• Өнөөдөр 2026-11-11

ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ

2026-11-11,   41

      Монгол Улсын Ерөнхийлөгч ноцтой мэдээллийн талаар нухацтай ярилаа. Тэрбээр Засгийн газрын зарим сайдыг өрөөндөө дуудаж ирүүлээд, ширээгээ тогшин байж ширүүн үгээр үүрэгдсэн. Түүний ярианы сэдэв ард түмний зовлонд дөрөөлж шатахууны зохиомол хомсдол үүсгэсэн, энэ үйлдлээрээ улс төрийн ашиг хонжоо хайсан хүмүүсийн тухай байв. Тэр бүү хэл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд цаасаар ирүүлсэн мэдээллийг камерын өмнө ил харуулж, ТЕГ-ын дэд даргыг ч сандаргаад амжив. 

    Үүнээс харахад “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүрч, төрийн тэргүүнийг яаралтай хурал зохион байгуултал шахаанд оруулсан зохиомол хомсдол үүсгэх сонирхол хэнд байж болох вэ” гэх асуулт гарч ирнэ. Өөрөөр хэлбэл, Тагнуулын ерөнхий газар “Шатахууны зохиомол хомсдол бий болгосон талаар баримт, нотолгоотой мэдээлэл ирүүлсэн байх. Тийм ч учраас Ерөнхийлөгч “Төр, ард түмнийг хагаралдуулж ямар зорилгоор шатахуун түгээхэд гацаалт үүсгэж байгааг олж тогтоо” хэмээн үүрэгдсэн биз. Угтаа бол бүх зүйл ойлгомжтой байна. Эмнэлгийн сувилагч, сургуулийн галч, эргүүлийн цагдаа, цэцэрлэгийн багш нараас лав ийм үйлдэл гарахгүй нь тодорхой. Шуудхан хэлэхэд, шатахуун хэнд байна түүнээс л эл үйлдэл гарах боломжтой. Хэргийн эздийн талаар таамаг дэвшүүлэхээсээ урьтаж Ерөнхийлөгчийн үгийг дахин нэг анзааръя.

 

    Шатахуун түгээх ажлыг улс төрийн ямар зорилгоор, хаана гацаагаад байна. Яагаад төр засаг, ард түмний дунд хагарал, бутрал үүсгэж тогтворгүй байдал руу түлхээд байна. Хэн үүнийг зохион байгуулаад байна гэдгийг тусгай албадууд олж тогтоо.

     Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Би Киргиз Улсад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан. Өмнө нь ч бас уулзаж байсан. Бид уулзахдаа хамгийн гол ярьдаг сэдэв бол шатахууныг тогтвортой, тасралтгүй нийлүүлэх тухай асуудал байдаг. ОХУ-д дотоод нөхцөл байдал хүнд байгаа хэдий ч хамтын ажиллагааны хүрээнд шатахууныг тасалдуулахгүй байх тал дээр онцгой анхаарч ажиллана гэдгээ мэдэгдсэн.  Хэлсэн ярьснаа зохих түвшинд биелүүлж, хичээл зүтгэл гаргаж ажиллаж байна. Зарим үед тодорхой хэмжээний тасалдал гарсныг үгүйсгэхгүй. Тэр бол тухайн улсын дотоод асуудалтай холбоотой байх. Хоёр улсын төрийн тэргүүн хооронд яригдсан шатахууны асуудал зохих түвшинд хийгдэж байгаа шүү. Засгийн газар араас нь гүйж, хөөцөлдөж, чадах чинээгээрээ зүтгэж байна. Гэхдээ том түвшинд бид тохирчихсон. Эхнээсээ нийлүүлэлтүүд нь ихсэж байгааг та нар харж байгаа байх. Шаардлагатай бол би ОХУ-ын Ерөнхийлөгчтэй дахиад ч ярихад бэлэн байна. Төр, ард түмний харилцан ойлголцол, хүндэтгэлийг эвдэх гэсэн ард түмний зовлон дээр улс төр хийж, улс төрийн ашиг хонжоо олох гэсэн бүлэглэлүүд байгаа талаар тагнуулын байгууллагаас надад мэдээлэл ирсэн. Нэг ёсондоо зарим нөхөд ард түмний зовлон дээр дөрөөлж байна. Ийм арга хэмжээнүүд хийх гэж оролдож байгаа мэдээ мэдээлэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ирсэн учраас би өнөөдөр энэ тухай ярьж байна. Шатахуун түгээх ажлыг улс төрийн ямар зорилгоор, хаана гацаагаад байна. Яагаад төр засаг, ард түмний дунд хагарал, бутрал үүсгэж тогтворгүй байдал руу түлхээд байна. Хэн үүнийг зохион байгуулаад байна гэдгийг тусгай албадууд олж тогтоо. Би дахиад хэлье, дэлхий дахинд амьдрал хүнд байгаа. Өрхийн орлогыг хамгаалж, хүн ардынхаа амьдралд тус дэм болох шаардлагатай байна.” гэв.

    Энэ бол түүний хэлсэн үг. Үнэхээр ч ард түмний амьдрал хүнд байна. Монголчууд нийслэлээсээ сумын төв хүртэл хаа сайгүй л автомашиныхаа аваарын шар дохиог асааж, зогссон цуваа нь хэдхэн алхам газар урагшлахад баярлаж “За битгий л дуусчхаасай”, “Удаан хүлээснийх таслуулчихгүй авчих юм сан” хэмээн залбирах нь холгүй шатахуун түгээх станцуудын үүд сахисаар олон сар өнгөрлөө. Шатахуунд дугаарлаж хонох нь энүүхэнд учир хашир жолооч нар дулаан хувцас, халуун цай, идэх хоолоо ч бэлддэг болсон. Бид ч дасаж эхэлсэн.

    АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ч мэдээлэл өгөх бүрдээ “Шатахууны нийлүүлэлт багассан”, “ОХУ-ын дотоод нөхцөл байдал хүнд байна” “Дэлхийн дайнтай холбоотойгоор шатахуун тасалдлаа” зэргийг давтамжтайгаар ард иргэдэд хэлж, итгүүлж ирсэн. Гэтэл тэрбээр Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ “Шатахууны хэрэгцээ, олдоц харьцангуй гайгүй болж эхэлж байна. Өвлийн дизель түлш рүү шилжих шилжилт явагдаж байгаатай холбоотойгоор Улаанбаатар төмөр замд өвлийн түлш ачсан 400 гаруй вагон хүлээгдэж байгаа. Үүнийг ойрын үед суллаад авчихвал вагоны гацалт гайгүй болно. Онгоцны болон дизель түлшний нөөц сар орчмын хэрэглээ байна. “АИ 95” авто бензин ч бас гайгүй нөөц бий. Харин АИ-92 шатахууны нийлүүлэлт тогтворжиж өгөхгүй байна. 2027 онд улсын нийт хэрэглээний гурван сарын нөөцийг хадгалдаг хүчин чадалтай болно” хэмээсэн. 

АИ-92 шатахууны нийлүүлэлт тогтворжиж өгөхгүй байна

 Түүний үгийг сонссон хэнд ч “Шатахууны нийлүүлэлт тасарч, олдоц багассан болохоор шатахууны үнэ нэмэгдэж, уртаас урт дараалал үүссэн юм байна” гэх ойлголт төрнө. Монголчууд ч үүнд итгэж, цаг үе, нөхцөл байдлыг ойлгон хүлээцтэй хандаж байлаа. Гэтэл ОХУ-аас манай улсад суугаа элчин сайдын мэдэгдэл гарснаас хойш нийгэмд байсан шатахууны хомсдолын талаарх эргэлзээ нэмэгдэж эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийг хэлэхээс ч өмнө ард түмэн шатахууны нийлүүлэлт багасаагүй, албаныхны хэлсэнчлэн олон удаа тасалдаагүй болохыг мэдэж авсан.

    Тухайлбал, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Алексей Евсиков өөрийн мэдэгдэлдээ “ОХУ-аас Монгол Улсад нийлүүлж буй шатахууны хэмжээг буурсан мэт ташаа мэдээлэл гардаг боловч бодит байдал дээр манай талаас тээвэрлэлттэй холбоотой ямар нэгэн хүндрэл байхгүй бөгөөд гэрээний дагуу нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна. Миний хувьд Монгол Улсад үүсээд байгаа шатахууны хомсдол хоёр хүчин зүйлтэй холбоотой гэж харж байна. Нэгдүгээрт, шатахуун хадгалах савны тоо, багтаамжийг нэмэгдүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй байна. Өөрөөр хэлбэл, шатахуун хадгалах савны хүрэлцээ муу байгаа гэж дүгнэж болно. Хоёрдугаарт, ОХУ-аас түлш импортолж байгаа компаниуд түгээлт, борлуулалтаа цаг тухайд нь хийж амжихгүй байна. Тэдний борлуулалтын сүлжээ хангалттай сайн хөгжөөгүй байх шиг байна” хэмээн хэлсэн. Мөн тэрбээр яриандаа ОХУ-ын шатахуун үйлдвэрлэгч жижиг аж ахуйн нэгжийг Монгол Улсад оруулж ирэх боломжийн талаар ч дурдаад өнгөрсөн. 

  Монгол Улс нийт шатахуун хэрэглээнийхээ 95-97 орчим хувийг ОХУ-аас худалдаж авдаг. Энэ том нийлүүлэгч улсыг төлөөлж буй элчин сайдын ярианы сэдэв Ерөнхийлөгчийн яриатай нэгэн үзүүрт зангилагдаж буйг уншигч та анзаарсан биз ээ. Үнэхээр зохиомол хомсдол бий болгосон, түүний ард шатахуун импортлогч компанийн эзэд байх магадлалтай байна. Тэгвэл хар захын данжаад шиг хүссэн үедээ шатахуун түлшээ зарахаа больж, үгсэн хуйвалдаж үнээ нэмдэг шатахуун түгээх станцуудын эзэд хэн бэ гэдгийг эргэн санацгаая. Тагнуулын байгууллагаас Ерөнхийлөгчид хүрсэн нууц мэдээллийн дунд дараах эрхмүүдийн нэрс байх өндөр магадлалтай юм.

“ПЕТРОВИС”-ЫН О.СОДБИЛЭГ

  Монгол орны өнцөг булан бүрд салбараа нээж, шатахуунаар хангадаг гол тоглогчийн нэг бол яах аргагүй “Петровис” ХХК. Тус шатахуун түгээх станцын салбаруудын байрлалыг тэмдэглэж, балаар хатгавал Монгол орны газрын зураг шүүрэн шанага шиг болно. Өөрөөр хэлбэл, Петровисгүй сумын төв ч байхгүй гэхэд хилсдэхгүй. Салбарууд нь аалзны тор мэт улс даяар хэрсэн тус компанийн захирлаар УИХ-ын гишүүн асан О.Содбилэг ажилладаг. Тэрбээр  “НИК” ХХК-ний тэргүүн дэд захирал, "Мон ойл энд Газ” ХХК-ний гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2012 онд УИХ-ын гишүүн болж, 2016 онд улиран сонгогдож байсан. Бизнесийн салбарт ч, улс төрд ч өөрийнхөө тугийг хатгасан зайтай нэгэн.

“СОД МОНГОЛ”-ЫН Ц.АНАНДБАЗАР

      “Сод монгол” шатахуун түгээх станц УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарын эзэмшил болох “Сод монгол” группийнх гэдгийг монголчууд бүгд мэднэ. Тэрбээр УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараа Булган аймгийн иргэдтэй уулзах үеэрээ “Тойргийнхоо сонгогчдод шатахуунаа 100 төгрөгийн хямдралтай түгээнэ” хэмээн дооглох, доромжлохын дундуур хэлж, алга ташуулж байсан түүхтэй. Охид хүүхнүүдтэй орооцолдсон хэл амнаас салдаггүй Ц.Ананбазар улс төрд орсноос нь хойш шатахууны бизнес нь улам бүр цэцэглэж, шатахууны үнэ тасралтгүй нэмэгдсээр байна. Иргэдийн нуруунд хамаг ачаагаа үүрүүлчхээд инээж суугаа шатахууны монополуудын нэгэнд тэр зүй ёсоор тооцогдоно. 

“ТЭС ПЕТРОЛИУМ”-ЫН Б.БАТТӨМӨР

        Нэгэн цагт УИХ-д шатахууны бизнесээрээ толгой цохиж явсан улстөрч бол “Тэс петролиум” ХХК-ийн эзэн Б.Баттөмөр. Тэрбээр шатахуун түгээх станцуудаараа төрийн тендерийг төвөггүй завшдаг баримтууд ч бий. УИХ-ын гишүүн асан Б.Баттөмөр нь “Ойн бирж” ХХК, “Тэс петролиум” ХХК, “Жэй Эм Ойл” ХХК, “Сэлэнгэ петрол” ХХК тэргүүтэй шатахуун импортын компаниуд болон “Хөх ган” ХК, “Жаргалант төв” ХК, “Монгол шевро” ХХК, “Монгол эд импекс” ХК зэрэг компаниудад хувьцаа эзэмшдэг. Тиймдээ ч яалт ч үгүй Монголд монопол ноёрхлоо тогтоосон шатахуун импортлогчдын нэг юм.

"ШУНХЛАЙ"-Н ЭГЧ ДҮҮС П.БАТСАЙХАН, П.БАТЧИМЭГ

    УИХ-ын гишүүн асан П.Батсайхан бол “Шунхлай” ХХК-ийн босс. Монголын толгой баячуудын нэг тэрбээр УИХ-аас буусан ч түүний төрсөн эгч П.Батчимэг өнөөгийн парламентад сууж буй. Дан ганц эдийн засаг төдийгүй Монголын улс төрд ч тэдний нөлөө их. П.Батсайхан бол мориныхоо уяаг эргэхдээ ч нисдэг тэрэг хөлөглөж аархдаг. Өөрөөр хэлбэл, тэр ард иргэдийн амьдралыг үргэлж дээрээс хардаг. Үнэн хэрэгтээ өнөөдөр шатахуунд дугаарлаж, шар нь ассан авто машинаа замын голд түрж яваа эгэл бор иргэд л Шунхлай группыг “эрийн цээнд” хүргэсэн гэдгийг тэд мэдэхийн дээдээр мэдэж байгаа.  

“М-ОЙЛ”-ЫН Б.ПУНСАЛМАА

Ардчилсан намаас хоёр ч удаа УИХ-д сонгогдсон Б.Пунсалмаа "М-Ойл групп"-ийн захирлаар ажилладаг. Тэрбээр, 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших үедээ өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн орлогоо 85 тэрбум хэмээн мэдүүлж байжээ. Харин 2024 оны сонгуулиар хөрөнгө орлогын мэдүүлгээ 655 сая төгрөг хэмээн бууруулж орж ирсэн байдаг. Тухайн үеийн хөрөнгө орлогын мэдүүлгээс нь компани, нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалтыг нь авч үзвэл Смарт ворк ХХК /20 хувь/, М Ойл групп ХХК /100 хувь/, Монгол Ойл групп ХХК /100 хувь/, Эм эм продактс ХХК /100 хувь/, Их монгол товер ХХК /50 хувь/, Инвестос ББСБ ХХК /85 хувь/, Рандонехорс ХХК /50 хувь/, Сиркл Чейн ХХК /10 хувь/, монгол артист пикчерс ХХК /50 хувь/, Нью Стан ХХК /50 хувь/, Монос хүнс Бусад /1 хувь/, лэндмн Бусад /1 хувь/ хэмээн мэдүүлж байжээ.

Монголчуудын автомашины мотор эргэж л байвал тэдний дансанд секунд тутамд мөнгө орсоор л байна. Гэвч тэд ханаж, цадахыг мэддэггүй бололтой. Учир нь монополуудын улс төрийн тоглолт, оролцоо үеийн үед эдийн засгийг элгээр нь хэвтүүлсээр ирсэн. Чухам Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг даалгаврыг холбогдох байгууллагууд хэрхэн гүйцэтгэхийг харах л үлдлээ. "Төр хүчтэй юу, мөнгө, эрх мэдэлтэй шатахууны салбарынхан хүчтэй юу" гэдэг тулаан үргэлжилж, үүний цаана ард түмэн туйлдсаар байгаа нь харамсалтай.


ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188