• Өнөөдөр 2026-11-12

ДУУЛЖ ЖАРГАНА...

          Багш ээж нь Ө.Цэрэнчунтад анх дуулахыг зааж өгчээ. Авга ах нь уртын дуучин энэ эмэгтэй хүүгээ дуу хуурт хөтөлж байхдаа ирээдүйн том дуучин болно гэж мэдээгүй ч урлагийн хүн болох зам руу чиглүүлсэн нь энэ байж. Хүү ямар ч байсан “Дуу гэж ийм зүйл юм байна” гэдгийг мэдэж, түүний сайханд алгуурхан татагдсаар сургуульд орлоо. Дуугаараа ч олон сайхан амжилт гаргаж эхэллээ. Тэрбээр “Аав маань жолооч, ээж монгол хэл, уран зохиолын багш. Намайг цэцэрлэгт байхад цэцэрлэгийн багшаар ажиллаж байсан юм. Тэр үед надад дуулахыг зааж байлаа. Хоёр настайдаа уралдаанд оролцож, мөнгөн медаль хүртэж байсан байдаг. Тэр шагнал одоо ч надад байдаг болохоор он сар өдөртэй нь ийм сайн мэдээд байгаа юм” гэж ярьсан байдаг. Ийнхүү тэр цэцэрлэг, сургуулийн бүх л урлагийн тэмцээнд мөнөөхөн дуугаараа оролцож, нэг л мэдэхэд дуучин болохоор, дуунд амьдралаа зориулах сонголт хийн СУИС-д шалгалт өгөн зогсжээ. 

        Тэр л үед Дундговийн цангинасан хоолойтой сэргэлэн шар хүүг шалгаж авч, насан туршийн багш нь болохоор угтах эрхэм бол Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав. Монголын дуурийн урлагийн анхдагчдын нэг, ард түмний хайртай энэ сайхан эрхмээс тэр дөрвөн жил дуулах ур чадвар, дуучин хүн ямар байх ёстойг, хэрхэн дуулж, ямар хэмжээний хөдөлмөрч байж энэ мэргэжлийг эзэмшиж явахыг суралцаж, мөнхүү сайшаал магтаалыг сонсож, урам авсан нь өдгөө хүртэлх замд нь том хөтөч, суурь болсон байна. 
       СУИС-ийн дуурийн дуулаачийн ангийг төгссөн дуучин Ө.Цэрэнчунтын дараагийн илүүг суралцах зогсоол, талбар бол ОХУ-ын Саратов хотын Л.В.Собиновын нэрэмжит Улсын консерватори юм. Энд тэр жил орчмын хугацаанд суралцаад Санкт-Петербург буюу Оросын соёлын хот руу явж, үргэлжлүүлэн суралцсан байна. Энд түүнд өнөөдрийг хүртэлх замналынх нь дунд хамгийн тодоор мөнхүү бахархалтай бичигдсээр ирсэн нэгэн том боломж тохиосон нь Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийгийн алдарт Евгений Онегин дуурьт дүр бүтээх болсон нь. Оюутан залуугийн хувьд энэ бол гарцаагүй нэгэн мөрөөдлөө биелүүлж буй агшин. Ө.Цэрэнчунт дуучин энэ тухай “Тэнд гурван удаа Ленскийн дүрийг бүтээж байлаа. Сургуулиа төгсөөд Улаан-Үдийн театрт гоцлол дуучнаар ажилласан. Тэр үед зургаан удаа дуулсан юм. Ингээд бодоод үзвэл миний хамгийн олон удаа тайзан дээр дуулж, амьдруулсан дүр маань Евгений Онегин дуурийн Ленскийн дүр” хэмээжээ. Мэдээж сургуулиа төгсөж ирээд Дуурь бүжгийн эрдмийн театр хэмээх том айлын гишүүн болж, дуулж, багшилж, уран бүтээлийн завгүй он цаг өнөөдрийг хүртэл үргэлжилж, өнгөрсөн наадмаар тэр МУГЖ цол хүртсэн. Үзэгчдэд ойр сэтгэл дотно дуулалт, гэрэлтсэн цог золбоо түүнийх.
     Тайзнаа гарах бүрдээ дуулах болгондоо л тун чиг жаргалтай харагдана. Дуучин хүн ингэж л дуундаа орж, дуулж жаргадаг байхдаа гэж бодогдоно. Тэрбээр “Би хоёр чиглэлээр өөрийн бүтээлийг туурвидаг. Эхнийх нь сонгодог бүтээл дуулаачийн дуурийн жүжгэлж дуулдаг хэлбэр. Нөгөөх нь шашны хөгжим, шашны дуулал юм. Энэ бол өөрөө том судлагдахуун сэдэв. Шашны бүтээл, маани, тарнийг ая хөгжимтэйгээр дуулах, гэгээн хутагт хүмүүсийн зохиосон дууг дуулж, хүмүүст хүргэнэ гэдэг бол нэг талаасаа уран бүтээл боловч нөгөө талаас тайвшрал өгдөг бясалгалын чанартай болж байгаа юм” гэж онцолсон байдаг. Олон сайхан дууг ч өөрийн өнгө аясаар хүргэсний дотор сүүлд “Намрын дурсамж”, “Аяны шувууд”, “Дуулж явахаас даа” зэрэг дуу дуулсан нь намуухан агаад сэтгэлд ойрхон байсан. Хэзээний бидний танил, мэддэг дуунууд атал цоо шинээр сонсож байгаа мэт шинэлэг, өөр мэдрэмж байв.  “Өрөөлийг жаргааж дуулж явбал өөрөө жаргадаг сэтгэлийг таньдаа” гэж “Ухаарч амьдрах хорвоо” дууны үгэнд гардаг шиг өрөөл бусдыг жаргаасан энэ дүүрэн хөдөлмөртөө, дурлан хайрласан мэргэжилдээ орой нь болж, сайхан дуулж яваа түүнд уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Тэртээ бага наснаас өнөөдрийг хүртэл дуулсаар, дуулан жаргасаар л явна даа, тэр.

ДУУЛЖ ЖАРГАНА...
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188