• Өнөөдөр 2026-11-13

“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ

       Засгийн газраас боловсруулсан “Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг өнөөдөр Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Улсын Их Хурлын нэгдсэн чуулганд танилцуулж хэлэлцүүллээ.

Тус хуулийн төслөөр улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн үеийн бэлэн байдал, шуурхай хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэх зорилготой юм.

Хуулийн төсөлд дараах долоон үндсэн чиглэлийн өөрчлөлтийг тусгажээ.

  1. ӨӨРЧЛӨЛТ, ШИНЭЧЛЭЛТ

“Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөлд дараах шинэчлэлүүдийг тусгалаа.

  1. ОРОН НУТГИЙН НӨӨЦ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар өөрийн нутаг дэвсгэрт нөөц бүрдүүлэх, хадгалах, зарцуулах үүрэгтэй болно. Нөөцөө нөхөн бүрдүүлэх, хяналт тавих хариуцлагыг тодорхой болгоно.

  1. НӨӨЦИЙН ХЭРЭГЦЭЭ

Нөөцийн нэр төрөл, тоо хэмжээг эрсдэлийн үнэлгээ, бодит хэрэгцээнд үндэслэн тогтооно. Төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулахгүй.

  1. ЦАХИМ БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН САН

Улсын болон орон нутгийн нөөцийн мэдээллийг нэгдсэн цахим санд бүртгэнэ. Ингэснээр нөөцийн хэмжээ, хүрэлцээ, хадгалалтад нэгдсэн хяналт тавих боломжтой.

  1. АГУУЛАХЫН ШИНЭЧЛЭЛ

Нөөцийн агуулахыг шинээр барих, өргөтгөх, засварлах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийдвэрлэнэ. Ашиглагдаагүй сул багтаамжийг түрээслэн орлого олох боломжтой болно.

  1. БАРАА МАТЕРИАЛЫН СЭЛГЭЛТ

Нөөцийн бараа материалыг хадгалалтын чанар, стандарт, технологийн горимд нийцүүлэн сэлгэнэ. Ингэснээр барааны чанар муудах, хугацаа дуусах эрсдэлийг бууруулна.

  1. ШУУРХАЙ НӨӨЦ ГАРГАЛТ

Гамшиг, онцгой нөхцөл байдлын үед шаардлагатай нөөцийг эрх бүхий сайдын шийдвэрээр шуурхай гаргадаг болно. Ингэснээр тусламж, хариу арга хэмжээг цаг алдалгүй хүргэх нөхцөл бүрдэнэ.

  1. ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН УЯЛДАА

Улсын нөөцийн тухай хуулийг холбогдох бусад хууль тогтоомжтой нийцүүлнэ. Мөн эрх, үүрэг, хариуцлагын давхардал, зөрчил, хийдлийг арилгаж, зохицуулалтыг тодорхой болгоно.

Хуулийн төсөл батлагдсанаар улсын болон орон нутгийн нөөцийн удирдлага, бүртгэл, хяналт, нөхөн бүрдүүлэлтийн тогтолцоо боловсронгуй болж, гамшиг, онцгой нөхцөл байдлын үед шаардлагатай тусламжийг цаг алдалгүй хүргэх эрх зүйн орчин бүрдэх юм.

 

 


“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188