• Өнөөдөр 2026-11-11

“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно

2026-11-11,   119

Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойн өдөр буюу 11 дүгээр сарын 17-ны 17:00 цагт Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Нийтийн төв номын сан “Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага зохион байгуулна. “МОНГОЛ БАХАРХАЛ – СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР” аяны хүрээнд болох энэхүү уншлагад Монголын яруу найргийн залуу, дунд, ахмад гурван үеийг төлөөлсөн 20 гаруй яруу найрагч оролцож, уншигч олондоо шүлгээ дуудах юм. Уншлагын үеэр Д.Нацагдоржийн зохиол бүтээлийн дээжээс толилуулах юм. 

Уншлагад Азийн тэргүүн яруу найрагч, Болор цомын эзэн Д.Урианхай, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, МУСГЗ Г.Мэнд-Ооёо, Ардын уран зохиолч, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт Ү.Хүрэлбаатар, МУСГЗ, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт Дан.Нямаа нар хүндэт зочноор оролцоно. Мөн Д.Нацагдоржийн нэрэмжит болон МЗЭ-ийн шагналт, Алтан-Өдийн эзэн О.Содномпил, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ж.Батцэцэг нар хүндэт зочдын тоонд багтжээ.

Түүнчлэн Болор цомын эзэн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ц.Эрдэнэбаатар, М.Отгонбаяр, Б.Батсайхан, Ш.Лхамноржмаа, Н.Минжинсайхан нар оролцоно. МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Саруулдалай, Б.Чулуунцэцэг, А.Сүглэгмаа, Э.Гантулга, Болор цомын эзэн С.Начин, Б.Жамбалдорж, Г.Сэр-Одын нэрэмжит яруу найрагч Г.Лхагвадорж нар ч шүлгээ дуудна. Залуу үеэс Б.Алтанхуяг, М.Дэвээжаргал, Д.Даваажаргал нар зочин яруу найрагчаар оролцох юм.

Номын сан их зохиолчийн 120 жилийн ойд зориулан 11 дүгээр сарын дөрөвнөөс эхлэн нас насны уншигчдад чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулж байна. Тухайлбал, бага, дунд ангийнханд зориулсан “Д.Нацагдоржийн өвөөр аялахуй” уншлагын аян, “Миний мэдэх Д.Нацагдорж” гар зургийн уралдаан, writing.mn-тэй хамтран “Миний нутаг” сэдэвт бичихүйн уралдаан зарласан. Мөн “Их зохиолчийн мөрөөр” номын үзэсгэлэн гаргаж, Нацагдорж судлаач, эрдэмтдийн лекц, уулзалтыг зохион байгуулж байгаа юм. 


“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188