• Өнөөдөр 2026-11-13

ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД

2026-11-13,   17

           Намар боллоо. Анхны цас зах нь үл харагдах хязгааргүй талыг цайруулан бударч байна. Намрын сөл өвс ганхан, таанын цагаан толгой цавцайн байх үед өмнийн шаргал говийг зорилоо. Их хотын дуу чимээнээс хэсэгхэн зуур холдох гэж буйдаа баярлан төмөр хөлгийн жолоо залав. Улаанбаатар хотоос 900 гаруй километрийн зайт орших Өмнөговь аймгийн Гурвантэс сумыг зорьж буй энэ. Дэлгэсэн тэрлэг шиг тэнэхүүн их говийн тухай урьд их л сонсож байсан юм. Элсний ширхэг, саглайн дэлбээлэх бут, тэнгэр, газрыг баганадсан зэрэглээ, баянбүрдүүд гээд гайхамшиг мэт зүйлсийн тухай чамгүй их сонсож мэджээ. Харин энэ удаа өөрийн биеэр очиж, элсний ширхгийг эмтэрч үзэх гэж буйдаа талархан явна.

Хонь хариулж яваа морьтой хүн, арга үүрч аргал түүн явах эмэгтэйн алчуур нь дэрвэх, тоос татуулан давхих морьтой хүн харлаа. Энэ бол үнэндээ гайхамшиг мэт санагдсан юм

           Улаанбаатар хотоос бага багаар алсарч, автомашин хурдаа аван давхина. Машины хөгжмөөр “Шаргын говийн ялаа” хэмээх дуу цангинаж, өглөөний наран мандаж байлаа. Цонхны цаана зурайн өнгөрөх уул, салхины чимээ юутай сайхан. Хонь хариулж яваа морьтой хүн, арга үүрч аргал түүн явах эмэгтэйн алчуур нь дэрвэх, тоос татуулан давхих морьтой хүн харлаа. Энэ бол үнэндээ гайхамшиг мэт санагдсан юм. Байгаль эх өөрөө зурж өгсөн уран зураг шиг… Юутай ч төсөөлөмгүй, адилтган бодмооргүй тийм нэг тансаг мэдрэмж дотрыг минь гижигдэн явав. Сүнхийтэл зөрөн өнгөрөх автомашины дууд хангинаж, сүрлэг өндөр уулсын орой наранд гялалзан байна. Бид алгуурхан ургашилсаар Төв аймаг өнгөрлөө. Баруунх талд Хөшигтийн хөндийн онгоцны буудал харагдана. Нисэн явах, нисэн ирэх онгоцнуудын чимээ чихнээ ирээд наалдах мэт сонсогдох нь тийм ч тааламжтай мэдрэм биш аж. Гэвч хорвоо, ертөнцийн бүх зүйл онгоц нисэх шиг, онгоц ирэх шиг цаг хугацаатай билээ. Хүмүүс хэт их туйлшралаасаа болоод зарим сайхан зүйлсийг анзаардаггүй юм байна. Үүнийг ойлгуулж, шинэ мэдрэмж, гайхамшигт содон зүйлсийг нүднээ харуулж, толгойд нэгийг бодогдуулдаг зүйл аялал. Тэр дундаа монголын онгон зэлүүд байгаль ажээ.

    Үдийн наран аргамжиж, алсад хэдэн зээр идээшин байна. Энэ нутаг хад цохио, байгалийн өвөрмөц тогтоцоороо алдартай билээ

       Бид явсаар нэгэн өндөр даваагаар давж, доош уруудан давхилаа. Эндээс цааш зах нь үл харагдах тал нутаг шаргалтан угтсан юм. Нэг үгээр Төв аймгийн нутгийг өнгөрч Дундговь аймгийн нутаг руу орж байгаа энэ. “Дуу хуурийн өлгий Дундговь” хэмээн бид эртнээс ярьж ирсэн билээ. Ёстой л дуу шиг, дууны цээл үл тасрам сайхан нутаг байна. Таана, хүмүүл талын судаг даган ногоорч, салхинд элсний ширхэг бужигнан хийсээд тормоо дагуулсан ингэ шогшсоор бутны цаад руу орлоо. Энэхэн үед бид аян замын алжаал тайлахаар зогсон тамхи татаж, ойр орчноо ажиглав. Үдийн наран аргамжиж, алсад хэдэн зээр идээшин байна. Энэ нутаг хад цохио, байгалийн өвөрмөц тогтоцоороо алдартай билээ. Алсаас сүмбэрлэн харагдах Дэлгэрхангай уул өвөрмөц тогтоцтой харагдана. Яг л байгаль эх өөрөө хамгийн агуу уран барималч гэдгийг батласан мэт. Үүнээс гадна  содон хэлбэртэй цагаан хаднууд угтан авах нь сонин. Нарсаар хүрээлэгдсэн мэт үзэсгэлэнт чулуун тогтоцууд, элэгдэж мөлгөр болсон хаднуудын дундуур алхахад өөр гараг дээр очсон мэт санагдана. Их, Бага газрын чулуу Цэлийсэн уудам талын дундаас гэнэтхэн босоод ирсэн мэт асгат хад, гранит чулуун уулс нь эртний үлгэрийн хот руу орчихсон мэт сүрлэг бөгөөд нууцлаг мэдрэмжийг төрүүлнэ. Нар жаргах агшинд эдгээр хад асгад улаан алтлаг өнгөөр туяаран харагддаг нь үгээр дүрслэмгүй гоо үзэсгэлэн юм.

 Өчигдөр, өнөөдөр, маргааш гэсэн хуваарь энд утгаа алдаж, зөвхөн нар мандах, жаргах хоёр л бодит хэмжүүр болон үлддэг аж

           Нар жаргах үеэр бид Цагаан суварга руу ойртлоо. Хэдэн зуун жилийн хөрвөлтөөр урсаж буй салхи, усны хүч эртний далайн ёроолыг нэгэн цагт хэрчиж, одоо эндээс босоо цагаан хадан хана цав зогсож байна. Алсаас харахад тэнгэрийг зүссэн сүмийн хэрэм, нураагүй хотын туурь шиг. Машинаа зогсоон буухад хөл доор шаргал элс шаржигнаж, хацрыг хүйтэн салхи илбэнэ. Намрын говийн орой ийм л байдаг ажээ. Өдөр нь наранд халсан газар нар шингэмэгц гэнэт сэрүүсч, агаар нь цэвэр, тунгалаг болох юм. Хэсэг хугацааны дараа бид хадны ирмэг дээр гарч суув. Нар баруун зүгт аажим хөвөрч, тэнгэрийн хаяа улаан, алтлаг, час улаан өнгөөр ээлжлэн шатна. Говийн үдшийн нам гүм гэдэг үнэхээр өвөрмөц зүйл юм. Хотод нам гүм гэж байдаггүй. Хаа нэгтээ хөдөлгүүрийн дуу, хаа нэгтээ хүний хөл, чимээ дуу үргэлж давхцан орооцолддог. Харин энд чимээгүй байдал өөрөө амьд, өөрийн гэсэн амьсгалтай мэт. Алсаас ганц зээрийн сэрэмжтэй хуурай ширүүн шуугиан сонсогдоод л замхарна.

        

Гаднаас салхи дүнгэнэх нь хааяа сонсогдох боловч гэрийн дотор нам жим, дулаахан байлаа.

        Хажууд минь суух жолооч ах дөнгөж хөгшин уухилж, тамхиа гаргаж ирээд бодлогоширон “Говь гэдэг хэзээд хүнд зөвхөн нэг л зүйлийг заадаг юм. Хэзээ ч яарахгүй байхыг” гэв. Би хариу хэлсэнгүй. Хэлэх ч шаардлагагүй байлаа. Цаг хугацаа энд өөрөөр урсдаг. Өчигдөр, өнөөдөр, маргааш гэсэн хуваарь энд утгаа алдаж, зөвхөн нар мандах, жаргах хоёр л бодит хэмжүүр болон үлддэг аж. Хотод бид минут тоолж, дуудлага хүлээж, хугацаа хөөж амьдардаг. Харин энэ уудам талд нэг агшин нь тэр чигээрээ мөнхөд тэнцэх мэт санагдана.

           Харанхуй бүрэнхийд шингэх үед тэнгэрт анхны од гялтганав. Дараа нь хоёр, гурав, түүнээс хойш тоолж баршгүй олон. Говийн тэнгэр ингэж нээгддэг гэдгийг би урьд нь сонсож байсан ч, үнэндээ ойлгоогүй байжээ. Сүүн зам шороон дээр хаясан цагаан дэвсгэр шиг тэнгэрийг хөндлөн гарна. Өөрийн эрхгүй хүн өөрийгөө маш жижиг, гэхдээ тэр жижигхэн байдалдаа гайхалтай тайван мэт мэдэрдэг юм билээ. Тэр шөнө бид гэрт хоноглов. Хөдөөний өвгөн гэрийн галаа сэвтэн, цай буцалгаж, шарсан гурил, ааруул, зөөхийгөөр дайллаа. Гал голомтын дулаан, цайны уурны үнэр гэж сайхан. Гаднаас салхи дүнгэнэх нь хааяа сонсогдох боловч гэрийн дотор нам жим, дулаахан байлаа. Өвгөн Гурвантэсийн тухай, саруул салхитай өвөл, хүчтэй шороон шуурга, говийн бэлчээр, мал сүргийн тухай шуугилгүй ярив. Түүний үгэнд гомдол ч, бахархал ч бага байв. Зөвхөн ойлголт, найрсаг тайван ойлголт л байлаа.

           Өглөө нь би гэрээс гарахад зүүн хаяанд шинэхэн нар мандаж, цас хаяа шиг нимгэн орсон элсэн дээр тусан гялалзаж байв. Бид замаа үргэлжлүүлэхэд урьд өдрийн мэдрэмж минь арай өөр болчихсон байна. Хүмүүсийн шуугианаас зугтах гэж төдийгүй, өөрийнхөө дотоод чимээнээс хэсэгхэн холдож, нам гүм дунд өөрийгөө сонсох гэж энэ замд гарсан байжээ. Говь надад ийм хариулт бэлэглэв.

Дундговийг өнгөрч Өмнөговийн хязгаарт орох тусам тал өөрчлөгдөж эхлэв. Шаргал хөрс улам улаавтар болж, таана, хөмүүл цөөрч, оронд нь заг, сүүн хөх саглагар бутнууд ээлжлэн тохиолдоно. Агаар хуурайшиж, тэнгэр улам өндөр, улам цэнхэр болов. Хаа нэг газар ганц хоёр гэр, түүний дэргэд тэнцүү зайд зогсох тэмээний сүрэг харагдана. Тэмээнүүд бидний машиныг хараад ч хөдөлсөнгүй, зөвхөн урт хүзүүгээ аядуу зөөлөн хөтөлгөөд, цаашаа нүдээ салгав. Энд хэнд ч яарах хэрэггүй гэдгийг тэд л хамгийн сайн мэддэг бололтой.

       Элсэн шаргал говийн дунд ганцаар зогсоод талыг дүүртэл нэг дуулааарай

            Үдээс хойш бид замаасаа зүүн тийш жаахан хазайж, ганц эгнээ мөр даган явав. Мөр нь мал сүргийн хөл даран алхлаа. Тэр мөрийн төгсгөлд нэгэн баянбүрд байв. Хоёр хөндийн завсар хурсан усны нүх, түүний эргэн тойронд аль эртнээс ургасан хөх өвс, хэдэн мод. Говийн хуурай тал дундах яг л нэгэн шүүр ус, ногоон арал юм. Энд ирсэн хүмүүс, мал сүргийн туурайн мөр, чулуун дээрх тоос, тэмээний шүдэнд арчигдсан хадны хагархай хүртэл энд хэчнээн олон жил хүн, амьтан ундаалж ирснийг хэлж байлаа. Бидэнтэй зэрэгцэн нэгэн айл малаа услахаар ирсэн байв. Би усны захад байх ирмэг хаданд дээр суугаад хөдөөний хүмүүсийн тухай бодов. Хотод бид усыг ямар ч бодолгүй хэрэглэдэг. Харин энд нэг балга ус хүний хөдөлмөр, нөхөрлөл, хариуцлагын үнэ цэнэтэй байдаг юм билээ.

          Нар шингэхийн өмнө бид баянбүрдээс гарч, дахин замдаа гарав. Хойно минь тэр ногоон арал аажим аажмаар жижгэрч, эцэст нь шаргал талын нэг цэг болон уусан алга болов. Гэвч түүнээс авсан сургамж бидэнтэй хамт явсаар байлаа. Говь гэдэг нь хоосон газар огт биш. Энд хүн, мал, ус гурав хоорондоо маш нарийн зүйлээр холбогдож байдаг аж. Тал нутаг яг л далай шиг зах нь үл харагдана. Зорьж ирсэн хэн бүхэнд өөр, өөр мэдрэмжийг төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Элсэн шаргал говийн дунд ганцаар зогсоод талыг дүүртэл нэг дуулааарай.


ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188