• Өнөөдөр 2026-11-12

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Бүгд Найрамдах Турк Улсын Анталья хотноо зохион байгуулж буй СОР31-ийн удирдагчдын дээд түвшний уулзалт өчигдөр эхэлсэн.
Тус хуралд Конвенцод нэгдэн орсон 198 талууд, олон улсын байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөлөл зэрэг нийт 100 мянга орчим төлөөлөгч оролцож байна. Бага хурлаар Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, санхүүжилт, технологийн дэмжлэгийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа. Энэ удаагийн бага хурлыг “Ирээдүйн COP”, “Хэрэгжилтийн COP” үзэл баримтлалын хүрээнд “Яриа хэлэлцээ, зөвшилцөл, үйл ажиллагаа” гэсэн гурван үндсэн зарчимд тулгуурлан зохион байгуулж байна.
COP31-ийн нэг онцлог нь Турк, Австралийн хамтарсан удирдлагын загвараар ажиллаж, Турк Улс бага хурлыг даргалж, Австрали Улс хэлэлцээний үйл явцыг удирдаж буй явдал юм. Дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад 40 гаруй улсын Ерөнхийлөгч, 30 гаруй улсын Ерөнхий сайд болон бусад өндөр түвшний төлөөлөгчид оролцож байгаа аж.
Тухайлбал, Бразил, Египет, Финланд, Австри, Узбекистан, Азербайжан, Казахстан, Туркменистан, Кени, Нигери зэрэг улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар, түүнчлэн Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар оролцож, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсын хамтын ажиллагаа, Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлаар санал солилцлоо. Бага хурлын хүрээнд 11 дүгээр сарын 11-12-ны өдөр зохион байгуулах Дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (UNCCD COP17) Дарга Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

 


УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188