• Өнөөдөр 2026-10-21

ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА

2026-10-21,   174

Анхны цас, хүйтэн жавраас өрсөх гэсэн жолооч нарын дуугүй тэмцэл нийслэлийн гудамжинд хэдийнэ эхэлжээ. Өглөөдөө хөрж тачигнасан хөдөлгүүр, цонх нь цантсан хөлгөө хараад халаглах жолооч нар дулаан хучлагын эрэлд гарчээ. Улаанбаатарын хүйтэн жаварт "Өглөө машин минь асах болов уу, цонхны цанг яаж арилгах вэ, замын халтиргаанд яаж жолоо барих вэ" гэх мянга мянган асуулт жолооч бүрийн толгойд эргэлдэнэ. Нэг үгээр бүгд л битүүхэн түгшүүртэй байна. Тиймээс Эргэлт.мн мэдээллийн сайт өвлийн хучлага, албадан асаагч ямар үнэтэй байгаа сурвалжлахаар Баянбүрд эргэн тойронд нөхцөл байдал ямар талаар уншигчдадаа хүргэхээр хөдлөлөө.

      Баянбүрд орчмын хучлага захиалгын жижиг мухлагуудаар ороход оёдлын машины нэгэн хэмнэлт нүргээн, дулаалгын цагаан синтефон материалын өвөрмөц үнэр угтлаа. Энд өвлийн улиралд автомашиныг хөлдөхөөс хамгаалах хамгийн гол зэвсэг болох "дулаан хучлага"-ыг оёдог оёдолчин зүү утас хэлхэж, ур ухаанаа гарган сууна. Түүнийг Л.Хишигсүрэн гэх бөгөөд бидэнд “Аравдугаар сар гарснаас хойш бараг амрах завгүй сууж байна. Өдөртөө 5-6 хучлага оёж бэлэн болгодог ч захиалга дийлдэхгүй байна. Жолоочид цас орж, гэнэт хүйтрэхээр шавчихдаг болохоор одооноос урьдчилаад захиалгаа аваад оёж байна. Материалын үнэ, доторлогооны синтефоны өртөг өссөн ч бид үнээ өмнөх жилийнхээс бараг нэмээгүй, иргэдийнхээ худалдан авах чадварт тааруулж байна" хэмээн ярьсан юм. Тус оёдлын газарт дулаан хучлаганы үнэ

  • Суудлын жижиг тэрэг: 120-150 мянган төгрөгийн үнэтэй.
  • Дунд гарын жийп: 160-220 мянга төгрөгийн үнэтэй
  • Том оврын жиип: 230-280 мянган төгрөг байна.

      Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож буй автомашины тоо жилээс жилд нэмэгдэж, үүнийг даган өвлийн улиралд гарах осол аваар, замын түгжрэлийн гол шалтгаан нь өвлийн бэлтгэлээ дутуу хангасан, зуны дугуйтайгаа замын хөдөлгөөнд оролцсон жолооч нараас үүдэлтэй байдаг.

Машин нь хөлдөж, чирүүлж явах, эсвэл халтиргаатай замд бусдын болон өөрийн амь нас, эд хөрөнгөөр хохирохоос урьтаж, бэлтгэлээ хангах нь хамгийн ухаалаг алхам билээ.

      Намрын наран ээвэр дулаан байвч, наашилж буй өвлийн жавар хаяанд ирснийг жолооч нарын яаруу хөдөлгөөн бэлхнээ гэрчилнэ. Машин нь хөлдөж, чирүүлж явах, эсвэл халтиргаатай замд бусдын болон өөрийн амь нас, эд хөрөнгөөр хохирохоос урьтаж, бэлтгэлээ хангах нь хамгийн ухаалаг алхам билээ.

      Бид автомашиндаа хучлага авахаар явж буй иргэн Д.Алтанцоожоос тодруулахад "Манайх орон сууцанд амьдардаг ч дулаан гараж олдохгүй, гадаа тавьдаг юм. Өнгөрсөн өвөл хучлагагүй байж байгаад хэд, хэдэн удаа машинаа хөлдөөж, өглөө бүр чирүүлж, асаах гэж бөөн стресс болсон. Энэ жил ухаан сууж, цас орохоос өмнө Баянбүрдийн оёдлын цэг дээр ирээд "Prius" маркийн автомашиндаа тааруулж таван давхар дулаалгатай, хамгаалалтын тросстой нано хучлага 160,000 төгрөгөөр захиалж хийлгэж авлаа. Жаахан эрт бэлдчихвэл сэтгэл амгалан, өвөл машин асахгүй гэж зовохгүй амар шүү дээ. Үүнээс гадна хулгайч нар автомашины хучлага туучихаад байдаг. Тиймээс иргэд маань оосор, уяа сайтайг нь аваарай" гэв.

      Улаанбаатарын өвөл жолооч нараас зөвхөн дулаан хучлага, сайн дугуй шаарддаггүй. Хасах 30-40 хэмийн тасхийм хүйтэнд хоносон автомашины аккумулятор сууж, хөдөлгүүр нь ямар ч амингүй мэт таг чиг болох мөч жолооч бүрийн хар дарсан зүүд гэлтэй. Өглөө бүр дуудлагын асаалга хүлээж, хүйтэн машинд дааран зогсохоос залхсан нийслэлийн жолооч нарын хувьд  аккумулятор аврагч буюу автомашины албадан асаагч буюу "Jump Starter", "Повер банк" юм.

"Өгөөмөр" техникийн захын багаж хэрэгслийн тасгаар ороход жижиг хайрцагтай, утасны повер банк шиг хэрнээ хүнд цахилгааны утсууд дагалдуулсан төхөөрөмжүүдийг лангуун дээр эгнүүлэн өржээ. Худалдаачдын хэлж буйгаар сүүлийн хоёр жилд жолооч нар "машины холбоос утас" гэхээсээ илүүтэй өөрийн гэсэн бие даасан албадан асаагчийг худалдаж авах нь эрс нэмэгдсэн байна. Үнэ ханшийн хувьд хүчин чадал, батарейн багтаамж болон дагалдах олон үйлдлээсээ хамаарч 150-750 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Энэ талаар худалдан авагч Х.Хатанбаатараас асуухад “Өнгөрсөн өвөл нэг хэсэг чанга хүйтрэхэд машины аккумулятор гурван удаа суусан. Тэгээд дуудлагын асаалга дуудахаар хамгийн хямд нь 50 мянган төгрөг гэдэг. Дээрээс нь яг өглөөний ид ачааллын үеэр дуудлага өгөхөөр “Хүлээж байгаарай, нэг цагийн дараа очно” гэдэг. Хүйтэн машинд хүүхдээ суулгаад хүлээх үнэхээр хэцүү. Тэгээд бодож байгаад энэ жил 190 мянган төгрөгөөр дугуй хийлэгчтэй, повер банктай асаагч авчихлаа. Тэр дуудлагын мөнгийг 5-6 удаа өгөх зардлаараа өөртөө хэрэглэх багаж авчихсан нь ашигтай санагдаж байна” гэв.

Өнгөрсөн өвөл нэг хэсэг чанга хүйтрэхэд машины аккумулятор гурван удаа суусан

      Мөн энэ талаар  Ц.Шаарав "Манайх шиг Приустай хүмүүст энэ их хэрэгтэй. Машины жижиг аккумулятор нь гэнэт суудаг талтай. Өвөл хүнээс гуйж холбоно гэдэг заримдаа хэцүү, хүмүүс ч машины цахилгаан систем гэмтэнэ гээд холбуулах дургүй болчихсон. Энэ жижиг асаагчийг машиныхаа хайрцагт хийчихэд хэнээс ч тусламж гуйхгүй өөрөө хавчуураа зүүгээд л нэг минутын дотор асаачихдаг. Залуу хүмүүст, ялангуяа эмэгтэй жолооч нарт өвөл замд саатахад хэрэгтэй санагддаг” гэлээ. Технологийн дэвшил Улаанбаатарын өвлийн хүнд хэцүү сорилтуудыг даван туулахад жолооч нарт том тусламж болж байна. Нэг үеэ бодвол жолооч нар бусдаас гуйж, холбогч утас бариад гүйдэг цаг өнгөрчээ.  

      Улаанбаатарын өвөл хэнэггүй нэгэнд хатуухан сургамж хайрлаж өгдөг билээ. Сурвалжилгын явцад анзаарагдсан хамгийн олзуурхууштай дүр зураг бол манай жолооч нар зөвхөн дугуйгаа солиод өвлийг өнгөрөөдөг хуучин сэтгэлгээнээсээ бүрэн салжээ. Цас бударч, цаг агаар огцом хүйтрэхэд техникийн захуудын ачаалал эрс нэмэгдэж, үнэ ханш ч эрэлтээ даган хөөрөгддөг бичигдээгүй хууль бий. Машин нь хөлдөж цаг заваараа хохирох уу, эсвэл халтиргаатай замд өөрийн болон өрөөлийн амь насыг эрсдэлд оруулах уу гэдэг нь ердөө л өнөөдрийн таны бэлтгэлээс хамаарна.

      Эрхэм жолооч та, өвлийн их сорилт хаяанд ирснийг ухамсарлаж, төмөр хүлгээ яг одоо, ачаалал багатай дээр нь өвөлд бүрэн бэлдээрэй. Алтан шар зам тань үргэлж өлзийтэй байх болтугай.


ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188