• Өнөөдөр 2026-10-21

М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР

2026-10-21,   208

       Жүжигчин М.Төгөлдөрийг бид "Щелкунчик буюу цөмөгч цэрэг ба хулганын хаан" жүжгийн хөгжилтэй ноён Дросселмейр, "Инээмтгий хүн"-ий зэвүүн Хардвканон, "Гайжин" дууллын тэрслүү Хироши тэргүүтэй дүрийг тайзнаа бүтээснээр нь мэдэх билээ. Мөн дэлгэцнээ "Тэг цэг үйлдэл" киноны Тэнгис, "Хараал хүрсэн хот"-ын сэтгүүлч Баатар, "Овгор"-ын хоригдол атаманы дүрээр нь уулзаж буй. Тэгвэл тэр эдгээр өдрүүдэд Т.Цэнд-Аюуш найруулагчийн тайзнаа амилуулах гэж буй Английн зохиолч Жорж Оруэллийн "Амьтны ферм" жүжгийн Сквиллерийн дүрд ажиллаж байна.

    Тэрбээр “Амьтны ферм” жүжигт бүтээж буй дүрийнхээ тухай "Миний хувьд цангинуур буюу Сквиллерын дүрд ажиллаж байна. Наполеон, Сноубол, Сквиллер гээд амьтны ферм доторх дарангуйллыг эсэргүүцэж бослого гаргаж байдаг гурван гахай байгаа. Бүгд тэгш эрхтэй байх хэрэгтэй, бид өөрсдийнхөө амьдралыг өөрсдөө бүтээж, хамтдаа дүрмээ гаргая гэж уриалж, сайн сайхны төлөө тэмүүлж байгаа удирдагч төрлийн гахайны нэг бол Сквиллер. Нөгөө хоёр гахайгаа бодох юм бол арай дутуу үнэлэгдсэн, хүчээр эрх мэдлийг олж авч байгаагаараа онцлог. Сноуболын хувьд илүү ухаалаг, төрөлхийн харизмтай, өндөр мэдрэмжтэй, боловсролтой байх бол Сквиллер өөр. Нэг ёсондоо түүхэн эрх баригчдын шунал хүсэл ямар байдаг вэ гэдгийг энэ дүрээс харж болно" гэснээр бидний яриа эхэлсэн юм.

-Та өмнө нь “Амьтны ферм” зохиолыг уншаад уран бүтээлчийн хувьд тайзны бүтээл болоосой гэж бодож байсан уу?

        -Тийм ээ. Өмнө нь зохиолыг нь уншиж байсан болохоор “Амьтны ферм” тайзнаа тавих гэж байна гэдгийг дуулаад, их сонирхол татсан. Тийм ч болохоор энэ бүтээлийн дүрд ажиллах санал ирэхэд баярлаж хүлээж авсан. Уран бүтээлчид бүтээлээрээ дамжуулан нийгэмдээ дуу хоолойгоо хүргэж байдаг. Энэ ч утгаар тус жүжгээр дамжуулан нийгмийнхээ болж байгаа болон болохгүй, бүтэхгүй байгаа зүйлд дуугарч, сайхан нийгмийг хамтдаа бүтээхийн тулд хүн бүрийн оролцоо чухлыг илэрхийлэхийг зорьсон. Хэн бүхэн дор бүрнээ хичээх юм бол сайхан ирээдүй бидэнд байгаа шүү гэдэг мессеж өгөх л энэ жүжгийн нэгэн зорилго.

-Тайзнаа бүтээсэн дүрүүдээс нь энэ дүр нь амьтан гэдгээрээ арай ондоо, жүжигчнээс илүү ур чадвар шаардаж байгаа болов уу?

       -Тэгэлгүй яах вэ. Өмнө нь дандаа хүний дүрүүдэд тоглож байсан бол энэ удаад яах аргагүй амьтнаар дамжуулж, амьтны ертөнц, егөөдлөөр хүнд байгаа зан чанарыг ёгтолж үзүүлж байгаагаараа онцлог байна. Амьтны шинж чанарыг биеийн илэрхийлэмж, дуу хоолой, зан чанартаа тусгах ажил явж байгаа учир хэцүү, сорилттой, тэгсэн мөртлөө сонирхолтой байгаа.

-“Про” театрын жүжгүүд дахин тоглохоор хуваарь нь гарсан байсан. Арванхоёрдугаар сар хүртэл тайзны бүтээл нь дүүрэн байх нь ээ?

       -Тийм ээ."Про" театр маань "Щелкунчик буюу цөмөгч цэрэг ба хулганын хаан" жүжгээ арванхоёрдугаар сард тоглоно. Түүнээс өмнө “Инээмтгий хүн”, “Сүүлчийн бороо”, “Түүний буруу” жүжгээ мөн хуваарийн дагуу толилуулаад явна. Олон сайхан жүжиг тайзнаа амилаад гоё байна даа. Театрын уран бүтээл улам олон болоосой гэж хүсдэг.

“Gaijin” жүжгийн Хирошигийн дүрийг нь онцолж асуумаар байна. Үзэгчид ч их сэтгэл өндөр байсан?

      -Дүр болгон тодорхой нөлөөлөлтэй байдаг байх. “Gaijin”-ын залуу эзэнтэн Масанори Хирошигийн дүр бол дутуугийн комплекстой, түүнээсээ болж өөрийгөө батлах гэж хичээсэн, аавдаа гологдсон, хайрыг мэдрээгүй хүний дүр. Багаасаа л “Чи бусдаас дутуу” гэх зүйлийг мэдэрч өссөн хүн байгаа юм. Түүнчлэн хайртай байсан эмэгтэй нь "Хоёулаа харилцаагаа зогсооё" гэдэг хэсэг бол тухайн дүрийн хувьд нэг эргэлтийн цэг болдог. Үүнээс үүдэн тэр эргэлт буцалтгүйгээр өш хонзон авах, өөрийнхөө эрх мэдлийг дархлах, өөрийгөө баталж харуулах бүх үйлдлийг хийж эхэлдэг. Ер дүрийн хувьд эргэлт ихтэй, тоглолтын хувьд дотоод нюанс их шаардсан, жүжгийг тодорхой хэмжээнд нуруун дээрээ үүрч явах шалгуур тавигдсан тийм бүтээл болсон. Энэ хэрээр надад том ч сорилт өгсөн. Жил жилээр сорилт нэмэгдээд л байна.

- "Дөлгөөн дон" жүжигт та тоглосон байдаг. Энэ таны анхны жүжиг үү?

    -2018 онд бид сургуулиа төгсөж ирээд, М.Шолоховын "Дөлгөөн дон" жүжгийг Монголын үзэгчдийнхээ хүртээл болгосон. Гадаад хэргийн яаман дээр тайз засаад, орос хэл дээр тоглож байсан. Гол хоёр дүрийн үйл явдлыг цаг гаруйн хугацаанд багтаан үзүүлсэн жүжиг.

-Театрын бүтээлд түлхүү тоглодог уран бүтээлчийн хувьд театр ямар байгаасай гэж хүсдэг вэ?

       -Олон төрлийн театр бий. Манайд сүүлийн жилүүдэд хувийн театрууд их хөгжиж гарч ирж байгаа нь олзуурхууштай санагдаж байгаа. Үзэгчдэд олон төрлийн театрын жанр, хэлбэрийг санал болгож байгаа нь тэр хэрээр тэдний харах, сэтгэж бодох мэдрэмж нь тэлж байгаа хэрэг юм. Манайд булан тойроод GS, CU байдаг шиг Орост булан тойроод л театр байдаг.

Театр болгон өөрийн гэсэн онцлогтой. Тэгэхээр өөрсдийн гэсэн хэв шинж, мөн чанараа хадгалсан театрууддаа уран бүтээлчдийн зүгээс яаж хамтарч тусалж чадах вэ гэдэгт илүүтэй анхаарч ажилладаг. 

-Та өөрөө найруулагчаар ажиллах бодол бий юү?

       -Ирээдүйд театрын найруулагчаар ажиллаж, тодорхой уран бүтээлүүд хийх зорилго байгаа. Орост хамт сургууль төгссөн Б.Ариунхишиг найзтайгаа хамт 2020 онд байгуулсан драмын дугуйлан маань одоо зургаа дахь жилдээ хичээллэж байна. Бид дараагийн зорилгоо томоор хараад, хүүхэд болон залуучуудын театртай болох, хүүхдүүд том хүмүүстэй хамтарч тайзан дээр тоглох тийм театрыг байгуулах хүсэж байгаа.

-Таны хувьд тайз, дэлгэцээ хослуулаад явах бодолтой байдаг уу. Эсвэл театртаа илүү тоглоод явах уу?

      -Ер нь бол хослуулахыг хичээнэ. Гэхдээ уран бүтээлч хүний хувьд театр өөрийгөө хөгжүүлэх чөлөөт орон зай нь байж чаддаг. Фитнессд явдаг хүн байнга зааланд очиж бэлтгэл хийж, формоо алдахгүй байдагтай ижилхэн уран бүтээлч бол театртаа очиж дуу хоолойгоо сэрээнэ, мэдрэмжүүдээ янз бүрийн туршилтад оруулна. Тэгэхээр аль алиныг нь хослуулах нь зайлшгүй шаардлагатай гэж боддог. Театрын уран бүтээлчид хувирах чадвар ч илүү байдаг юм шиг санагддаг.

-Та ОХУ-д сурч байхдаа хичээл заалгаж байсан багшийнхаа тухай онцлон ярьдаг юм билээ. Дүрдээ бэлдэхдээ багшийнхаа заасныг илүүтэй боддог байх?

     -Тэгэлгүй яах вэ. Хүн шууд өөрөө бүгдийг хийнэ гэж байхгүй. Одоо миний ажиллаж байгаа арга барил гэдэг ч юм уу, хэрэв би өнөөдөр тодорхой хэмжээний уран бүтээлд ороод амжилттай явж байгаа бол миний багшийн ач гавьяа. Үргэлж би багшийгаа бодож, багш руугаа ярьдаг. Хүнд гэхдээ багш хэрэгтэй санагддаг. Багшгүй болоод ирэхээрээ л бүгдийг мэддэг ч юм шиг болох гэдэг аюул бий. Орост сурч байхдаа өдөр нь  багшийнхаа мэргэжлийн хичээл дээр суугаад, орой нь  жүжгийг нь очиж үзнэ. Хамгийн гол нь бидэнд ярьж байсан онолын мэдлэгийг өөрөөрөө үлгэрлэн үзүүлж байгаа нь гайхалтай байсан.

Багш шигээ хүн болох юм сан, чадахгүй юм гэхэд жаахан ч гэсэн суралцах юм сан, багшийнхаа хэлсэн ярьсаныг үргэлжлүүлэх юм сан гэж боддог.  Тэр ч үүднээс уран бүтээлдээ хичээж ажилладаг. 

-Тантай хамт Орост сурсан одоо ажиллаж байгаа ямар уран бүтээлчид байдаг юм?

      -Бид Орост тавуулаа суралцсан. Зарим нь одоо мэргэжлээрээ ажиллахгүй байгаа. Яг урлагтаа байгаа нь надтай нийлээд гурван хүн байна. Хамт драмын дугуйлан хичээллүүлдэг Б.Ариунхишиг найз маань бий. Хүмүүс "Гарц" киноны залуу мөрдөгч, "Про" театрын "Шадар гурван цэрэг" жүжигт тоглосноор нь мэдэх байх. Нөгөө нь  “Бусан”-ын кино наадамд шалгарсан “Зогсоол” киноны гол дүрд тоглосон Д.Цолмон гээд жүжигчин бий. Найз маань мэргэжлээсээ тав орчим жил завсарлаж байгаад анхныхаа гол дүрийг авсан. Тэрхүү кино нь Монголын нэрийг дэлхийн киноны тавцан дээр гаргасан сайхан амжилтыг үзүүлсэнд үнэхээр баяртай байгаа. Мөн “Про” театрын  “Түүний буруу” жүжгийн гол дүрд тоглосон.

-Багш нь шавь нартаа юу гэж захиж хэлсэн байдаг вэ?

      -Багш маань мэргэжлийн хичээлээ заахаас гадна зөв хүн байх тухай, хандлага харилцааны талаар илүү их зүйл ойлгуулсан болов уу гэж боддог. Одоо ингээд уран бүтээлд ороод явахад бид нэг их онцгойрч ялгарах гэхээс илүү харилцаа хандлагаараа ондоо байгаа шиг санагддаг. Түүнээс өөр онцгой зүйл байхгүй. Бусдаар бол дүрээ судалж, хийх ёстой юмнуудаа хийдэг зарчмаараа л хийгээд явна.

ЖҮЖИГЧИН БАЙХ ГЭДЭГ САЙХАН Ч НӨГӨӨ ТАЛААРАА АСАР ТОМ ХАРИУЦЛАГА

-"Овгор" киноноос эхлээд тоглосон киноны дүрүүдийнх нь тухай ярья. "Овгор"-ын дүрийг хэрхэн бүтээх болов?

      -Сайхан хувь тохиолоор энэ жил “Овгор” гэх бүтээлд Ардын жүжигчин, Гавьяат ах нартайгаа орох боломж гарч ирсэн. Жүжигчин Г.Эрхэмбаяр ах холбогдоод, дүрийн санал тавьсан. Зохиолоо уншиж үзээд, дүр маань ч таалагдлаа. Хамгийн гол нь энэ кинонд сайхан уран бүтээлчидтэй хамт тоглож, тэднээс суралцана гэдэг залуу уран бүтээлчийн хувьд том боломж, завшаан байсан. Уран бүтээлч хүн шинэ зүйлийг хайж, шинэ зүйлд суралцаж байх ёстой байдаг. Энэ ч үүднээс өгөөж дүүрэн сайхан бүтээл болсон. Ажилласан дүрийн тухайд манай киноны гол түлхүүр үг болох "Хүч чадал хүн чанараас эхлэлтэй" гэх үгийн эсрэг, хүч чадалтай юм шиг харагдавч хүн чанаргүй нэгэн. 

-Харин "Хараал хүрсэн хот” кинонд та сэтгүүлчийн дүр гаргасан байна лээ. Сэтгүүлчдийн нэр муудаж байгаа энэ цаг үед шударга, үнэнч ажилладаг сэтгүүлчид байдаг шүү гэдгийг дүрээрээ дамжуулан хэлэхийг зорьсон санагдсан?

       -Тийм ээ. Аливаа хүн тухайн уран бүтээлд орж байгаа шалтгаан бол хувь хүний эмзэглэл байдаг. Орж байгаа уран бүтээл, дүрээрээ дамжуулаад хэлэх санаа гарцаагүй байх ёстой. Хэдийгээр муу дүр байгаа ч гэсэн тэр хүн яагаад тийм болчихов гэдгийг гаргах нь чухал. Би хувьдаа сэтгүүлч гэдэг бол үнэний нүүр царай, толь байх ёстой, түүнийхээ төлөө тэмцэж, дуугарч чаддаг байгаасай гэж боддог. Үнэн байх гэхдээ хэцүү. Сэтгүүлчдийн тийм л нэгэн төлөөллийг дүрээрээ дамжуулан гаргахыг зорьсон. Киноны төгсгөл хэсэгт Баатар машин дотор нэг нөлөө бүхий хүнтэй уулздаг даа. Тэгэхдээ “Та нар ингэж амьдрах тийм сайхан, тийм гоё байдаг юм уу. Үүнийг чинь л ойлгохгүй байна. Энэ бол аз жаргалтай амьдрал биш шүү дээ” гэх үгийг хэлдэг. Энэ бол тухайн дүрийн гол нэгэн санаа.

 

-Зарим хүний хувьд эсрэг дүрээр дагнаад байдаг. Энэ нь танд дүрийн аялал болдог байх. Нөгөө талаараа мэргэжлийнхээ ур чадварыг сайжруулахад тусладаг болов уу?

      -Тийм ээ. Би мэргэжилдээ их хайртай. Тэр ч утгаар тодорхой хэмжээнд барьж байгаа зарчим бол аль болох өөр өөр төрлийн ертөнц, амьдралаар амьдарч үзэх, түүгээрээ дамжуулаад тэр бүх мэргэжил, тэдгээр хүмүүсийн онцлог, шинж чанар, дотоод мөн чанарыг илэрхийлэх гэдэг зорилго байдаг. Тэр ч утгаараа өөр өөр дүрд ажиллахыг эрмэлздэг. Хамгийн гол нь дүрүүд маань дотоод мөн чанар, дүр байдлаараа өөр.

 

-Танд хамгийн их амжилт дагуулсан, олон сайхан боломжийг нээж өгсөн дүр гэвэл аль нь вэ?

     -Дүр болгондоо хичээсэн. Сургуулиа төгсөж ирснээсээ хойш урлагийн салбартаа тасралтгүй ажилласан. Мэргэжлээсээ өөр ажил хийж үзээгүй. Үүгээрээ өөрийгөө их азтай хүн гэж боддог. Мөн багшийн минь их хайр байх. Нөгөөтээгүүр Монголд хувийн театрууд ч бий болж байгаа цаг үе таарлаа. Хамгийн гол нь, Орост сургууль төгссөн залуус нэгдэж уран бүтээл хийсэн нь бидэнд олон сайхан боломж нээж өгсөн. Энэ ч үүднээс “Про” театрынхаа уран бүтээлчдэд үргэлж талархаж явдаг. Кино уран бүтээлд ч гэсэн том итгэлийг хүлээлгэсэн Э.Алдар ах байна. “Тэг цэг үйлдэл”-ийн хойноос уран бүтээлийн саналууд ч ирсэн. Мөн Якутын нэг кинонд Б.Ариунхишиг бид хоёр тоглосон. Тэр кино маань гаднын зах зээл рүү гараад эхлэх юм бол гаднын хүмүүст хүрэх боломж нээгдэх байх. Тэгэхээр оролцсон уран бүтээл болгон л ямар нэгэн байдлаар үр өгөөжөө өгсөөр байна.

-Бүтээлээс бүтээлийн хооронд амралт авахыг боддог уу. Эсвэл боломж л гарвал кино, жүжигтээ оролцоод явахыг боддог уу?

        -Ер нь бол ихэнхдээ дотоод зөн совингоо дагадаг. Мэдээж ирж байгаа санал, уран бүтээлийн чанар, зохиол, баг гээд олон зүйл нь чухал л даа. Хамгийн гол нь би өөрөө тухайн бүтээл, дүрд хэрхэн тусалж чадахаар байна вэ гэдгээ хардаг.

-Жүжигчин мэргэжлийг сонгосон минь зөв болж дээ гэх бодол хэзээ илүүтэй төрж байсан бэ. Жүжигчнээр ажиллах танд ямар мэдрэмж байдаг вэ?
           

    -Анх 2014 онд ОХУ-ыг зорьсон. Багш маань Монголд ирээд хүүхдүүд шалгаруулан авч, тэр дунд нь би багтаад явж байлаа. Миний хувьд орос хэлтэй болохоор давуу тал болж багштайгаа харилцаж, юмнуудаа асууж тодруулахад их амар байсан. Бусдадаа ч орчуулга хийдэг, ангийн даргын үүрэгтэйгээр суралцаж байсан. Мэдээж хичээлээ ойлгохгүй, шантрах үе ч гарсан. Гэсэн ч зориглож, хичээлдээ идэвхтэйгээр шамдаж, хичээлийн дараа багшаасаа зөвөлгөө авна, "Яаж илүү сайжрах вэ" гэдгээ ярилцана. Энэ байдал маань надад тусалж, хоёрдугаар курсээсээ мэргэжилдээ улам гүн дурлаж, "Энэ л миний насан туршдаа хийх зүйл юм байна" гэж итгэсэн. Одоо ч тэр итгэл минь үргэлжилсээр байгаа. Нэг ч удаа "Буруу сонголт хийж дээ" гэж харамсах бодол төрөөгүй. Харин ч өнөөдрийг хүртэл улам урам зоригтой, хүсэл тэмүүлэлтэй байгаа минь надад сайхан байдаг.

Жүжигчин байх гэдэг сайхан зүйл ч нөгөө талаасаа асар их хариуцлага. Олон хүний нүдний өмнө байна гэдэг тухайн хүнээс зөв байхыг шаардана. Дүрээрээ дамжуулж, мэргэжил бүхний онцлог, мөн жаргал, зовлонг үнэн харуулах ёстой гэхчлэн олон зүйл бий. Хамгийн чухал нь,  жүжигчин мэргэжил бол хүмүүст их томоор нөлөөлдөг. Тэр дундаа зүрх сэтгэл, оюун бодолд нь нөлөөлнө. Бид театраар дамжуулж сайн сайхан зүйлийг уриалж, амьдарч байгаа нийгмээ гэрэл гэгээтэй болгох боломж уран бүтээлчдэд байдаг шиг санагддаг. Тэр ч утгаараа уран бүтээлчид нэг тийм шидтэй ч юм шиг. Бурхан хүнд цаанаасаа даалгавар гэж өгдөг бол жүжигчин хүнд бусдыг сайн сайханд уриалах, зөв зүйлд нь ухааруулах даалгаврыг өгсөн байх аа гэж боддог.

 


М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188