• Өнөөдөр 2026-11-13

УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ

            Алтыг нь аваад авдрыг нь хаяна гэдгийн үлгэрээр Монголын газар нутагт үйл ажиллагаа явуулж буй хэдэн мянган уул уурхайн компани, тэдгээрийг бараадах засвар, тээврийн зэрэг мөн л мянга мянган компани байгалийн баялгийг нь авсан атлаа аюултай хог хаягдлаа ямар ч стандартгүйгээр хаясаар байна. 

ӨТГӨН, ШИНГЭНДЭЭ НУУРЫН УС ХОЛЬЖ, СААРАЛ УС ХЭМЭЭН УСАЛГААНД АШИГЛАДАГ ГЭНЭ

    Таван толгой орчим үндсэн болон орон нутгийн таван толгой, баруун зүүн Цанх зэрэг томоохон нүүрсний ордыг тойрсон хэдэн мянган жижиг компани бий. Тэнд хүн байгаа л бол хэрэглээ үүсэж, хэрэглээнээс хаягдал бий болно. Тухайн орон нутагт ажиллаж буй бүх компани угтаа бол байгаль орчны мэргэжилтэнтэй байх ёстой. Гэвч тухайн компанийн захирлын дүү, эгчийн хүү гэх мэт танил тал, ах дүүсээрээ орж ирсэн мэргэжлийн бус орон тоо бөглөгч нар байгаль хамгаалах нэрийн дор сул цалин авсаар буй. Ийн хэлэхийн учир нь уурхай болон тээврийн замд тоосжилт дарах зорилгоор усалгаа хийх ёстой байдаг. Усалгааг тодорхой хэмжээний стандартад нийцсэн, саарал усаар тогтмол цагт хийх ёстой. Тэгвэл тэр их усны нөөцийг хаанаас бүрдүүлдэг вэ. Манай улсад тэр дундаа говийн аймгуудад энэ хэмжээний гадаргын болон гүний усны нөөц байхгүй.

     Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж бидэнд хандаж “Миний ажиллаж байсан компани бохироо соруулахаасаа өмнө нуурын ус авдаг. Бохир гэдэг нь тэнд ажиллаж байгаа хүмүүсийн ялгадас шүү дээ. Урьдчилж бэлдсэн нуурын ус, бохир хоёр нийлэхээрээ нэлээд шингэрнэ. Шингэрсэн хойно нь уурхайд эсвэл тээврийн замд тоосжилт дарах зорилгоор ашигладаг. Холбогдох журмын дагуу бохир задалдаг химийн бодис хийх ёстой. Манайд бол тийм юм байхгүй. Таван толгойн харуул хамгаалалт нь бидний машины дугаарыг харж, аль компанийн машин, хэдэн цагт, ямар ажлаар нэвтэрч буйг бичиж авахаас биш үнэхээр саарал ус тээвэрлэж яваа юу гэдгийг шалгах ч үгүй. Нэвтэрч ороод усалгаа хийсэн болоод гарна. Тэнд ажиллаж байгаа жолооч нар бохирын үнэрт бүр дасчихсан байгаа. Өвлийн утаа, угаар яаж үнэртдэг билээ яг л түүн шиг машин дүүрэн үнэртэнэ шүү дээ. Бид хэлж, тэмцэж үзээгүй биш үзсэн. Санал хүсэлт өгсөн ч дээд байгууллагад очоод л замхарчихдаг. Үнэнд гүйцэгдэж, үйлээ эдлэх гэдэг шиг тэр компани маань одоо хаалгаа барьсан. Гэвч Таван толгой орчимд яг ийм аргаар бохироо ч өөрсдөөдөө зайлуулчихдаг хэдэн зуун компани бий” хэмээн ярив.

“ДУНШИЖ” ДУУСДАГГҮЙ АЛТАН ШИРЭЭГИЙН ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭР ХОГ ХАЯГДЛАА ХЭРХЭН БУЛШИЛДАГ ВЭ

    Үе үеийн Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зорилт дэвшүүлдэг. Тухайлбал, Засгийн газрын 2017 оны 59 дүгээр тогтоолоор Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.  Ес дэхь жилдээ “дуншиж” буй ч тус үйлдвэрийн бүтээн байгуулалт ердөө 60 хувьтай яваа. Тэндхийн ажилчдын дийлэнх нь энэтхэгчүүд. Монгол гэрийг хана, туургатай нь нэвт нүхэлж цонх гаргахаас эхлээд тэдний байр байдал тийм ч таатай бус. Бараа материалын цаасан хайрцаг, гялгар уут, хамгаалалтын хөөсөнцөр зэргийг тэд хог чинээ тоолгүй салхинд хийсгэж орхидог гэнэ. Дорноговь аймгийн төв, Сайншанд сумаас зүүн тийш гарч Алтанширээ, Дэлгэрэх сумд руу явах зам нэг хэсэгтээ л тэдний хогийн цэг болсон гэвэл хилсдэхгүй. Ямар сайн даа, ойр орчмын айлууд нь “Мал хог идээд болохгүй юм” хэмээгээд аль болох зайтай бууцгаах болсон гэлцдэг.

  Энэ талаар тус бүтээн байгуулалтын газарт харуул, хамгаалалтын алба хашиж байсан иргэн “Алтанширээгийн нефтийн үйлдвэрт би хоёр жилийн өмнө ажиллаж байсан юм. Энэтхэгчүүд бол үнэхээр муухай суудаг улс. Хар нялхаасаа амьдарч, нүүдэл суудлаар ч нандигнаж өссөн монгол гэрийг нь нүхэлж, сэглэснийг харахад нүд халтирам байдаг. Үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцад барилгын хог хаягдал их гарна. Түүнийг үйлдвэрээсээ баруун зүгт газар ухаж булдаг байсан. Нэлээд том нүх ухаад хог, хаягдлаа ачиж аваачаад л асгана. Хэд хэдэн удаа асгасны дараа булна. Зөвшөөрөлтэй л гэцгээдэг юм. Зүв зүгээр байсан газар шороог ухаад, цемент замаск асгаж болно гэсэн зөвшөөрөл байдаг л юм байлгүй. Би ямар нарийн ширийнийг нь мэдэх биш. Харин ахуйн хогоо Сайншандын хогийн цэгт хүргэж өгөх ёстой байдаг. Манай нөхдүүд бол сайхан залхуурна шүү дээ. Ахуйн хог хаягдал байна уу, аюултай, химийн найрлага, хортой байна уу хамаа байхгүй. Цөмийг нь нийлүүлж аваачаад л асгаж орхино. Тэнд хяналт тавьдаг нэг ч хүн байхгүй. Сүүлийн хоёр жилд ямар болсон юм гэхээс биш намайг ажиллаж байхад ч нэг иймэрхүү л нөхцөлтэй байдаг байсан” хэмээв.

ХЭРЭГЛЭСЭН ТОС, АЖИЛЛАСАН МАСЛОО ХӨРСӨНД БУЛАХ НЬ ИХЭСЖЭЭ

     Уул уурхайн компаниудаас жилд хэдэн зуун тонн тос, маслоны хаягдал гардаг. Үүнийгээ дагаад компаниас дуудлагаар ирж аваад бохирын цэгт хүргэдэг зөөврийн компаниуд ч ажилладаг байв. Гэвч ковидоос хойш энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг байгууллага эрс цөөрсөн гэнэ. Хэвийн ажиллаж байгаа хэдэн газар нь тэнгэрт хадсан үнэтэй байдаг нь хаягдал нийлүүлэх компанийн шүдний өвчин болдог байна. Улмаар хүн амьтны хөл хөдөлгөөн тасарсан шөнө оройн цагаар хөрсөнд шингээх тохиолдол ч цөөнгүй гардаг тухай хэд хэдэн эх сурвалж хэлж байлаа. Тэдний ярьсанаар Монгол хүн, өөрийнхөө эх орны хөрс шороонд ийм аюултай хог хаягдал булшлагдаж байгаад сэтгэл зовнидог. Гэвч хаа хаанаа амьдрал хэцүү байгаа учир авдаг хэдэн төгрөгөө хасуулж, өрхийн амьжиргаа залгуулдаг ажлаасаа халагдчихгүйн тулд энэ бүхнийг тэсэж өнгөрдөг гэнэ. 

   Өөрөөр хэлбэл, Монгол орны өргөн уудам нутгийн дөрвөн зүг, найман зовхистод газар сэндийчиж, ашиг хайж яваа “доншууч” компаниудад манай улсын хууль дүрэм огтхон ч хамаагүй бололтой. Уул уурхайн нөлөөллийн бүс, энгийн болон аюултай хог хаягдлын стандарт зэрэг нь хэзээ ч хэрэглэгддэггүй нэр төдий хууль, дүрэм болж хувирчээ. Гэсэн атлаа холбогдох яам, төрийн байгууллагаас хяналт шалгалт ирэх үед тэднээс илүү байгаль орчинд ээлтэй, нөхөн сэргээлт хийдэг, нөлөөллийн бүсэд нутагладаг малчин айл өрхөд дэм тустай буянтан байдаггүй аж. Биднийг энэ сайхан нутаг, эх байгалийнхаа эзэн болж чадахгүй эрх мэдэл, мөнгөний өмнө бөхөлзөж байхад дэлхий дахин энэ чухал эко системийн төлөө санаа тавьж, экологийн тэнцвэрт байдлын төлөө судалгаа шинжилгээ хийж, олон улсын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр байна. Гэтэл шалгалт нэрээр очин найрлаж, шаггүй хэдэн төгрөг халааслаад буцдаг албан тушаалтнуудад эх орноо гэх сэтгэлийн сэмэрхий ч байдаггүй бололтой.

Монгол орны өргөн уудам нутгийн дөрвөн зүг, найман зовхистод газар сэндийчиж, ашиг хайж яваа “доншууч” компаниудад манай улсын хууль дүрэм огтхон ч хамаагүй бололтой.

Уул уурхайн хог хаягдал тэр дундаа хайлтын хаягдал, баяжуулалтын үлдэгдэл, боловсруулалтын шламм задгай байдлаар овоологдвол байгаль орчинд олон төрлийн хор уршиг учруулдаг. Тухайлбал,

 

• Хүчиллэг ус ялгарах: Хаягдалд агуулагдах сульфидын ашигт малтмал (жишээ нь пирит) агаар, ус, хүчилтөрөгчтэй урвалд орж, хүхрийн хүчил үүсгэдэг. Энэ нь хөрс, гүний ус, гол горхийг хүчиллэг болгож, хар тугалга, кадми, мышьяк, зэс, цайр гэх мэт хүнд метал ууссаар байдаг.

• Хүнд металлын бохирдол: Металлууд хөрсөнд хуримтлагдаж, ургамлаар дамжин мал, хүнд хүрдэг. Хуурай үед салхинд хийсэж, тоосоор хүрээлэн буй нутагт тархана.

• Хөрсний доройтол: Ургамал ургахгүй, хөрсний үржил шим алга болж, элэгдэл, шороон шуурга, нурангид өртөмтгий болно.

• Экосистемд нөлөөлөх: Ус дахь амьтан, загас, ургамлын амьдрах орчин алдагдаж, биологийн олон янз байдал буурна.

ХУУЛИА ХЭРЭГЖҮҮЛЬЕ ГЭВЭЛ ХЯНАЛТ ШАЛГАЛТАА ЭРЧИМЖҮҮЛЖ, ХАРИУЦЛАГА ТООЦОЖ СУРАХ ХЭРЭГТЭЙ

Уул уурхайн аюултай хог хаягдал болон хууль зөрчсөн үйлдлийн талаарх судалгаа, албан ёсны дүгнэлт, үүнтэй холбоотой статистик мэдээ мэдээлэл тун ховор байдаг. Тухайлбал хамгийн сүүлийн үеийн баримтыг сөхөж үзвэр НҮБ-ын 2025 оны тайланд "Монгол Улс уул уурхайн хаягдал зэрэг хүнд хаягдлыг муу удирддаг, мэдээлэл болон хэрэгжилт хангалтгүй" хэмээх дүгнэлт гарсан байдаг. Үүнээс өөр дурдсан тоо баримт ховор. Харин 2006–2016 оны хооронд 4.000 гаруй хууль бус хогийн цэгийг цэвэрлэж, 500.000 га талбайг хамарсан, 1.1 сая тонн хууль бус хог хаягдлыг албан ёсны хогийн цэгт шилжүүлсэн тухай НҮБ-ын (UNECE) Байгаль орчны гүйцэтгэлийн үнэлгээнд дурдсан байна.

2006–2016 оны хооронд 4.000 гаруй хууль бус хогийн цэгийг цэвэрлэж, 500.000 га талбайг хамарсан, 1.1 сая тонн хууль бус хог хаягдлыг албан ёсны хогийн цэгт шилжүүлсэн.

Энэ оны эхний улирлын байдлаар Байгаль орчны үндэсний хяналтын агентлаг 236 уурхайн талбайд шалгалт хийжээ. Шалгалтын явцад 33 хувь нь нарийвчилсан байгаль орчны үнэлгээ хийгээгүй, 44 хувь нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө цагт нь баталгаажуулаагүй зэрэг зөрчил илэрчээ. Мөн өнгөрсөн тавдугаар сарын 29-нд Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу гурван аймгийн уул уурхайн компаниудад гэнэтийн шалгалт хийсэн байна. Тухайн үед "Redvolkan ХХК"-ийн MV-015479 талбайд байгаль орчны менежментийн төлөвлөгөө хэрэгжүүлээгүй, зөвшөөрөлгүй хайгуул хийсэн, цооног нүхийг булаагүй зэрэг олон ноцтой зөрчил илэрсэн байна. Зөвхөн төр засгийн шийдвэр, хууль хяналтын байгууллагаас гадна нутгийн иргэд, малчид уул уурхайн компаниудын байгальд үзүүлж буй хор нөлөө, хүний эрхийг ноцтой зөрчиж буй үйлдлийг таслан зогсоох талаар тэмцэж ирсэн. Улмаар иргэдийн шаардлагыг биелүүлээгүй, хог хаягдлын менежмент, холбогдох хууль, дүрмийг зөрчсөн, зөрчлөө давтсан компаниудын лицензийг цуцлуулж байсан тохиолдол ч бий.

 Монголын төр өөрсдийн баталсан хуулиа мөрдүүлье, иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангая, байгаль орчиндоо ээлтэй, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлье гэвэл хяналт шалгалтаа эрчимжүүлж, хариуцлага тооцож сурах хэрэгтэй. Эс чадах аваас ялгадас, бохироо саарал ус хэмээн тоосжилт дарах усалгаанд ашиглаж, ажилласан масло, тосоо газрын хөрсөнд хээвнэгхэн асгадаг эл хууль бус үйлдэл хэрээс хэтрэх нь ээ.


УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188