• Өнөөдөр 2026-11-12

ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ

Зам тээвэр, хөгжлийн сайдыг сайхан ааштай байхыг улсаараа харлаа, хоёр хоногийн өмнө. Урд хожид харагдаж, үзэгдэж байгаагүй хамгийн “сайхан” дүрээрээ олны өмнө гарч ирлээ, тэр.


          Монголын төрд Б.Дэлгэрсайхан гэж дуртайгаа загнаж, дураараа зандардаг даварчихсан сайд бий. Камерын өмнө гарч ирэх бүрдээ “Хуц, уль, чамайг шоронд хийнэ. Хууль мэднэ шүү. Донгос, олон юм битгий ярь. Чи намайг юу гэх гээд байгаа юм бэ. Чи намайг доромжлоод байна уу” гэх заналхийлсэн, зандарсан аясаар ард түмэнтэй “мэндчилээд” удлаа. Хийсэн ажил, хэрэгжүүлж байгаа төслөө ч олигтой танилцуулж чадахгүй оволзож байдаг тэрбээр УИХ-д залраад 10 жил өнгөрлөө. Барьц ахиулаад загинаад байна уу гэхээс буурь суусангүй. УИХ-д гурван удаа сонгогдохдоо тэр сонгуулийн үеэр л инээж байсан байж мэдэх юм. Гэтэл ердөө хоёхон хоногийн өмнө буюу Монгол бахархлын өдрөөр учиргүй инээж, жуумалзсаар Төрийн ордны хонгилд сэтгүүлчидтэй таарлаа. Ганц удаа уурлахгүй, инээх аядаад яриа өгсөн ч бүтэлгүйтэв.

Дандаа уурладаг Б.Дэлгэрсайхан сайд арай гэж инээн, ард түмэнд Чингис хааны сургаалиас сургууль айлдах гэж байгаад олны доог тохуу болов. Тодруулбал,

 ...Алд бие минь алжааваас алжаатугай

         Ахуй төр минь бүү алдартугай... гэж хэлэхээр санаархсан ч “Алд бие минь алдарсугай, Ахуй төр минь...” хэмээн гацаж, асуулт асуусан сэтгүүлчээсээ “Тэгээд юу гэдэг билээ” хэмээн жуумалзав. Төр түмнийг түшиж байгаа түшээд хоёр мөр сургааль цээжлээд хэлчих ухаан байсангүй. Алд биеэ алдруулаад, ахуй төрөө хэрхэхээ ч мэдсэнгүй. Гэхдээ асуулт асуусан сэтгүүлчээ загнаагүй, эелдгээр “Тэгээд юу гэдэг билээ. За, уучлаарай” гэж сандран инээсэн нь анхны тохиолдол боллоо. Монголын ард түмэн, иргэдийг мэдэх эрхээр ханган ажиллаж байгаа сэтгүүлчид Б.Дэлгэрсайханд өртэй биш. Тэд, бид ч Б.Дэлгэрсайханд байцаагдаж, дэглүүлж байгаа эрүүгийн гэмт хэрэгтнүүд биш. Сав л хийвэл загнаж, хуруугаа чичилж, шүлсээ үсчүүлчихээд, сонгууль болгоноор “Намайг сонгоорой” гэж бялдуучилж байдаг сайдад ёс суртахууны хичээл орох хэрэгтэй.

Б.ДЭЛГЭРСАЙХАНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ БАРИМТ

        УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Монголын улс төрд “буг” болтлоо зүтгэх бололтой. Гэхдээ улс орны хөгжил гэхээс илүүтэй өөрийнхөө болон ах, дүүгийнхээ бизнесийн төлөө л тэгтэл зүтгэх нь. Дорноговь аймгийн хэсгийн цагдаагаас сайд болтлоо дэвшсэн Б.Дэлгэрсайхан 1993 онд “Дорнын говь” ХХК-ийг төрсөн ах Б.Ганхуягтайгаа хамтран үүсгэн байгуулж, бизнест хөл тавьсан түүхтэй. Эхэндээ махны бизнесээр дагнаж байгаад, хятадуудтай хамтран “Болд төмөр ерөө гол” ХХК-ийг байгуулж, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших “Баянгол”-ын төмрийн хүдрийн уурхайг ухаж эхэлснээр олон улсад оффшор данстай, Монголын толгой баячуудын эгнээнд зүй ёсоор орсон нэгэн. 2016-2024 онд УИХ-ын гишүүнээр улиран сонгогдож, сайдын давхар дээл “өмссөн” цөөн эрх мэдэлтний нэг нь тэр.

Б.ДЭЛГЭРСАЙХАНЫ ШАЛГАГДАЖ БАЙСАН ХЭРГҮҮД

        УИХ-ын гишүүн, Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Дэлгэрсайханыг танилцуулахын тулд үйлдсэн “хэрэг”-ээс нь эхлэх нь сонирхолтой болов уу. Өөрөөр хэлбэл, Б.Дэлгэрсайханы нэр холбогдож, хууль хяналтын байгууллагад шалгагдсан ч бараа сураггүй болсон хэргүүдийг нь эхлээд танилцуулъя. 

-Сэлэнгэ аймгийн Ерөө суман дахь төмрийн хүдрийн ордоос түүний удирддаг компани өөрсдийн барьсан 90 км төмөр замаар хүдэр тээвэрлэн БНХАУ руу гаргахдаа вагоны даацын хэмжээг багасган гаальд мэдүүлж, онц их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй гэх хэрэг гарч байв. Эл хэрэгтэй холбоотойгоор Б.Дэлгэрсайханыг цагдан хорьж, 461 дүгээр ангид саатуулж байсан. 

-БНХАУ-ын иргэнийг зодож, хүнд гэмтээсэн хэрэгт холбогдсон. Тодруулбал, 2021 онд Засгийн газрын гэрээгээр Олимпын гүүрийг барьж байсан БНХАУ-ын иргэнийг албан өрөөндөө зодож, танхайрсан байдаг. 

-Б.Дэлгэрсайханы оффшорын “Eiffel View Universal Holdings” гэх бүртгэлтэй данс ил болсон байдаг. Оффшор хөрөнгийг нь шалгах асуудал сөхөгдөж байсан. 

-Швейцарын прокуророос Б.Дэлгэрсайхан, С.Баярцогт нарыг шалгаж байсан. Тодруулбал, 2007-2008 оны үед нэр нь үл мэдэгдэх хятад хөрөнгө оруулагчаас Цюрихын банканд бүртгэлтэй Б.Дэлгэрсайханы дансанд 45 сая ам.доллар орж ирсэн гэдэг. Үүнээс 8.2 сая еврог нь “Креди Сүис” банкны С.Баярцогтын дансанд шилжүүлсэн гэх мэдээлэл бий. Харин С.Баярцогтод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Дэлгэрсайханы хэргийг тусад нь шалгаж байсан билээ. 

-Зам-Үүд дэх хилийн боомтоор ачаа бараа нэвтрүүлэхэд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдыг айлган сүрдүүлж, автомашиныг дараалал дайруулдаг гэх асуудалд холбогдсон байдаг. 

Энэ мэтээр хөөвөл УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы шалгагдаж байсан хэргүүдийг хөөвөл урт дааралал, олон хуудас хэрэгтэй болно. Үнэндээ, тэр Төрийн сэнтийд биш, төрийн хамгаалалтад ч байж болзошгүй улстөрчийн нэг гэсэн үг. 

ТӨМӨР ЗАМЫН БИЗНЕСИЙГ АТГАСАН Б.ДЭЛГЭРСАЙХАНЫГ ЗАМ, ТЭЭВРИЙН САЙДЫН СУУДЛААС НЬ БУУЛГАЖ БАЙЖ МАН-ЫН ШУДАРГА ЁС ЭХЭЛНЭ

      Тэгвэл УИХ-ын гишүүн, Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Дэлгэрсайханы салбар бүрд “өндөглүүлсэн” компаниуд болон тив алгасан байгуулсан оффшор компаниудыг нь түрдээ орхиод ирэх жилүүдэд төрийн оролцоотойгоор хамгаалахыг илүүтэй санаархаж буй гурван гол бизнесийг нь товч танилцуулъя. Төмөр зам- УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Монголиан транс лордс” ХХК, “Монголиан транс лайн” ХХК, “Монголиан транс ложистик” ХХК, “Монголиан транс лидер” ХХК гэх төмөр замын компаниудтай. “Монголиан транс ложистик” ХХК-аараа 2009 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт байрлах “Баянгол”-ын уурхай руугаа 115 км төмөр зам тавьж, Монголын анхны хувийн төмөр замтай хүн болсон. Дараа нь, 2019 онд Дорноговь аймгийн Алтанширээ суманд төмрийн хүдэр баяжуулах үйлдвэр рүүгээ 12 км төмөр зам барьж байв. Энэ туршлагаа өмнөө бариад 2022 онд “Монголиан транс лайн” ХХК, “Монголиан транс ложистик” ХХК-аараа Засгийн газраас Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замын концессын гэрээнд ялж, төмөр замаа 2022 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулж байлаа. Гэрээ ёсоор Б.Дэлгэрсайхан Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замыг 20 жил эзэмшиж, ашиглаад улсад шилжүүлж өгнө. Өөрөөр бол, Ханги боомтын төмөр замаар гарах, орох бүх ачаа бүтэн 20 жил Б.Дэлгэрсайханы “халаас”-аар дамжина гэсэн үг.  Иймд төрийн хамгаалалт, татвар тэргүүтэй зарим уян хатан бодлого дээрх бизнест нь ус, агаар мэт хэрэгтэй. Үүний тулд төрд төлөөлөл нь бүр ч илүү хэрэгтэй. 

       Уурхай- Эхэнд дурдсанчлан Б.Дэлгэрсайханы “Болдтөмөр ерөө гол” ХХК нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших “Баянгол”-ын төмрийн хүдрийн уурхайгаас хүдэр олборлодог. Өөрөөр бол, улсын уурхайнуудын дараа орох хамгийн том хувийн уурхай. “Болд төмөр ерөө гол” ХХК нь 950 гаруй ажилчинтай гэхээр хэр том компани болох нь тодорхой биз. Сонирхуулахад, Б.Дэлгэрсайханы хүү Д.Баярцэнгэлийн “Клиффорд воллес катеринг” ХХК нь 200 ажилчинтай, “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн ажилчдын хоол, уурхайн кемпийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцдаг. Энэ уурхайд мөн л УИХ-ын гишүүний анхаарал, зарим лобби тун чухал. 

      Тендер- УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы үүсгэн байгуулсан “Дорнын говь” ХХК-ийнх нь Ерөнхий захирлаар төрсөн ах Б.Ганхуяг нь ажилладаг. Б.Ганхуягийн хүү Г.Гантулга нь “Гантулга трейд” ХХК-ийг эзэмшиж, удирддаг. “Гантулга трейд” ХХК нь Дорноговь аймгийн хэмжээнд зарлагдсан барилгын бүх тендерийг дангаараа “хуу хамдаг” гэхэд худал болохгүй. Жишээ нь, Ж.Дэлгэрсайханы дүүгийн “Гантулга трейд” ХХК нь тус бүх нутагт зориулагдсан хамгийн их мөнгөн дүнтэй Дорноговь аймгийн Сайншандад түрээсийн орон сууц барих 13.5 тэрбум, Сайншандад 150 ортой цэцэрлэх барих 1.6 тэрбум, Замын-Үүдэд 100 ортой цэцэрлэх барих 962 сая, Сайншандад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв барих 3.2 тэрбум, Замын-Үүдэд Соёлын төв барих 3.0 тэрбум төгрөгийн тендер зэргийг ногоон гэрлээр “авсан” гэлцдэг. Мөн өнгөрсөн сонгуулиас хойш буюу хэдхэн сарын дотор тус компани хэд хэдэн том тендерт шалгарчээ. Дурдвал, 

-Замын-Үүд суманд түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэх ажил- 16 тэрбум төгрөг

-Дорноговь аймагт түрээсийн орон сууц худалдан авах ажил- 2.7 тэрбумын тендерийг Б.Дэлгэрсайханы дүүгийн компани аваад байна. Онцолбол, жирийн иргэд, аж ахуйн нэгжүүдийн жил, сараар хүлээж, бэлдэж  байж ордог, өрсөлддөг тендерүүдэд тэд л зөвхөн ялаад байдагт ямар учир байгаа бол. Зам, тээврийн сайд нь хувьдаа хамгийн олон вогантай, бүр хувийн төмөр замтай байх ашиг сонирхол бүхий гаж үзэгдлийг зөвхөн Монгол Улсаас л харж болох байх. Хамгийн ноцтой нь, Б.Дэлгэрсайхан Зам, тээврийн сайдалд суумагцаа “Хоёр жилийн хугацаанд түрээсийн воган хилээр нэвтрүүлэхгүй” гэсэн тушаал гаргасан байдаг. Монгол Улсын толгой баян, 3000 вогантай сайдын энэ тушаал ашиг сонирхлын зөрчил биш гэж үү. Монголын төр ашиг сонирхлын зөрчилтэй энэ томилгоог цэгцлэхгүй бол ирэх жилүүдэд Монгол Улс, зам, тээврийн салбар биш, Б.Дэлгэрсайханы бизнес цэцэглээд дуусах нь тодорхой. Ядаж л хамгийн их шударга ёс, зарчим ярьж байгаа МАН төмөр замын бизнесийг атгасан Б.Дэлгэрсайханыг сайдын суудлаас нь буулгаж байж бусдаас, ард иргэдээс шударга ёс нэхмээр байна. 

     Ташрамд дурдахад, өнгөрсөн онд Б.Дэлгэрсайханы “Болд төмөр ерөө гол” ХХК 700 гадаад ажилчныг Дорноговь аймгийнЭСайншанд суманд нүүрс баяжуулах үйлдвэр, коксын үйлдвэр, хорголжин төмрийн үйлдвэр, ширэмний үйлдвэрийг тус тус бариулахаар оруулж ирсэн байдаг. Энэ нь хамгийн олон хятад ажилтан оруулж ирж, татвараас чөлөөлөгдсөн компаниудын нэг болж байгаа юм. 

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ДЭЛГЭРСАЙХАН ТУСЛАХ Б.БАЯРЖАРГАЛЫНХАА “ДӨРӨВДҮГЭЭР ЭМНЭЛЭГ”-ИЙГ ХӨГЖЛИЙН БАНКАНД ХУРААГДАХААС ХАМГААЛСАН УУ

    Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхантай холбоотой дурдаж болохгүй нэг баримт байна. Тодруулбал, туслах, зөвлөхүүд нь хэрхэн хөлжиж, хөрөнгөжиж, төсөв хонхойлж байгааг дор хүргэе. УИХ-ын гишүүн асан М.Билэгт “Ачлал трейд” ХХК-иараа 2017 онд Хөгжлийн банкнаас 15 сая ам.долларын зээл авч, ХСҮТ-ийн хашаанд 120 ортой, 13 давхар, эмнэлгийн зориулалтай барилга ашиглалтад оруулсан. Гэвч зээлээ огт төлөөгүй, өдгөө өр төлбөр нь 77 тэрбум төгрөгт хүрчсэн. Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн асуудал яригдаж эхлэхэд л М.Билэгтийн 13 давхар эмнэлгийн барилгыг өрөнд нь хурааж авах яриа гарсан, гэвч яаж шийдэгдэх нь тодорхойгүй өдий хүрч байна. М.Билэгтийн эмнэлгийг улсад 88 тэрбумаар худалдан авах асуудал ч яригдаж байгаа.  Тэгвэл М.Билэгтийн 13 давхар эмнэлгийн барилгыг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы туслах, хувийн компаниудынх нь захирлаар ажилладаг Б.Баяржаргал гэгч залуу төрсөн эгч Б.Золжаргалын хамт 20 жилийн хугацаатай түрээслэхээр гэрээ байгуулжээ. Улмаар 20 орчим тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжөөр тохижуулж, “Дөрөвдүгээр эмнэлэг” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа юм. Хамгийн ноцтой нь, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан өөрөө “Дөрөвдүгээр эмнэлэг”-ийн нууц хөрөнгө оруулагч, Хөгжлийн банканд хураагдахаас нь хамгаалсан гол хүн байж болзошгүй сэжүүрүүд байна. 

     УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хамаг л хар бор ажлуудыг нь хариуцдаг туслах, хувийн компанийнх нь гүйцэтгэх захирлаар ажилладаг Банзрагчийн Баяржаргал гэгч залуу бий. Эрхүүгийн Зам харилцааны Их сургуулийг 2010 онд Төмөр замын ачаа тээврийн удирдлага, төмөр замын инженер мэргэжлээр төгссөн. Төгсөж ирмэгцээ Б.Дэлгэрсайханы “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн Тээврийн газрын даргаар ажиллаж эхэлсэн. Улмаар Б.Дэлгэрсайханыг 2016 онд УИХ-ын гишүүн болмогц туслахаар нь ажиллаж эхэлсэн байдаг. 

      Б.Баяржаргал Б.Дэлгэрсайханы туслахаар ажиллаж байхдаа хууль бус мөнгө угаалтыг нь ч хариуцаж байсан байж болзошгүй баримт бий. Тодруулбал, 2018 онд Эрүүгийн цагдаагийн албаны мөрдөгчид тухайн үеийн “УБТЗ” ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн хууль бус мөнгө угаалтын мөрөөр орж, мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлснээ зарлаж байв. Мөрдлөгийн явцад “УБТЗ” ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн дүү Ц.Жүгдэрнямын Хонконгод байгуулсан “Glass Trading Limited” компанийн данснаас “Скай профешнл ложистик” ХХК-ийн данс руу 7.5 сая ам.доллар шилжүүлсэн баримт илэрсэн. Улмаар 2018 оны тавдугаар сард “Скай профешнл” ХХК-ийн оффист Эрүүгийн цагдаагийн мөрдөгчид нэгжлэг хийж байв. Оффисын барилгуудын цонх угаах, өрөө тасалгаа цэвэрлэх үйлчилгээ үзүүлдэг “Скай профешнл ложистик” гэх жижигхэн компанийн данс руу оффшор бүсээс 7.5 сая ам.доллар шилжиж орж ирсэн нь тухайн үедээ л том дуулиан болж байсан юм. Тэгвэл “Скай профешнл ложистик” ХХК-ийг Б.Дэлгэрсайхан туслах Б.Баяржаргал, түүний төрсөн эгч Б.Золжаргал нар эзэмшдэг. “УБТЗ” ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаа, “УБТЗ” ХНН-т хувийн вагонуудаа түрээслүүлдэг

     УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хоёрын хоршил хамтралын түүхийг бичвэл цаг, цаас их орно. Товчхондоо, Б.Дэлгэрсайхан, Д.Жигжиднямаа агсан хоёрын төмөр замын хууль бус мөнгө угаалтыг Б.Дэлгэрсайханы туслах Б.Баяржаргал хариуцаж ирсэн байж болзошгүй гэсэн үг.

      2021 онд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан өөрийн төрсөн ах Б.Ганхуягийнхаа төрсөн хүү Г.Гантулгын нэр дээр “Монголиан транс лайн” ХХК-ийг байгуулж, гүйцэтгэх захирлаар нь туслах Б.Баяржаргалыгаа томилсон байдаг. Улмаар Б.Дэлгэрсайхан 2022 онд “Монголиан транс лайн” ХХК-ийн нэрээр Засгийн газартай концессын гэрээ байгуулж, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замыг тус компаниар бариулж, өнгөрөгч 2022 оны арваннэгдүгээр сард нээлтээ хийсэн. Зүүнбаян-Ханги төмөр замын нээлтийн үеэр Б.Дэлгэрсайханы туслах Б.Баяржаргал нь “Монголиан транс лайн” ХХК-ийн захирлын хувиар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, тухай үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт нартай хамт хүндэтгэлийн индэрт заларч, тууз хайчилж байлаа. 

         Товчхондоо, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан өнгөрсөн хугацаанд Б.Баяржаргал гэх залууг хувийн туслахаараа ажиллуулж, хууль бус мөнгө угаалт гэх мэтийн хар бор ажлуудаа хариуцуулж, төртэй холбоотой төмөр замын бизнесээ ч түүнд даатгаж ирсэн нь дээрх баримтуудаас тодорхой харагдана. Сонирхуулахад, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы төрсөн хүү нь түүний туслах Б.Баяржаргалтай нас ойролцоо. Өдгөө хотын төв, Зайсан орчимд таван салбартай кофе шоп ажиллуулдаг. Харин хамтрагч нь Дорноговь дахь асар том нүүрсний орд руу хөтөлдөг юм билээ.  

         Тэгвэл Б.Дэлгэрсайханы туслах, төмөр замын компанийг нь хариуцдаг Б.Баяржаргал нь 2021 онд төрсөн эгч Б.Золжаргалтайгаа хамтран “Дөрөвдүгээр эмнэлэг” ХХК-ийг байгуулжээ. Улмаар УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн Хөгжлийн банкны зээлээр барьсан 13 давхар эмнэлгийн зориулалттай барилгыг нь 20 жилийн хугацаатай түрээслэх түрээсийн гэрээ байгуулжээ. Ингээд 20 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, эмнэлгийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тохижуулж, өнгөрөгч 2022 оны нэгдүгээр сараас “Дөрөвдүгээр эмнэлэг” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Төрийн түшээгийн туслах ажилтай, төмөр замын инженер мэргэжилтэй Б.Баяржаргал цагаан халад өмсөж, эмчийн дүрд орчихсон “Дөрөвдүгээр эмнэлэг”-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байгаа ажээ. Төрсөн эгч Б.Золжаргал нь ч эрүүл мэндийн салбараас тэс хөндий, маркетингийн менежер мэргэжилтэй боловч “Дөрөвдүгээр эмнэлэг”-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. 

       Хамгийн ноцтой нь, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы туслах Б.Баяржаргал, түүний төрсөн эгч Б.Золжаргал нар яаж М.Билэгтийн 13 давхар барилгыг 20 жилээр түрээсэлж, 20 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмж авсан бэ гэдэг асуудал. Баримтаар бол, Б.Баяржаргал, Б.Золжаргал нар “Дөрөвдүгээр эмнэлэг”-ийг байгуулахаасаа ердөө жилийн өмнө буюу 2020 онд дээр дурдсан цэвэрлэгээний “Скай профешнл холдинг” ХХК-ийнхаа ажилчдын нийгмийн даатгалын 57 сая төгрөгийн ч төлөх санхүүгийн чадамжгүй байжээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2020 онд Б.Баяржаргал, Б.Золжаргал нарын “Скай профешнл холдинг” ХХК-аас нийгмийн даатгалын өр 36.6 сая төгрөг, алданги 11.7 сая төгрөг буюу нийт 57.9 сая төгрөг нэхэмжилж шүүхэд хандаж байжээ. Харин Б.Баяржаргал, Б.Золжаргал нар шүүхэд “Манай “Скай профешнл холдинг” ХХК нь санхүүгийн хүнд байдалд орж, огт орлогогүй болсон. Тиймээс ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх боломж олдоогүй. Гэхдээ бид нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 36.6 сая төгрөгийг 2020 онд төлөхөөр хичээж байгаа. Харин алданги 11.7 сая төгрөгийн төлөх санхүүгийн боломж байхгүй” гэсэн тайлбар хийж байжээ. Улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны нэгдүгээр сарын 9-нд “Скай профешнл холдинг” ХХК-аас санхүүгийн чадамжгүй байдлыг нь үл харгалзан нийгмийн даатгалын өр, алданги 57.9 сая төгрөгийг гаргуулж, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгуулахаар шийдвэрлэж байсан аж.

        Тэгэхээр Б.Золжаргал, Б.Баяржаргалын нар 2020 онд ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийн 57 сая төгрөгийг ч төлөх чадамжгүй байжээ гэсэн үг. Гэтэл ердөө жилийн дараа 2021 онд яаж “Дөрөвдүгээр эмнэлэг” ХХК-ийг байгуулж, УИХ-ын гишүүн асан М.Билэгтээс 13 давхар барилгыг нь 20 жилээр түрээсэлж, 20 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжөөр тохижуулсан байж таарах вэ.

        Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хувийн туслахаар нь ажиллаж, хамаг ажлыг нь хариуцаж ирсэн Б.Баяржаргалдаа “Дөрөвдүгээр эмнэлэг”-ийг байгуулахад нь санхүүжилт өгсөн байж болзошгүй гэсэн үг. Туслахыг нь хийж, төмөр замын компанийг нь удирдаж ирснийх нь хариу бэлэг ч байж болно. Энэ өнцгөөс харвал, УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн Хөгжлийн банкны 77 тэрбум төгрөгийн өрийн асуудал нэг тийш шийдэгдэхгүй, 13 давхар барилгыг нь өрөнд нь хураах эсэх асуудал ч төрийн түвшинд гацчихаад байгаагийн цаана УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан байж болзошгүй буюу туслах Б.Баяржаргалынхаа “Дөрөвдүгээр эмнэлэг”-ийг хамгаалж байгаа дүр зураг харагдаж байгаа юм. 

 
 

 

 

 


ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188