• Өнөөдөр 2026-09-23

Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

    Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Дэлхийн банктай байгаль орчин, усны аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд БОУАӨ-ийн дэд сайд Б.Мөнхтамир өнөөдөр Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Бүсийн практикийн захирал ю, хатагтай Жулиа М.Фрейзер, Байгаль орчин, уур амьсгалын асуудал хариуцсан Бүсийн менежер ноён Кристоф Крепин, Дэлхийн банкний Монгол Улс дахь суурин төлөөлөгч хатагтай Виктория Хилда Ригби Делмон болон хүндэт төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

   Уг уулзалтаар Монгол Улс болон Дэлхийн банкны олон жилийн хамтын ажиллагаа, цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн талаар санал солилцов. Өнгөрөгч Наймдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай Конвенцын талуудын 17 дугаар бага хурал “COP17”-гийн үеэр Монгол Улсын Засгийн газар болон “Дэлхийн банк” групп “Тогтвортой эдийн засаг: Ландшафт ба эдийн засгийн нэгдсэн хөтөлбөр” буюу “SMILE”-ийг хэрэгжүүлэхээр тохиролцсон. Уг хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банкнаас байгаль орчныг хамгаалах, газрын доройтлыг бууруулах, тогтвортой ажлын байрыг дэмжих, байгалийн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх болон орон нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжихэд 100 сая ам.долларын санхүүжилт өгөхөөр болсон юм.

   Тэгвэл өнөөдрийн уулзалтаар “SMILE” хөтөлбөрийг нарийвчилсан, хурдацтай хэрэгжүүлэх хөтөлбөр болгон хөгжүүлэхэд шаардлагатай техникийн түвшний хэлэлцүүлгийг эхлүүлэхээр санал нэгдлээ. Мөн “СОР17” хурлын үеэр Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Тал хээрийн төлөвлөгөө” буюу “STEPPE Action Agenda”-г хэрэгжүүлэх, усны нөөцийн тогтвортой менежмент, усны аюулгүй байдал, уур амьсгалын тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээс гадна Улаанбаатар болон бусад томоохон хот суурин газрын үерийн эрсдэлийн менежментийг сайжруулах, байгальд түшиглэсэн шийдлүүдийг хэрэгжүүлэх, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллах боломжуудыг ярилцав.


 

 


Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188