• Өнөөдөр 2024-04-27

Амиа алдсан хилчин Д.Цоодолын гэргий Б.ЦЭВЭЛМАА: ХИЛИЙН ЦЭРЭГ ХИЛЧДИЙНХЭЭ АМИЙГ ҮНЭГҮЙДҮҮЛЖ, БУРИАДЫН АНЧДЫН ҮГЭЭР ХЭЛМЭГДҮҮЛЖ, ЭХ ОРНОО ХАМГААЛСАН БААТРУУДАА ХӨСӨР ХАЯСАН-III

2022-06-30,   2465

Түрүүч нь https://ergelt.mn/news/173/single/22518

         Монголын гурван хилчин хилээ хамгаалж, эх орныхоо төлөө зүтгэж яваад харь орны хил зөрчигчдийн гарт амиа алдаад 30 жил өнгөрч байгаа харамсалтай хэргийг бид нэхэн сануулж, цувралаар хүргэж байгаа. Монгол Улс эрэлхэг гурван хөвгүүнээ алдаад 30 хавар, 30 зуныг үдэж байгаа уйтай энэ жилүүдэд талийгаачдын ар гэрийнхэн хэрхэн амьдарч, хэрэг хэрхэн шийдэгдсэнийг бид үнэнээр нь хүргэхийн тулд амиа алдсан хилчин, ахлагч дэслэгч Д.Цоодолын гэргийтэй уулзсан билээ. Хоёр улсын найрамдал гэх нэрийн дор гурван хилчнийхээ амийг үнэгүйдүүлснийг, хэрэгтнүүдийн үгээр хилчдээ хэлмэгдүүлснийг, ар гэрийнхнийг нь хэрхэн хөсөр хаясныг, хилчдийнхээ цогцсыг олохгүй хэчнээн хоног эрэлд явсныг дор өгүүлнэ.

           Хилчдийн унаж явсан морь зургаа хоногийн дараа Эрдэнэбулган сумын малчин Базараагийн адуунд эмээл, хазааргүй, цусанд будагдсан байдалтай ирснээр эрлийн ажиллагааг эхлүүлсэн байдаг. Гурван хэсэгт эрлийн ажиллагааг өргөн хүний бүрэлдэхүүнтэй явуулсан ч олон хоногийн дараа хилчдийн цогцсыг арайхийн олсон гэдэг. Ахлах дэслэгч Д.Цоодолын аав Дондовын ахалсан эрлийн бүлэг Бургалтайн голын эх Эмээл толгойн энгэрт хилийн манааны эмээл, хувцас, эд зүйлсийг нь унасан модон дор нуусныг хамгийн анх олжээ. Урд хил дээр алба хааж байсан хүүгээ амар тайван байлгах гэсэндээ, эцгийн хайрыг өвөртөлж, хажуудаа байлгах хүсэлдээ хөтлөгдөж, хойд хил рүү хүүгээ авчирсан Дондов гуай байж суух газраа олохгүй нурж байсан байна гэнэ лээ. Хүүгийнхээ өмсөж явсан хөвөнтэй дээлийн энгэрийг тэврээд, “Дээлийг нь оёсон ээжид нь яаж үзүүлнэ ээ” гээд эхэр татаад уйлж байсныг хамт явсан хүмүүс нь халаглан ярьдаг. Үрээ алдсан эцэг хүний зовлон, голомтоо сахих хүүгээ алдсан ээжийн гачланг ямар ч үг илэрхийлж чадахгүй байх.

ШҮД НЬ ҮЙРСЭН, ЭРҮҮ ЯС НЬ ХУГАРЧ, НУРУУ, ХҮЗҮҮНДЭЭ ОЛОН УДАА БУУДУУЛЖ, ХҮН ХАРАХЫН АРГАГҮЙ БОЛСОН ХИЛЧДИЙН ЦОГЦСЫГ МОДНЫ НҮХЭНД БУЛЖ, МӨЧРӨӨР НЬ ДАРСАН БАЙЖЭЭ

      Дондов гуайн багийнхан хилчдийн дээл, хувцсыг нуусан газрын хажуухан талаас дэд ахлагч Я.Баяраагийн унаж явсан морийг олж, эрлээ цааш үргэлжлүүлжээ. Эрлийн багийнхны явсан газар, хилчдийн цогцсыг нуусан газар нь ширэнгэн ой, морьтой хүн битгий хэл явган хүн явахад ч хэцүү байжээ.

         Ээждээ ганц хүү нь болж төрсөн дэд ахлагч Х.Нямдорж эх оронч нэгэн байсан гэдгийг өмнөх цувралаас уншсан биз ээ. Тэр эх орноо эзэнтэй гэдгийг сануулж, хил зөрчигчидтэй буудалцаж явсан зоригтон. Хилийн манаанаасаа алга болсон гэх мэдээ ирсэн цагаас Х.Нямдоржийн ээж Хишигмаа гуай ухаантай, ухаангүй хоёрын хооронд эмнэлэгт бор эрхээрээ маани уншаад, нулимсаа ширгэтэл уйлж суусан гэдэг. Харин хүүгээ амь эрсдэж, эх орныхоо хил дээр буудуулсан гэдгийг мэдсэнийхээ дараа “Эх орныхоо төлөө амиа өглөө, миний ганц хүү” гээд л дуу нь цаашаа орж байсан юм гэдэг. Эрлийн багийнхан хамгийн түрүүнд дэд ахлагч Х.Нямдоржийн цогцсыг олжээ. Түүний цогцсыг Бургалтайн голын Харбайцын баруун энгэрт унасан модны нүхэнд хийж, модны мөчрөөр хучиж орхисон байжээ. Дэд ахлагч Х.Нямдоржийн цогцост үзлэг хийхэд хоёр нүднийх нь зовхи хавдаж, цус хурсан, хүзүүний хоёр хэсэгт нь гүн шарх, нуруунд нь гурван удаа буудаж, зүүн бугалганд нь сумны шархтай байсан юм гэдэг.

         Хэдхэн хоногийн өмнө л амьд мэнд, ижий, аавдаа үнсүүлж, үрээ үнэрлээд гарсан ахлах дэслэгч Д.Цоодол цогцсыг Х.Нямдоржийн цогцсоос 600 метрийн зайнаас олсон гэдэг. Алуурчид Д.Цоодолыг дөрвөн удаа буудаж, зэрлэгээр хөнөөсөн байжээ. Түүний шүднүүд үйрч бутарсан, дээд эрүүний яс нь үйрсэн, хугарсан, дээд, доод уруул нь задарч, шархалсан, духных нь яс цөмөрсөн, нүд нь ширгэсэн, бүсэлхийг нь зад татсан сумны шархтай байсан юм гэнэ лээ. Мөн нуруу, баруун гар, нүдэнд нь буудсан байжээ. Д.Цоодол гадаад хэлтэй, боловсролтой, гарамгай хилчин байсныг дурдах нь илүүц биз ээ. Тэр удирдан зохион байгуулах чадвартай, мэдлэгтэй, хэзээ, хаана ямар арга хэмжээ авах вэ гэдгээ зөв мэдэрдэг удирдагч байсан гэдэг. Түүний цогцсыг алуурчид мөн л модны мөчрөөр далдалж, нуусан байсан гэнэ лээ.

          Д.Цоодолын цогцосноос хэдхэн алхмын цаана модны ёроолоос дэд ахлагч Я.Баяраагийн цогцсыг олжээ. Талийгаач Я.Баяраагийн нүдний алимны цагаанд цус хурсан, баруун гар, хөл, шуунд нь гурван удаа буудсан байжээ. Нүүр нь нэлэнхүйдээ хөхөрсөн, зодож, тамлаж алсан байдаг. Гэхдээ энэ бол зөвхөн албаны хүмүүсийн яриа, бичвэр. Харин эрлийн багийнхны ярьснаар талийгаачдын цогцос хүн харахын аргагүй болтлоо эрэмдэглүүлж, нүд, шүднүүд, эд, эрхтнүүд нь байхгүй байсныг ар гэрийнхэн нь ярьдаг. Эрлийн багийнхан олон тооны сумны хонгио, цагаан идээ, ааруулын үлдэгдлээс гурван ширхэг хүний шүд, хөх өнгийн даавууны өөдөс, дух, эрүүний үйрсэн яс олсон байдаг. Угтаа тэр ширэнгэн ойд цуст тулаан олон цаг үргэлжилж, хүч тэнцүүгүй анчид манай улсын хилчдийг зэрлэгээр хөнөөсөн байдаг.

ХИЛЧДИЙГ БУРИАДЫН АНЧИД ХӨНӨӨСӨН ГЭДГИЙГ СОНИНЫ ХЭЛТЭРХИЙГЭЭР НЬ МЭДЖЭЭ

         Нүд халтирч, зүрх зүсэм өдрүүд. Итгэж ядсан олны харц, эрлийн багийнхны уйгагүй зүтгэлээр хилийн манааны бүрэлдэхүүний цогцоснуудыг оллоо. Гэхдээ хилийн зурваст, эх орныхоо хөрсөн дээр гурван амь зэрлэг, балмад алуурчдын гарт тарчилсаар энэ хорвоогоос буцсаныг ар гэрийнхэн, эрлийн багийнхан харсан ч түүнээс хойш тэр аймшигт үйл явдлын тухай түүх “өөрөөр” эргэсэн гэдгийг эх сурвалжууд ярьж байлаа.

       Хилчдийн цогцсыг олсон газраас буриад хэлээр гарсан сонины хэлтэрхий, орос чүдэнз, тамхины хайрцаг, бууны сум, хонгио, дутуу шатсан хус модонд хайрагдсан цагаан зүсмийн адууны дэл, сүүл зэргийг олжээ. Эндээс тэд хилчдийг хил зөрчигчид хөнөөсөн байж болзошгүй гэх сэжүүрийг гаргаж, шүүх бүрэлдэхүүн дуудсан байдаг. Хилчдийн хувцас, эд хэрэгслийг нь талын нэг тарааж, хүн олохооргүй газар нууж, эд мөрийн баримтаа устгаж өгөөд алуурчид хил давсан байлаа. Хилчдийг хөнөөсөн гэмт хэрэгтнүүдийн мөрийг хөөж явсаар хилийн 594 дүгээр тэмдгийн баруун талаар хил давж, Оросын нутагт орсныг тогтоосон гэдэг.

           Ингээд ОХУ-ын талынхантай уулзах хүсэлт, хилчдийг хороосон алуурчдыг шуурхайлан олох ажиллагааг хугацаа алдахгүй эхлүүлэх саналыг 12 удаа тавьсны эцэст зөвшөөрүүлжээ. Оросын тал цаг агаар муу, унаа байхгүй, зам бартаатай гэсээр хугацаа алдаж, хэргийн газрын үзлэгийг хэзээ хойно, арайхийн хийсэн нь тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Үзлэгээр “газар орны байдал бартаатай ч аливаа гэмт этгээдүүд гэнэтийн дайралт, отолт хийхэд тохиромжтой, амиа алдсан хилчдийг тэр газарт очихыг сайтар мэдэж, судалсан зэвсэглэсэн гэмт этгээдүүд хилчид рүү дайрч, зэрлэгээр амийг нь хөнөөсөн нь” тогтоогдсон байна. Хилийн ойролцоох айлуудад хилчдийн амийг хөнөөсөн бууг хэрэглэдэг хүн байгаагүйг энд дурдъя.  

АЛУУРЧДЫН ГАРТ АМЬ ҮРЭГДСЭН ХИЛЧИД

          Ахлах дэслэгч Д.Цоодолын гэргий Б.Цэвэлмаагийн хэлснээр амь үрэгдсэн хилчдийн талаар Хилийн цэргийн хурандаа Ч.Алтангэрэл гэж хүн ном болгон гаргасан байдаг аж. Бид түүний эрэлд гарч, сураглаж явсаар тэтгэвэртээ гарсан хурандаа Ч.Алтангэрэлтэй холбогдсон юм. Тэрбээр хилчдийн тухай номыг 1997 онд бичиж, хэвлүүлж байжээ. Түүний бичсэн номоор “Улаан зурвас” уран сайхны киног бүтээсэн гэнэ. Харамсалтай нь, тус киног номд бичсэн баримт, түүхээс нь гуйвуулж бүтсэнд харамсаж явдаг тухайгаа тэрбээр хэлсэн юм.

“Алуурчдын гарт амь үрэгдсэн хилчид” номд алуурчдын мэдүүлгийг ингэж бичсэн байдаг юм билээ.

 Алуурчдын мэдүүлгээс: “...Монголын хилчид биднийг саатуулаад зэвсгийг шалгаад, бууг бидэнд өөрсдөд нь үүрүүлэн, өөр өөрсдийнх нь уналгаар авч явсан бөгөөд хамгийн түрүүнд Нямдорж, ард нь Гармаев, Доржиев, Цоодол, Аюушиев, Баяраа нар явж байсан. Бартаа саадтай урт замыг туулах замд, хилчдийн алдаа, тайвшрал, газар орны байдлыг ашиглан Гармаев гэнэт зугтаж, энэ агшинд Аюушиев, Доржиев нар хилчдийг гэнэдүүлэн хөнөөсөн юм. Улмаар хилчдийн цогцсыг унанги модны ёроолд, нуун далдлаад, буу зэвсгийг нь олзлон, ангийн олзоо хувааж аваад /үг алдахгүй байхаар тохиролцоод/ явцгаасан...” гэжээ.

Буриадын дээд шүүх манай хилчдийг хөнөөсөн Аюушиевт 15, Доржиевт 14, Гармаевт 5 жилийн ял оноожээ.  Харин гэмт хэрэгтэй Аюушиев /1999/, Доржиев /2001/ онд шоронд байхдаа нас барж, Гармаев нь суллагдсан байна.

ХИЛЧДЭЭ ҮНЭГҮЙДҮҮЛСЭН ХИЛИЙН ЦЭРГИЙНХЭН 

       Энэ хэрэг ийм байдалтайгаар дуусжээ. Гэмт хэрэгтнүүд зөвхөн өөрсдөө буруугаа хүлээж, өөр отгийн  хүмүүс байсан гэдгээ тас нууж, гурвуулаа ял эдэлсэн байна. Харин манай эрлийн багийнхан хилчдийг гурван хүн хөнөөгөөгүй, түүнээс олон байсан гэдгийг тогтоосон байдаг. Харамсалтай нь, энэ хэрэгт дээрх гурван гэмт хэрэгтнээс өөр гэрч байхгүй учир тэдний үгээр яллажээ. Монголын талаас шүүх хуралд оролцсон хүмүүс “Шүүх хурал гэж буриадуудын найруулсан жүжиг байсан” гэж ярьдаг юм билээ.

АХЛАХ ДЭСЛЭГЧ Д.ЦООДОЛЫН ОХИН Ц.БОЛОРТУУЛ, ГЭРГИЙ Б.ЦЭВЭЛМАА

      Ахлагч дэслэгч Б.Цоодолын гэргий ярианыхаа төгсгөлд ингэж ярив. “Ханийнхаа захиасыг биелүүлж, би охиндоо аль сайн гэсэн боловсролыг эзэмшүүлж, охин минь байдаг чадлаараа хичээсэн. Миний охин 44 улирал онц сурч, сургуулиа төгсөхөд нь аавд нь хаягласан талархлын захиа ирж байлаа. Эзэн нь байхгүй талархлын захиаг баяр, гуниг, харууслын нулимстай унших хэцүү юм билээ. Миний охин МУИС-д дөрвөн жил тэтгэлгээр суралцаж, онц дүнтэй төгссөн. Дараа нь Япон Улсын хамгийн сайн сургуульд нь тэтгэлгээр суралцаж, мөн л онц дүнтэй дүүргэсэн. Гадаадын орнуудаас охинд минь ажлын санал ирсэн ч зөвшөөрөөгүй, эх орондоо ирсэн. Тэр минь аавтайгаа адилхан дэндүү эх оронч. “Би улсаа хөгжүүлэхэд гар бие оролцоно” гээд төрийн албаны ажлыг хамгийн багаас нь эхэлсэн. Одоо чадлаараа хичээж, зүтгэсээр явна. Миний охин сургалтын төлбөр гэж хэн нэгнээс нэхээгүй, өөрийнхөө чадлаар энэ хэмжээнд хүрсэн. Харин хожим Япон руу сургуульд явахдаа Хилийн цэргийн байгууллагад “Онгоцны минь зардлыг төлж өгөх боломж байна уу” гэж хандсан тэд зөвшөөрөөгүй. Хилийн цэрэг миний охины аавыг үүрд авчихаад охиноос нь 500 мянган төгрөг харамласан шүү дээ. Хэрэв аав нь байсан бол бид ингэж амьдрахгүй шүү дээ. Тэд биднийг 30 жил хэлмэгдүүлж, “Монголын хилчид хайхрамжгүй, хариуцлагагүйгээсээ болж амиа алдсан” гэх гэмт хэрэгтнүүдийн үгээр яллаж, зовоолоо. Одоо хангалтай, тэднийг цагаатгах цаг нь болсон. Бид 30 жил “Ахлах дэслэгч Д.Цоодол эх орныхоо төлөө зүтгэж яваад амиа алдсан. Тэднийг гавьяаг үнэлж, цагаатгаж байна” гэх утга бүхий алга дарам цагаатгалын хуудсыг хүлээж амьдарлаа. Амиа алдсан хилчид чинь улсаа хайрлан хамгаалсан баатрууд юм шүү дээ. Миний охин өндөр боловсрол эзэмшсэн ч орох оронгүй, түрээсийн байр хэсээд л явж байна. Бид байранд оруулж өгөх хүсэлт гаргасан. Гэхдээ шийдэж өгөөгүй. Ханьтай минь хамт явсан дэд ахлагч Я.Баяраагийн ар гэрийнхэнд орон байр олгож, хүүхдийнх нь боловсролд Хилийн цэргийнхэн анхаарсан гэж байна лээ. Миний охиныг яагаад ингэж гадуурхаж орхиж байгааг ойлгохгүй байна. Гэхдээ энэ чухал биш. Ханийг минь, баатарлаг хилчдийг минь цагаатгаж, сүнсийг нь амарлиулахыг бид 30 жил хүлээлээ, тэвчлээ” гээд тэр цурхиртлаа уйлсан юм.

         Цэл залуухан хөвгүүд дэврүүн бодол, эх орноо гэсэн сэтгэлээр мөн ч олон удаа байлдаж, ялалт байгуулж, ялагдал хүлээж байлаа. Монголын хилчид ямар гарамгай, ямар эрэмгий гэдгээ харуулж, байлдаж явсан он жил, түүх тэдэнд бий. Тэдний эрэлхэг, баатарлаг гавьяаг үнэлж, энгэрийг нь мялааж, ар гэрийнхнийг нь аргадаж, хайрлаж явсан түүх ч хил хамгаалах байгууллагад бий.

         Харин ганцхан улсын хойд хил дээр амиа алдсан дээрх гурван хилчний амийг үнэгүйдүүлсэнд ар гэрийнхэн нь гомдол, харуусал тээсээр 30 жил хэлмэгдүүлэлтийн жимээр алхжээ. Хилчдээсээ “Онц хилчин” тэмдгээ хүртэл харамласан хилийн цэргийнхэн...

Эх орноо хамгаалсан, эх орныхоо төлөө байлдсан, цуст тулаанд оролцсон ахлах дэслэгч Д.Цоодол, дэд ахлагч Я.Баяраа, Х.Нямдорж бол улсын баатар юм. Тэд ээждээ очиж чадаагүй, эхнэртээ хүрч чадаагүй, үрээ үнсэж амжаагүй эр бор харцага юм. Тэд хойд хилийг эзэнтэй болгосон амьд хилийн зурвас юм.


Амиа алдсан хилчин Д.Цоодолын гэргий Б.ЦЭВЭЛМАА: ХИЛИЙН ЦЭРЭГ ХИЛЧДИЙНХЭЭ АМИЙГ ҮНЭГҮЙДҮҮЛЖ, БУРИАДЫН АНЧДЫН ҮГЭЭР ХЭЛМЭГДҮҮЛЖ, ЭХ ОРНОО ХАМГААЛСАН БААТРУУДАА ХӨСӨР ХАЯСАН-III
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-16 13:46:21
    Лантуу: Тухайн үедээ амрагаас амь үнэнч гэдэг зарчмыг баримталж хил зөрчигчдийг шууд л буудаж хөнөөх нь зөв байсан боловуу гэж боддог.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-08-02 12:56:53
    Зочин: Баяраагийн гэр бүлээс яагаад мэдээлэл аваагүй юм бэ?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-30 12:31:03
    хилч: яг үнэн.өмнөговьд огт хил дээр очих байтугай хил гэдгийг ч мэдэхгүй хүнд 0131-р анги онц хил чин тэмдэг өгч байсан.зүй нь хураах.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-30 11:19:33
    зочин: Хил хамгаалж үзээгүй хүмүүст яагаад Онц хилчин тэмдгээр шагнаад байдаг юм бэ ХХЕГ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188