Шинжлэх ухааны доктор, профессор, эдийн засагч Л.Оюунтай ярилцлаа.
-УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг өчигдөр хэлэлцүүллээ. Засгийн газраас 2024-2028 онд 14 мега төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Том төсөл хөтөлбөрүүдийн ингэж нэг дор зэрэг эхлүүлэх эдийн засгийн нөөц боломж манайд байна уу?
-14 мега төслийг нэг зэрэг эхлүүлэх боломж нь санхүүжилт байгаа эсэхээс хамаарна. Дангаараа нэг улс санхүүжилт гаргах боломж байхгүй. Олон улсын хөрөнгө оруулалтаар шийдэж болно. Мөн хувийн хэвшлийнхэн нийлээд хэрэгжүүлж болно. Өөрөөр хэлбэл, улс ганцаараа чадахгүй. Цаг алдана.
-Зарим судлаачид, эдийн засагчдын зүгээс бол нэг дор олон төсөл хөтөлбөр эхлүүлж, ТЭЗҮ боловсруулах нэрээр цаас үйлдвэрлэж байна гэх шүүмжлэл хэлж байгаа. Энэ төслүүдийг үр ашгаар нь эрэмбэлэх ёстой гэсэн байр суурийг ч илэрхийлж байна. Эдийн засагч хүний хувьд үүнд ямар байр суурийг илэрхийлэх вэ?
-Санал нэг байна. ТЭЗҮ боловсруулах нь зайлшгүй. Энд гарч байгаа зардлыг transavtion cost гэж нэрлэдэг. Энэ нь аливаа төслийн зардалд байх ёстой зардал. Маш их хэмжээний зардал гарна. Тэр хэмжээгээр төслийн амжилтад нөлөөлнө. Үүнийг боловсруулдаг зарчим олон улсад хэрэглэгддэг. Түүнийг хэрэглэж байж л төсөл цаашаа явна. Энэ зардлыг сайн тооцоолох, тендэр зарлах, сонгон шалгаруулах гээд олон ажиллагаа байдаг. Бушуу туулай боривондоо баастай гээд манай ухаант мэргэн өвөгд маань хэлсэн байдаг.
-Дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ тэр дундаа манай экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрс, зэсийн үнэ хэлбэлзэж байна. Гэтэл 2025 оны төсвийн орлогыг хэт өөдрөг төсөөлснөөс болж, төсвийн орлого тасрах эрдэлтэй болчихсон гэх шүүмжлэл бий. Энэ үнэн үү?
-Энэ үнэн. Аливаа төсвийг зохиохдоо гурван хувилбараа зохиодог. Яг манай жишээн дээр түүхий эдийн үнэ хэвээрээ байвал, буурвал, өсвөл гэсэн хувилбараар авч үздэг. Манай хамгийн өөдрөгөөр нь тооцоолол хийсэн. Энэ яав ч буруу. Түүхий эдийн зах зээлийн үнэ манай улсаас хамаардаггүй тул өөдрөгөөр бүүрч төсөөлж тооцоолол хийж болохгүй. Ямар ч эрсдэл тооцоогүй улсын төсвийг тодорхойлно гэдэг өөрөө бөөн эрсдэл шүү.
-Эхний гурван сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад экспортын орлого буурсан гэх стастистик мэдээлэл гарсан. Засгийн газраас төсвөө тодотгохгүй гэдэг байр суурь илэрхийлээд байгаа шүү дээ. Эдийн засагт ямар эрсдэл үүсэх вэ?
-Юуны өмнө төсвийн орлого буурах эрсдэл гарна. Орлого буурахаар төсөвт гаргахаар тооцоолсон зардлууд санхүүжилтгүй болно. Санхүүжилт олохын тулд зээл авна. Улсын өр нэмэгдэнэ. Тэгээд л дараа дараагийн эрсдэл гарна. Төсвийн орлого буурахаар төсвийг тодотгол хийх хэрэгтэй. Зардлаа танах, орлого олох гэсэн чиглэлээр тодотгол хийхээс өөр арга байхгүй. Зардлаа танана гэхээр хэмнэлтийн тухай ярина. Ямар зардуудыг танах вэ, гээд л хэлэлцэх хэрэгтэй шүү дээ.
-УИХ-ын 40 гишүүний дэмжлэгтэй Гадаад зээллэгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх хуулийн төсөл яригдаж эхэлсэн. Гурван мега төслийг гаднаас зээл босгож, эргэн төлөх нөхцөлтэй санхүүжүүлнэ гэж байгаа. Зарим гишүүний зүгээс давхар төсөв бий болголоо гэж шүүмжилж байна. Том төслүүдээ явуулахын тулд ингэж зээл авах нь зөв үү?
-Зээл авах нь буруу. Гадаадын хөрөнгө оруулалт оруулж эрэх замаар шийдвэл хамгийн оновчтой. Нэг төсөл дээр хэд хэдэн орны хөрөнгө оруулалт хийвэл эрсдэл буурна. Нэг төсөл дээр орж ирсэн улс орнууд бие биендээ хяналт тавина. Эрсдлээ хувааж үүрнэ.
-Том төслүүдээ хөдөлгөх бол ямар арга замаар санхүүжүүлэх боломж манайд байна вэ. Хэрвээ том төслүүдээ хөдөлгөхгүй бол ямар хүндрэл үүсэх вэ?
-Эдгээр 14 төсөл Монгол Улсын цаашдын хөгжлийг түргэтгэх төслүүд юм. Хэрэгжүүлмээр л байна. Гэхдээ улс төр тогтворгүй бол нэг ч төсөл урагшлахгүй.
-Засгийн газар том төсөл хөтөлбөрүүд яриад байдаг. Гэтэл бодит байдал дээрээ вальютын ханш өсөж, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсээр байна шүү дээ. Үүнд ямар зохицуулалт хийх шаардлагатай байна вэ?
-Эдийн засгийн механизм хэрэгтэй. Засгийн газрын дэмлэг хэрэгтэй. Шаардлагатай үйл ажиллагааг татвар, хөнгөлөлттэй зээл зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй. Хувийн хэвшил дээрээ тулгуурллах хэрэгтэй. Хамгийн гол нь шийдвэр гаргагч нар эх оронч сэтгэлтэй баймаар байна гэж харж байдаг.
-Ирэх оны төсвийн төсөөллийг хэлэлцэж эхэлсэнтэй холбоотой ирэх оны эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?
-Ирэх онд онцгой өөрчлөлт гарахгүй болов уу. Яагаад гэвэл улс төрд онцгой өөрчлөлт харагдахгүй байна. Улс төр тогтвортой байвал эдийн засаг хөгждөг нь хууль шүүдээ.
Л.ОЮУН: УЛС ТӨР ТОГТВОРГҮЙ БОЛ НЭГ Ч ТӨСӨЛ УРАГШЛАХГҮЙ |
|