• Өнөөдөр 2026-11-12

У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН

             Залуу жүжигчин У.Сүглэгмаатай ярилцлаа.

-“Femi” бол найзуудын нэгдэл шүү дээ. Танай нэгдлийн хамтарч эхэлсэн түүхийг манай уншигчид сонирхож байгаа байх?

            -Бид анхнаасаа л хамтдаа ямар нэгэн зүйл бүтээж, өөрсдийн хүсэл мөрөөдөл, санаагаа бодит ажил болгохыг хүсдэг байсан. Хамтдаа нэг зорилгын төлөө эхлэлээ тавиад хичээгээд явж байгаадаа одоо ч итгэж өгөхгүй л байна. Femi гэдэг нь Feminine (феминин) буюу эмэгтэйлэг, эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, зөөлөн чанар, уян налархай байдал, эмэгтэй хүний энергийг илэрхийлсэн утгатай англи үгээс гаралтай товчилсон нэршил байгаа. Бид найзуудаараа ярилцаж байгаад энэ нэрийг өгсөн. Миний хувьд зүгээр нэг нэр биш. Харин нэг зорилгын төлөө нэгдсэн найз нөхөд, уран бүтээлчдийн нэгдэл юм

-LOVE&US вэбдрамын талаар ярихгүй юу?

            - Бид хайр дурлал, нөхөрлөл, залуусийн амьдрал, сонголт, харилцааны тухай өөрсдийн өнцгөөс харуулахыг зорьсон. Бидний хувьд энэ төсөл зөвхөн кино хийж үзэх гэсэн оролдлого байгаагүй. Харин өөрсдийнхөө дотор байгаа уран бүтээлч хүнийг нээж, чаддаг зүйлээ бусдад харуулах боломжоо нээсэн гэж үзэж байгаа. Мөн цаашдаа илүү том уран бүтээл хийх эхлэл болсон гэж бодож байна.

-Найзуудаараа ширээ тойрч суугаад бичсэн зохиол нь уран бүтээл болсныг харах, киногоо үзэх мөч ямар байсан бэ?

            -Манай зохиолыг Б.Хан буюу бидний үеийн зохиолч найз маань бичсэн байгаа. Бид дөрөвт “Чи яг ийм характер гаргаж чадахаар харагдаж байна” гээд зориулж зохиол бичиж өгөхөөр болсон. Харин бид өөрсдийн санаагаа хэлж ойлгуулаад гэгээлэг хөнгөхөн сэдэвтэй вэбдрама хийе гэж тохироод ажил болгосон байгаа. Эхэндээ үнэхээр хэцүү байсан ч Б.Хан найз маань их тус болсон. Бидний өмнө нь зүгээр л ярилцаад, инээлдээд, төсөөлөөд сууж байсан зүйл маань нэг өдөр бодит дүр зураг болоод дэлгэцэн дээр гарч ирэхийг харах үнэхээр гайхалтай байсан. Зохиол бичих үедээ бид дүрүүдээ төсөөлж, зарим хэсэг дээрээ маргалдаж, заримдаа өөрсдөө хүртэл инээлддэг байлаа. Харин зураг авалтын талбай дээр тэр бүх зүйл “амилж” эхэлсэн. Мэдээж анхны уран бүтээл учраас алдаа дутагдал  их байсан. Гэхдээ төгс байх нь чухал биш бид өөрсдөө эхлүүлж, хамтдаа дуусгаж чадсандаа хамгийн их баяртай байгаа

-Та бүхэнд итгэж, киног нь санхүүжүүлэх ивээн тэтгэгч олно гэдэг залуу уран бүтээлчдийн хувьд том даваа байсан байх. Анх удаа ивээн тэтгэгчтэй болж, цалин авах үеийн мэдрэмжээсээ хуваалцвал?

            -Тийм ээ, залуу уран бүтээлчдийн хувьд хүмүүсийн итгэлийг олж, өөрсдийн төсөлдөө хөрөнгө оруулалт татах, өөрсдөдөө итгүүлнэ гэдэг том сорилт байлаа.  Бидний хийж байгаа зүйлд итгээд, санхүү болон бусад зүйлээр дэмжихээр болсон нь маш их урам өгсөн.  Би үүнийг зөвхөн мөнгө авсан үйл явдал гэж хараагүй. Харин бидний хийж байгаа зүйл үнэ цэнтэй байж болох юм байна гэдгийг мэдэрсэн ГЭЖ бодож байгаа. Энэ дашрамд биднийг ивээн тэтгэж бидэнд итгэж санхүүгээр туслалцаа үзүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлье.

-Бусад уран бүтээлчийн кинонд тоглож байсан уу. Ямар дүр бүтээхийг хүсдэг вэ?

            -Миний хувьд “Сити” их сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд гурван жил ээж гэх эрхэм ажлаа хийсэн. Харин энэ жилээс уран бүтээлийн ажил руу орох гэж хичээж байна. Тиймээс олон уран бүтээлд ажиллаж амжаагүй байна. Найруулагч Ц.Хүсэлбаатар, МУГЖ С.Өлзийхүү багшийнхаа хийсэн "Миний хүүтэй гэрлээч", "Өвлийн идэш" зэрэг кинонуудад туслах дүрүүдэд оролцон тоглож байсан.

            Жүжигчин хүний хувьд өөр уран бүтээлчидтэй хамтарч ажиллах, найруулагчдын арга барилаас суралцахыг хүсдэг. Би их сониуч хүн л дээ. Өөрөөсөө тэс өөр эсрэг дүр дээр ажиллахыг хүсдэг. Яагаад гэвэл ямар нэгэн кино үзэхэд гол дүрээс илүү эсрэг дүрийг яагаад ч юм өмгөөлж хамгаалах сэдэл төрөөд байдаг. “Яагаад тэр дүр эсрэг болов” гэдэг асуулт гарч ирээд амьдралыг нь зохиож бодохоор сэтгэл өвдөөд байдаг юм. Яг л тийм гаднаа хатуу хахир зантай ч дотроо өр зөөлөн, сэтгэлтэй дүр бүтээхийг хүсэж явдаг. Эсвэл эмэгтэйлэг, нууц амрагийн дүр дээр ажиллавал жүжигчин тал дээр өөрийгөө илүү хөгжих байх гэж боддог. Жүжигчин хүн дүрээ давтахгүй үргэлж өөр хүн болж хувирч чаддаг байх ёстой гэж боддог.

-Хэрвээ ганцаараа ажилласан бол ямар байх байсан бол гэж төсөөлж байв уу?

            -Мэдээж төсөөлж байсан. Ганцаараа ажиллавал шийдвэрээ хурдан гаргаж, өөрийн хүссэн зүйлээ яг өөрийнхөөрөө хийх давуу тал бий. Гэхдээ нөгөө талаас санаагаа хуваалцах, өөр өнцгөөс харах хүнтэй байх нь маш том давуу тал юм билээ. Заримдаа миний бодоогүй зүйлийг найз маань олж харна. Миний санааг ч тэд хөгжүүлнэ. Би ганцаараа ч олон зүйл хийж чадна гэдэгтээ итгэдэг. Гэхдээ хамтдаа бүтээхэд илүү том зүйл бий болдог гэдэгт бас итгэдэг.

-Хэзээ жүжигчин болохоор шийдсэн бэ. Мэргэжлийнх нь юу таны сонирхлыг татсан юм бэ?  

            -Би бүр багаасаа л жүжигчин болохыг мөрөөддөг байсан. Бүр к-поп бүжгийн хамтлагт байсан. Гэр бүлийнхэн маань “Урлагийн хүний амьдрал хэцүү  чи чадахгүй”  гэдэг байлаа.

            МУБИС-д багш мэргэжлээр гурван жил сурсан. Гэхдээ яг үнэндээ багшийн мэргэжил гоё ч гэлээ миний хийх зүйл биш байсан. Тэр үед найз маань “Чи гал цоггүй хүн явах юм. Ингэж байхаар жүжигчнээр сур” гэж байсан. Би нээрээ яагаад ингээд яваад байгаа билээ гэж бодож, жүжигчний мэргэжлээр амжилттай сурч төгссөн. Хүн дуртай зүйлдээ илүү хичээж, жаргаж сурч чаддаг. Дөрөвдүгээр курсын эхний семистр Жан Батист Мольер "Жүрдений Хэнээрхэл" жүжгийн Жүрдений авгайн дүр дээр ажилласан юм. Дүрийнхээ дотор орж, тухайн хүний мэдрэмжийг үнэхээр ойлгож эхлэх мөчид жүжигчний мэргэжилдээ хамгийн их татагдсан. Заримдаа өөрийнхөө амьдралд хэзээ ч тохиолдож байгаагүй зүйлийг дүрээрээ дамжуулж мэдрээд тэр мэдрэмжийг үзэгчдэд үнэмшилтэй хүргэж чадвал жүжигчин хүний хувьд хамгийн том аз жаргал байх. Тайзан дээр жүжиглэх бол үнэхээр үгээр хэлж чадахгүй тийм гоё мэдрэмж байдаг. Тайзаа их санаж байна. Хэзээ нэгэн цагт боломж олдвол театрын тайзнаа гарахыг хүсдэг.

-Та контент хийдэг шүү дээ. Тэр талаараа яриа дэлгээч?

            -Сүүлийн үед контент бүтээх нь миний амьдралын нэг том хэсэг болсон. Анх зүгээр л төрсний дараах сэтгэл гутрал мэдрэхгүйн тулд өөрийнхөө өдөр тутмын амьдрал, сонирхолтой зүйлсийг инстаграм хаягтаа хуваалцдаг байсан. Харин одоо илүү утга агуулгатай, хүмүүст ямар нэгэн мэдрэмж, санаа өгөх контент хийхийг зорьж байгаа. Мөн ээж хүний хувьд өөрийгөө хөгжүүлэх, эмэгтэй хүний өөрчлөлт, гоо сайхан, өдөр тутмын амьдрал гээд олон сэдвээр ярьж, сэтгэл хөдлөлөө илэрхийлж, бусад эмэгтэйчүүдтэйгээ туршлагаа хуваалцах дуртай. Миний хувьд жүжигчин, контент бүтээгч хоёр маань хоорондоо өрсөлдөх биш, харин бие биенээ хөгжүүлэх хоёр тал  гэж харж байгаа.

 


У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188