Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн цэцэрлэгийг өнгөрч, “Монгол уламжлал” академи руу орлоо. Ажлын өрөөгөө анхилам үзэсгэлэнт цэцэгсээр дүүргэж, ширээн дээрх ном, өдөр тутмын сонинуудаа хаа нэг сөхөж, цэгцэлж суугаа Монгол улсын Ардын багш, Соёлын гавьяат зүтгэлтэн, ОХУ-ын Тува улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны болон Ардын боловсрол, Соёлын тэргүүний ажилтан, төр-нийгмийн зүтгэлтэн, олон улсын эдийн засагч, шинжлэх ухаан судлаач, Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн нэрэмжит шагналт, зохиолч, яруу найрагч, профессор Л.Дашням бол энэ удаагийн “Энэ цагийн эзэд” булангийн маань зочин.
1965 оноос уран бүтээлийн гараагаа эхэлсэн Л.Дашням гуай өдгөө утга зохиол болон эрдэм шинжилгээний 60 гаруй ном бүтээж уншигчдын хүртээл болгожээ. Бидний яриа шинэхэн Ардын багшийн баярт сэтгэгдлээс эхлэв.
-Юун түрүүнд Монгол Улсын Ардын багш цолоор шагнуулсан танд баяр хүргэе. Манай уншигчдад баярт сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Ардчилсан Үндсэн хуулийн 30 жилийн ойгоор төрийн өндөр дээд шагнал “Ардын багш” цол хүртсэндээ их баяртай байна. Ерөнхийлөгч шагнал хүртээсэн тухайд хэлсэн үгэндээ; төрийн ажилд олон жил зүтгэсэн, шинжлэх ухаан, боловсролын салбарт цөөнгүй жил үр бүтээлтэй ажилласан, олон арван зохиол, бүтээл туурвисан зэргийг маань дурдаж байна лээ.
Би одоогоос 61 жилийн өмнө Эдийн засгийн дээд сургуулийн багш болохоор алсын моринд дөрөөлж байсан хүн. Гэвч төгсөж ирээд шууд багш болоогүй юм. Төгссөн сургууль маань ч яг Багшийн сургууль байгаагүй л дээ. Олон улсын эдийн засгийн харилцааны хичээл заах хүн болж ирсэн хэрэг юм, уг нь. Гэвч мэргэжлийн чиглэлээрээ өөр газар ажилласан. Ажлаа ч сольж л байсан. Бүр 15-16 жил ажиллачихсан шүү. Тэгсээр усч хүн усандаа гэгчээр 1983 оноос их, дээд сургуульд багшилж, "улсын даалгавар"-аа биелүүлж эхэлжээ. Нэг мэдэхнээ 39 жил болчихсон байна. Энэ хугацаанд бакалавр, магистр, доктор олныг төгсгөсөөн. Ер нь бол 6000-аад залуусын диплом дээр миний гарын үсэг бий байх шүү. Тэгээд л Ардын багш болохоос аргагүй юм болчихсон юм байлгүй (инээв).
Би төгсөж ирснээсээ хойш ихэвчлэн боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт л ажилласан хүн. Бүгдийнх нь “Тэргүүний ажилтан” болсныг бодоход бас ч бага сага юм хийж бүтээсэн байх аа. Хамгийн олон жил ч боловсролын салбарт ажилласан юм байна. Зөвхөн монгол залуусаа ч сургаж, хүмүүжүүлсэн юм биш, Тува, Саха (Якут), Буриад, Өвөрмонгол олон шавь бий. Америк, Япон зэрэг өөр орнуудаас ч бий. Олон орны шавьтай шүү. Судалж, бичиж туурвисан юм ч нэлээд бий. Ардын багш болоход тэр бүхний оролцоо ч бас байгаа л байх гэж бодогдож байна.
-Та зохиолч, судлаач, сэтгүүлч, эдийн засагч, багш, эрдэм номын ажилтан гээд олон салбарт олон төрлийн ажил эрхэлжээ. “Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцордог” гэж нэг үг байдаг даа. Та харин бүгдийг нь л амжуулсан, тэр байтугаа амжилттай ажилласан байх юм. Нууц нь юунд байна?
-Миний хувь заяа ч тийм юм уу, олон салбараас оргож бусгаж чадсангүй. Тэр байтугай бага наснаасаа сонирхсон уран зохиолоо ч орхисонгүй.
Ардчилсан Үндсэн хуулийн том ойгоор шагнал хүртээсэн нь ч бас учиртай байсан байх. Шинэ цаг үетэй золгуулахад би хэрдээ л зүтгэсэн хүн л дээ. Мөн шинжлэх ухааны салбарт ч зүгээр суусангүй, монголсудлалаар дагнан ажиллаж, монголчуудын оюуны ертөнц, соёл урлаг, уламжлалын талаар олон арван жил судалгааны ажил хийж, ном бүтээл цөөнгүйг нийтлүүлсэн байна. Хийж, бүтээснээ эргээд харахад бас ч гэж зүгээр суусангүй ээ. Тэгэхээр би өөрийгөө “Олон туулай хөөгөөд хоосон хоцорчээ” гэж үзэхгүй байна. Өөрийн бололцооны хэрээр хүртээлтэй ажиллаж, ул мөрөө үлдээжээ л гэж бодож сууна.
-Та Монгол улсын Ардын багш, Соёлын гавьяат зүтгэлтнээс гадна ОХУ-ын Тува улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор ч шагнуулж байсан. Тэр шагналын тань талаар хүмүүс тэр бүр мэддэггүй байх. Манай уншигчдад Тува улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулсан түүхээсээ хуваалцахгүй юу?
-Эргээд харахад Монгол Улсын Ардын багш, Соёлын гавьяат зүтгэлтэн, Тува Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн гээд гурван салбарын цолтой болчихсон юм байна. Зохиолчийн хувьд л харин алдар цолгүй юм уу даа.
Өөрийн бололцооны хэрээр олон салбарт хүртээлтэй ажиллаж, ул мөрөө үлдээжээ
-Та их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, МЗЭ-ийн нэрэмжит шагналыг мөн хүртсэн шүү дээ. Тэр шагналуудыг гавьяатай зохиолч, яруу найрагчид өгдөггүй гэж үү?
-Өө, тийм. Би ч тэр шагналуудаас гадна “Алтан өд" шагнал хүртэл авч байсан юм байна. Одоо байтлаа зохиолчид, зохиолчдын байгууллагаа гомдоох нь. Харин гавьяат зохиолч гэж байдаггүй юм чинь бүгдийг нь л хүртсэн юм байна (инээв).
-Танай үеийнхэн дундаас М.Горькийн нэрэмжит Утга зохиолын сургуульд сурч ирсэн олон зохиолч бий. Харин таны хувьд тэр сургуульд сураагүй. Нэгэн үе хамт нөхөрлөж, бүгд зохиолчид болох мөрөөдлөөр жигүүрлэж явсан ч, та яагаад М.Горькийн сургуульд яваагүй юм бэ?
-Би Олон улсын эдийн засагч, Д.Урианхай Төлөвлөлтийн эдийн засагч, Ж.Лхагва цахилгааны инженер, Дарма.Батбаяр геологич, Б.Лхагвасүрэн Москвагийн Киноны дээд сургуульд суралцсан кино зохиолч, зураач. Ингээд харвал манай “Дөмөн” нэгдлийн “Гарын таван хуруу” галынхан бүгд л уран зохиолоос хөндий салбарынхан. Харин биднийг утга зохиол руу хөтөлсөн, магадгүй чирч оруулсан хүн нь Л.Түдэв дарга.
Л.Түдэв дарга “Монголчууд бид ямар ч чиглэлээр ямар ч мундаг мэргэжилтэн бэлтгэж чадна. Харин мундаг зохиолч бэлтгэхэд хэцүү. Авьяасгүй бол зохиолч болохгүй. Авьяас төрмөл байдаг юм. Тийм учир авьяастныг бид өөр салбараас нь булааж авах хэрэгтэй” гэж хэлдэг байсан. Харамсалтай нь, Л.Түдэв дарга намайг ажил албанаас маань холтгон булааж аваагүй л дээ. Тийм болохоор надад М.Горькийн сургуульд сурах ч гэдэг юм уу, зохиолч болон мэргэших боломж гарсангүй.
Би амьдралдаа ганцхан л удаа уран бүтээлийн чөлөө авч үзсэн. Тэгж байж Алишер Навойн “Уянгын шүлгүүд” номыг орчуулж байлаа. Зохиолчдод, ялангуяа өөр салбарт ажиллаж байгаа зохиолчдод 15 хоногийн уран бүтээлийн чөлөө олгодог тогтоолтой байсан юм. Зохиолчийн сургуульд сурч, мэргэжлийн зохиолч болох хувь багшид нь байсангүй дээ. Ажлынхаа зай завсраар л зохиол бүтээлээ амжуулж ирсэн дээ. Харин манай “Гарын таван хуруу”-ныхан бол М.Горькийн сургуульд суралцаж, дээд курсийг нь төгссөн улс. Бүгдээрээ л мэргэжлийн зохиолчид доо.
-Та Монголын уран зохиолын нэгэн үеийн нэрт төлөөлөгчид болох Б.Лхагвасүрэн, Дарма.Батбаяр, Ж.Лхагва, Д.Урианхай нартайгаа хамт “Дөмөн” нэгдлийг үүсгэлцсэн хүн. Тэр дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Утга зохиолын нөхөдтэйгөө ойр дотнын холбоотой байж, өөрсдийн санаачлагаар утга зохиолын “Дөмөн” нэртэй нэгдэл байгуулалцаж явсан. “Дөмөн” нэрийг би санал болгож байсан юм. Зохиолчдын хорооноос Д.Гармаа, З.Баттулга гуай нар хариуцдаг байлаа. Б.Догмид, Ү.Хүрэлбаатар, Т.Очирхүү, С.Оюун гээд тухайн үеийн залуу зохиолчид бүгд л тэр нэгдэлд хамрагддаг байсан даа. Харин Дарма.Батбаяр, Ж.Лхагва, Д.Урианхай бид хэд яваандаа нэг гал болж, илүү ойр дотнын, нэг хамтлаг маягтай юм болсон юм. Хожим бидэн дээр Б.Лхагвасүрэн нэмэгдсэн. Одоо бол биднийг “Гарын таван хуруу” л гэх болж. Бид хэд тэр нэг жижигхэн гал тогоогоо тойрон суусаар зохиолч болцгоосон улс юм.
Зохиолч гэдэг ямар хүн байдгийг мэдэхээс эхлээд л шүлэг зохиол бичих, шүүмжлэлцэх, хэлэлцэх зэргээр шуугилдаж бужигнан, магад ч үгүй, бие биенээ хурцалж, нэгэндээ нөлөөлж сайхан үеийг хамтдаа өнгөрөөж дээ бид. Одоо “Гарын таван хуруу”-наас маань Д.Урианхай бид хоёр л үлдэж, нөгөө гурав маань бурхны оронд заларсан байна. Нөхдөө үгүйлэх юм аа, санаж л суух юм.
-Нэгэн үед утга зохиолд хамт орж, нэгнээ дэмжиж, сайхан цагийг хамт өнгөрүүлсэн нөхдөө дурсан санах үе их тохиолддог нь аргагүй байх аа?
-Би нөхдөө дурсаж энэ оны цаглабарыг бүтээсэн. Б.Лхагвасүрэн, Д.Урианхай хоёр маань их том яруу найрагчид болохоор гурав гурван шүлгийг нь оруулж, бусдаас нь тус бүр хоёр шүлэг оруулсан байгаа. (инээв) Энэ цаглабарыг хийх үед өмнө нь нэг их анзаарч байгаагүй нэг зүйл тодорлоо. Манайхан чинь 1940-1944 оны хооронд жил бүр нэг нь мэндэлсэн улс юм байна. 1940 онд Дарма.Батбаяр, 1941 онд Д.Урианхай, 1942 онд Ж.Лхагва, 1943 онд би, 1944 онд Б.Лхагвасүрэн маань төрсөн байна. Таван жил дараалан жил бүр нэг авьяастан төржээ гэвэл онгирсон үг болчих болов уу, яах бол оо...
-“Дөмөн” нэгдлийг Төрийн хошой шагналт, жүжгийн зохиолч Д.Намдаг гуай удирдаж явуулдаг байсан гэдэг. Д.Намдаг гуай шавь нартаа юу зааж, захидаг байв?
-Д.Намдаг гуайн удирдан явуулж байсан дугуйлан өөр. Тэнд “Дөмөн” нэгдлээс Дарма.Батбаяр, Ж.Лхагва хоёр маань л явсан. Харин манай Ж.Лхагва тэгсгээд больчихсон. Тэр бол жүжгийн зохиолч төрүүлэх зорилготой дугуйлан байсан. Д.Мягмар гуай, Дарма.Батбаяр хоёр их юм сурсан гэж боддог. Харин Ж.Лхагвагийн маань тэсвэр хүрээгүй байх. Манай Ж.Лхагва бол их өргөн хүрээний хүн байсан шүү дээ. “Дөмөн” нэгдлийнхний гол баясгагч нь байсан даа (инээв). Дарма.Батбаяр л хожим нь Д.Намдаг гуайгаас сурсан, мэдсэн зүйлээ бидэнд хэлж ярьдаг, зарим зарим зүйлийг зааж, сургадаг байсан. Манай Дарма.Батбаярын ачаар Б.Лхагвасүрэн маань мөн ч олон жүжгийн зохиол бичсэн дээ. Нэг ч жүжиг бичээгүй нь би л байх. Дарма.Батбаяртаа шавь ороод жүжгийн зохиол оролдох бодолтой байсан боловч чадсангүй дээ. Уг нь хоёр нэг ноороглосон зүйл бий шүү. Ажил алба маань ер зав чөлөө олгохгүй юм.
-“Гарын таван хуруу”-ныхантайгаа анх хэрхэн танилцаж байв? Та л “Гарын таван хуруу” болгосон гэдэг бил үү?
-Манай “Гарын таван хуруу”-ныхан бүгд дээд мэргэжилтэй болсон хойноо уран зохиолын их өргөөний үүдэнд ирсэн улс. Тэднийг зангидаж нэгтгэсэн хүн нь би гэж хэлж болох байх аа.
Оюутан байхдаа би Дарма.Батбаяртайгаа танилцах гээд чадаагүй юм. Арван жилийн ангийн нэг найзтай маань Москвад Дарма.Батбаяр нэг өрөөнд суудаг байж. Найз маань “Миний хажуугийн орон дээр үнэхээр авьяаслаг нэг нөхөр байна. Чи түүнтэй танилц, та хоёрт нийлэх юм нэлээн байх шиг байна” гэсэн юм. Би тэр нөхөртэй нь танилцах санаатай тэднийхээр хоёр ч удаа очсон боловч Дарма.Батбаяртай уулзаж чадсангүй. Аз дутсан хэрэг (инээв). Тэгсэн өнөөх чинь М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль руу шилжих бодолтой гүйгээд байсан юм байна л даа. Уг нь Геологийн сургуулийн оюутан байхгүй юу. Тэгээд бүтэхгүй болохоор нь Монголдоо буцчихаж. Тэгээд л оюутан ахуй цагтаа танилцаж чадаагүй юм.
Би дээд сургуулиа төгсөж ирснийхээ дараа П.Лувсанцэрэнгийн эрхлэн гаргадаг “Цог” сэтгүүлийн “Соёлын ертөнц” буланд гадаадын соёлын амьдралаас сонирхолтой зүйл орчуулж өгдөг байлаа. Нэг өдөр П.Лувсанцэрэн “Надад Сэлэнгээс нэг нөхөр аягүй хөөрхөн юм ирүүлдэг боллоо" гээд хэдэн хөөрхөн богино өгүүллэг уншуулж байна. Тэр нөхөр нь манай Ж.Лхагва. Би П.Лувсанцэрэнд “За би энэ нөхрийг чинь олж танилцана аа” л гэж байлаа. Олон сарын дараа боловч Ж.Лхагвагаа олоод танилцчихсан. Бас болоогүй нөгөө Дарма.Батбаяраа ч хөөцөлдөж эрж сурж байгаад олоод авсан.
Д.Урианхай бид хоёр бас их сонин таарч байлаа. Нэг өдөр Зохиолчдын хороон дээр П.Лувсанцэрэнд “Цог” сэтгүүлд хэвлүүлэх орчуулгаа өгөөд явж байтал Д.Урианхай явж байна. Тухайн үед Д.Урианхай бид хоёр Улсын төлөвлөгөөний комисст хамт ажилладаг байсан юм. Д.Урианхайтай хамт гараад Төрийн ордон руу алхангаа жаахан ярьсан чинь мань хүн бас шүлэг бичдэг бололтой. Тэгээд л бид нэг дор болж, Төрийн ордон доторх яруу найрагчид болчихгүй юу (инээв).
Ингээд Дарма.Батбаяр, Ж.Лхагва, Д.Урианхай бид дөрөв нийлээд байж байтал манай Б.Лхагвасүрэн Зохиолчдын хорооны дэргэдэх Үлгэрийн танхимд жүжигчин хийж байна. Үүнтэйгээ цагийн эрхээр танилцан дасаж, “Дөмөн” нэгдлийн “Гарын таван хуруу” гал болсон түүхтэй. Залуу байхад “Гарын таван хуруу”-ны залуус бүгдээрээ л гэр бүлгүй, бараг өдөр бүр хамт байж, нийлдэг байлаа. Анх эхэлж байхад залуу ч байсан бүгдээрээ хааяа нэг шил юм хусна. Тэгсэн ч бүгд л “Мундаг зохиолч болно”, “Сайн уран бүтээл хийнэ” гэсэн зорилгодоо үнэнч байж, “Оросын зохиолчдын тэрнээс, энэнээс дутахгүй” гэж хэлэлцдэг, бардамнадаг омголон залуус явлаа.
-“Гарын таван хуруу”-ныхан залуу байхдаа их аархуу, омголон байж ээ дээ. Нөхөдтэйгөө бүтээлцсэн гэгээн дурсамжаасаа манай уншигчидтай хуваалцаач?
-Манай Дарма.Батбаяр сэтгэл хөдлөл ихтэй, баярлаж, хөөрөхөөрөө "Аа гениально!" /Агуу, лут/ гэж чанга чанга хашхирдаг байж билээ. Сэтгэлд нь хүрсэн, таалагдсан үйл явдал гарвал гараа дээш өргөж байгаад л “Гениально!” гэдгээ хэлнэ. Хэзээний нарийн гярхай хүн байлаа.
Д.Урианхай бид хоёр оюутан ахуйн танил. Манай Д.Урианхай маш их уншдаг байсан. Монголын зохиолчдоос Карл Марксын ботиудыг уншсан нь ер нь Д.Урианхай л байх шүү. Эдийн засгийн мэргэжилдээ тийм ч нэг их дуртай биш. Ер нь л зохиолч болно гэсэн чин хүсэл эрмэлзлэлтэй нөхөр байсан даа. Тэгээд Улсын төлөвлөгөөний комиссоосоо эрт ээ Зохиолчдын хороо руу шилжсэн хүн. Хаана ч ажилласан зохиолоо л гол болгодог байсан даа. Ямар сайндаа Оюуны өмчийн газар ажилладаг байхад нь дарга нь “Чи ер нь ажлаа хийдэг хүн үү, үгүй юү” гэхэд нь “Хийж байгаа дарга аа, сайн хийж байгаа” гэж. Тэгсэн дарга нь “За битгий худлаа яриад бай. Яагаад зохиол болгоны чинь төгсгөлд “Мэдээллийн төв” гэсэн үг байдаг юм бэ” гэсэн гэдэг (инээв). Д. Урианхай бид хоёр бол нэгэн жарныг үерхэн өнгөрөөж байгаа хоёр оо.
Харин би Б.Лхагвасүрэнтэйгээ хожуу танилцсан даа. Тэр Хэвлэх үйлдвэр, Хүүхэлдэйн театрт ажилладаг байсан гэдэг юм. Худалдааны техникум төгссөн. Зохиолчдын хорооны дэргэдэх Үлгэрийн танхимд жүжигчин байлаа. Б.Лхагвасүрэнгийн "Маян тогооч" бол их алдартай байлаа шүү дээ. Мөн эрх хүүхдийн дүрд хувирч жүжиглэнэ. Ямар ч юм тоглосон үзэгчид дахиулаад салдаггүй авьяастан байсан. Тэр зохиолчдын олон номонд чимэг зураг, хавтас зурсан даа. Гэхдээ тэр номнууд одоо огт харагдахгүй болжээ.
Нэг удаа бид бие дааж, Дархан аймагт “Уран үгсийн чуулган” зохион байгуулсан түүхтэй юм. Бид гэдэг нь “Дөмөн”-гийнхөн л дөө. Уг нь "Уран зохиолын сан"-д мөнгө олж нэмэрлэх том санаатай байсан юм. Гэтэл бүр баларсан. Юун мөнгө олох, зардлаа нөхөөд л цаана нь таван төгрөгтэй үлдэж байлаа. Санд таван төгрөг оруулсан хэрэг. Өөрсдийгөө томчууд гэж бодоод очсон үзэгчид тоодоггүй дээ (инээв). Тэгээд ч намрын хадлан, ургац хураалтын үеэр очсоноо ч мэдсэнгүй. Бүр арга ядаад арай нэг хүн хартай юм гээд нэг цэргийн анги дээр ажлаа зохион байгууллаа. Ядаж бидний дунд цэргийн сэдэвтэй шүлэгтэй хүн байдаггүй. Тэгсэн Б.Лхагвасүрэн маань “За би нэг юм бодоодхоё” гээд цонхны тавцан дээр нэг юм бичээд л бөгтгөнөөд байна. Тэгсэн хөдөөний нэг малчин бүсгүй цэрэгт явсан нөхөртөө захианых нь хариуг бичиж суугаа тухай шүлэг бичжээ. Нялх үр нь захиаг нь бичүүлэхгүй нааш цааш нь татаж урчих гээд л, хөөрхөн таван хурууных нь ором энд тэндгүй гараад л, жинхэнэ амьдралтай, дүр, дүрслэл гэж гайхалтай шүлэг уншиж гарлаа. 5-6 дахиуллаа. Зарим цэрэг уйлж харагдана. Тэгж л бид Б.Лхагвасүрэнгээ нээсэн юм. Урьд түүнийг зураач юм уу, жүжигчин л гэж боддог байлаа.
“Гарын таван хуруу”-ныхан бараг бүгдээрээ л хоёр дахь номоо гаргаж байхад Б.Лхагвасүрэн анхны ном “Гашуун өвс” номоо хэвлүүлж байсан. Сайн ч бүтээл байсан даа. Б.Лхагвасүрэн чинь ер нь Монголын яруу найрагт цөм цохиж орж ирсэн хүн л дээ.
Манай Ж.Лхагва их говийн хүн, хөдөөгийн амьдрал гайхалтай сайн мэднэ. Ж.Лхагва "Намайг манай нэг азарга л том хүн болгосон юм" гэж ярьдагсан. Яагаад гэхээр, Ж.Лхагвааг тэр азарга л архи амсах эрх олгосон юм гэсэн (инээв). Найм, есдүгээр ангид сурч байхдаа тэр азарганд өшиглүүлээд толгойгоо хагалчихсан гэдэг.. Тэгээд бүтэн жил завсардчихаад Д.Мягмар гуайг мэргэжлийн зохиолчоор Дорноговьд очих үед аравдугаар ангийн боловч 19 хүрсэн том эр, архи ч зөөдөг, хааяа бас амсдаг байж. Манай Ж.Лхагва “Хэрэв тэр азарга намайг өшиглөөгүй бол би юу гэж архи уух вэ дээ” гээд л урдахаа хөнтөрдөг байлаа (инээв).
Манай Ж.Лхагва чинь хошин шогийн гайхалтай мэдрэмжтэй, хүн инээлгэхийн төлөө төрсөн юм шиг л хүн. Биднийг оюутан байхад Ж.Лхагвагийн “Гутал” шүлэг алдартай байлаа. Бараг л хүн бүхэн мэддэг байсан даа. Ж.Лхагва уншсан зохиол бүтээлээ хачин гайхалтай ярина. Ж.Лхагва маань нэг удаа “С.Дашдооров ёстой нэг Дарма.Батбаярын хэлдгээр “Гениальный” өгүүллэг бичжээ” гээд л толгой руугаа хувинтай ус цацуулж байгаа орос эрийг дүрслэн жигтэйхэн сүрхий жүжиглэн ам ангайтал ярьж өгсөн юм. Тэгсэн нөгөө өгүүллэгт нь тийм юм бараг л байгаагүй дээ гэж орчуулагч Г.Амар гуай ярьдагсан. Дараа Ж.Лхагвагаасаа би "Чи яагаад хүний өгүүллэг рекламдаад явна" гэхэд “Би ойлгосноо л ярьсан шүү дээ” гээд хээв нэг инээж байж билээ (инээв).
-“Гарын таван хуруу” галынхны өмнөө тавьсан зорилго юу байсан юм бэ. Та өөрийгөө болон нөхдөө зорилгодоо хүрч чадсан гэж боддог уу?
-Манай нөхөд багаасаа л “Том зохиолч болно” гэсэн зорилго тавьж, түүндээ хүрэхийг хичээсэн. Тийм ч учраас бүгдээрээ л бүхэл бүтэн улсын утга зохиолыг төлөөлөх аваргууд болсон байна. Би ч гэсэн багаасаа л зохиолч болохыг хүссэн ч, ажил, мэргэжлийн онцлогоос болоод уран зохиол дагнан хөөж чадсангүй. Үндсэндээ мэргэжил маань намайг сул тавьсангүй. Л.Түдэв дарга ч намайг ажлаас маань булааж чадаагүй гээд бод доо. Гэхдээ мэргэжлээрээ ажилласны ачаар л энэ олон салбарт хийж бүтээсэн юмтай, ул мөрөө үлдээж дээ. Хожсон нь би ч байж магад.
-Зохиолчийнхоо хувиар ажиллаж, амьдарч, утгазохиолоор дагнаагүйдээ хэзээ ч харамсаж байгаагүй юу?
-Би залуу байхдаа нөхөд шигээ мэргэжлийн зохиолч болж чадаагүйдээ харамсдаг л байсан. “Нөхөд маань зав зайтай, их ч бичиж байна. Гэтэл би хэрэгтэй хэрэггүй юм хийж, ингэж ч суух гэж дээ ” гэж боддог байлаа.
***
Биднийг ийн хөөрөлдөж суутал Л.Дашням гуай руу зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгс утас цохиж байна. Л.Дашням гуайг Монгол мэдлэгийн их сургуулийн захирал байхад яруу найрагч Л.Өлзийтөгс тус сургуулийн оюутан, шавь нь байжээ. Л.Өлзийтөгс яруу найрагч Л.Дашням багшдаа Ардын багш цолоор шагнуулсанд нь баяр хүргэж залгаж байгаа нь энэ. Энэ тухай тэрбээр “Монгол мэдлэгийн их сургуульд багшилж байхад Л.Өлзийтөгсөөс эхлүүлээд авьяастай хүүхэд олон байлаа. Миний суудаг сургуулийн захирлын өрөө яруу найргийн өрөө байв. Г.Аюурзана дүү ч их ирдэг. Тэгж ирсээр Л.Өлзийтөгсийг олоод авсан байх. Бас ч гэж тухайн үедээ Г.Аюурзана дүү бид хоёр их л философиддог байсан сан” гэсэн юм.
***
-Өнөөгийн Монголын соёл урлаг, утгазохиол чухам юу руу чиглэж хандаж байна гэж боддог вэ?
-Монголчууд бол төрөлхийн асар их авьяастай, оюунлаг ард түмэн. Дэлхийн соёл бидэнд хаалттай байсан үе одоо өнгөрсөн. Монголын аль ч нутагт суугаа хүүхэд багачууд одоо дэлхийд юу болж байгааг мэдэх боломжтой, чадвартай болж байна. Би ирээдүйд дэлхийн соёл урлаг, утгазохиол, ер нь оюун ухааны ертөнцөд монголчууд нэг тодорхойлогч, тэргүүлэгч нь болно гэдэгт итгэдэг. Тэгэхийн тулд бид өөрийн ууган хөрсөн дээр бойжиж, дэлхийн сайхныг өөрийн болгон, урлаг соёлоо уламжлалаар улаалан шинэ соргогоор бүтээх, хөгжүүлэх хэрэгтэй. Дэлхийд өөрсдийгөө таниулж, шилдэг ном, зохиолоо олон хэлээр орчуулж, хүрэх газар нь хүргэх хэрэгтэй.
-Залуу зохиолч, уран бүтээлчдийн ном, бүтээлийг уншиж, үзэж байгаа юу?
-Залуус надад номоо их бэлэглэдэг. Харин би яг чин үнэнээ хэлэхэд бүгдийг нь нэг бүрчлэн уншиж чадахгүй байна. Хаа нэг шинэ үеийн залуусын ном, бүтээлийг сөхөн, гайгүй санагдвал хоёр нэг юм уншчихна. Харин тааруухан юм таарвал цааш нь тавиад хадгалчихна шүү дээ.
Залуу байхдаа нөхөд шигээ мэргэжлийн зохиолч болж чадаагүйдээ харамсдаг байлаа
-Уншигчид XX зууны зохиолчид монгол ахуйтай. Харин залуу уран бүтээлчид илүү европжиж, барууны өнгө аястай болж байна гэж ярьдаг. Хэл бичгийн хүн, зохиолчид барууны өнгө аясыг Монголд нэвтрүүлж, уран зохиолын шинэ төрлийг нээн дэлгэрүүлэх нь буруу гэж үү?
-Миний хувьд зөв гэж боддог. Яруу найраг өөрөө хөгжих ёстой. Яруу найргийн хөгжил бол сэтгэлгээ, илэрхийллийн хөгжил юм. Одоо залуус юуг, яаж хийвэл мундаг зохиолч болдог бэ гэдгийг мэдэж ч байна, улам улам мэдэхийг ч хүсэж, тэмүүлж байна. Түүний ч ачаар яруу найраг өөрчлөгдөж байна. Хуучин цагт Монгол яруу найргийн ихэнх нь уламжлалт шүлэглэл л байсан даа. Тухайн үед шинийг эрэлхийлсэн, уламжлалыг эвдэхийг хүссэн залуусыг “Боль, чи” гээд нудрах нь холгүй л юм болдог байсан. Харин одоо Монголын яруу найрагт шинэ үеийнхний сэрэл мэдрэмж, сэтгэлгээний яруу найраг зонхилж, уламжлалт шүлэг багахан зай эзэлдэг болсон шиг байна. Уг нь монгол шүлэг, англи шүлэг, орос шүлэг гэж байхгүй л дээ. Цөм л яруу найраг байдаг шүү дээ. Яруу найргийг ямар бүтээл болсныг нь аль улсынхаар нь шүүх хэрэггүй. Өнөөгийн залуус мэдрэмж, сэтгэлгээгээ, магадгүй үгийн ураараа бидний үеэс олон дахин илүү болсон байна. Харин ганц дутуу зүйл нь мэдлэг байна даа. Жаахан харанхуй тийшээ л байна даа. Бас нэг муухай нь залуус яагаа ч үгүй байж өөртөө ханачих юм, яагаа ч үгүй байж од болцгооочих гээд байна. Огт эрдэмшихгүй байна. Монгол хүнд үндэстний нэг омогшил, бардамнал хэрэгтэй л дээ. Гэхдээ хэмжээ хязгаартай, оюунлаг бардамнал байх хэрэгтэй.
Нэг удаа Ч.Чимид гуай надад “Чи Владимир Солоухины номыг орчуулсан юм байна. Цаадах чинь Монголд ирэх гэж байгаа дуулдана. За чи түүнийг нэг их том амьтан гээд жижигрээд байхгүй шүү. Чи тэр оросоос ер дутахгүй. Адилхан л нэг улсын том зохиолч. Үнэн хэрэгтээ чи цаадахаасаа том ч байж магадгүй” гэж байж билээ. Гэтэл Солоухиныг Монголд ирэхэд нь би гэж хүн жижигрээд л гүйж байгаа юм чинь (инээв). Харин Ч.Чимид гуай бол тэгдэггүй байсан. Ч.Чимид гуайн өмнө гаднынхан бөхөлзөж, жижгэрдэг байлаа даа.
-Ном уншиж эхэлж байгаа, ном уншиж байгаа ч муу, сайныг нь ялгаж уншиж чадахгүй, эргэлзэж байгаа уншигч, залуу зохиолчдод хандаж та юу зөвлөх вэ?
-Нас насандаа л тохирсон зохиол унших хэрэгтэй. Гэхдээ өнөө цагийн хүүхдүүдийн оюуны ертөнц өөрийн наснаасаа хэдийнэ давчихаж дээ. Түүнийг зогсоох ч хэрэггүй. Уншиж буй номыг нь ажиглан, хамтран задалж ярьдаг, багаас нь тэмдэглэл хөтлүүлж сургах хэрэгтэй. Тэгж байж л монголчууд дэлхийн оюуны ертөцтэй хөл нийлүүлнэ. Миний дээр хэлснээр ноёлох цаг ч ирнэ. Худлаа биш шүү.
***
Л.Дашням гуай бид хоёрын яриа энэ удаад энд хүрээд өндөрлөв. Намайг гарч явахаас өмнө Байгаль орчны гавьяат ажилтан, дендрологич Б.Чимид гуай ярилцагч дээр минь зочилж ирэв. Д.Дашням гуайтай эргэн уулзахын ерөөл тавьж, гарахаасаа өмнө тэр хоёрыг “Монгол уламжлал” академи, Б.Явуухулангийн цэцэрлэгийн ойр орчмыг яруу найргийн төгөл, гудамж болгох ажлыг эхлүүлж байгааг ярианаас нь сонслоо. Монголын утга зохиол, яруу найргийн төлөө хөдөлмөрлөж, яруу найргийн гудамж бүтээх гэж буй Л.Дашням гуай, Б.Чимид гуай хоёрт саруул сайхныг хүсье.
Л.ДАШНЯМ: ДАРМА.БАТБАЯР, Ж.ЛХАГВА, Б.ЛХАГВАСҮРЭН НАРЫГАА ҮГҮЙЛЭХ ЮМ АА |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |