• Өнөөдөр 2024-04-29

Ц.БИЛЭГТСАЙХАН: Томуугийн эсрэг вакцины 39 хувийг 65-аас дээш насны ахмадуудад хийнэ

2022-10-06,   338

        Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 
 
    Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан "Томуу, томуу төст өвчнийг хоёр үзүүлэлтээр танддаг. Тодруулбал, амбулатори болон эмнэлгийн ачааллаар тооцдог. Амбулаториор үйлчлүүлж буй 10000 хүн амд томуу, томуу төст өвчний оношоор хэдэн хүн хандаж байна вэ гэдгээр тооцдог гэсэн үг.
 
    Томуу, томуу төст өвчний үүсгэгчийг илрүүлэх хувилбарын тандалтын судалгааг манай үндэсний төв хийдэг. Хамгийн сүүлд нийт 80 сорьцод шинжилгээ хийхэд 25 хувьд нь гурван төрлийн вирус илэрсэн байна. Тухайлбал, Риновирус, Бокавирус, RSV вирус давамгайлж илэрсэн байна" гэв.
 
      Мөн "Томуугийн улирлыг угтаад томуугийн вакциныг хийхээр ажиллаж байна. Энэ жил манай улсын Засгийн газраас 500,000 хүн тун томуугийн вакциныг худалдан авч өгөхөөр болсон. Түүнчлэн олон улсын байгууллагаас 60,000 хүн тун вакцины дэмжлэг үзүүлж байна. Өөрөөр хэлбэл, нийт хоёр эх үүсвэрээс 560.000 хүн тун томуугийн вакциныг авч байгаа хэмээн ойлгож болно.
 
Бид 560 000 хүн тун вакцинаа дараах байдлаар хуваарилж хийхээр төлөвлөсөн. 
 
Нэгдүгээрт, тав хүртэлх насны хүүхдүүд
Хоёрдугаарт, жирэмсэн эхчүүд
Гуравдугаарт, 65 ба түүнээс дээш настай ахмадууд болон хавсарсан суурь эмгэгтэй үйлчлүүлэгчдийг хамруулахаар төлөвлөж байсан. Томуу, томуу төст өвчний эсрэг нийт вакциныхаа 38 хувийг 1-5 настай хүүхдүүдэд хийнэ. Харин 65-аас дээш насны ахмадуудад 39 хувийг нь хийнэ. Түүнчлэн жирэмсэн эхчүүддээ 7.5 хувийг хийхээр төлөвлөсөн. Эрүүл мэндийн байгууллагын ажилчдадаа 6.1 хувийг нь хийхээр тус тус төлөвлөөд байна.
 
       Энэ жилийн тухайд томуугийн вакцин аравдугаар сарын хоёрдугаар долоо хоногт бид хүлээн авна. Тиймээс аравдугаар сарын 15-наас эхлээд хуваарийн дагуу түгээлтүүд хийгдэнэ. Ингээд аравдугаар сардаа томуугийн вакцинжуулалт хийнэ хэмээн ойлгож болно" гэв.

Ц.БИЛЭГТСАЙХАН: Томуугийн эсрэг вакцины 39 хувийг 65-аас дээш насны ахмадуудад хийнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188