Тэр дундаа “Хурд” хамтлагийн уран бүтээлийг түүнгүйгээр төсөөлөхөд бэрх. Бид энэ удаагийн “Уран бүтээлчийн цаг” булангаараа Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Х.Чилаажавтай ярилцсан сонирхолтой ярилцлагыг уншигч танд дэлгэж байна. Бидний яриа утга зохиолоор эхэлж, дуу бүтсэн түүхээр өндөрлөсөн юм.

-Сайн байна уу. Сайхан зусаж байна уу, та?

        -Сайн. Сайн байна уу. Сайхан зусаж байна. Хоёр гурав хоногийн өмнө нутаг яваад ирлээ. Ах нь Говь-Алтай аймгийн хүн. Нутагтаа очихоор бага насны бүх дурсамж, дуртгал сэргэж, хотын дуу чимээнээс холдож сайхан амрах юм даа. Би түрүүнд яагаад сэтгүүлч, зохиолч хоёр адилхан гэсэн гэхээр хоёулаа юм бичиж бүтээл туурвиж байгаа шүү дээ. Хамгийн гол нь бичсэн зүйлийг нь хүн уншдаг л байх ёстой. Бичдэг дотроо хүний сонирхол, чадвараас хамаараад төрөл зүйл нь өөр байдаг. Жишээлбэл, уянгын шүлэг бичдэг Д.Нямсүрэн агснаар модернист шүлэг бичүүлэх гээд ямар ч нэмэр байхгүй. Тиймээс чаддаг, чаддаг сонирхдог зүйлээ л бичих ёстой юм шиг санагддаг. Би юуг хүмүүсээс илүү мэдэрч чадаж байна, чадах вэ гэдгээ мэдэж бичих нь зөв болов уу. Тухайлбал, түүхийг уран сайхны хэлбэрээр бичээд дэлхийд алдартай болсон хүн олон бий. Түүхийг мэддэг, сонирхдог учраас судалж, сэтгэл зүрхээ зориулж байгаа байхгүй юу. Мөн зөвхөн гэмт хэргийг мөрдөж бичдэг хүмүүс байна. Тэр хүмүүсийн бичиж байгаа сэдвийг муухай гэж болохгүй. 

Ер нь социализмын үеийн шүүмжлэл аягүй муухай харгис байсан. Түүний улбаа одоо ч байгаа юм шиг санагддаг. 

-Хэвлэлтээс гараад л олон хүний дунд шуугиан тарьж, гар дамжин уншигддаг зохиол байдаг шүү дээ. Иймэрхүү тохиолдол дэлхийд, Монголд ч бий. Үүнийг нэг талаас судлаачид массын уран зохиол гэж ангилдаг. Жишээлбэл, Б.Шүүдэрцэцэгийн зохиол уншигчдын дунд эрэлт хэрэгцээтэй байдаг бол судлаач, шүүмжлэгчдийн дунд төдийлөн үнэлэгддэггүй. Энэ талаар та сонирхолтой яриа дэлгэх юм шиг санагдаж байна?

         -Угтаа бол “Та нар ийм зохиол бичиж болохгүй” гэж хэлэх эрх хэнд ч байхгүй. Хүмүүс бичиж л байдаг. Түүнийг нь хүмүүс аваад уншиж байгаа нь хувь хүний л эрх. Заавал энэ жинхэнэ уран зохиол, энэ уран зохиол биш гэж хатуу, муухай ангилж болохгүй л дээ. Өнөөдөр бид чөлөөт нийгэмд амьдарч байгаа шүү дээ. Чөлөөт нийгэмд хүн юугаа хийх нь хувь хүний дур сонирхол байхгүй юу. Харин ямар зохиол, бүтээлийг унших вэ гэдэг нь уншигчдын сонголт, боловсролоос хамаарна. Харин судалгаа шинжилгээний үүднээс хэлэх үүрэгтэй хүмүүс бий. Тэр талаасаа “Энэ ийм, тэр тийм байна” гэж хэлдэг байх хэрэгтэй.

Тэр бичсэн зохиол бүтээлийг нь харахаар манай XIII зууны түүх жижигдэхээр байгаа байхгүй юу. Тэгэхээр уран зохиол гэдэг нэг талдаа аюултай

           Ер нь социализмын үеийн шүүмжлэл аягүй муухай харгис байсан. Түүний улбаа одоо ч байгаа юм шиг санагддаг. Уг нь бол хүний хөдөлмөрийг хүндэтгэх хэрэгтэй. Гэтэл заавал хатуу үгээр шүүмжилж унтраах хэрэг байна уу. Харин надад нэг шүүмжилмээр зүйл байдаг.

-Тэр нь юу юм бол?

      -Сүүлийн үед роман маш олноороо уншигчдын гарт хүрч байгаа нь нууц биш. Ихэнх нь түүхээ л ноолоод байх юм. Монголчууд бид түүхээ хангалттай бичлээ шүү дээ. Одоо арай өөр юм бичмээр байна. Ирээдүй рүүгээ харсан ч юм уу. Түүнээс биш бид XIII зуунаар хангалттай л бахархлаа. Түүхийн зохиолд сэдэв мундсан биш. Тийм биз дээ. Зарим нь Чингис хаанаа магтаад, зарим нь муулж бичээд бид хангалттай мөлжлөө. Одоо илүү задарч хятад, орос, европын тухай бичих хэрэгтэй. Яагаад энэ улс орнууд том болсон юм. Бид л томруулсан юм байна лээ. Одоо түүнийхээ горыг амсаад амьдарч байна.

Яг мэдрэмжийн уран зохиол бичдэг уран бүтээлчид байна. Мөн агшин зуур болон хэлбэрийн уран зохиол бичдэг хүмүүс байна. Тэгэхээр үгүйсгэх ямар ч хэрэг байхгүй. Үүнээс гадна нэгийг нөгөөгийнх нь дээр гаргаж тавих ч шаардлагагүй

-Түүхийг уран сайхны аргаар гажуудуулж бичиж байгаа зохиолч цөөнгүй байдаг. Та энэ тал дээр ямар үзэл бодолтой байдаг вэ?

          -Уран сайхны болгохын тулд янз бүрээр л бичиж байна. Бид түүхтэй байгаа нь сайхан юм. Гэтэл ямар ч түүх гэх юмгүй жижиг улс орнууд дэлхий үнэмштэл түүх зохиогоод бичээд байна. Тэр бичсэн зохиол бүтээлийг нь харахаар манай XIII зууны түүх жижигдэхээр байгаа байхгүй юу. Тэгэхээр уран зохиол гэдэг нэг талдаа аюултай байгаа биз. Өнөөдөр монголчууд өнгөрснөөрөө бахархах сэтгэлгээнээс холдоод ирээдүй рүүгээ чиглэсэн нийгэм рүү уншигчдынхаа оюун санааг хөтлөх ёстой байхгүй юу. Яах вэ нэг талдаа хүмүүс уран зохиолыг хүнийг хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх үүрэг байхгүй гэж ярьдаг. Ингэж бодоод туйлшраад байж болохгүй. Нэг үгээр бол өрөөсгөл ойлголт юм.

Жинлэж, урт богиныг нь хэмжиж болохгүй зүйлийг хурдан морь шиг "Нэгт хэн ирсэн бэ" гэдэг. Наад захын жишээ нь “Болор цом” яруу найргийн наадам байна

          Яг мэдрэмжийн уран зохиол бичдэг уран бүтээлчид байна. Мөн агшин зуур болон хэлбэрийн уран зохиол бичдэг хүмүүс байна. Тэгэхээр үгүйсгэх ямар ч хэрэг байхгүй. Үүнээс гадна нэгийг нөгөөгийнх нь дээр гаргаж тавих ч шаардлагагүй. Тэгж чадаж байж л аливаа зүйл үндсэн утгаараа хөгжинө. Түүнээс биш заавал реализм хамгийн дээр, модернизм тэр доор байх ёстой гэх юм огт өрөөсгөл ойлголт. Түүнээс биш модернизмыг хүмүүс уншиж, бичиж, сонирхож байна уу. Сонирхож байна. Тийм биз дээ.

-Уран зохиолд хандах монголчуудын сэтгэлгээ ямар байгаа гэж та хардаг вэ?

               -Манай монголчуудын дунд уралдуулдаг сэтгэлгээ байдаг. Жишээлбэл, таван яруу найрагч байхад хэн нь нэгдүгээрт юм гэж. Хүний оюун санаанаас гарч байгаа зүйлийг яаж хэмжих гээд байгаа юм. Жинлэж, урт богиныг нь хэмжиж болохгүй зүйлийг хурдан морь шиг "Нэгт хэн ирсэнбэ" гэдэг. Наад захын жишээ нь “Болор цом” яруу найргийн наадам байна.

-“Болор цом” руу халтирч орсных энэхүү яруу найргийн наадам ер нь байх ёстой юу. Хүмүүс байх ёстой, огт хэрэггүй гээд байнга л маргалдах юм?

          -Байгаа зүйлийг байхгүй болгох шиг амархан юм байдаггүй. Харин бий болгох хэцүү. Нэг хэсэг нь уншаад, сонсоод “Болор цом” яруу найргийн наадам байж л байг. Жил жилийн “Болор цом”-оор зарим нь баярлаж, зарим нь уурлаад байгаа нь бодитой орон зай байгааг харуулж байна. Тиймээс алга болгох гэж боддоггүй.  

 Ер нь “Хүн их бичсэнээрээ ч сайн зохиолч болдоггүй. Муу бичиж байгаа бол их бичих бүр хэрэггүй” гэж багш хэлж байсан

-Та “Болор цом” яруу найргийн наадам хэдэн удаа оролцож байсан бэ?

        -Залуудаа ганц, нэг оролцсон. Уралдах дургүй учраас ер нь оролцдоггүй. Миний багш П.Баярсайхан гэж том зохиолч, сэтгүүлч байлаа. Энэ хүн намайг анх ажилд авч “Би чамайг өөрийнхөө гараар сэтгүүлч болгоно” гэж хэлж байсан. Багш маш өвөрмөц хүн байсан даа. Би нэг удаа “Яруу найргийн наадамд оролцоод хасагдчихлаа” гэж багшид хэлсэн. Гэтэл багш “Шүүгчид нь хэн, хэн байсан бэ” гэсэн. Би ч “Тэр, тэр хүмүүс байсан” гээд хариуллаа. Тэгсэн багш “Чи намайг яагаад “Утгын чимэг” өгүүллэгийн наадамд ордоггүйг мэдэх үү” гэсэн. Би ч “Мэдэхгүй” гэсэн. Багш “Ер нь хүн өөрийнхөө оюун санааг хэн нэгнээр хэмжүүлэх хэрэггүй шүү дээ. Хүнээр өөрийгөө хэмжүүлж байгаа нь чиний л буруу” гэсэн. Түүнээс хойш би яруу найргийн наадам оролцоогүй. Нэгт багшийнхаа үгэнд ороод, хоёрт тэр үг надад маш гүнзгий туссан. Ер нь “Хүн их бичсэнээрээ ч сайн зохиолч болдоггүй. Муу бичиж байгаа бол их бичих бүр хэрэггүй” гэж багш хэлж байсан. Үүнээс гадна “Хүн өөрийгөө ганцаардуулж явах хэрэгтэй” гэж байнга хэлдэг байлаа. Одоо нас ахиад тэр үг санаанд буугаад байдаг болсон.

-Та сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

          -Би өөрийгөө цар тахлын хоёр жилээс хойш нэлээд анзаарч байна. Уншихыг нь уншиж, устгахыг нь устгаж нэлээд зүйл цэгцэллээ. Ирээдүйд хийж болохгүй зүйлсийнхээ төлөвлөгөөг гаргалаа. Ямар ч байсан ойрын үед яруу найргийн хоёр ном гарна. Ер нь яруу найраг гэдэг минийхээр байнга хийгээд байдаг дасгал, хөдөлгөөн шиг зүйл биш юм байна. Өөрийгөө ч нэлээд анзаарлаа. Юу бичиж чадахгүй юм, юу бичиж чадах юм гээд. Би олон яруу найргийн ном гаргаж чадахгүй юм шиг байна лээ. Тиймээс дараа дараагийн зүйл рүүгээ орох хэрэгтэй болно. Орохын тулд олон төрөл зүйлийн ном сонгож уншаад байгаа шүү.

-Тэгэхээр та шийдэлд хүрсэн үү?

              -Жүжгийн зохиол руу л орох байх. Одоогоор бол бичиж үзээгүй байна. Мөн ганц, нэг роман бичнэ гэсэн төлөвлөгөө бий.

-Хэзээнээс бодож төлөвлөсөн уран бүтээлүүддээ ханцуй шамлан орох вэ?

             -Би хөдөөний малчин айлын хүүхэд. Манай аав яардаггүй хүн байсан. “Битгий яар бүтэх юм аяндаа бүтдэг”  гэж захидаг байсан. Тийм ч учраас юманд нэлээд хойрго хандаж, хойш тавьдаг байж магадгүй. Харин М.Цэдэндорж гуай “Үхлээс бусдыг битгий хойш тавь” гэж ярьдаг байсан. Яах вэ, энэ бол хүмүүжлийн ялгаа, хандлага болов уу. Нэг талдаа сайн юм шиг хэрнээ нөгөө талдаа муу ч юм уу гэж харах болсон.

Миний бодлоор Д.Урианхай гуайг суут хүн гэж боддог. Д.Данзанравжаа, Д.Нацагдорж, Д.Урианхай гурвын дунд уран зохиолын оюун санаа оршиж ирж дээ

          Одоо бол өөрийгөө хожмын түүхэнд юу үлдэж, юу үлдэхгүй гэдгийг гадарлаж мэддэг болсон болов уу гэж боддог. Тиймээс бодолтойгоор үргэлжилсэн үгийн уран бүтээл рүү орох чадвар надад суусан болов уу. Түүнээс биш дан авьяасаар бичнэ гэдэг бол суут хүмүүст л байж болох чадвар байх. Би өөрийгөө суут хүн гэж боддоггүй. Суут хүн тийм ч олон төрдөггүй юм байна. Нэг хэсэг хүн бүр л суут юм шиг харагддаг байсан. Одоо суут хүн хэн юм бэ гэхээр гарын таван хуруунд ч багтахааргүй санагдаж байна.

Тэдний дэргэд бид бол уран зохиол сонирхдог, уншдаг, ойлгодог л төрлийн л хүмүүс. Суут хүн гэдэг бол огт өөр. Энэ миний л үзэл бодол шүү.

-Таныхаар суут хүн гэж хэн хэнийг нэрлэх вэ?

           -Говийн догшин хутагт Д.Данзанравжаа байна. Тухайн цаг үедээ театр байгуулж, жүжиг тоглуулж байжээ. Бичсэн шүлгүүд ямар гайхалтай билээ. Амьдралын хэв маяг, зан араншин нь дураараа цаг үеэ эзлэн оршиж чадсан. Тэр гарцаагүй суут хүн байж дээ гэж боддог. Түүнээс хойш төрсөн суут хүн бол Их зохиолч Д.Нацагдорж гэж боддог. 30 гаруйхан наслахдаа бичсэн шүлэг, зохиол, орчуулга гээд хийж бүтээсэн зүйл их бий. Суут хүн гэдэг хуй салхи шиг өөрийгөө ухаарах завгүй буцдаг юм уу даа. Цаанаасаа тийм хувь заяаны эзэд болоод төрсөн хүн цөөхөн байдаг юм байна. Мөн Б.Лхагвасүрэн, О.Дашбалбар, Д.Нямсүрэн гээд мундаг хүмүүс байна. Миний бодлоор Д.Урианхай гуайг сүүлийн үеийн суут хүн гэж боддог. Үүнээс гадна Д.Данзанравжаа, Д.Нацагдорж, Д.Урианхай гурвын дунд уран зохиолын оюун санаа оршиж ирж дээ. Би суут гэдэг хувь заяаныхаа боол байдаг юм байна гэж бодсон. Өөр бусад зүйлд санаа зовохгүй уран зохиолд өөрийгөө зориулаад дуусдаг. Тэр хүмүүс амьдралын амьжиргааг хөөдөггүй. Тэдний дэргэд бид бол уран зохиол сонирхдог, уншдаг, ойлгодог л төрлийн л хүмүүс. Суут хүн гэдэг бол огт өөр. Энэ миний л үзэл бодол шүү.

Суут хүн гэдэг хуй салхи шиг өөрийгөө ухаарах завгүй буцдаг юм уу даа

 

-“ААВДАА БИ ХАЙРТАЙ” ДУУ БҮТСЭН ТҮҮХ-

-Та олон сайхан дууны шүлэг бичсэн. Таны бичсэн дууны шүлгийг “Хурд” хамтлаг дуулж, олон нийтэд цацагдсанаасаа хойш хит болж, тухайн цаг үеэ эзэлж байсан. Одоо ч сонсогчид сонсож, дагаж дуулсаар байна. Тэгэхээр та анх хэрхэн дуу хуурын ертөнцтэй холбогдсон бэ?

               -Би “Хурд” хамтлагт зориулаад бичиж өгсөн шүлэг цөөхөн. “Хурд” хамтлагийнхан дуулсан “Аавдаа би хайртай” дууны шүлгийг би бүр залуудаа бичиж байлаа. Мөн “Буцааж нэхэхгүй хайр” дууны шүлгийг 1990 онд бичиж байсан. Харин “Бүсгүй” дууны шүлгийг 1998 онд бичсэн. Үүнээс гадна “Хурд” хамтлагийн олон дууны хөгжмийг бичсэн С.Ишхүү гээд эгнэшгүй авьяастай залуу байсан. Тэр залуу миний “Алтан сар” номыг уншиж байгаад “Аавдаа би хайртай” шүлгийг хараад ая хийсэн. Тэгээд л би анх “Хурд” хамтлагтай  холбогдсон. С.Ишхүү үнэхээр эгнэшгүй авьяастай хүн байжээ. Яагаад гэхээр 30 гаруй жил сонсогчдын дунд энэ дуу амьд байна гэхээр шүлгээсээ гадна хөгжимдөө байгаа юм. Тэгж дууг амилуулна гэдэг хэн бүхний чадах ажил биш.

-С.Ишхүү гэдэг хүнийг хотод тогтдоггүй байсан гэх ам яриа байдаг юм билээ. Үнэн үү?

        -Би амьд ахуйд нь тийм ч олон уулзаж байгаагүй. Ер нь хотод тогтдоггүй байсан даа. Н.Жанцанноров гуай СУИС-д хүртэл оруулж байсан. Хаяад л алга болсон доо. Ер нь бас л суут маягийн хүн шүү. Хувь дутна гэж байдаг юм уу яадаг юм. Хэрвээ С.Ишхүү жаахан боловсрол нэмээд ахуй амьдралдаа эдийн засагч сэтгэлгээтэй болчихсон бол цахиур хагалах байсан болов уу.

С.Ишхүү гэдэг хүн тань дээр ирээд "Ийм дууны шүлэг бичээд өг" гээд хандаж байсан тохиолдол бий юү?

         -Бий, бий. Ийм утга санаатай дууны шүлэг бичээд өг гээд над дээр ирсэн. Тэгээд бид хоёр машинд сууж, элдэв сонин ярих зуураа шүлгийг нь бичсэн дээ. Гэтэл хоёр  хоногийн дараа л ая нь болсон гэсэн. Ингэж  “Бүсгүй” дуу анх бүтэж байв шүү дээ. Тэгээд “Хурд” хамтлагийнханд үзүүлтэл нэг их тоохгүй байсан шүү. Тиймээс ганц, нэг тайзан дуулчихаад л байгаад байв.  Харин энэ дууны хоёр дахь давалгаа явж Э.Дашням гэдэг залуу дуулж, араас нь Хурд хамтлагийнхан дуулаад л олны хайртай дуу боллоо. Энэ бүхнээс С.Ишхүүгийн авьяас билэг ямар хуучиршгүй байсныг харж болох юм.

-Та сонсогчдын зүрх сэтгэлд үргэлж уяатай явж, тэднийг уярааж, хайлуулж, ухааруулж байдаг “Аавдаа би хайртай” дууны шүлгийг хэрхэн бичиж байсан бэ. Таныг энэ талаар сонирхолтой яриа дэлгэнэ гэж бодож байна.

     -Би 1990 онд Жаргалантын сангийн аж ахуй дээр намрын ажлаар явсан. Гэтэл хоёр өдөр үргэлжилсэн бороо ороод ажил хойшлогдсон. Тэгээд байрандаа байж байтал цахилгаан ирсэн. Тухайн үед гар утас гэж байсангүй. Цахилгаан шуудан л ирдэг байлаа.

С.Ишхүүгийн авьяас билэг ямар хуучиршгүй байсныг харж болох юм

-Танд ямар утгатай цахилгаан ирсэн бэ?

         -“Аавын чинь бие муу байна” гэсэн цахилгаан байсан. Тэгээд цонхоор нутгийн зүг ширтэж суусан. Гадаа бороо зөөлөн шиврээд л байлаа. Тиймээс “Намрын бороо зөөлөн шиврэхэд аав минь даанч дуртай.

                                             Насыг нь зөөж буцсаар байгаа шувуудад хайртай” гээд л шууд ганцхан онгодоор бичигдсэн шүлэг дээ. Энэ шүлэгний үг амьд байдгийн шалтгаан гэвэл би аавыгаа бодож бичсэнд болов уу. Харин 1998 онд дуу болж, олон түмэнд хүрсэн. “Хурд” хамтлаг үнэхээр гайхалтай дуулсан. Үүний хүчинд миний шүлгүүд тодорсон доо.

“Хурд” хамтлаг үнэхээр гайхалтай дуулсан. Үүний хүчинд миний шүлгүүд тодорсон доо

-Таны бичсэн шүлэг олон нийтэд хүрч, шүлгийг нь бичсэн дууг энд тэндгүй хүмүүс дуулаад ирэхээр танд суут хүний амьдралаар амьдрах бодол төрж байв уу?

           -Суут хүмүүс амьдралын аар, саархан зүйлд түүртэлгүй амьдралаа алддаг юм шиг санагддаг. Ихэнх суут зохиолчдын амьдралыг харвал амьдралаа зольсон эсвэл баян чинээлэг айлын хүүхэд байдаг. Жишээлбэл, Л.Толстой, А.Пушкин нар бол баян айлын хүүхэд. Тэдэнд өөрийнхөөрөө амьдрах орчин бүрэлдэж байгаа байхгүй юу. Энэ бол агуу хувь заяа шүү.

“Аавын чинь бие муу байна” гэсэн цахилгаан байсан

          Ер  нь амьдралын аар, саар зүйлээ хаяад зөвхөн оюун санааны ертөнцдөө амьдрах уу гэдэг сонголт уран бүтээлчдэд тулгардаг. Ихэнх нь амьдралаа бодоод уран бүтээлээ хийж чадахаа болиод дуусч байгаа шүү дээ. Уран зохиолыг ингэж амархан тодорхойлох нь миний хувьд буруу. Яагаад гэвэл түүнийг бичиж байгаа уран бүтээлч сэтгэлээ урж бичдэг. Гунигийн зүйл байхгүй юу. Тиймээс би бүх зүйл гуниг дээр тогтдог юм байна гэж боддог. Заримдаа гунигаасаа ч айдаг шүү. Ийм хэмжээний зовлонтой зүйл шүү дээ. Тиймээс уран зохиол бол маш хатуу, хүнд хөдөлмөр. Үүнийг ойлгох нь ч бий. Ойлгохгүй нь ч бий.

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.


Х.ЧИЛААЖАВ: "Хурд"-ын "Аавдаа би хайртай" дуу амьд байдгийн шалтгаан нь би аавыгаа бодож шүлгийг нь бичсэнд байдаг болов уу
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-10 11:46:18
    Д. Чүлтэм: Миний найз ч багийн л авяастай хүү байлаа бас ягл ааваа дуурайсан налгар тайван хүн дээ. Уган бүтээлийн өндөр амжилт хүсэе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-15 10:41:08
    Зочин: Өөрийгөө том зохиолч гэж бодоод СГЗ болохоор тэгдэг юм уу сонин юм байна. ...Би амьд ахуйд... цааш нь бодох логик...
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-11 01:28:21
    Д.Батсүрэн: Авьяаслаг хүний ярилцлагаас аргагүй л ухаарал, гэгээрэл , амьдрал гэрэлтэж гялтганаж байна шүү. Сайхан байлаа. Чилаажав дүүдээ баярлалаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-10 21:25:10
    Банзайн Хүрэлтогоо: Найздаа баяр хүргэе. Амжилт.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-10 11:17:23
    Чу. Алтанхуяг: Ойрд л лавтай ийм сайхан үнэн сэтгэлийн ярилцлага уншсангүй,амьдрал,үнэн,бодрол,гэгээрэл,бүгд л багтжээ, харин арай л товчхон болчихов уу даа. Баярлалаа...
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188