• Өнөөдөр 2026-11-12

УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Уул уурхайн салбарын ажилтнуудын “Тоосыг бүү тогтоо” зөвлөгөөн өчигдөр болж өнгөрлөө. Тус зөвлөгөөнд АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэв оролцон, салбарын бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Уурхайн олборлолт, өрөмдлөг, тэсэлгээ, баяжуулалт, нүүрс тээвэрлэлтийн явцад үүсдэг тоос, тоосонцор нь уурхайчдын эрүүл мэнд, хөдөлмөрлөх эрх, аюулгүй орчинд ажиллах нөхцөлд сөргөөр нөлөөлөхөөс гадна мал амьтан, орон нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, байгаль орчинд сөргөөр нөлөөлж, эрсдэл учруулдаг. Тоосжилтыг эх үүсвэр дээр нь бууруулж, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх нь хариуцлагатай уул уурхайн салшгүй хэсэг байдаг.
Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв тоосжилтыг эх үүсвэр дээр нь бууруулах орчин үеийн технологи, автомат усалгааны систем, агааржуулалтын шийдэл нэвтрүүлэхийг дэмжихийн зэрэгцээ ажилтнуудын эрүүл мэндийн тогтмол хяналт, мэргэжлээс шалтгаалсан өвчний эрт илрүүлгийг сайжруулах бодлого баримталж буйгаа онцоллоо. Мөн “Тоосгүй уул уурхай” зорилтыг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшил, үйлдвэрчний эвлэл, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, олон улсын сайн туршлага, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх шаардлагатай" хэмээв.
Энэ чиглэлээр уул уурхайн томоохон компаниуд тодорхой ажлууд хэрэгжүүлж байна. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2007 оноос цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах хөтөлбөр хэрэгжүүлж, тусгай зориулалтын бороожуулах, шүрших техник, тоног төхөөрөмж ашиглахын зэрэгцээ нөлөөллийн бүсийн иргэдийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд тогтмол хамруулж байна.
Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК нь уурхайн зам, нүүрсний агуулах, тээврийн талбайн тоосжилтыг бууруулах зорилгоор усалгаа хийх, тоос барьцалдуулагч бодис ашиглах, нүүрс тээврийн хэрэгслийн ачааг бүтээх арга хэмжээ авч байна. Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн нөлөөллийн бүсийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг 2021 оноос хэрэгжүүлж, зөвлөгөөнд танилцуулсан мэдээллээр 267 өрхийг 8.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр нүүлгэн шилжүүлжээ.
Уул уурхайн салбарын хөгжлийг зөвхөн олборлолт, эдийн засгийн үр өгөөжөөр бус, уурхайчдын эрүүл мэнд, хөдөлмөрлөх эрх, орон нутгийн иргэдийн амьдрах орчин, байгаль орчныг хэрхэн хамгаалж байгаагаар хэмжих ёстой. Энэ нь “Тоосыг бүү тогтоо” зөвлөгөөнөөс дэвшүүлж буй гол асуудал аж.

 


УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188