• Өнөөдөр 2024-04-20

Богд ууланд хууль бусаар газар авсан Д.Өнөрболорыг шалгаж эхэлжээ

2020-11-05,   5044

АТГ-аас УИХ-ын гишүүн Д.Өнөрболорыг Дархан цаазат Богд хан уулын Зайсангийн аманд их хэмжээний газар хууль бусаар авч эзэмшин, улмаар тансаг зэрэглэлийн орон сууц барьж, асар их ашиг олсон үндэслэлээр шалгаж эхэлжээ.
 
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэр бүхий гурван гишүүнийг эргүүлэн татаж болзошгүй асуудал яригдсан. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Зайсанд хууль бусаар газар авсан, зөвшөөрөлгүй барилга барьсан, өндөр үнээр зарсан гэх асуудлаараа шалгагдаж, УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөж болзошгүй болжээ. 
 
УИХ-ын гишүүн Д.Өнөрболорыг хууль хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн хэргийг тодруулбал,
 
Байгаль орчин аялал жуулчлалын яам, Авлигатай тэмцэх газар, МХЕГ, УМБГ-ын хамтарсан ажлын хэсэг оффшор бүсэд данстай улс төр, бизнесийн “томчууд” мөнгөө Монголд оруулж ирж, тансаг зэрэглэлийн барилга барьж зарах байдлаар угаасан байж болзошгүй ноцтой хэргийн сэжүүр илрүүлжээ.  Тиймээс дархан цаазат Богд хан уулын амуудыг самнаж, тэнд баригдсан үнэтэй тансаг амины болон орон сууцнуудыг хэний ямар компани барьсан, санхүүжилт нь хаанаас гарсан, газрын зөвшөөрлөө ямар замаар авсан, хууль зөрчсөн эсэх гээд бүх мэдээллийг эхнээс нь нягтлан шалгаж, цаад эздийг нь илрүүлэх ажиллагааг хууль, хяналтынхан эхлүүлсэн байна.
 
Сонирхолтой нь, Дархан цаазат Богд хан уулын Зайсангийн аманд их хэмжээний газар хууль бусаар авч эзэмшин, улмаар тансаг зэрэглэлийн амины болон нийтийн орон сууц барьж, зараад асар их ашиг олсон компаниудын цаад эздийн жагсаалтыг УИХ-ын гишүүн Д.Өнөрболор тэргүүлсэн аж. Тиймээс түүнийг холбогдох хууль хяналтын байгууллагууд эрүү үүсгэн шалгаж эхэлсэн гэнэ. 
 
Рестораны эзэн эмэгтэй гэнэт барилгын бизнест орсон, тэр тусмаа үнэтэй, тансаг зэрэглэлийн орон сууцны хотхонуудыг Зайсангийн аманд жил дараалан сүндэрлүүлж, түүнийгээ улс төр, бизнесийн томчуудад зарж, бүр цаашлаад өөрөө улс төрд орж ирсэн зэрэг нь түүнийг хууль хяналтын байгууллагуудын хардах үндэслэл болсон аж. 
 
Өнгөрсөн сонгуулиар Сэлэнгэ аймгаас сонгогдож, УИХ-ын гишүүн болсон Д.Өнөрболор нь “Сөүл” группын эзэн. Өмнө нь 2016 онд Барилга, хот байгуулалтын сайд болохоор яригдаж байсан улс төр, бизнест нөлөө бүхий нэгэн. Тэрбээр, жилдээ 853 сая төгрөгийн орлоготой, 12 орон сууцтай, 7,5 тэрбум төгрөгийн хадгаламжтай, “Сөүл” ХХК, “Роял виндөү” ХХК, “Зэндмэнэ хурх” ХХК, “Энокси” ХХК зэрэг компанийг эзэмшдэг. Хүүхдийн паркын хашаанд байрлах “Сөүл” рестораныг анх хоолны газар байхаас нь өргөжүүлж,  бизнесийн гараагаа эхлүүлсэн гэгддэг Д.Өнөрболор “Сөүл” группээ 1990-ээд оны сүүлчээс БНСУ-ын Вү Хюнг Минтэй хамтран эзэмшиж буй. Тэднийг гэр бүлийн харилцаатай гэх мэдээллүүд ч үе үе цацагддаг. 
 
УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын “Сөүл” групп анх 2002-2004 онд Монголын тансаг зэрэглэлийн орон сууцнуудын нэг буюу Баянзүрх дүүргийн I хороонд байрлах “Роял Кастл” хотхоныг ашиглалтад оруулсан байдаг. Тухайн үеийн зах зээлд орон сууцны м2 талбайн үнэ 250 ам.доллар байхад тус хотхон 1200 ам.доллараар захиалга авч байлаа. Тус хотхоны үе үеийн оршин суугчид нь Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир, одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтнүүд. 
 

Энэ үеэс Д.Өнөрболор өндөр үнэтэй, тансаг зэрэглэлийн орон сууц барьж, улс төр, бизнесийн томчуудад зарж ашиг олох ажилд амташсан гэхэд хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл, 2005 оноос тусгай хамгаалалттай Богд хан уулын Зайсангийн аманд хууль бусаар газар авч, тансаг зэрэглэлийн сууцнуудыг  сүндэрлүүлэх ажлаа эхлүүлсэн гэдэг. 

Тэрбээр 2005-2007 онд Хан-Уул дүүргийн XI хороо буюу Зайсан толгойн чанх урд 22 мянган м2 газар авч, VIP зэрэглэлийн “Роял Грийн вилла” хотхоныг барьсан. 2008-2011 онд тус хотхонтойгоо хаяа залган мөн л  тансаг зэрэглэлийн “Сөүл Роял Каунти вилла” хотхоныг барьсан байдаг. Одоо тус хотхонуудын хамгийн бага талбайтай нэг орон сууц нь 600 орчим сая төгрөгөөр үнэлэгдэж буй. 
 
Тэрбум тэрбумаар үнэлэгдэх тансаг зэрэглэлийн гурван хотхон барьж, зарсан УИХ-ын гишүүн, “Сөүл” группын эзэн Д.Өнөрболорын өндөр үнэтэй амины болон нийтийн орон сууц барьж зарах бизнес 2012 оноос улам хүчээ авсан гэнэ. Тухайлбал, Зайсангийн аманд 2012-2014 онд “Роял Кровн Вилла” гэх тансаг зэрэглэлийн хотхон, 2011-2016 онд “Роял Хилл Каунти” тансаг зэрэглэлийн амины орон сууц бүхий хотхоныг тус тус барьжээ. “Роял Хилл Каунти” амины орон сууц бүхий хотхон нь нийт 99,800 м2 талбайг хамрах бөгөөд 29 хаустай. 
 
Энэ мэтээр Д.Өнөрболорын гэх тодотголтой тансаг зэрэглэлийн амины болон нийтийн орон сууцууд Зайсангийн аманд дүүрчээ. Угтаа Богд уулын 28 амыг хөл гишгэх зайгүй болтол нь барилга байшингаар дүүргэх ажлын тэргүүн шугаманд тэр ийн хошуучилж явна. “Сөүл” группын солонгосчууддаа зориулсан албан ёсны цахим сайтаар орвол “Бид монголчуудад тансаг зэрэглэлийг мэдрүүлсэн. Баячууд нь баячуудтайгаа амьдрах боломжийг бид мэдрүүлсэн” гэх утга бүхий тайлбартайгаар барьж байгуулсан хотхонуудынх нь зураг гараад ирнэ. Тиймдээ ч түүний Зайсанд сүндэрлүүлсэн өндөр үнэтэй хотхонуудаас “Зайсанд баян хүн амьдардаг” гэх ойлголт бий болсон гэхэд хилсдэхгүй. 
 
Хамгийн гол нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2.12 дугаар зүйлд Дархан цаазат газарт хориглох үйл ажиллагааг зааж өгсөн байдаг. Тэнд дархан цаазат газарт олон давхар тансаг орон сууц, бохироо ч шийдээгүй амины орон сууц барих бүү хэл газар ухахыг ч хориглоно гэж заасан нь бий. Харамсалтай нь, өнгөрсөн 18 жил Д.Өнөрболорт энэ хууль үйлчилсэнгүй. 
 

Тэгвэл тэр яаж Дархан цаазат газарт хэдэн га-гаар нь газар авч, барилга “үржүүлэгч”, баячуудыг Зайсанд “цуглуулагч” болсон бэ. 

УИХ-ын гишүүн Д.Өнөрболорыг улс төрийн хүрээлэлд УИХ-ын дарга асан Миеэ.Энхболдын хүн гэдэг юм билээ. Хэн хэнийх нь намтар түүхийг ухаад үзвэл хоорондоо их ойр байцгаажээ, тэд. М.Энхболдын бараан намтарт “Хотын үнэд хүрэх бүх газрыг зарсан” гэх өгүүлбэр заавал дурдагддаг. Энэ үүднээс харвал М.Энхболд 1996-2005 онд Хотын дарга байсан. Д.Өнөрболор 2002 оноос хотын А зэрэглэл, зайсан орчимд тансаг орон сууцуудыг сүндэрлүүлж эхэлсэн. Цаг хугацааны хувьд ингэж давхацдаг. М.Энхболд газар өгч, Д.Өнөрболор барилга барьдаг байсан гэмээр. Шуудхандаа тэд энэ үеэс гар, ганцага нийлжээ. 
 
Түүнчлэн М.Энхболд 2003 онд БНСУ-ын Гуан-Ун их сургуулийн төрийн захиргааны хүндэт доктор, 2005 онд БНСУ-ын Сөүл хотын хүндэт иргэн болж байв. Д.Өнөрболорын “Сөүл” группын гол хөрөнгө оруулагч нь БНСУ-ын иргэн болохоор өөрийн хотынхоо хүндэт иргэн болгосон ч биз. Цаашлаад М.Энхболд 2016 онд МАН-даа ялалт авчирсныхаа дараа Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд болгож, түүнээр дамжуулан хотын дарга байх үеэсээ хамтран ажилласан Д.Өнөрболорыгоо Барилга хот байгуулалтын сайдад зүтгүүлсэн ч хувьдаа барилгын компанитай буюу ашиг сонирхлын зөрчилтэй гэгдээд тэнцээгүй гэдэг. Улмаар 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө багтаа мөн л өөрийн фракцын Ж.Эрдэнэбат, Д.Өнөрболор нарыг ажиллуулсан. М.Энхболдыг хотын дарга байхад нь түүнээс хотын аль үнэтэй газруудыг авчихсан учраас сонгууль бүрийг нь санхүүжүүлдэг гэж Д.Өнөрболорыг хэвлэлүүд онцолдог нь ийм учиртай. Д.Өнөрболор өнөө ч М.Энхболдоосоо урваагүйн дээр өнгөрсөн сонгуулийн үеэр Ж.Эрдэнэбат шоронд ороход тэр эргэж очиж, суллах хүсэлт илгээж байлаа. 
 
Энэ мэтээр УИХ-ын гишүүн, “Сөүл” группээр овоглогч Д.Өнөрболорт газрын наймаа, авлига албан тушаалын асар зузаан хавтаст хэрэг үүсч болзошгүй байгаа гэнэ. БОАЖЯ, УМБГ, АТГ, МХЕГ-ын хамтарсан баг Богд уулыг “эзэлсэн” цаад эздийг тогтоох ажиллагаагаа шударгаар, нягт нямбай, амжилттай дуусгаж чадвал олон хүний, ядаж л МАН-ыг санхүүжүүлэгчдийн нэг, УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын маш ноцтой хэрэг ил болоход ойрхон байна. 
 
 
Эргэлт.мн сайтын "Эрэн сурвалжлах нэгдэл" дараагийн дугаартаа УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын газрын наймаа, хувь эзэмшдэг компаниудынх нь хууль зөрчсөн үйл ажиллагааных нь тухай нийтлэх болно. Үргэлжлэл бий...

Богд ууланд хууль бусаар газар авсан Д.Өнөрболорыг шалгаж эхэлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 14
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-09 17:03:03
    Цэгмид: Сайтар шалгаж нэг ч гэсэн үнэнийг тогтоож дархан цаазтай газар зөвшөөрөл олгосон хамтарсан бүх хүнийг ил болгож монгол улс шудрага шүүхтэй гэдгийг харуулах цаг болсон шүү төр засаг ард түмэнд энэ хүмүүсийн үнэн төрхийг илчэлж цаад эзэн нь хэн гэдгийг бэ гэдгийг олж илрүүлэх нь чухал байна ар түмэн сая төгрөг байсан ч байранд орж чадахгүй байгаа шүү дэ ийм хүмүүсийг яагаад их хуралд сонгоод байна да ард түмэн минь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-06 22:30:27
    Чимээ.: Сайн шалгах хэрэгтэй. Ард түмэнд ил тод гаргаж хэлэх зүйтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-06 10:30:31
    k: tatah heregtei tor hyyli vnen gej bdag bol
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-06 08:06:25
    Батаа: 1 м кв ийг нь 1 сая 200 мянган ам доллараас дээш үнээр зарсан газар дээр боссон үнэтэй сууц баячууд орсон нь үнэн солонгосчууд барилга барьсан нь үнэн. Чухам бохир мөнгө үү,цэвэр мөнгө үү гэдгийг тогтоох хэрэгтэй. Гадныхан ихэвчлэн бохир мөнгөө монголд угаадаг шүү. Сайн шалгаарай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-06 08:06:12
    Батаа: 1 м кв ийг нь 1 сая 200 мянган ам доллараас дээш үнээр зарсан газар дээр боссон үнэтэй сууц баячууд орсон нь үнэн солонгосчууд барилга барьсан нь үнэн. Чухам бохир мөнгө үү,цэвэр мөнгө үү гэдгийг тогтоох хэрэгтэй. Гадныхан ихэвчлэн бохир мөнгөө монголд угаадаг шүү. Сайн шалгаарай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-06 02:10:13
    ДОРЖДАГВА: ЭНЭ.ХЭРГИЙГ.ГҮЙЦЭДШАЛГА.ХАРИУЦЛАГЫГ.ТООЦОХ.ХЭРЭГТЭЙ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-05 23:27:01
    Мэргэн: Хорогдох байрруугаа үхэн хатан тэмцээд орчихсон. Одоо алзахгүй биз
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-05 21:23:27
    Y: Та нар мэдэхгүй байж битгий ингэж дураараа ярьж бай! Хажууд нь хараад зогсож байсан юм шиг л бурах юмаа зарим мэдээний гэсэн нэртэй сайтууд. Иймэрхүү хүмүүсийн тархи угаах гэсэн үйлдлээ зогсоо!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-05 17:08:17
    Багш: Энхрий үрс маань өлч даарч амьдарч байна. Тэдний эцэг эх луйварчдын доромжлолыг дааргүй сөхөрч байна. Ийм хэрээс хэтэрсэн хулгайчдын хөрөнгийг хурааж, нурааж шударга ёс тогтоо.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-05 17:00:58
    Урнаа: Гадны бохир мөнгө угаах гэмт хэрэг байх магадлал өндөр ш дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-05 12:41:03
    Г.Байгалмаа: Зөвөө сайтар шалгах хэрэгтэй төр эзэнтэй л бол
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-05 12:37:05
    Монгол: Ард түмэн цагаан цаас уу Өнөрболор оо?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-05 10:21:21
    Иргэн: Гарцаагүй нотой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-05 09:54:53
    zochin: songosonnsongoltuud chin ard tvmnee shulj idsen l nuhdvvd shvde
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188