• Өнөөдөр 2024-04-27

Эх, нярайн амийг “аминд тооцдоггүй” УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ш.Адъшаа, Б.Пүрэвдорж нарыг эгүүлэн тат

2021-05-30,   1605

            Ховд аймгийн Булган суманд эх, нярай эндсэн харамсалтай хэрэг гараад даруй сар болох нь ээ. Шүүх эмнэлгийн дүгнэлт хүлээгдэж байгаа шалтгаанаар эх, нярай эндсэн энэ хэргийг олон нийтийн анхаарлаас гаргаж, хэн ч хариуцлага хүлээхгүйгээр мартагнуулаад өнгөрөх бололтой. Огцрох шалтгаан нь 33-хан настай эх, хоёрхон хоногтой нярай хоёрын амиар бий болчихоод сар шахам болж байхад Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ш.Адъшаа, Б.Пүрэвдорж, Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нар амар жимэр, албан тушаалдаа сууцгаасаар л...
 
Эх, нярай эндсэн элэг эмтрэм хэргийг эргэн сануулъя.
 
Дөрөвдүгээр сарын 29. 
 
00:20 цаг. Төрөх хугацаа нь 10 гаруй хоног хэтрээд байсан хөл хүнд 33 настай Э-гийн ус нь гарч, түүний нөхөр, хадам ээж, хадам ах гурав нь сумынхаа Эрүүл мэндийн төвд хүргэж очжээ. Дөрвүүлээ очоод, тавуулаа буцна л гэж бодож явцгааж. 
 
Хоёр хүү, нэг охин өөрөөрөө төрүүлсэн Э дөрөв дэх хүүхдээ хийсвэрээр төрүүлэх хүсэлтэй байгаа хяналтад байх үедээ сумынхаа эмч нарт удаа дараа хэлж байжээ. Өмнөх гурван төрөлт нь хүндрэлтэй байсан учраас дөрөв дэх хүүхдэд нь ч, өөрт нь ч аюул учирч болзошгүйг Э өөрийн зөн совингоор ийн мэдэрч байсан нь тэр ажээ. Гэтэл Булган сумын Эрүүл мэндийн төвийн эмч нар заавал өөрөөр нь төрүүлэхээр “улайрцгааж”, ус нь гараад хүргэгдэж ирэнгүүт нь эмнэлгийн орон дээр гаргажээ. 
 
04:20 цаг. Харамсалтай нь, эмнэлгийн төрөх орон дээр бүтэн дөрвөн цаг өвдөж тарчилсан Э энэ цагт охиноо төрүүлээд эцсийн амьсгалаа татсан байгаа юм. Э-г амьсгал хураамагц эх баригч нь ар гэрийнхэнтэй ч уулзалгүйгээр арын хаалгаараа гарч явсан гэх. 
 
       Энэ дөрвөн цагийн хугацаанд хадам ээж нь эмнэлгийн коридорт мэддэг бүхий л мааниа уншиж, төрөх өрөөний хаалга онгойх бүрд өндөлзөж суужээ. Харин Э-гийн нөхөр, хадам ах хоёр нь эмч, сувилагч, эм зүйч  цусны донор гэх зургаан хүнийг өөрийнхөө машинаар гэрээс нь авч, эмнэлэгт хүргэж байжээ. Тухайн үед эх баригч, жижүүр эмчээс бусад нь гэртээ унтацгааж, түргэний жолооч нь ч эзгүй байж таарсан учраас тэр аж. Тэр байтугай эмнэлэгт, зориулалтын хөргүүрт хадгалагдаж, яаралтай үед өвчтөнд сэлбэх ёстой цус хүртэл донорынхоо судсаар лугшиж байж. Эхнэр, охиноо аврахын тулд тэр хэрэгтэй гэсэн хүн бүрийн гэр лүү нь очиж, хаалгыг нь нүдэж, хөнжлийг нь “хуулан” байж, өөрийнхөө машинаар эмнэлэгт авчирсан ч, харамсалтай нь тэдний хэн нь ч эхнэр, охиныг нь аварч чадаагүй аж. 
 
Тавдугаар сарын 1.
 
Талийгаач Э-гээс “тасарч” үлдсэн нярайг инкубаторт хийж, хүчилтөрөгч залгасан байгаа юм. Ингээд хоёр хонож байтал Булган суманд хоёр цаг орчим цахилгаан тасарч, улмаар хүчилтөрөгч нь тасалдсаны улмаас хөөрхий нярай энджээ. Бүр илүү ноцтой нь, хүчилтөрөгчгүй инкубаторт хоёр нүд нь юу ч үгүй хатаж хорчийсон хөөрхий нярайн цогцсыг шүүх шинжилгээний баг иртэл гэрийн хөргөгчинд хадгалсан гэх. Учир нь Булган сумын эмнэлэг морггүй гэнэ. Ханилсан ханиа алдаад хоёрхон хонож байсан залуу араас нь бяцхан охиноо алдах, тэгээд бүр хөргөгчинд “хийлгэх” ямар аймшигтай, ямар хэцүү байсан бол. 
 
       Хоёр хүү, нэг охины ээж ийн дөрөв дэх хүүхдээ, хоёр дахь охиноо төрүүлж байхдаа нас баржээ. “Хоёр хүү, хоёр охинтой болж, амьдрал тэгшрэх нь” гэж баярлан хүлээж суусан нэгэн эцэг ийн эхнэр, охиноо хоёр хоногийн зайтай алдаж, амьдын хагацал үзэж, өрх толгойлж хоцорчээ. Тэр дөнгөж төрсөн дөрөв дэх үрээ, өвгөн эмгэн болтлоо ханилна гэж амласан ханиа эцсийн удаа харж, үнсэж, үнэрлэж ч амжсаагүй. Одоо тэр хариуцлагагүй эмч нарт, хүндээ хайргүй төрд гомдож, зүхэж суугаа. 
 

Эх, нярай хоёр хоногийн зайтай хорвоогоос буцаж, элэг бүтэн байсан залуу гэр бүлд ийм аймшигтай уй гашуу, амьдын хагацал тохиолдчихоод байхад “эх, нярайн эндэгдэл байдаг л зүйл” гэх хандлагаар хэнд ч хариуцлага тооцохгүй өнгөрөх нь ээ. Хорвоогоос гаслантайгаар буцсан хоёр хүний алтан амийг юман чинээ бодохгүй, хэн ч хариуцлага хүлээхгүй, хэн ч эмгэнэхгүй байж болно гэж үү.

 
Энэ ноцтой хэрэгт Э-г эх барьсан эмч, эмнэлгийн дарга, Булган сумын Засаг дарга, бүр Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, тэр байтугай Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ш.Адъшаа, Б.Пүрэвдорж нар цөм албан тушаалаа огцорч, хариуцлага хүлээх хэрэгтэй. Ховд аймгийн иргэд, сонгогчид хорвоогоос цаг бусаар одсон хоёр амины төлөө тэднийг өглөө сэрэх бүрд нь, орой унтах бүрд нь огцрохыг шаардах хэрэгтэй. 
 
        Эх, нярай эндсэнд яагаад гишүүд буруутай вэ, яагаад огцрох ёстой юм, гэж асууж магадгүй. Нэгдүгээрт, өнгөрсөн нэгдүгээр сард дөнгөж төрсөн эх, нярайг зуны халадтай эмнэлгээс гаргаж, машин суулгасан асуудал улс даяар шуугиан тарьж, У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон шүү дээ. Тэр үед “Хүндээ хайртай байя, хүнээ хайрлаагүй ямар ч албан тушаалтан хариуцлага хүлээж огцордог байя” хэмээн уриалж, улс нийтээрээ “тохиролцсон” биз дээ. Гэтэл эмч нарын хариуцлагагүй үйлдэл, хөдөөгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн дутуугаас болж эх, нярай харамсалтайгаар эндчихээд байхад хэн ч, яагаад хариуцлага ярихгүй байгаа юм бэ. Өөрөөр бол, ямар эх үрийг өрөвдөөд, ямар эх үрийг өрөвддөггүй юм бэ. Хот газар биш хөдөө буйд суманд эндсэн болохоор хэнд ч хамаагүй гэж үү. 
 
Хоёрдугаарт, тойргийнхоо иргэд сонгогчдыг ая тухтай, аюулгүй орчинд амьдруулна, амьдралын баталгааг нь дээшлүүлнэ гэх зэргээр, “аманд тань хоол халбагадаж өгнө” гэхээс наагуур амлалт өгч, итгэлийг нь өвөртөлж, төрийн түшээ болцгоодог биз дээ. Гэтэл алс буйд сумын эмнэлэгт эмнэлгийн чанартай үйлчилгээ, аюулгүй аж төрөх баталгаа үнэндээ алга. Хэрвээ Ховд аймгийн Булган сумын эмнэлгийн эх баригчид хариуцлагатай, ур чадвартай байсан бол, хэрвээ сум даяараа тог тасрахад эмнэлэг нь цахилгааны нөөц эх үүсгүүртэй байсан бол эх, нярай өдийд амьд сэрүүн, тэр гэр бүл элэг бүтэн амьдрах ч байсан юм бил үү. Тэгээд бас Булган сумын эмнэлэг ядаж хоёр, гуравхан цогцос ч болов хадгалах моргтой байсан бол хөөрхий нярайг гэрийн хөргөгчинд хадгалах шаардлагагүй байлаа. Эмнэлгийн үйлчилгээг чанартай, баталгаатай, хариуцлагатай болгох нь төрийн сэнтийд тарвалзаж байгаа эрхэм гишүүдийн нэг үүрэг шүү. 
 
         Тиймээс Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ш.Адъшаа, Б.Пүрэвдорж нар нэн даруй огцрохыг дахин дахин шаардах ёстой. Тэгж байж эхнэр, охиноо алдаж, хаана хандаж, хэнд гомдохоо мэдэхгүй яваа өрх толгойлсон нэгэн залуугийн сэтгэл бага ч атугай тайвшрах байх. Тэгж байж дараа дараагийнх нь гишүүд ухамсарлаж, ажлаа хийсэн шиг хийж, дахин Э шиг, түүний охин шиг эмгэнэлт хэрэг давтагдахгүй байх. 
 
 

Эх, нярайн амийг “аминд тооцдоггүй” УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ш.Адъшаа, Б.Пүрэвдорж нарыг эгүүлэн тат
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-29 11:08:03
    иргэн: Эргүү 3 ац Булган суман дээр очиж тэр эхэд хийсвэр хийж эрүүл төрүүлэхгүй яасан юм!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-28 13:46:39
    zochin: haramsaltai yavdal boljee. ger buld ni gun emgenel ilerhiilye. UM MA NI ******** ME HUM.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188