• Өнөөдөр 2024-04-24

Ц.АНАНДБАЗАРЫН ХОТЫН ТӨВИЙН ХУУЛЬ БУС ТӨЛБӨРТЭЙ ЗОГСООЛУУДЫН ХАШААГ НУРААЯ, ХОТЫН ДАРГА АА

2022-05-19,   680

         Монголын төр Ц.Анандбазарыг төлбөртэй зогсоол хууль бусаар ажиллуултал нь хоосон нойтон, ядуу зүдүү амьдруулаагүй л юм сан. Төрийн захиргааны байгууллагуудынхаа, төрийн өмчит үйлдвэр, уурхайнуудынхаа бүх л шатахууныг зөвхөн түүнээс л авч, төсвийн мөнгийг түүний компаниуд руу л тэрбум тэрбумаар нь шилжүүлж ирсэн. Хотын төвийн Соёлын төв өргөөгөө, Богдхан уулынхаа Бага тэнгэрийн амаа хүртэл түүнд өгсөн. Гэвч хүний шуналд хязгаар, хазаар гэж байдаггүй бололтой, ямар сайндаа л тэр төрийн ордны яг хажууд хууль бус төлбөртэй зогсоол ажиллуулж, зогсоол хайсан иргэдийн “зоос”-ыг сэгсрээд сууж байна. 
 
Тэгвэл шатахууны магнат, шалдар булдар бизнесээс татгалзах бэл суусан баймаар толгой баян Ц.Анандбазарын хууль бус төлбөртэй зогсоолыг холбогдох баримтын хамт танилцуулж байна.

Ц.АНАНДБАЗАРЫН ХУУЛЬ БУС ТӨЛБӨРТЭЙ ЗОГСООЛ ӨДӨРТ 360 МЯНГАН ТӨГРӨГИЙН АШИГ ОЛДОГ

        УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын “Сод Монгол групп” ХХК Соёлын төв өргөөний В корпуст байрладаг. Ц.Анандбазар 2008 оны долдугаар сарын 1-ний хар өдрөөс хэдхэн хоногийн дараа В корпусыг дангаар нь тасалж, хувьчилж авсан гэдэг. Их үймээний дүйвээнээр хувьчилж авсан учраас хэн ч анзаараагүй, хэл ам гараагүй. Гэхдээ хувьчлах гэх үү, хүчээр гэх үү, ямартай ч тухайн үедээ нийслэлийн захиргааны байгууллагууд Ц.Анандбазарт шатахууны тэрбум гаруй төгрөгийн өртэй байсан бөгөөд өрөндөө өгсөн гэх яриа ч байдаг. Өдгөө “Сод Монгол групп” ХХК-ийн оффислож буй Соёлын төв өргөөний В корпус, 2157 м2 эзэмших эрхтэй газартайгаа “Ньютур сафарис” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байдаг. “Ньютур сафарис” ХХК-ийг УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын төрсөн дүү Ц.Пүрэврэнчин, ээж З.Бямбаа нар нь эзэмшдэг. 
ТАЙЛБАР: СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨНИЙ В КОРПУСЫН АРД, УРД ТАЛБАЙГ Ц.АНАНДБАЗАРЫН ЭЭЖ З.БЯМБААГИЙН "НЬЮТУР САФАРИС" ХХК ЭЗЭМШДЭГ
      Хамгийн ноцтой нь, Ц.Анандбазар Соёлын төв өргөөний В корпусын урдах талбайг 30, ардах талбайг 20 авто машины зогсоол болгож, хууль бусаар орлого олсоор өдий хүрэв. Ардах 20 автомашины зогсоолоо оффисынхоо ажилчиддаа хэрэглүүлдэг бол урдах 30 автомашины зогсоолоо ойролцоох албан байгууллагуудын ажилчид, иргэдэд цагийн төлбөртэй ашиглуулдаг. Тэр зогсоол нь нэг цагийн 1000 төгрөгийн төлбөртэй. Нэг цагт 30 автомашин буюу 08:00-20:00 цаг хүртэл 12 цаг төлбөртэй ажилладаг гэж тооцвол өдөрт 360 мянган төгрөг олдог “бяцхан” бизнес нь гэсэн үг л дээ. 

2021 ОНД НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖААР Ц.АНАНДБАЗАРЫН АВТО ЗОГСООЛЫН ХАШААГ НУРААХ ШИЙДВЭР ГАРСАН Ч ХЭРЭГЖЭЭГҮЙ

       Ц.Анандбазарыг зогсоолыг хууль бус гээд байгааг баримтаар тайлбарлъя. Нийслэлийн Засаг даргын 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн А/251 дүгээр захирамж буюу нийтийн эзэмшлийн зам талбай болон иргэн, хуулийн этгээдийн газрын зөрчил арилгаж, газар чөлөөлөх байршлын жагсаалтын 1070, 1071-т “Ньютур сафарис” ХХК-ийн буюу Ц.Анандбазарын хууль бус төлбөртэй хоёр зогсоолууд бичигджээ. Өөрөөр хэлбэл, “Ньютур сафарис” ХХК-ийн эзэмшлийн Соёлын төв өргөөний В корпусын өмнөх болон арын авто зогсоол нь хууль бус учраас төмөр хашааг нь буулгах, зогсоолын хаалтыг авах, газрын зөрчлөө арилгах, чөлөөх тухай Нийслэлийн Засаг даргын шийдвэр гаргачихсан гэсэн үг. Харамсалтай нь, газар чөлөөлөх, зөрчлөө арилгах захирамж гараад бүтэн жилийн хугацаа өнгөрч байхад “Сод Монгол групп” ХХК өнөөдөр ч хууль бус төлбөртэй зогсоолоо ажиллуулсаар байна. 
       Түүнчлэн бид, Нийслэлийн замын хөгжлийн газрын Авто зогсоол, ачилт буулгалт хариуцсан мэргэжилтэн Р.Амарсанаатай холбогдож тодруулахад, “Манай Замын хөгжлийн газартай төлбөртэй зогсоолын гэрээ байгуулсан буюу зогсоол ажиллуулах зөвшөөрөлтэй 60 гаруй иргэн, аж ахуйн нэгж бий. Хүүхдийн төв номын сан болон Улсын филармонийн дундах арктай талбайн хувьд зөвшөөрөлгүй. Бид удахгүй зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа зогсоолуудад шалгалт хийнэ” гэх тайлбар өгсөн. 
 
Уг нь бол төлбөртэй зогсоол ажиллуулж буй аж ахуйн нэгж нь олсон орлогынхоо 60 хувийг Авто замын санд тушаах журамтай юм билээ. Харин Ц.Анандбазарын авто зогсоолын тухайд Нийслэлийн замын газартай гэрээ байгуулаагүй буюу хууль бусаар ажиллуулж буй учраас ашиг нь зөвхөн өөрийнх нь халаасанд ордог гэсэн үг. 

Ц.АНАНДБАЗАР 50 АВТОМАШИНЫ ЗОГСООЛТОЙ, ТҮҮГЭЭРЭЭ МӨНГӨ ОЛЖ БАЙХАД ХАЯА ЗАЛГАА ХҮҮХДИЙН НОМЫН САН ЗОГСООЛГҮЙ, УЛСЫН ФИЛОРМОНИЙН 180 УРАН БҮТЭЭЛЧ ДУНДАА 10 АВТОМАШИНЫ ЗОГСООЛТОЙ

       Ц.Анандбазарын “Сод монгол групп” ХХК-ийн оффисын хоёр талд Монголын Хүүхдийн төв номын сан, Монголын уран зургийн галерей, Монголын театрын музей, Монгол Улсын филармони тэргүүтэй төрийн статустай урлаг соёлын байгууллагууд байрладаг, гэвч аль алинд нь зогсоол байхгүй. Монгол Улсын филармони л гэхэд 180 гаруй уран бүтээлчтэй атлаа үүдэндээ 10 хүрэхгүй автомашин зогсох умгархан талбайтай. Уран бүтээлчдийн үйлчилгээний автобус нь орж ирээд зогсохоор хажууд нь гурван машин л зогсож багтдаг юм билээ. Хүүхдийн номын сангийн хувьд бүр зогсоол байхгүй. Дээрээс нь Соёлын төв өргөө бол Улаанбаатар хотын төв цэг, түм түжигнэж, бум бужигнаж байдаг олны хөлийн газар. Энэ ч утгаараа тэнд өдрийн цагаар зогсоол олно гэдэг тэнгэрээс од шүүрэх дайны азанд тооцогддог. 
 
Гэтэл УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Соёлын төв өргөөний дундах ганц ашигтай талбайг нь дангаараа өмчилж, төмрөөр хашаалж авчихаад, зогсоол хайсан иргэдийн “зоос”-ыг хууль бусаар халааслаад сууж байна. Түүнчлэн, Ц.Анандбазарын төлбөртэй зогсоолоос нь гадна ажилчдынх нь авто зогсоол гэхэд 20 автомашины талбайтай. 
ТАЙЛБАР: СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨНИЙ В КОРПУСЫН АРД БАЙРЛАХ Ц.АНАНДБАЗАРЫН АЖИЛЧДЫН АВТО ЗОГСООЛ

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДААС САР ТУТАМ ТЭРБУМ ТӨГРӨГ АВДАГ АТЛАА ЦАГИЙН 30 МЯНГАН ТӨГРӨГИЙН ОРЛОГОТОЙ ХУУЛЬ БУС “БЯЦХАН” БИЗНЕСЭЭСЭЭ ТАТГАЛЗАХ БОЛОХГҮЙ ЮУ

        Нэг сонирхолтой жишээ дурдъя. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар “Сод Монгол групп” ХХК, “Мэргэн ван” ХХК, “Интер стандарт нефть” ХХК-иудаараа “МИАТ” ТӨХК-иас л гэхэд 2017-2021 онд 87.6 тэрбум төгрөг авсан баримт бий. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зөвхөн “Сод монгол групп” ХХК-иараа 2021 онд 5.8 тэрбум төгрөг, 2022 оны эхний гурван сард 8.8 тэрбум төгрөг аваад зогсохгүй, саяхан тус үйлдвэрийн 38.8 тэрбум төгрөгийн тендерт нь шалгараад байгаа. Төр захиргааны байгууллагуудаас, төрийн өмчит үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудаас сар тутам тэрбум төгрөг ингэж авч байж цагт 30 мянган төгрөгийн ашигтай төлбөртэй зогсоолын бизнесээсээ татгалзаж болдоггүй юм уу. Төрийн түшээ нь түмнийхээ халаасыг хууль зөрчин тэмтрээд сууж байж болох юм уу. Бага тэнгэрийн аманд 7.6 тэрбум төгрөгийн хоёр хаусанд ээлжлэн амьдарч, 950 саяын дөрвөн автомашин сольж унадаг төрийн түшээ атлаа ядарсан иргэдийнхээ, ядаж л Соёлын төв өргөөнд байрладаг урлаг соёлынхны халаасыг сэгсэрч, цаг тутам 1000 төгрөг татаад суухаасаа санаа зовсонгүй юу. Хүчингийн хэрэг, Хөгжлийн банкны хэрэгт нь хариуцлага хүлээлгэж чаддаггүй юм гэхэд ядаж хууль бус төлбөртэй зогсоолыг нь болиулж болох уу, хотын дарга аа. 
 
       Иймд, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын Соёлын төв өргөө дунд байрлах хууль бус төлбөртэй зогсоолын хашааг нураая, ядаж л Хүүхдийн номын сангийнхан, Улсын филармони, Театрын музейн ажилчдын тал нь ч болтугай зогсоолд санаа зовохгүй ажилдаа ирдэг болгоё. Хотын төвийн газраа хэдий болтол түүний халаасаа түнтийлгэдэг бизнес хэлбэрээр ашиглуулах юм бэ, тэртээ тэргүй төр түүнд өгдгөө өгч байгаа. 
 

Ц.АНАНДБАЗАРЫН ХОТЫН ТӨВИЙН ХУУЛЬ БУС ТӨЛБӨРТЭЙ ЗОГСООЛУУДЫН ХАШААГ НУРААЯ, ХОТЫН ДАРГА АА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188