• Өнөөдөр 2024-05-18

ДОЛДУГААР САРЫН 1-НД ХҮҮГЭЭ АЛДСАН Ц.ЭНХБАЯР: ХҮҮ МИНЬ БАЙСАН БОЛ...

2021-07-01,   7356

            Монголын түүхийг хар өнгөөр будаж, гашуун түүхийг бичиж үлдээсэн 13 жилийн өмнөх энэ өдөр таван залуу амиа алдаж байлаа. 2008 оны долдугаар сарын 1-нд хүүгээ алдсан Ц.Энхбаяртай уулзаж, ярилцлаа. Тэрбээр “Иргэнээ бууддаггүй төртөө болтлоо явна” гэж хүүгийн алтан шарилд амласан аав.

-Та хүүгээ мөн ч их санаж байгаа бололтой.

          -Үр хүүхдийнхээ ард үлдэнэ, хүүгээ хүний гарт алдана гэдэг чинь хар дарсан зүүд шиг л байна. Хүүгээ алдсан эхний гурван жил ганц ч өдөр, цаг, минут мартаж чадаагүй. Хамгийн сүүлд уулзахдаа “Амралтын өдөр хүрээд ирнэ ээ” гээд унадаг дугуйгаа түрээд, хашааны хаалгаараа гарч явсан хүүгийн минь дүр нүдэнд харагдаад, ороод ирэх л юм шиг санаж, гурван жилийг үдсэн. Арзайтлаа инээгээд нэг эмэгтэй дагуулаад хүрээд ирдэг ч болоосой гээд мөн ч их хүлээсэн дээ. Амралтын өдөр болохоор л цээжин дотор нэг юм багтаж ядаад, хүүг минь буудсан хүмүүст гомдож, “Арай ч дээ, яагаад миний хүүг. Яагаад тэр сайхан залуучуудыг” гэж бодогдоод хэцүү байсан. Одоо ч тийм л байна даа. Ууган нуган үрээ яаж ч мартаж чадах билээ. Санаагүй нэг өдөр ч алга.

-Өдийгөөс 13 жилийн өмнөх долдугаар сарын 1 бидэнд мартаж болохгүй хар толбо үлдээсэн өдөр. Таны цэл залуухан хүү үймээнээс болж амиа алдсан. Юун түрүүн танд эмгэнэл илэрхийлье?

           -2008 оны УИХ-ын сонгуулийг будилаантай боллоо гэж жагссан иргэдийн жагсаалыг би зохион байгуулалттай болсон гэж үздэг. Монгол Улс 1938 оноос хойш анх удаа төр нь иргэдийнхээ өмнөөс галт зэвсэг ашиглаж, таван сайхан залуу аминд хүрсэн. Сонгууль будилаантай болсон гэдгийг Ерөнхийлөгч хэлж, СЕХ хүлээн зөвшөөрч, бүх нам энэ үйл явдалтай эвлэрчихсэн байсан болохоор сонгуулийг дахин явуулахгүйгээр ард түмний анхаарлыг татахын тулд зохион байгуулалттайгаар гаргаж ирсэн хэрэг. Ингэж л бид өнөөдрийг хүртэл хардаж ирсэн.

          Үндсэндээ, аль ялсан нам нь Оюутолгой, Тавантолгойг эзэмших эрх авах байсан. Тийм ч учраас 2010 онд Оюутолгойн гэрээ батлагдаж байсан юм. Тухайн үед үймээн самуун болгохгүйгээр зохицуулж болох байсан. Долдугаар сарын 1-нд амиа алдаж, шархдаж, бэртсэн иргэдийн ар гэр нэгдэж, Хохирогчдын холбоо байгуулсан байдаг. Бид тухайн үеийн Ерөнхий сайд байсан С.Баяр, Хууль зүйн сайд буюу Онц байдлын шуухай штабын дарга Ц.Мөнх-Оргил нарыг буруутай гэж үздэг. Тэднийг “Та нар ямар нэгэн байдлаар буруугаа хүлээ” гэж хэлж байлаа. Гэтэл энэ хүмүүс өнөөдрийг хүртэл буруугаа хүлээгээгүй. Уучлал хүсэхгүй байна гэдэг чинь “Бидний хийсэн үйлдэл, санаа зөв. Харин тав биш 10 хүнийг буудах байсан” гэсэн утга байх.

Хамгийн сүүлд уулзахдаа “Амралтын өдөр хүрээд ирнэ ээ” гээд унадаг дугуйгаа түрээд, хашааны хаалгаараа гарч явсан хүүгийн минь дүр нүдэнд харагдаад, ороод ирэх л юм шиг санаж, гурван жилийг үдсэн. Арзайтлаа инээгээд нэг эмэгтэй дагуулаад хүрээд ирдэг ч болоосой гээд хүүгээ мөн ч их хүлээсэн дээ

-Талийгаач нарын гэгээн дурсгалд зориулж сургамжит хөшөө барих гээд газар хөөцөлдөж байсан юу болсон бэ?

         -Монголын төр миний хүүг, таван аавын сайхан хүүг гудамжинд нохой шиг хөөж буудчихаад ганц удаа ч уучлал гуйхгүй, хөшөө барих алга дарам газар олгож чадахгүй 13 жил болж байна. Ардчилсан холбооноос хөшөөний уралдаан зарлаж, сургамж хөшөөний загвар бий болсон. Шалгарсан загвараа бүтээл болгох гэж хөөцөлдөөд үнэхээр барахгүй, цөхрөөд орхисон. 2012 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ялахаар нь “Энэ дөрвөн жилд л газар олдож магад” бодоод очиж уулзсан ч бүтээгүй. Сүүлдээ төрийн тогтолцоо өөрчлөгдөхгүй бол хэзээ ч бүтэхгүй юм байна гэдгийг ойлгосон. Долдугаар сарын 1-ний хэрэг хэн нэгнийг буруутгаж, харлуулахад ашигладаг болсон юм шиг санагдсан. Тэгээд л орхисон юм... Би хүүгийнхээ шарил дээр очоод хүүдээ “Амиа алдсан таван залууг би төлөөлөөд үлдсэн. Иргэнээ бууддаггүй төртөө болтлоо явна” гэж амласан болохоор төрийн тогтолцоог өөрчлөхийн төлөө хичээж, зүтгэж явна. Миний хүүдээ амласан амлалт заавал биелэх болно. Монголчууд “Цэцгийн толгой тасалдаггүй үртэй, Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг хүснэ” гэж зүгээр ч нэг хэлчихээгүй юм аа. Ийм төртэй хүссэн, хүсээгүй болно гэж би боддог. Тэр үед энэ асуудлаар төрөөс  хөшөө босгоно байх. Ийм байхад би наана нь яваад, хэрүүл хийж, мөнгө олох гээд байгаа юм шиг хүмүүст санагдах вий гээд хөөцөлдөхөө больсон. Тэнгэрээс надад гурван хүүхэд өгсөн байхад төр яагаад биднээс нэг хүүг маань булааж авах ёстой гэж. Тэнгэрээс давсан хүч чадал энэ төрд байх ёстой, үгүйтэй л би тэмцэж яваа.

-Хэрэг гарахаас хоёр хоногийн өмнө та хүүтэйгээ уулзсан байдаг юм билээ. Хамгийн сүүлд юу гэж ярьсан байдаг юм бол?

           -Манай хүү АНУ-д хоёр жил уул уурхайн чиглэлээр суралцаад ирсэн. Би уурхайд ажилладаг байгаад сахарын өвчнөөс болоод чөлөөндөө гарсан юм. Уурхайчны гэр бүлд өссөн болохоор хүү маань мэргэжилдээ их дуртай. Сургуулиа төгсөж ирчихээд “Аав би эргээд сургуульд сурч, мэргэжлээ дээшлүүлэхээр явна” гэж хэлж байлаа.

Аав, ээж нь ажилгүй, хоёр дүү нь сурч байгаа нэртэй, амьдрал хэцүү санагдсан байх. Тэгээд тэр үед “Ямар ч гэсэн би та хоёрынхоо амьдралыг дээшлүүлье” гээд Канадын хөрөнгө оруулалттай, уул уурхайн өрмийн компанид нягтлан, орчуулагчаар ажилд орсон.

Монголын төр миний хүүг, таван аавын сайхан хүүг гудамжинд нохой шиг хөөж буудчихаад ганц удаа ч уучлал гуйхгүй, хөшөө барих алга дарам газар олгож чадахгүй 13 жил болж байна

          Үүнийхээ дараахан “Канад технологийн байшин барихад гол төмөр их илүү гардаг. Тэр төмрөөр канад технологийн байшин барина” гээд миний хүү их хөөрч явсан. Хүү маань АНУ-аас сургуулиа төгсөж ирээд, дөнгөж зургаан сар болж байсан юм. Манай гэр Баязүрх дүүргийн XI хороо буюу Баянзүрхийн товчоонд, хүүгийн ажил ХIX хороололд байсан болохоор холдоод байлаа. Хүү анх гэрээс ажилдаа явахад амар гээд унадаг дугуй худалдаж авсан. “Үнэтэй дугуйг хямд авлаа” гэж ямар их баярлаж байсан гэж санана.

         Төд удалгүй залуу хүн учраас залхуурсан юм байлгүй III хороололд байдаг нагац эгчийндээ амьдрахаар явсан. Бямба, ням гараг бүрт гэртээ ирдэг байлаа. Хүү маань хэрэг гарахаас хоёр хоногийн өмнө буюу лхагва гарагт гэртээ ирээд надтай хамт ууланд алхаж, салхилаад буцсан. Алхаж явахдаа би хүүгээ том эр болж дээ гэж бодож явлаа. Хань минь бид хоёрын араас харчихаад “Аль нь аав, аль нь хүү юм бэ” гээд инээж байсан гэдэг. Тэгээд хүү “Бямба гарагт амрахаараа хүрээд ирнэ” гээд гэрээсээ гарсан. Ингээд л эргэж ирээгүй. 

-Хүүгээ үймээн рүү явсан гэдгийг нь та хоёр мэдэж байсан юм уу?

          -Бид долдугаар сарын 1-нд юу болж байгааг мэдээгүй. Үндэсний телевизээр гарсан мэдээгээр л хотын төвд буу шийдэм болж байгааг сонсоод өнгөрсөн юм.  Ингээд маргааш нь хүүгийн ажлаас “Ажилдаа ирсэнгүй, юу болсон бэ” гэж асуусан. Бид гайхаад нагац эгч рүү нь утасдахад “Дожоо өчигдөр гэртээ хоноогүй. Ажлаасаа 20:00 цаг өнгөрөөж ирээд, 22:00 цагийн үед гэрээсээ гарсан” гэв. Тухайн үед муу зүйл бодолгүй, ойр байдаг хамаатан садан, эсвэл найз нөхдийнхөөрөө хонож дээ гэж бодсон юм.

            Тэд сураг гарахгүй болохоор нь над руу утасдаад, тэгээд телевизийн мэдээг санаж, ээж нь “Үймээний үеэр олон залууг баривчилсан гэсэн. Хойшоо ачигдсан байх” гэхээр нь очиж үзтэл байдаггүй. Өдөржин хайгаад хүүгээ ололгүй гэртээ харьсан. Ах, дүү нар маань хайж байгаад, миний араас гэрт ирээд “Нэгдүгээр эмнэлгийн шарил хадгалах газарт байна” гэж хэлсэн. Тэднийг тэгж хэлсэнд итгэхгүй, өөрийн нүдээр харахаар эмнэлэгт очиж үзлээ. Яах аргагүй миний хүү мөн байсан. Биднийг очиход хэдийн задланд оруулчихсан байсан даа. Хүүг маань I эмнэлгийн хойд талын үзүүрт 00:30 цагийн үед буудсан байсан. Буудуулсных нь дараа 100 метрийн зайтай Нэгдүгээр эмнэлэг рүү тэнд байсан залуус өргөөд орсон юм билээ. Гэхдээ хүүг маань амиа алдахыг харсан нэг ч гэрч олдоогүй. Хүүг нас барсан талаар 24 цагийн турш хэн ч, юу ч хэлээгүй. Бид өөрсдөө хайж явсаар олсон гэсэн үг.

           Хүү 22:00 цагийн үед гэрээсээ гарсан. Зурагтаар үймээн болж байгааг хараад л залуу хүн сонирхоод очсон байх. Гэхдээ миний хүү тийм ч айхтар нийгмийн идэвхтэй байгаагүй. Харин ямар нийгэмд бид амьдрах ёстой гэдгийг барагцаалдаг хүүхэд байсан.

-Талийгаачийн эрүүнд буудсан гэдэг бил үү?

           -Эрүүнд нь буудаж, сум зүүн далных нь үзүүрээр нэвт гарсан байсан. Амиа алдсан таван залуугийн нэг нь миний хүүтэй яг адилхан буудуулсан байна лээ. Тохиолдол гэхээр нэг газар буудсан нь их сонин. Адилхан газраар орсон сум нэг талаар гарна гэдэг нэг хүний буудлага ч байж магад. Мэргэн буудагч байсан болов уу гэж харддаг. Харин мөрдөн байцаах албаны алба хаагчид цагдаа нар хүүг минь буудсан гэдгийг тогтоосон. Гэхдээ хэний сум хэнийг оносон бэ гэдгийг тогтоогоогүй. Цагдаа нар залуучуудыг хөөж байгаад Нэгдүгээр эмнэлгийн хойд талын туслах зам руу орсон даруй л хоёр хүнийг буудаад унагаасан. Нэг нь миний хүү байсан. Өөрөөр хэлбэл, булан руу оруулж, шахаж байгаад буудсан гэсэн үг.

-Таны хүү энэ жил 37 нас хүрэх байжээ?

           -Үеийнх нь залуусыг хараад, өөрийн эрхгүй өдийд байсан бол эхнэр хүүхдээ дагуулаад, амралтын өдөр хүрээд ирэх байсан даа гэж боддог. Миний хүү чинь эхнэр ч аваагүй. Тухайн үед нэг охины яриа сонсогдоод л байснаас танилцуулаагүй. Ядаж эхнэр, хүүхэдтэй байсан бол гэж их харамсдаг. Өөрийнхөө оронд нэг хүн үлдээгээд явсан бол гэж боддог доо. 13 жил өнгөрсөн ч  унадаг дугуйгаа түрээд гэртээ хүрээд ирэх юм шиг санагддаг. Би хүүдээ “Миний хүү энэ амьдралдаа гоц гойд гавьяа байгуулж, их хэрэг бүтээхгүй л бол эртхэн шиг эхнэр авч, олон хүүхэдтэй болоорой” гэж захидаг байлаа. Миний хүү чинь аавыгаа “өвчсөн” юм шиг дуурайсан хүү байсан юм. Би хүүгээ 16 нас хүрэхээр нь “Эр хүн буутай харьцаж үзэг” гээд буу авч өгч байлаа.

Эрүүнд нь буудаж, сум зүүн далных нь үзүүрээр нэвт гарсан байсан. Амиа алдсан таван залуугийн нэг нь миний хүүтэй яг адилхан буудуулсан байна лээ

-Хүүгийнхээ буутай харьцаж сурсан эрдмийг нь та харж чадсан уу?

         -Харалгүй дээ. Цаг сайхан, тарваганы хорио тавиагүй байхад хүүтэйгээ хөдөө хээрээр явдаг байлаа. Нэг удаа манай хоёр найз, хүү минь хамт тарваганд явлаа. Бид гурав нэг, нэг тарвагатай бууж ирсэн. Гэтэл хүү минь долоон тарвага үүрээд отог руугаа алхаж яваа харагдсан. Тэр үед

“Ар араасаа цуварсан он жилүүд урссаар

Анхны нуган үр минь эрийн цээнд хүрч

Аав гэдэг нэрийг бүтэн ухаараагүй явтал

Ачийн зулай үнэрлэх өвөө болох минь дөхөж” гэж өөрийн мэдэлгүй шүлэг тэрлэж суулаа. 16 настай хүүгээ долоон тарвага үүрээд ирэхэд нь догдолж, баярласандаа ийн шүлэглэсэн хэрэг. Тэр үед хүүгээ “Эр хүн болж дээ. Ямар ч гэсэн миний хүү ачааны хүндийг даахаар болсон байна шүү” гэж бодож суусан сан. Би ч хүүгийнхээ хийж чадаагүй бүхнийг гүйцээнэ гэж байхгүй байлгүй. Хоёр дүү нь гүйцээх байлгүй дээ. Хүн байхгүй хүнээ л их үгүйлэх юм. Хамт байгаа хоёр хүүхдээ анхаарахгүй байгаа юм шиг хүртэл санагддаг байлаа. Амьдрал өөр өөрийн олон өнгөтэй. Энэ бүрт л “Хэрэв хүү минь байсан бол” гэж бодогдох юм. Ах, дүү хамаатан саднаараа цуглаад, бужигнахаар “Дожоо минь байсан бол” гэж бодогдоно. Эсвэл амьдралд унаж, босохын хооронд “Хүү минь байсан бол би ингэж яваа ч үгүй ч үү. Хүү минь байсан бол” гэж бодогдоод байдаг даа...

-Хөшөө босгох алга дарам газар олгож чадахгүй 13 жил болж байгаа Монголын төрд голдоо ортол гомдож байна уу?

    -Цаг дандаа ийм байхгүй. Монголын төрд шинэ салхи сэвэлзэх өдөр ирнэ. Тэр үед төр таван залуугаас уучлалт гуйна. Тухайн үед Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч байсан. Тэрбээр УИХ-д сууж байсан гишүүд рүүгээ заагаад “Би эд нарын өмнөөс, мөн Ерөнхий сайдын өмнөөс Монголын ард түмэн, талийгаачдын ар гэрээс уучлал гуйж байна” гэж хэлсэн. Жинхэнэ буруутнууд нь буруугаа хүлээх өдөр ирнэ. Тэр өдрийн төлөө эцсээ хүртэл тэмцэнэ.

Үймээний үеэр цэл залуухан таван амиа алдаж, 1000 орчим залууг баривчилчихаад байхад С.Баяр гэж хүн 05:00 цагт шатсан намынхаа байрны гадаа мөргөөд зогсож байсан гэдэг. Эрүүл ухаантай хүн ийм үйлдэл хийх үү.

Амьдралд унаж, босохын хооронд “Хүү минь байсан бол би ингэж яваа ч үгүй ч үү. Хүү минь байсан бол” гэж бодогдоод байдаг даа...

-Амиа алдсан хүмүүс болоод хохирогчдыг төлөөлж та “Хохирогчдын холбоо” ТББ байгуулж, тэргүүнээр нь ажиллаж байсан.  Одоо хэвээрээ юу?

       -Долдугаар сарын 1-нд тэрнээс ч илүү аюултай нөхцөл байдал үүсэх байсан. Цагдаа нар ямар ч хяналтгүйгээр тэр, энэ гэхгүйгээр иргэд рүү буудсан. Би гэлтгүй манай гэр бүлийнхэн сонгууль сонгуулийн үед л айдаг. За бас юу болчих бол гэхээс гол харладаг. Галт зэвсгэнд шархадсан гурав, амиа алдсан дөрвөн залуугийн ар гэртэй холбоотой байдаг. Бид жил гаруйн хугацаанд хамт тэмцсэн. Тэд минь сүүлдээ туйлдсан. Би анх 50 саяын нөхөн олговор өгөхөд нь “Хэргийн гол буруутнууд албан ёсоор уучлалт гуйхгүй бол авахгүй. Хүний хүүхдийг хүчээр алчихаад та нар яаж байна. Тэгвэл би С.Баярынд очоод хүүхдийг нь алчихъя. Чи тэгээд тэр төрийн мөнгийг аваарай гэж хэлье” гэсэн. Сүүлдээ хүмүүсийн маань амьдал ахуй нь хэцүүдэж, яах ч аргагүй тэмцлээ зогсоосон. Ядаж байхад өвөл байсан болохоор маргааш хэн нь ханиад, хатгаа тусах бол гэхээс айж байлаа.

        Хууль зүйн яамны гадаа арванхоёрдугаар сард суулт хийж байгаад “Хэдүүлээ хүнээ алдчихаад, дээрээс нь өөрсдөө эрүүл мэндээрээ хохирлоо. Бид ингэж болохгүй юм байна. Та нар дан эмэгтэй хүмүүс учраас одоо гэртээ харьцгаа. Би ганц эрэгтэйгээрээ энэ тэмцлийг үргэлжлүүлье. Харин шаардлага гарвал та нартай зөвшилцөнө” гэж хэлээд, өнөөх нөхөн төлбөрийн 50 сая төгрөгийг авахаас өөр аргагүйд хүрсэн дээ.

-Өнөөдөр та бүхэн талийгаачдын гэгээн дурсгалд зориулж ямар үйл ажиллагаа хийх вэ?

        -Жил бүрийн долдугаар сарын 1-ний өглөө гандан орж, ном уншуулж, Хэлмэгдсийн хөшөөнд цэцэг өргөн, орой нь Тусгаар тогтнолын ордны гадаа зул асаадаг. 2011 оноос хойш орой зул асаахгүй гэж ярьсан ч өөрийн мэдэлгүй яваад оччихсон байдаг. Энийгээ л хийх байх даа.

 Би анх 50 саяын нөхөн олговор өгөхөд нь “Хэргийн гол буруутнууд албан ёсоор уучлалт гуйхгүй бол авахгүй. Хүний хүүхдийг хүчээр алчихаад та нар яаж байна

 


ДОЛДУГААР САРЫН 1-НД ХҮҮГЭЭ АЛДСАН Ц.ЭНХБАЯР: ХҮҮ МИНЬ БАЙСАН БОЛ...
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-01 12:46:53
    Сэрцгээ: Монгол ард түмнээ бодох сэтгэлгүй зөвхөн өөрийн хувийн бизнесээ бодож авлига албан тушаал.нам дагасан олигархи бүлэглэлүүд л төр барьж байсан цагт хэлмэдүүлэлт үргэлжилсээр л байна.Монголчууд минь олигархиудад дарлагдсаа байхуу Тэнэг мангуу байсаар л байхуу Сэрээч дээ Түмэн олон минь
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188