• Өнөөдөр 2024-05-04

МОНГОЛ УЛСЫН ГАРДИ Ц.БЯМБА-ОТГОН: Миний амжилт зогсох болоогүй, харин ч эхэлж байна

2023-07-17,   6955

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн үндэсний баяр наадамд зургаа давж, бөхөд хайртай монгол түмнээ баярлуулж, цэнгүүлж чадсан бөх бол Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Ц.Бямба-Отгон. Тэрбээр энэ жилийн улсын баяр наадам найм даван гарди цол хүртэж олон түмнээ дахин цэнгүүллээ. Эргэлт.мн мэдээллийн сайт энэ удаагийн “Эр бор харцага” буландаа Монгол Улсын шинэхэн гарди Ц.Бямба-Отгоныг урьж, ярилцсаныг уншигч таны өмнө дэлгэж байна.

-Ардын хувьсгалын 102 жилийн ойн үндэсний баяр наадамд эр бяр, эд хаваан гайхуулан барилдаж, Монгол Улсын гарди хэмээх эрхэм цол хүртсэнд Эргэлт.мн мэдээллийн сайтын уншигчдын өмнөөс халуун баяр хүргэе. Үндэсний баяр наадамдаа гарамгай сайхан барилдаж гарди цол хүртсэн баярын сэтгэгдлээ монгол түмэндээ хуваалцаж, хоёулаа хөөрөлдөөнөө эхлүүлэх үү?

          -Монгол төрийнхөө наадамд сайхан барилдаж гарди цол хүртсэндээ маш их баяртай байна. Гарди цол ганц миний амжилт биш. Энэ бол бөхдөө хайртай монголчуудын амжилт. Тэр дундаа Өвөрхангай аймгийн халуун сэтгэлт зон олны минь амжилт. "Их Монголын хүчтэн" дэвжээний багш, дасгалжуулагч, бөхчүүд, анхлан энэ л дэвжээндээ бэлтгэлд гарсан залуучуудын амжилт юм. Намайг үндэсний бөхөд суралцаж байхад анхны цалинг минь өгсөн Өвөрхангай аймгийн “АЗЗА” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Лхам-Оролмаа ах болон хамт олондоо баярлалаа. Мөн "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 034 дугаар ангийн хамт олон болон "Нутгийн буян" компанийн захирал Л.Бат-Орших ах, Б.Отгонжаргал эгч нартаа баярлаж явдгаа илэрхийлмээр байна. Халуун сэтгэлээр тусалж, дэмждэг бүх хүнд баярлалаа. Та бүхний итгэл, сэтгэлийг алдахгүй улам их хичээх болно.

-Бөхөд хайртай монгол түмнийхээ итгэл, сэтгэл, хайр хүндлэлийг хүлээж, Монгол Улсын гарди хэмээх эрхэм цолонд хүрлээ. Хүссэн хүн бүхэн аваад байдаггүй ховорхон хувь заяаны эзэн боллоо. Энэ цолонд хүрэхэд асар их бэлтгэл, тууштай байдал, тэвчээрийг даван туулсан нь мэдээж хэрэг.  Анх зодог шуудаг өмсөн наадамчин олныхоо өмнө барилдаж байсан дурсамжаасаа хуваалцаач?

          -Би 2014 онд Өвөрхангай аймгийн Төгрөг сумынхаа 90 жилийн ойн баяр наадмыг үзэхээр гэр бүлийнхэнтэйгээ явж байлаа. Тухайн үед би 19 настай сумын наадамд анх удаа барилдсан даа. Барилдах бөхийн тоо хүрээгүй болохоор нэгийн даваанд гоц мөргөж давсан. Хоёрын даваанд сумын начин Батсайхан гээд чөлөөт бөхийн багш байсан хүнтэй барилдсан. Миний хөлийг шүүрч аваад дайрах шиг л болсон. Гэтэл нэг л мэдэхэд би давчихсан байсан даа. Юу болов гээд хэсэг гайхаж байв. Одоо бодоход хөл аваад дайрахаар нь би тосгуулаад хавирчихсан юм шиг байна лээ. Тэгж сумын 90 жилийн ойн баяр наадамд хоёр давж туг тойрон дэвсэн. Удалгүй цагаан хоолойгоор “Маргааш гурвын даваа эхэлнэ. Залуу бөх Ц.Бямба-Отгоныг аймгийн арслан Жамсран амлалаа” гээд зарласан. Хоёр даваад гэртээ иртэл аав “Маргааш барилдах уу” гэсэн. Би ч толгой дохиод “Барилдана” гэлээ. Тэгээд л аав минь намайг дагуулж гэрээс гарч давхиад Өвөрхангай аймгийн худалдааны зах орж анхны зодог шуудгийг маань худалдаж авч өгсөн. Аавын минь авч өгсөн зодог шуудаг л намайг үндэсний бөх хэмээх их айл руу хөтлөн оруулж байжээ. Түүнээс хойш 2017 он хүртэл сайн бэлтгэл хийж чадаагүй. Жилд хоёр сарын л бэлтгэл хийдэг байсан. Тухайлбал, хичээл амарчихаар наадмын өмнө нэг сар бэлтгэл гарна. Мөн цагаан сарын амралтаараа сарын бэлтгэлд гардаг байлаа. Иймэрхүү байдалтай бэлтгэл сургуулилалт хийж сумын заан цолонд хүрсэн. 2017 онд их сургуулиа төгсөөд бэлтгэлээ ерөнхийдөө жигд сайн хийж эхэлсэн дээ.

 

Миний анхны зодог шуудаг бол хамгийн үнэ цэнтэй зүйлсийн минь нэг

-Тэгэхээр 19 настай барилдаж эхэлсэн гэхээр нэлээд хожуу бөхийн спортод хөл тавьжээ?

          -Би 19 настайдаа барилдаж эхэлсэн. Жигд сайхан бэлтгэл хийж, бөхийн спортод эргэлт буцалтгүйгээр орсон үе бол 21 насандаа.

- Анхны юм гэдэг хүний сэтгэл хэзээ ч мартагдахааргүй сайхан дурсамжийг агуулж, хадгалж байдаг шүү дээ. Тэгэхээр та аавынхаа худалдаж авч өгсөн зодог шуудгийг өмсөж, олон барилдаанд оролцож, түрүү, үзүүрт барилдаж байв уу?

          - Миний анхны зодог шуудаг бол хамгийн үнэ цэнтэй зүйлсийн минь нэг. Тэр дундаа аав минь хүүгээ барилдуулахаар сэтгэл гарган авч өгсөн бэлэг. Тийм ч учраас аавынхаа авч өгсөн зодог шуудгийн багадтал нь өмссөн. Одоо миний төрж өссөн хөдөө гэрт минь хадгалагдаж байгаа. Аавынхаа авч өгсөн зодог шуудгийг өмсөн барилдаж сумын заан цол хүртсэн дээ.

Дотуур байрны урд болон баруун талд байдаг асгасан элсэн дээр өдөржингөө барилдаж өссөн дөө

-Багадаа хонины бэлчээрээс авахуулаад үе тэнгийн хүүхдүүдтэйгээ барилддаг байсан дурсамжаасаа хуваалцаж болох уу?

          -Би багадаа Өвөрхангай аймгийн Төгрөг сумынхаа сурагчийн дотуур байранд амьдардаг байлаа. 14 хоноод аав, ээж хоёр хөдөөнөөс ирж авдаг байсан. Амралтын хоёр өдөр хөдөө гэртээ очиж, малын наагуур, цаагуур гүйж аав, ээждээ тусална. Тэгээд л буцаад сургуульдаа сурахаар сурагчийн дотуур байрыг зорьдог байлаа. Дотуур байрны урд болон баруун талд байдаг асгасан элсэн дээр өдөржингөө барилдаж өссөн дөө.

 

 Би “Аав би таны морийг унаад тийшээ яваад ирэх үү” гэхээр аав “Болохгүй шүү, наад чинь эмнэг” гэдэг байсан.

-Таныг нутгийнхан тань морин дуртай, эмнэгт эрэмгий байсан гэж ярьдаг юм билээ. Үнэн үү?

          -Ер нь эмнэг сургах хоббитой(сонирхолтой) байсан. Үүнээс гадна манай аав бол эмнэгт үнэхээр гарамгай хүн байлаа. Нас бие гүйцсэн ямар ч бүдүүн морийг барьж аваад л сургачихдаг байсан. Би арваннэгдүгээр ангид сурч байх намраа гэртээ очтол аав айлын эмнэг морь сургачихсан байлаа. Би “Аав би таны морийг унаад тийшээ яваад ирэх үү” гэхээр аав “Болохгүй шүү, наад чинь эмнэг” гэдэг байсан. Ер нь эмнэг адуу гэдэг чинь айхтар, халгамаар шүү дээ.

-Ах нар нь барилддаг уу. Ер нь таны аав, ээжийн талд бөхийн удам бий юү?

          -Манай ах нар тэр бүр барилдаад байдаггүй. Гэхдээ хөдөө үеийнхээ залуустай барилдахдаа бол торойчихдог шүү. Түүнээс биш барилдаад цол аваад, бэлтгэл сургуулилалт хийгээд байдаггүй л дээ. Ер нь манай аав, ээжийн удамд барилдаж байсан хүн бол байхгүй. Гэхдээ аавын ч, ээжийн ч удамд бяр, тэнхээтэй хүн олон байсан юм билээ.

-Ер нь тууштай бэлтгэл хийгээд барилдвал цол авах боломжтой гэсэн үг үү?

          -Нэг талдаа бол тийм байж болох. Нөгөөтээгүүр бол бөх болно гэдэг тийм амар зүйл биш л дээ. Нэг үгээр бол сайхан бие, бяр тэнхээтэй байж байгаад бөх болчихдоггүй. Бөх болно гэдэг бол маш их золиос, тэсвэр тэвчээрийг туулахаас гадна ар гэр хэр сайн дэмжихээс шалтгаалдаг. Үндэсний бөх мэргэжлийн спорт болон хөгжиж байна. Тэгэхээр хэн сайн дэмжлэгтэй, тухайн спортоо цаг заваа зарцуулж чадаж байна. Тэр хүн л амжилт гаргана. Түүнээс биш том биетэй, бяр тэнхээтэй олон залуус байна. Тэр залуус яагаад бөх болохгүй байна. Барилдлаа гэхэд яагаад амжилт гарахгүй байна вэ. Тэгэхээр энэ бол өөрөө тусдаа асуудал юм л даа. Нэг үгээр бол хэн авьяасаа хөгжүүлж, тууштай байж чадна тэр хүн л амжилт гардаг.

-Анх Өвөрхангай аймгийнхаа барилдаанд зодоглож байсан дурсамжаасаа хуваалцвал?

          -2014 онд анх сумын наадамд барилдсаныхаа дараа жил аймгийнхаа баяр наадамд зодоглож байлаа. Гэвч нэгийн даваанд өвдөг шороодсон. Түүнээс 2017, 2018 онуудад барилдаад амжилт гаргаж чадаагүй. Харин 2020 онд аймгийнхаа баяр наадам сайхан барилдаж заан цол авсан даа. Харин улсын баяр наадамд 2019 онд барилдаж хоёрын даваанд учраа бөхдөө өвдөг шороодсон. 2022 онд улсын баяр наадамдаа барилдаж харцага цол хүртээд энэ жил гарди цолны эзэн боллоо.

-Өвөрхангай баяр наадамд барилдаж цол авахад тань аав нь хамт байсан гэдэг. Тухайн үед хүүгээ цол авахад аав нь ямар үгээр ерөөл өргөж, урам хайрлаж байв?

            -Намайг аймгийн заан цол хүртэхэд аав минь хамт байлаа. 2014 оноос хойш барилдаж эхэлсэн тэр үеэс л аав минь намайг дэмжиж, тусалж ирсэн. Намайг аймгийн наадамд түрүү булаалдан барилдах гэж байхад над руу ерөөсөө эгцэлж хараагүй.

Хүүгээ сайхан барилдаж байхад эцэг, эх нь эгцэлж хардаггүй дом байдаг юм билээ. Тэр утгаараа аав хажуу тийшээ хараад л сууж байсан даа

Яагаад тэр вэ?

          -Хүүгээ сайхан барилдаж байхад эцэг, эх нь эгцэлж хардаггүй дом байдаг юм билээ. Тэр утгаараа аав хажуу тийшээ хараад л сууж байсан даа. Барилдаан дууссаны дараа аав намайг үнэрлээд “Дараа жил арслан цолны найр хийнэ дээ” хэмээн бэлгэшээж байсан даа.   

-Үндэсний бөхөөр барилдаад улсын цол авна гэдэг бол том хувь заяа гэж боддог. Олон ч хүн ингэж боддог байх. Харин таны бодлоор?

          -Ер нь цаанаасаа том хувь заяатай хүн шиг санагддаг. Яагаад гэхээр Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн үндэсний баяр наадмын барилдаанд 1024 бөх зодоглосноос зургаа давж харцага цол хүртсэн. Үүний өмнө заал танхимын барилдаанд сайн барилдаад танигдчихсан байлаа. Тиймээс өөрийгөө цол авна гэдэгт итгэлтэй байсан. Энэ нь ч цаашдын амжилтад нөлөөлөх байх гэж боддог. Миний амжилт зогсох болоогүй, харин ч эхэлж байгаа гэж бодож байна.

-Энэ жилийн баяр наадмын тавын даваанаас хойш тунаж барилдлаа. Ер нь гурав дараалан тунана гэж бодож байв уу?

          -Тав, зургаагийн даваанд  тунах байх гэж бодож байсан. Гэхдээ наадамд очоод нэгийн даваанд барилдах нь чухал байхгүй юу. Нэгийн даваанд давж байж хоёрын даваанд барилдана шүү дээ. Аливаа наадамд барилдахаа нэгээс нь эхэлж сайн бодож төлөвлөх хэрэгтэй. Би сумын заан цолтой байхдаа найдвартай түрүүлнэ гээд л барилддаг байв. Тэгээд нэг хоёрын даваанд уначих жишээтэй. Энэ жилийн баяр наадамд Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат Д.Хүдэрбулга начинтай тавын даваанд тунасан. Өөрийнхөө бодож байснаар сайхан барилдаад давсан.


МОНГОЛ УЛСЫН ГАРДИ Ц.БЯМБА-ОТГОН: Миний амжилт зогсох болоогүй, харин ч эхэлж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 13
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-15 09:14:41
    баяраа: Монгол бөхийн ноён оргилд хүрээрэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-04 20:07:40
    Энхтөгөлдөр: Дархан аварга болноо дүү .2022 оны хавар фс дээр начин харцага бүр цаашаа өндөр цолонд хүрнээ гэж сэтгэгдэл ерөөл бичиж байлаа.чадсан шүү одоо их том ирээдүй байгаа .Энэ унаган төрмөл авъяас чадал төлөв түвшин зан төрх жудаг чанараа хадгалж их Цэрэнтогтох аваргынхаа цолонд хүрээрэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-20 21:21:24
    Бөх: Бөхөд хожуу орсон, дундуур нь ковид гээд наадам хийгдээгүй завсарласан гэхэд асар хурдан амжилт гаргалаа. Ноднин харцага, энэ жил гарьд, ирэх жил арслан гээд явах нь уу даа? Мэдрэмжтэй, уян хатан, мэхэндээ даацтай, хараа сайтай, ухаанаар голдуу барилддаг онцлогтой сайн бөх гэж боддог шүү. Улсын арслан, аварга болчихоод зогсч байхыг үгүйсгэхгүй. Амжилт хүсье. Даруу байж бэлтгэлээ сайн хийгээрэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-18 21:03:42
    Аварга болох залуу : Хөл, ташаандаа маш их хүчтэй суурь сайн бат бөх, дотоод сэтгэлийн тамир ихтэй аварга хүний шинжийг агуулсан заулуу байна лэ. Чи аварга болох хүч чадал, авьяастай хүн байна лээ. Аварга боллороорой.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-18 12:37:14
    Д. Баяр магнай: Сайхан барилдаж гардь боллоо улам сайн барилдаж монгол бөхийн ноён оргил цолонд хүрч барилдаарай дүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-18 12:35:31
    Д. Баяр магнай: Сайхан барилдаж гардь боллоо ул сайн барилдаж монгол бөхийн ноён оргил цолонд хүрч барилдаарай дүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-18 09:29:45
    Д.Баатар: Аварга цол аваарай гэж ерөөе.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-18 08:23:31
    Батсйхан: цагыг эзэлсэн их аврага болоороо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-18 03:44:39
    bobby: gaihaltai zaluu,amjilt husie
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-18 03:13:24
    Монгол ард: Сайхан зөв бодолтой хүү шиг санагдлаа. Аварга болох болтугай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-17 22:42:13
    Наваан : Үнэхээр сайхан бие хаатай, бодлого, зорилготой сайн хүү цаашид их яваж барилдаж өндөр цолонд хүрэхийг хүсье
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-17 22:42:13
    Наваан : Үнэхээр сайхан бие хаатай, бодлого, зорилготой сайн хүү цаашид их яваж барилдаж өндөр цолонд хүрэхийг хүсье
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-17 10:53:47
    Шар: Зөв эхэлж бна. Цэрэнтогтох аваргын залгамж нь нутгаасаа гарч бна даа гэж хэдэн сарын өмнө сэтгэгдэл бичиж байв. Харах нүдэнд дулаанхан сайхан Их аварга болоорой.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188