Тэрбээр “Миний хувьд анхны тайзны уран бүтээл. Өмнө нь “Хажуу өрөө”, “Rhyme” гэх киноны дүрд тоглосон. Дуучнаар ажилладаг ч гэлээ жүжиглэх чадварт суралцах эрмэлзлэл их байдаг. Тиймдээ ч “Норсон зүрх” мюзиклын дүрийн сонгон шалгаруулалтад оролцсон. Тэнцээд ажиллах болсон минь мөрөөдөлдөө хүрэх том алхам болж байна. Мюзикл драмын жүжгээс илүү хурд шаарддаг юм билээ. Тайзны бүтээл тэр дундаа мюзикл үнэхээр том цар хүрээтэй байдаг юм байна. Уран бүтээлчээс ч олон чадвар шаардана. Миний хувьд үзэгчидтэйгээ илүү сайн харьцаж, үг яриа хэллэгтээ анхаарах, хамтран тоглогчидтойгоо ойлголцож мэдрэх зэрэг олон зүйлд суралцсан. Дуулахдаа би зөвхөн дуундаа анхаарч, хоолойны өнгө дээрээ төвлөрөөд үзэгчидтэйгээ нэг их харилцдаггүй байсан. Кино ч ялгаагүй дүрдээ сайн ажиллахад л анхаардаг байсан бол мюзикл жүжиг гэдэг үзэгч, дүр, дуулалт гээд бүх зүйлд анхаарч, олон талын чадвараа хөгжүүлэхийг шаарддаг юм билээ” гэснээр бидний яриа эхэлсэн юм.

-Дүрийнхээ тухай ярьж болох уу. Өөртэй чинь адилхан зан чанар бий юү?
-Хөгжмийн аялгуугаар зүрх сэтгэлээ хөглөдөг, их зүйлийг үзэж туулсан аавыгаа хүлээж буй Уянга гэж бүсгүйн дүрд ажилласан. Уянга дуугаар сэтгэл зүрх, мэдрэмжээ илэрхийлдэг. Үүгээрээ надтай адилхан. Миний хувьд өөрийн үг, мэдрэмжийг дуугаараа дамжуулан гаргахыг зорьдог. Тиймдээ ч зарим тохиолдолд өөрийгөө илэрхийлж байгаа мэт санагдаад дүрдээ ороход дөхөм байсан.

-“Норсон зүрх” мюзиклын онцлог юу байна вэ?
-Нэгдүгээрт, дэлхийн хэмжээний тоног төхөөрөмж болон уран бүтээлчид. Манай гэрэлтүүлэг, тайз, хөгжмийн дуугаралт зэрэг ихэнх тоног төхөөрөмж дэлхийн стандартад нийцсэн гэдгээрээ бусад мюзиклаас онцлог гэж бодож байна. Мөн Лондонгоос дэлхийн алдартай “Micheal Jackson” мюзиклын хөдөлгөөний найруулагчид ирж хамтран ажиллаж байгаа. Хоёрдугаарт, “Хурд” хамтлагийн ах нар маань Монголын урлагийн томоохон төлөөлөл, амьд домог, ард түмний хайртай хамтлаг, дуучдын нэг. Энэ хүмүүсийн бодит түүхээс бүрэн сэдэвлээгүй ч түүх нь шингэсэн дуунуудаар нь бүтээж буй нь мөн нэгэн том онцлог гэж бодож байна.
Нэг айлын 11 хүүхдийн тал нь нэг хамтлаг болоод урлагаар хүмүүжиж, амьдрал нь тэр чигтээ гитар, хөгжим болж хувирсан түүх нь өөрөө гайхамшигтай. Гуравдугаарт, мэргэжлийн бус жүжигчид их олон оролцож буй бүтээл гэдгээрээ мөн онцлогтой. Энэ нь тайз, дэлгэцийн уран бүтээл сонирхогч, үзэгчдийн хувьд илүү сонирхолтой, үзүүштэй үйл явдал болж буй болов уу гэж бодож байна.
-Мэдээж хамтран ажилласан уран бүтээлчдээсээ мөн суралцсан байх?
-Жүжгийнхээ дууг дуулсан байна лээ. Дуучин хүнд мөн нэгэн том боломж байх?
-Тийм ээ. “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр ахын 1995 онд бичиж байсан “Хүүхэлдэй” гэх дуу юм. Отгоо ах энэ дуугаа дуулуулах уран бүтээлчийг хайж байсан юм билээ. Тиймдээ ч “Миний дүү сайн дуулна шүү” гэж надад итгэл хүлээлгэсэн. Энэ сайхан бүтээл манай мюзиклын дуу болж, дуулах завшаан олдсонд баяртай байна.

-“Хурд” хамтлагийн дуунууд монголчуудын сэтгэл зүрхэнд хоногшсон байдаг. Таны хувьд аль дууг нь сонсох дуртай вэ?
-Хурд хамтлагийг багаасаа сонсож өссөн. Хамгийн их сонсох дуртай дуу бол “Зүйрлэх аргагүй” цомгийн “Яг л чам шиг”.Аав, ээж гэр бүлээрээ бид урлагт хайртай хүмүүс байдаг. Хурд хамтлагийн ах нар маань ч гэсэн ах, дүү гэр бүлийн хамтлаг учир манай гэр бүлийнхэнтэй ижил их ойр санагддаг. Аав минь “Хурд” хамтлагийн дуучин Д.Төмөрцог (Цогоо) ахын фен. Хурд хамтлагийг хүндэлдэг байсан хүндлэл маань энэхүү уран бүтээлд ажиллаж эхэлснээс хойш бүр ч нэмэгдсэн. Сайн мэддэггүй байхдаа урлагийн том уран бүтээлчид гэх үүднээс их эмээж байсан. Харин уран бүтээлд хамт ажиллахад “Хурд” хамтлагийн ах нар яг л аав, ах шиг бидэнтэй бэлтгэлийн үеэр үргэлж хамт байж, зааж зөвлөсөн. Намайг хоолой өвдсөн гэх үед Цогоо ах эм авчирч өгсөн. Отгоо ах бэлтгэлийн үеэр тайзны эргэн тойронд байгаа хогийг түүх ч гэдэг юм уу яг л нэг гэр бүл шиг мэдрэмжийг өгдөг.
Заримдаа бүр багадаа шүтэж биширч байсан хүмүүстэйгээ ийм ойрхон хамтарч ажиллаж байна гэхээр зүүд шиг санагддаг.
-Та “Wasabies” хамтлагаасаа гараад нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Одоогоор хувийн уран бүтээл дээрээ ажиллахгүй байгаа. Жүжгийн бэлтгэл эхэлснээс хойш бараг л найман сарын хугацаанд өдөр болгон бэлтгэлтэй байлаа. Өмнө нь өөрийн бие даасан цомгоо гаргах тал дээр ажиллаж байсан. Үнэхээр зав гарахгүй байгаа учраас түр хойшлуулсан. Мюзикл маань үзэгчдийн хүртээл болоод дууссаны дараа цомог дээрээ ажиллах төлөвлөгөөтэй байна.

-Багаасаа дуулдаг байв уу?
-Багаасаа дуулах дуртай байсан. Янз бүрийн тэмцээн уралдаанд оролцдог ч төдийлөн шагналт байранд шалгардаггүй байв. Гэхдээ сүүлд тэмцээнд орохдоо тэнцээд Япон руу явж байсан. Үүнээс өөртөө итгэх итгэлтэй болоод их зүйлийг сурч Монголд ирээд “Оддын академи” шоу нэвтрүүлэгт орж дуучны карьераа эхлүүлсэн. Түүнээс өмнө “Universe Best Song” наадамд оролцсон.
-Одоо тайз, дэлгэцийн уран бүтээлийн санал хэр ирж байна вэ?
-“Хажуу өрөө” гээд аймшгийн кинонд тоглосноос хойш ихэвчлэн аймшгийн кинонд тоглох санал ирсэн. Би өөрөө их шүтлэгтэй хүн. Гандан орж тагтаа хооллох бараг миний хобби. Залуу уран бүтээлч хүний хувьд аймшгийн кино бүрт тоглож жүжигчний карьераа эхлүүлэх нь хэцүү байсан. Тухайн киноныхоо дүрд ороод дараа нь дүрээсээ гарах л үнэхээр асуудал шиг санагддаг. Олон ангит кинонд тоглох санал ирсэн ч жүжигтээ оролцох гээд татгалзсан. Одоогоор өөр санал ирээгүй байна.
М.Сүндэр
| Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |