• Өнөөдөр 2024-03-29

ГААЛИЙНХАНД ГАВ ЗҮҮЛГЭХ 1.9 САЯ ТОНН НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ХЭРГИЙН МӨРӨӨР

2022-11-26,   2429

       Гаалийнхан “Нүүрсчдийн бүлэглэл”-ийн гол хамтрагч, гар, хөл нь болж, 600 гаруй тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 1.9 сая тонн нүүрс хулгайгаар хил гаргасан нь хууль хяналтынханд баригджээ. Өөрөөр бол, гаалийнхан “Буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй” гэх ганган урианыхаа яг эсрэг ажиллаж, улсынхаа нүүрс гэх хамаг буяныг хууль бусаар хил гаргаж, хагартлаа баяжицгааж байсан нь баримтаар илчлэгдсэн байна. 

Тэгвэл гаалийнханд гав зүүлгэх, асар олон хүнийг “аавынд” аваачиж болзошгүй 1.9 сая тонн нүүрсний хулгайн хэргийн ноцтой баримтыг дэлгэж байна. 


ГААЛИЙНХАН “НҮҮРСЧДИЙН БҮЛЭГЛЭЛ”-ИЙН ГАР, ХӨЛ БОЛЖ, ГАШУУНСУХАЙТ БООМТООР 1.9 САЯ ТОНН БУЮУ 600 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НҮҮРС ХУУЛЬ БУСААР ГАРГАСАН НОЦТОЙ БАРИМТ

      ГЕГ-ын дотоод шалгалтаар “Нүүрсчдийн бүлэглэл” болон гаалийнхан хамтарч, Гашуунсухайт боомтоор 2022 оны дөрөвдүгээр сар 30-ныг хүртэлх хугацаанд 22.600 ачааны автомашинаар 1.9 сая тонн коксжих нүүрс гаалийн бүрдүүлэлт хийлгүй хууль бусаар хил давуулсан ноцтой хэрэг ил болжээ. Яг одоо энэ хэргийг мөрөөр АТГ, цагдаа, тагнуулынхан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, давхар УИХ-аас байгуулагдсан Хянан шалгах түр хорооныхон шалгалт хийж байна. Хууль бусаар хил давуулсан дээрх 1.9 сая тонн нүүрс нь зах зээлийн ханшаар 181.8 сая ам.доллар буюу 618.1 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байгаа бөгөөд улсад асар их хохирол учруулсан маш ноцтой гэмт хэрэг болж хувираад байна. 
     
     Зөвхөн төсөвт төвлөрүүлэх ёстой байсан орлого буюу экспортын нүүрсний хураамжийг тонн тутамд 1500 төгрөгөөр тооцвол 1.9 сая тонн нүүрсний хураамж нь 3.0 тэрбум төгрөг болно. Гэтэл гаалийнхан болон “Нүүрсний бүлэглэл” энэ их мөнгийг замаас нь “залгиж”, хувьдаа завшчихсан гэсэн үг юм. Цаашилбал, 1.9 сая тонн буюу 181.8 сая ам.долларын нүүрсний цаана их хэмжээний АМНАТ, нүүрс тээврийн компаниудын орлогын албан татвараас зайлсхийж, зугтсан хэрэг ч нэмэгдэж байгаа аж.  

ГАШУУНСУХАЙТ ДАХЬ ГААЛИЙНХАН 1.9 САЯ ТОНН НҮҮРС ХУЛГАЙГААР ГАРГАХДАА МАНИФЕСТ ҮҮСГЭХ БОЛОН ХООСОН ГЭЖ БҮРТГЭХ ХОЁР АРГА АШИГЛАДАГ БАЙЖЭЭ 

        Энэ хэрэг яаж илэрсэн гэхээр, Улсын хилээр нүүрс тээвэрлэдэг автомашинуудын улсын дугаарыг Хил хамгаалах ерөнхий газрын мэдээллийн сан, Гаалийн ерөнхий газрын Гаалийн бүрдүүлэлтийн мэдээллийн сангаас харьцуулж шүүж үзэхэд 22664 автомашины бүртгэл зөрүүтэй гарсан байгаа юм. Жишээ нь, 1234... улсын дугаартай ачааны автомашин хилээр гарсан нь Хил хамгаалах ерөнхий газрын мэдээллийн санд бүртгэгдсэн байхад ГЕГ-ын Гаалийн бүрдүүлэлтийн санд хэдий хэмжээний нүүрс ачиж гарсан мэдээлэл нь байхгүй байсан гэсэн үг. Энэ сэжүүрээс “Нүүрсчдийн бүлэглэл” болон Гашуунсухайтын гаалийнхны луйврын гол аргыг илрүүлсэн байна. Тодруулбал, тэд экспортын гаалийн мэдүүлэг бичилгүйгээр зөвхөн Хятадын талын хилээр оруулах үед заавал шаарддаг манифестыг үүсгэдэг байсан аж. Улмаар улсын хилээр гарах үед нь хуйвалдсан гаалийн байцаагч нар нь тухайн манифестэд нь үндэслэн ёс төдий шалгасан болоод нүүрс ачсан автомашинуудыг хэдэн мянгаар нь хилээр гаргадаг байжээ. Товчхондоо, “Нүүрсчдийн бүлэглэл”-ийнхэн Хятадын гаальд шалгуулах бичгээ Монголын гаальд үзүүлээд гарчихдаг байсан гэсэн үг.  
Яг энэ аргаар буюу гаалийн мэдүүлэг бичилгүйгээр манифест ашиглан зөвхөн 2017-2018 онд л гэхэд 2211 удаагийн үйлдлээр 40.8 тэрбум төгрөгийн 186.0 мянган тонн нүүрсийг хууль бусаар хил давуулсан нь нотлох баримтуудаар тогтоогдсон байна. 
 
       Түүнчлэн, гаалийнхан дүүрэн нүүрс ачсан автомашиныг “хоосон” гэж бүртгэх, чиргүүлтэй ачааны автомашиныг “чиргүүлгүй” гэж бүртгэх гэх мэт аргыг ч ашигладаг байжээ. 

ГЕГ-ЫН ДАРГА Б.АСРАЛТ, ГБГ-ЫН ДАРГА Б.ЗОРИГОО, ГАШУУНСУХАЙТ ДАХЬ ГААЛИЙН ГАЗРЫН ДАРГА Л.ГАНБАЯР НАРЫН АЛБАН ТУШААЛТНУУД 1.9 САЯ ТОНН НҮҮРСНИЙ ХУЛГАЙН “ХАМТРАГЧ” УУ

       Хууль хяналтынхан дээрх 1.9 сая тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүйгээр хууль бусаар хил давуулсан хэргийг шалгах явцад төрийн түшээд, эрх баригч намын нэр бүхий хүмүүс, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нэр бүхий албан тушаалтнууд, татвар хураамжаас зугтах гэсэн төрд эзэнтэй нүүрс тээврийн компаниуд, ГЕГ болон Гашуунсухайт дахь гаалийн газрынхан гээд асар олон хүн оролцсон, маш нарийн зохион байгуулалттай “сүлжээний” гэмт хэрэг болох нь батлагдаж байгаа аж. 

Хамгийн ноцтой нь, Гаалийн ерөнхий газар болон Гашуунсухайт дахь гаалийн газрынхан удирдлагаасаа эхлээд байцаагч хүртлээ бүгд 1.9 сая тонн нүүрсний “хулгай”-н хэрэгт оролцсон байж болзошгүй гэнэ. Учир юу гэвэл, улсын хилээр 1.9 сая тонн нүүрс хууль бусаар гаргах ажиллагааг жирийн нэг гаалийн байцаагч удирдлагуудаасаа нууцаар зохион байгуулах боломжгүй. Тэгэхээр, ГЕГ-т “дархлагдсан”, “Сү.Батболдын” гэх тодоос тод, томоос том хаягтай явж ирсэн Б.Асралт, ГЕГ-ын Гаалийн бүрдүүлэлтийн дарга Д.Зоригоо болон Гашуунсухайт дахь гаалийн газрын дарга Л.Ганбаяр тэргүүтэй Гаалийн удирдлагууд 1.9 сая тонн нүүрсний хулгайн хэрэгт “Нүүрсчдийн бүлэглэл”-тэй хамтарсан байж болзошгүй аж.

     Өөрөөр бол, тэд “Нүүрсчдийн бүлэглэл” таван жилийн хугацаанд улсын хилээр 1.9 сая тонн нүүрс хулгайгаар гаргаж байхад тэд огт мэдээгүй, эсвэл зүгээр хараад сууж байсан байж огт таарахгүй юм. Тийм ч учраас жараахайнуудаар нь дамжуулан акулуудыг нь илрүүлэхийн тулд дээрх 1.9 сая тонн нүүрсийг хууль бусаар хил давуулсан 2017-2022 оны хугацаанд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хад суурьшлын бүсэд байрлах нүүрс хадгалах, тээвэрлэх, ачих, буулгах үйл ажиллагаа явуулдаг 28 гаалийн хяналтын бүс, экспортоор гаргах нүүрсний бичиг баримтын бүрдүүлэлтийг хийдэг “Энержи ресурс” ХХК-ийн гаалийн хяналтын бүсэд байрших “Гаалийн нэг цэгийн үйлчилгээний төв”-д томилогдож ажилласан гаалийн байцаагч нарыг нэг нэгээр нь шалгаж буй ажээ. 

ТӨРД ЭЗЭНТЭЙ НҮҮРС ТЭЭВРИЙН КОМПАНИУД 1.9 САЯ ТОНН НҮҮРСНИЙ ХУЛГАЙД ОРОЛЦСОН УУ 

     Улсын хилээр 1.9 сая тонн нүүрс хулгайгаар гаргасан хэргийг гардан зохион байгуулагчид нь төрд эзэнтэй нүүрс тээврийн компаниуд байж болзошгүй гэх мэдээлэл байна. Тэдгээр компаниуд төрд хамгаалах эзэнтэй учраас “Эрдэнэс тавантолгой” ХК-д дураараа дургиж, нүүрс хулгайгаар хил давуулах гэмт хэргийг таван жил “баригдалгүйгээр” үйлдэж, тэр байтугай гаалийнхныг гар хөлөө болгож ашигласан гэж хардаж буй ажээ. 
 
     “Эрдэнэс тавантолгой” ХК-тай жил тутам гэрээ байгуулж, нүүрс тээвэрлэдэг компаниудтай холбоо, хамааралтай төрийн түшээд олон бий. Жишээ нь, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн ХОМ-тээ дурддаг, хувийн хэд хэдэн компанийнх нь гүйцэтгэх захирлаар ажилладаг, хамаарал бүхий Б.Эрдэнжаргалын “Глобал гүүр транс “ХХК нь “Эрдэнэс тавантолгой” ХК-аас 50 ачааны автомашинаар БНХАУ руу нүүрс зөөдөг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хуурай дүү, алдарт “Андлалын хөшөө”-ний луйврын хамтрагч Л.Батсүрэнгийн “Эсдэ” ХХК нь мөн л жил бүр “Эрдэнэс тавантолгой” ХК-тай нүүрс тээврийн гэрээ хийдэг. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн Хятадуудтай хамтрагч эзэшдэг байсан “Дайлингийн хишиг тээвэр” ХХК, “Хишиг сайхан ундрах” ХХК, “Ивээл сар транс” ХХК, “Азын хишиг дэлгэрэх” ХХК-иууд энэ онд “Эрдэнэс тавантолгой” ХК-тай 504 автомашинаар нүүрс тээвэрлэх гэрээ байгуулсан. УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн бизнесийн “алтан” хамтрагч С.Жаргалсайханы “Харгуйн тал транс “ХХК, зөвлөх Н.Биндэръяагийнх нь бизнесийн хамтрагч Э.Оюутцэцэнгийнх нь хамаарал бүхий “Голден фрейт” ХХК-иуд нүүрс тээврийн гэрээ байгуулдаг. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн хамаарал бүхий этгээд Ч.Батжаргалын “Шанх транс” ХХК л гэхэд “Эрдэнэс тавантолгой” ХК-иас 111 автомашинаар нүүрс тээвэрлэхээр гэрээ байгуулсан байдаг. 
     
      Өмнө нь, 2013 онд 380 гаруй мянган тонн нүүрс хулгайд алдагдсан хэрэг дэгдэж байлаа. Харамсалтай нь, энэ хэрэг хууль хяналтын байгууллагад очоод хэрэгсэхгүй болж мартагдсан. Харин энэ удаагийн 1.9 сая тонн нүүрсний хэрэг хэд дахин их хохиролтой, хэдэн арван хүн оролцсон “сүлжээ” гэмт хэрэг учраас төр тэр чигтээ үймж байгаа гэх. Ямартай ч,  "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд, төрд эзэнтэй нүүрс тээврийн компаниуд, төрийн байгууллагуудын дарга нар, гаалийнхан сүлжилдсэн энэ хэрэг энэ өвлийн гол дуулиан байх нь ээ. 
 

ГААЛИЙНХАНД ГАВ ЗҮҮЛГЭХ 1.9 САЯ ТОНН НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ХЭРГИЙН МӨРӨӨР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 14
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-28 23:02:03
    Иргэн: Гаалийн дотоод хяналт маш муу бна. Яагаад өмнө нь сөхөгдөж яригдаад л байсан энэ хэрэгт ГЕГ-ын дарга Асралт энэ олон жил чимээгүй суув.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-26 21:28:50
    Irgen: Turiin togtoltsoog uurchil.Mongold olon nam hereggui. Er.chiin zasaglaltai,Aimag,hot,sumdaas songogdson Ardiin ih ,baga huraltai.Ardiin hynan shalgah horootoi .Er.said ni said nariin zuvluluu udirddag.said bolon turiin apprat ni togtvortoi baijl uls hugjinu.Turd erliizuud baih esgui.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-26 12:41:33
    Тулга: Бүртгэлгүй нүүрсийг ганц мэдэх байгууллага нь ГААЛЬ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-26 12:13:49
    Тулга: Бүртгэлгүй нүүрсийг ганц мэдэх байгууллага нь ГААЛЬ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-26 12:12:19
    Тулга: Бүртгэлгүй нүүрсийг ганц мэдэх байгууллага нь ГААЛЬ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-26 10:17:56
    Зочиг: Шоронд орж шонд өлгөгдөх болж дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-25 22:20:04
    Уншигч: Терийн албан тушаалтнууд, гааль, шvvх прокурорынхан нийлээд улсаа тонон дээрэмдэхээр энэ улс яаж хегжиж дэвших юм бэ. Бузарын хар хулгайчдыг тэнгэр ниргээсэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-25 21:02:04
    Уншигч: Энэ бүхэн шүүх прокурор ажлаа үнэнчээр хийдэггүй өөрсдөө хахууль авдагаас л улбаатай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-22 09:37:29
    төрөө цэвэрлэх хэрэгтэй болжээ: Монголын ард түмний боломжийг хулгайлдаг хүмүүс төрд л сууж байна. Төрийн хулгайчууд хуулийн ажилтан нартайгаа нийлж хулгай хийж байна. ОДОО яах вэ? Хэдэн их наядаар нь хулгайдаг хулгайч нарыг 40 саяар торгоод шийтгэсэн болох уу? АРАЙ болохгүй дээ. ТӨРөө цэвэрлэхгүй бол улс мөхөх аюулд тулжээ. Болохгүй бол бүх нийтээрээ хулгайч нартай тэмцэхээс өөх зам алга даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-21 15:30:56
    Зочин: Ямаа туйлаад янгиа эвдэхгүй, тэмээ туйлаад тэнгэрт гарахгүй гэж ээ... хэд хоног тэнэгүүдийг хөөргөөд өнгөрнө. Нүүрсний хэдийг яаж ч чадахгүй өөр юмаар халхална
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-21 10:00:17
    иргэн: Бузар бирдүүдийг эзэд тэй нь бариад улс хохирлоо төлүүлээл шоронд хатаагаачээ долоон уулын цаагуур далд орморууд эх орноо тоносон бузрууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-21 09:52:34
    Зочин: Нүүрсний хулгайчид айх юм байхгүй ш дээ. Прокурорын шатанд хэргээ хөнгөвчилж шийдүүлнэ гээд л алдарт 40 сая төгрөгөө төлөөд л гүйцээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-21 08:14:06
    Zochin: Өө энэ чинь захаасаа л ийм байгаа даа. Өөр ч олон хүн байгаа биз мэдээж. Энэ Амарбаясгалан чинь нээх ариухан царайлаад байдаг. Ийм нхөрө байх нь. Мэдээж дээ ЭТТ-д өөрийхөө баахан хүмүүсийг чихсэн, дарга нарын чихээсүүд бүгд дарга захирал хийдэг гэсэн шүү дээ. Яагаав нөгөө өмгөөлөгч мөмгөөлөгч ч билүү одоо зөвлөхийг нь хийгээд байдаг Амарбат ч билүү нэг нөхөр ТУЗ-ийнх гишүүн гэж өчнөөн олон жил яваа биз дээ. ТУЗ музгүй л Амарбаясгалангийн хүмүүс байдаг гэсээн.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-21 07:34:50
    лувсан: д.батэрдэнэ анх шавыг нь тавьсан ажилдаа. ТТТранс ХХК давгадорж гэдэг ажнай хамаарал байна. 2005 оноос л.батчулуун гэж нөхөр ажиллаж байсан. одоо өм-н хурал хавьцаа ажилдаг дуулдсан мөнч их юм бит. хэдэн зуун тэр бум бол юу ч биш .тэр бум доллор гэж ярих байлгүй.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188