• Өнөөдөр 2024-04-24

ТҮҮНИЙГ ДУРСАХ ӨДӨР

2022-05-15,   603

       Монголын утга зохиолын ерээд оны нэгэн төлөөлөл Арлааны Эрдэнэ-Очир найрагчийг дурсах өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр 2018 оны эл өдөр таалал төгссөн юм.

      Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул  тэрбээр  “Бэхэн цэнхэр өдрүүд”,Гэнэн шувууд”,Эрх сэтгэл”, “Нар сарны урсгал”,Миний цуглуулсан хорвоо”, “Тунгалаг гунигийн улирал” зэрэг бүтээлүүд нь уншигчдын хүртээл болсон бөгөөд яруу найргийн “Алтан бийр” наадмын 1992, 1993, 1995, 1998, хайрын шүлгийн “Цагаан уул” наадмын 1992, 1998, “Аморе” наадмын 2004 оны тэргүүн шагналтан юм. Ингээд түүний шүлгээс онцлон хүргэж байна.

Амьдрал гэдэг богинохон, яарах хэрэгтэй
Амжиж би сайн сайхныг дуулах хэрэгтэй
Ачлал энэрэл, амраг хайр, алс ирээдүй
Ариун гэгээн бүхнийг дуулан үлдээх учиртай
Сарны гэрэл хэрхэн тусч янаг хоёр ичингүйрэн жаргах тухай
Сайхан чамайгаа яагаад минийх болоогүй, гэхдээ мартаагүй тухай
Салхинд ганхах өвс ногоо намрын уйтгарыг биесдээ шивнэлдэх тухай
Санаашран сууж бичээд би яруусан цэлмэгтэх учиртай
Агт морь нутгаа тэмцэж ижилдээ ирээд үүрсэхийг
Ангир галуу ганганан гунганаад хоргодож буцахыг
Аавын минь унаж явсан морины толгой овоон дээр цайрахыг
Амьдрал мөнхийн биш гэдгийг ч учирлан дуулах ёстой
Амьдрал гэдэг богинохоон, би яарах хэрэгтэй
Амжиж бүхнийг хайрлаад, тэр хайр надад түшиг болох учиртай...
 
                                       *** 
 
Арга барсан бvсгvй
Цагаахан даашинз 
Энхрийхэн мер хvзvv,
Цахилан зугтах харц
Эрхэмсэг гоо vзэсгэлэн
Чамайг хараад аргаа бардаг, би
Цамцаа тайлж урж тасдмаар,
Галзуурмаар болдог би
Чамайг бодоод аргаа бардаг би
Шархтай юм шиг
Шаналан хэвтдэг би
Цэцгийн дэлбээ шиг гарыг чинь
Цээжин дээр байна гэж зvvдэлдэг би
Өнө мөнхөд чамайг зvvдлэн
Унтах юмсан 
Өглөө болсон байхад     
Уур хvрдэг би...
Чамайг хараад аргаа бардаг би
Зөрөөд өнгөрөхөд чинь эргэн харж
Зvрхээ авч араас чинь шидмээр болдог, би.
Арга барсан бvсгvй, чи...
       
                       *** 
 
Хуучин гуниг хөндөгдөнө
Зүрхэнд ганганаж
Зүүдэнд ирдэг зовлонт ангир минь...
Намрын байгаль уйдаасан 
Намуухан зүсрээ бороотой
Намайг чамтай уулзуулсан 
Ерийн бус өдрүүдсэн
Наран сарны хооронд 
Нууцхан болзох зурагтай
Нандин бүхнээ задалсан 
Арван естэй янагсан
Одод тодрох үдшээр 
Хагацахгүй явъя гэж
Хацар дээр минь чи 
Үнсэхдээ ичиж байсан
Цэцэг зүүдлэх үүрээр 
Уулзахгүй байя гэж
Цээжин дээгүүр минь чи 
Нулимсаар бичиж билээ
Чамтай уулздаг цэцэрлэгийн
Сүүлчийн ганц навчин дээр
Чинийхээ нэрийг бичээд би
Салхинд хийсгэж билээ
Салахын зовлон хожмоо
Санахын жаргал авчрах юм
Санчиг оролдон зогсохыг чинь
Санаа алдан дурсах юм
Сарны гэрэл дэрэн дээр унаад
Хуучин гуниг хөндөгдөх юм 
Сайхан чи минь гар дэрлээд
Худлаа унтах чинь бодогдох юм...
 
                  ***
Хичээлдээ, бас чамд яарч сургууль руу эрт очдог байлаа
Хэлхээтэй сувд шиг өдөр хоногийг хайраараа тасдаж мартдаг байлаа
Үүрийн зүүд чам руу эрвээхэй шиг нисдэг байлаа
Үлэмж сайхнаараа чи зуны ягаан цэцэг шиг байлаа
Азтай өдөр тохой золгодог цагаан хормогчтой охин
Арван тавтай хүүгийн сэтгэлийн гижиг байлаа
Би чиний цэнхэр туузтай гэзгээр чинь оролдоход
Бэх нүүсэн шиг хацар чинь ягаардаг байлаа
Үнсэж хайрлаад нар сарнаас ичиж явсан биш
Үзгийг чинь л хааяа дэмий гуйхаас хэтэрдэггүй байлаа
Үргэлжийн ямар хүүхэд хэвээрээ явах биш
Үзэх нүдээ нээхийн зуур арав төгссөн байлаа...
 
                             ***
 
Уул барайж манан татна
Урд хөндий рүү нь ус буух нь дээ...
Би чамайг санах нь дээ...
Алсаас нэг морьтой хүн ирнэ
Адуугаа сураглах нь дээ...
Би чамайг санах нь дээ...
Аадар бороо гэнэтхэн шаагиж эхэлнэ
Аргал норох нь дээ...
Би чамайг санах нь дээ...
Сарын газар ч энүүхэнд байна
Санаа алдах нь дээ...
Би чамайг улам их санах нь дээ...

ТҮҮНИЙГ ДУРСАХ ӨДӨР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188