• Өнөөдөр 2025-05-10

СПОРТЫН АГШИН, ХОРМЫН ҮНЭ ЦЭН

2024-06-05,   458

Спортын ертөнцөд тамирчдын амжилт, ялалт агшин хормоор хэмжигддэг. Нэг секунд, нэг доллиор хэмжигдэх агшин, хормын үнэ цэнийг тамирчид бие, сэтгэлээрээ мэдэрдэг.  Өнгөрсөн цаг дээр дээр хэрвээ гэдэг ухагдахуун байдаг бол ялалт манай тамирчдын талд байх тохиолдол олон байв. Жижиг буурай хөгжилтэй орны зовлон, бэрхшээлийг далимдуулан шүүгчид луйвар, булхайг хийсээр байгаа. Хэрэв манай тамирчин ялссан бол гэдэг битүүхэн харамслыг спорт сонирхогчид сэтгэлдээ тээсээр явдаг билээ.

Ц.ДАМДИН ОЛИМПОД ТОРГУУЛИАР ЯЛАГДАЖ МӨНГӨН МЕДАЛЬ АВСАН

         Монгол Улсын Ардын багш, гавьяат тамирчин Цэндийн Дамдин “Москва 1980олимпын наадмаас мөнгөн медаль хүртэж байв. Тэрбээр олимпын жүдо бөхийн 65 кг-ын жингийн аваргын алтан медалийн төлөө тэр үеийн ЗХУ, одоогийн ОХУ-ын жүдочин Солодунхентэй барилдсан юм. Тэд үндсэн барилдааны цагт  хоёр, хоёр коко үнэлгээгээр оноо тэнцүү явжээ. Манай бөх хэдий идэвхтэй илүү барилдаан гаргаж байсан ч шүүгчид олимпын наадам зохион байгуулагч Оросын талд ая тал засан, цаг дуусахад минут хүрэхгүй хугацаа дутуу байхад Ц.Дамдинг шүүгч торгосон байдаг. Тэгээд л торгуулиар хожигдол хүлээсэн. Минут хүрэхгүй хугацаанд л олимпын алтан медалиа алджээ.

О.БАЛЖИННЯМ АВАРГА ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХ Л БАЙВ

        Монгол Улсад жүдо бөхийн ДАШТ-ий анхны медалийг хөдөлмөрийн баатар, ардын багш, жүдо бөхийн ДАШТ-ий мөнгөн медальт, самбо бөхийн дэлхийн аварга, МУГТ, МУГД О.Балжинням аварга, МУГТ Д.Баттулгын хамт авчирч байлаа.

Югославын Белград хотод 1989 онд болсон ДАШТ-ий 95 кг-ын жингийн аваргын алтан медалийн төлөө Оросын бөх тэр үеийн ЗХУ-ын Гүржийн жүдоч Куртанизетай эн тэнцүүхэн барилджээ. Балжаа аварга “Коко” үнэлгээний мэх хийсэн боловч шүүгчид үнэлгээ өгөлгүй дарсан байдаг. Барилдааны цаг дуусахад хэн хэнээсээ ямарч үнэлгээ салгаж чадаагүй байна. Ингээд барилдааныг “Хантай” буюу шүүгчдийн саналаар шийдсэн байдаг юм. Шүүгчид Оросын бөхийн талд тугаа өргөж, аварга маань дэлхийн аваргын алтан медалийг луйвардуулан алджээ. 

1989 оны ДАШТ-ний дараа Куртанизе  ЗХУ-ын спортын нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа. “Би өөрийгөө сайн барилдсан гэдэгт огт итгээгүй. Монголын О.Балжиннямыг ялчихлаа гэж бодоод нүдээ тас аниад зогсож байлаа.  Гэтэл манай Оросууд чи ялчихлаа.  Дэлхийн аварга болчихлоо шүү дээ  гээд орилж, шуугиад эхэлсэн” хэмээн дурсан ярьсан байдаг юм.

         Х.БОЛДБААТАР ГУРВАН СЕКУНДЭД ЯЛАЛТАА ҮГҮЙ ХИЙСЭН

        Монголын жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалчуулагч Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Халиуны.Болдбаатар манай улсын 1990-ээд оны шилдэг жүдочдын нэг байлаа. Тэрбээр 1998 онд Тайландын Бангкок хотноо болсон Азийн наадмын жүдо бөхийн 73 кг-ын жинд түрүүлж, алтан медаль хүртэж байв. Мөн 1996, 1997 онд самбо бөхийн ДАШТ-д түрүүлж дэлхийн хошой аварга цол хүртэж, Монгол Улсын гавьяат тамирчин болсон юм.

        Харин 1997 онд Белград хотноо болсон жүдо бөхийн ДАШТ-ий 73  кг-ын жинд шагналт тавдугаар байрт шалгарч байв. Х.Болдбаатар 1997 оны ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх барилдаанд Лативын  Zeloniys Vsevolods-ыг вазари үнэлгээгээр ялж яваад цаг дуусахад гурван секунд дутуу байхад түүний шийдсэн үүрэх мэхэнд орж ялагдаж байлаа.  

        Д.ТӨМӨРХҮЛЭГ АРВАН СЕКУНДЭД ДЭЛХИЙН АВАРГЫН МЕДАЛИА АЛДСАН

         Монгол Улсын гавьяат тамирчин, жүдо бөхийн залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Д.Төмөрхүлэг жүдо бөхийн гранд салам, гран при,  “World masters”, дэлхийн цом, Азийн наадам, Азийн аварга гээд олон тэмцээнээс медаль хүртэж байв. Харин ганцхан жүдо бөхийн олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс л медаль хүртэж чадаагүй юм.

       Тэрбээр ОХУ-ын Челябинск  хотод 2014 онд болсон ДАШТ-д медаль хүртэж бүрэн боломжтой байсан. Дэлхийн аваргын эхний гурван тойргийн барилдаанд ялсан. Улмаар дөрөвдүгээр тойрогт шигшээ наймд үлдэхийн төлөө Хятадын бөх Ма Дуа Бинтэй таарсан. Тэр тооцоонд байгаагүй бөх байв. Түүнээс вазари үнэлгээ салгаж,  хоёр торгуульж ялж явсан. Барилдааны цаг дуусахад нэг минут гаруй хугацаа үлдсэн байв. Хэвтээ барилдаанд цаг авах гэж байгаад алдаа гарган даралтад орж харамсалтай хожигдсон юм.

        Дараа жил нь Казахстаны Астана хотод 2015 онд болсон ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Д.Төмөрхүлэг, Израилийн Голан Поллактай барилдсан юм. Манай бөх торгуулийн оноогоор илүү байсан ч цаг дуусахад найман секунд дутуу байхад юүко үнэлгээ алдсанаар хүрэл медалиас мултарсан билээ. Яг үнэндээ Голан Поллак юүко аваагүй байсныг шүүгчид тэмцээний дараа хүлээн зөвшөөрсөн байдаг юм.

           Г.МАНДАХНАРАН “РИО 2016” ОЛИМПОД 7:6-ААР ЯЛСАН Ч ШҮҮГЧ ТҮҮНИЙГ ТОРГОСОН

              “Рио 2016” олимпын наадмын хамгийн сүүлийн өдөр чөлөөт бөхийн 65 кг-ын жинд МУГТ Ганзоригийн Мандахнаран хүрэл медалийн төлөө Узбекистаны бөх Ихтиёр Наврузовтой хүч үзэж цаг дуусахад 7:6-аар ялалт байгуулсан юм. Гэтэл дэвжээний шүүгч Азербайжаны Хижран Шарифов барилдааны цаг 7:6-аар өндөрлөсөн байхад ялалтыг Наврузовт өгсөн. Шүүгч Г.Мандахнаранг сүүлийн 10 секундэд барилдалгүй тойрч зугтсан гэдэг шалгаанаар, барилдааны цаг дууссан байхад торгосон билээ. Чөлөөт бөхийн дүрэмд барилдааны цаг дууссаны дараа торгох заалт байдаг, үгүйг сайн мэдэхгүй. Узбекистаны бөх өмнөх тойрогт Пуэрто Рикогийн бөх Гомесыг шүүгчдийн луйвраар хожсон нь  батлагдсан байдаг юм. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Наврузов, Гомес хоёр барилдааныг буруу шүүсэн шүүгчдийг буруутгаж, олимпын наадам шүүх эрхийг нь хассан байдаг.

РАФАЭЛА СИЛБА “РИО 2016” ОЛИМПОД  Д.СУМЪЯАГИЙН  ХӨЛД ХҮРСЭН

           “Рио 2016” олимпын жүдо бөхийн 57 кг-ын жингийн алтан медалийн төлөө дэлхийн аварга, хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумъяа, Бразилын ДАШТ-ий алт, мөнгөн медальт Рафаела Силвад барилдсан. Силва манай бөхийг тохойгоороо тахимдаж, хөлд хүрсэн. Босоо барилдаанаас хөл авах, хөлд хүрэх нь жүдогийн дүрэмд хориотой.

      Хэрвээ ийм дүрмийн бус барьц авбал шууд “хансокү макэ” өгч тэмцээнээс хасах ч дүрэмтэй. Тиймээс Силва тэмцээнээс шууд хасагдаж, Д.Сумъяа олимпын аварга болох байлаа. Гэвч “Рио 2016”-д олимпын шүүгчид Силвад ялалтыг өгсөн юм. Үүнээс дөрвөн жилийн өмнө Рафаело Силва 2012 оны Лондонгийн олимпод мөн л хөлөнд хүрч, дүрмийн бус барилдаан хийсэн шалтгаанаар тэмцээнээс хасагдаж байсан билээ.

“РИО 2016” ОЛИМПОД Д.ОТГОНДАЛАЙ ЯЛСАН ГЭДГИЙГ “AIBA”-аа ХҮЛЭЭСЭН

          “Рио-2016” олимпын боксын эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд, ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга, Азийн аварга, МУГТ Доржнямбуугийн Отгондалай хүрэл медаль хүртсэн билээ. Олимпын наадамд эзэн орон Бразилын боксчин Робсон Кончейчаогийн түрүүлэх боломжийг нээхийн тулд шүүгчид луйвар хийсэн байдаг. Тэд олимпын мөнгөн медалийн төлөөх тулаанд сул өрсөлдөгч Францын Софьян Үмия  ялуулж, Д.Отгондалайд ялагдал хүлээлгэсэн юм. Олимпын дараа “AIBA”-аа “Рио-2016” олимпод Д.Отгондалай, Францын боксчин ялсан байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг.

“ТОКИО 2020” ОЛИМПОД Э.ЦЭНДБААТАР ЯЛАЛТЫГ ЛУЙВАРДСАН

          “Токио 2020” олимпын боксын эрэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн шөвгийн найман тамирчны тулаанд ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аварга, МУГТ Э.Цэндбаатар, ОХУ-ын Альберт Батыргазиевтай тулалдсан. Тэрбээр ОХУ-ын Батыргазиевыг эхний хоёр үед илүүрхэн тулалдсан билээ. Сүүлийн гуравдугаар үед Оросын боксчин илт давамгай тулалдаж, Э.Цэндбаатарыг хүнд цохилтод оруулан тоолуулсан гэж ялалтыг түүнд өгсөн. Энэ тулааныг луйвардахад Кубын шүүгч идэвхтэй оролцож голлох үүргийг гүйцэтгэсэн байдаг юм. Энэ жилийн “Парис 2024” олимпын эрх олгох тулаанд мөн л шүүгчид луйвар хийсэн байгаа.

 

 

 

 


 

 


СПОРТЫН АГШИН, ХОРМЫН ҮНЭ ЦЭН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188