• Өнөөдөр 2024-10-06

НҮҮРСНИЙ ХУЛГАЙ, ЗЭЭЛИЙН САНД НЭР ХОЛБОГДСОН УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ

2024-09-15,   1628

Монголчууд парламентын түүхийг цоо шинээр бичих 126 гишүүнээ сонгоод хоёр сар гаран болж байна. Гэвч анх удаа сонгогдсон гишүүд одоог хүртэл учраа олохгүй, мунгинаж суугаа бол шинэ, хуучин гишүүдийн цөөнгүй нь АТГ-т шалгагдаж байгаа юм. АТГ-т шалгагдаж байгаа гишүүд болон тэдний холбогдсон хэргийг танилцуулж байна.

НҮҮРСНИЙ ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙГАА ГИШҮҮД

ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН, УИХ-ЫН ГИШҮҮН Х.БАТТУЛГА

              АТГ-аас 2022 оны арванхоёрдугаар сард нүүрсний хэрэгт холбогдсон нэр бүхий 17 албан тушаалтныг зарласан. Нүүрсний хулгайчдын жагсаалтыг Ерөнхийлөгч асан, өдгөөгийн УИХ-ын гишүүн Х.Баттулга тэргүүлж буй. Түүнийг Ерөнхийлөгч байх үедээ Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг төрийн нууцад хамруулж, “Бодь Интерэйшнл” компанитай шууд гэрээ байгуулж, их хэмжээний мөнгө үрэн таран хийсэн хэмээн буруутгаж байгаа юм.  

УИХ-ЫН ГИШҮҮН Н.НАРАНБААТАР

Түүнийг бусдад хууль бус давуу байдал бий болгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр АТГ-аас шалгаж, хэргийг нь шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлж байсан. “Нүүрсний хулгай”-н хэрэгт яллагдагчаар татагдсан тэрбээр “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар таван жил, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр дөрвөн жил, Засаг даргаар дөрвөн жил, Өмнөговь аймгийн МАН-ын даргаар таван жил тус тус ажилласан. Тиймдээ ч Н.Наранбаатар “Нүүрсний хулгай”-н хэрэгт гүнзгий хутгалдсаныг хууль хяналтынхан илрүүлж, үндэслэлгүй хөрөнгөжсөн, эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт яллагдагчаар татсан. Н.Наранбаатарын “Нүүрсний хулгай”-н хэргийг шалгах явцад 16 объектыг битүүмжилж, 60 хүнийг гэрчээр дуудаж байцаалт авсан байдаг. Улмаар Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр өнгөрсөн парламентад оруулж ирсэн ч МАН-ынхан хамгаалж үлдсэн юм.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА АСАН, УИХ-ЫН ГИШҮҮН Р.СЭДДОРЖ

Р.Сэддорж 2013-2020 оны хооронд “Тавантолгой” ХК-д удирдах албан тушаал хашиж байсан бөгөөд энэ үедээ эрх мэдэл, албан тушаалаа ашиглан нүүрсний хэрэгт холбогдсон байдаг. Түүнд холбогдох хэргийг шийдвэрлэтэл Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, мөн нэр бүхий яллагдагч, гэрч нартай уулзахыг хориглож байсан билээ. Тэрбээр УИХ-ын сонгуулийн 7-р тойрог буюу Говийн бүсэд АН-аас нэр дэвшиж, сонгогдсон юм.

БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙГАА ГИШҮҮД

УИХ-ЫН ГИШҮҮН, ТЭРГҮҮН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД ЛУ.ГАНТӨМӨР

Тэрбээр 2016 онд БСШУ-ны сайдаар ажиллаж байхдаа өөрийн охин болох Г.Хуланд нэмэлтээр тушаал гарган, Боловсролын зээлийн сангаас илүү дүнтэй зээл гаргуулж, хувийн дансаар шилжүүлсэн асуудлаараа АТГ-т шалгуулж байгаа гэнэ. Боловсролын зээлийн сангийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтсийн мэргэжилтэн асан О.Сийлэгмаа "АН-ын дарга Л.Гантөмөр БСШУ-ы сайдаар ажиллаж байхдаа 2016 онд өөрийн охин болох Г.Хуланд нэмэлт тушаал гаргаж, Боловсролын зээлийн сангаас зээл гаргуулж байсан. Түүнчлэн ҮАГ-ын 2019 оны дүгнэлтээр Г.Хулан нь 2016-2017 онд тус сангаас хоёр ижил нэхэмжлэхээр нийт дөрвөн удаагийн гүйлгээгээр 151,197,26 ам.долларыг авч, илүү мөнгийг хувийн данс руугаа шилжүүлсэн нь тогтоогдсон" хэмээн мэдээлж байлаа.

БШУ-Ы САЙД АСАН, УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАН

БШУ-ы сайд асан, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өөрийн дүү болон эхнэрээ Боловсролын зээлийн сангаар сургаж, улмаар зээлээ чөлөөлүүлсэн баримт нь ил болоод буй. Тодруулбал, Л.Энх-Амгалангийн төрсөн дүү 2004 онд ОХУ-д Боловсролын зээлийн сангаар сурснаас гадна мөн түүний эхнэр М.Сэржмядаг 2005 онд Австралийн Мельбурны их сургуульд хууль эрх зүйн чиглэлээр 33.5 мянган ам.долларын зээлээр суралцаж, улмаар зээлээ 2017 онд чөлөөлүүлсэн байдаг.

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД АСАН, УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ДАВААСҮРЭН

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн охин Д.Долзодмаа АНУ-ын Пүрди их сургуульд инженерийн чиглэлээр 2012-2016 онд суралцахдаа Боловсролын зээлийн сангаас 191 мянган ам.доллар буюу 660 сая төгрөгийн зээл авсан байдаг. Улмаар эргүүлэн төлөөгүй суралцагчдын нэгт багтаад буй.

           Харин энэ талаар Ц.Даваасүрэн "Манай охин зээлээр сураагүй гэдгийн баталгаа болгож архиваас буцалтгүй тусламжийн тэтгэлгийн гэрээг нь авлаа. Сурлагын амжилт, Улсын физикийн олимпиадаас мөнгөн медаль авч тэтгэлэгт хамрагдсан юм. Мөн түүний авьяас чадварыг үнэлж, Америкийн Пенсильваний их сургуулиас магистрын сургалт, доктор буюу Phd-ын сургалтыг хоёуланг нь 100 хувийн тэтгэлэг өгч сургаж байна. Америкчууд охины маань ур чадвар, хөдөлмөрч зан чанарыг нь үнэлж, татвар төлөгчдийнхөө мөнгөөр тэтгэлэг өгч сургалаа. Монголын төр нэг авьяастай иргэндээ бакалаврын сургалтын тэтгэлэг өгсөн нь ямар нэг хууль зөрчөөгүй. Хүүхдийг алаг үзэх ёсгүй” хэмээн охиноо өмөөрсөн юм.

УИХ-ЫН ГИШҮҮН Г.ДАМДИННЯМ

УИХ-ын гишүүн Г.Дамдинням Канадын Бритишийн Колумбиа их сургуульд хоёр жилийн хугацаанд уул уурхайн нийгмийн хариуцлага мэргэжлээр суралцахдаа Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам.долларын зээл авсан байдаг. Тэрбээр мөн Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдож амжсан бөгөөд Боловсролын зээлийн сангаас зээл авсан талаараа “Би 10 жилийн өмнө төрд нөлөөгүй байсан. Бүх шаардлагаа хангаад л зээлээ авсан. Улсдаа таван жил ажилласан. Үүнийг улстөржүүлэх шаардлагагүй. Тухайн үед надад улстөржилгүй зээл олгосон Л.Гантөмөр сайдад баярладаг” хэмээсэн юм.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД АСАН, УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХБАЯР

УИХ-ын гишүүн Б.Энхбаярын тухайд 2007-2009 онд АНУ-ын Хойд Виржинийн Их сургуульд Бизнесийн удирдлагын чиглэлээр суралцахаар 32,000 ам.долларын зээл авсан баримт бий. Улмаар  авсан зээлээ тэглүүлсэн ч, түүнийг уг сургуульд суралцаж төгссөн гэдэг нь тодорхойгүй байдаг. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Боловсролын зээлийн сангаас тэтгэлэг авч, гаднын сургууль суралцаж байх хугацаандаа “Улаанбаатар эрдэм” дээд сургуульд багшилж байсан нь түүний намтарт бичигдсэн байдаг. Нэг үгээр хэлбэл, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр 32,000 ам.долларын тэтгэлэг авсан ч шалгуурын дагуу сургуульд суралцаагүй, татвар төлөгчдийн мөнгөөр зээлээ тэглүүлсэн байгаа юм.  

БОАЖ-ЫН САЙД АСАН, УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТ-ЭРДЭНЭ

   

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн төрсөн дүү Б.Баттогтох 2009 онд Өмнөд Солонгосын Сөүлийн үндэсний их сургуульд эдийн засгийн удирдлагын чиглэлээр хоёр жил суралцахаар тухайн үеийн Сургалтын төрийн сангаас 14 мянган ам.долларын зээл авсан байдаг. 2019 оны дөрөвдүгээр сарын байдлаар 14 мянган ам.долларын зээлийн өрийн үлдэгдэлтэй байжээ.

УИХ-ЫН ГИШҮҮН, ШАДАР САЙД Т.ДОРЖХАНД

УИХ-ын гишүүн Т.Доржхандын хүү Д.Эрдэм Английн Кембрижийн Их сургуульд Эдийн засагч мэргэжлээр суралцахаар 33,454 ам.долларын зээл авсан. Д.Эрдэм Кембрижийн Их сургуулийг 2020 онд төгсөж, 2021 онд АНУ-ын Иелийн Их сургуульд магистр хамгаалсан. Улмаар 2022 оноос Лондонгийн “JP Morgan” компанид Хөрөнгө оруулалтын шинжээчээр ажиллаж байгаа аж. УИХ-ын гишүүн Т.Доржханд мөн төсвөөс санхүүждэг сангуудаас зээл авсан хэрэгт нэр холбогдож байсан юм.

БУСАД ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙГАА ГИШҮҮД

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА АСАН, УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХБАТ

Ц.Мөнхбат Дундговь аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, “Супрема бүтик лоджес” ХХК-д 2000 ам метр газар олгосон хэргээрээ АТГ-т шалгагдаж байгаа гэнэ. Тэрбээр 2021 оны дөрөвдүгээр сарын 5-нд захирамж гаргаж, Сайнцагаан сумын долдугаар багийн нутаг, тус аймаг дахь Цагдаагийн газрын дэргэд дээрх аж ахуйн нэгжид худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалтаар 15 жилийн хугацаатай газрын зөвшөөрөл олгосон нь тухайн аж ахуйн нэгжид давуу байдал олгосон байдаг.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БЕЙСЕН

Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга тэргүүтэй Нэгдсэн эмнэлгийн 40 гаруй эмчийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас авлига авч, хуурамч онош тогтоосон үндэслэлээр, тус аймгийн 514 иргэнийг дээрх хэрэгт холбогдуулан шалгаж байсан. Энэ хэргийн гол зохион байгуулагч, гол тоглогчийг УИХ-ын гишүүн Б.Бейсен гэдэг. Өөрөөр хэлбэл, тэрбээр эрүүл саруул, энх тунх иргэдийг дүлий, сохорын дүрд тоглуулж, тахир дутуугийн тэтгэмжинд хамруулдаг гэнэ.

 


НҮҮРСНИЙ ХУЛГАЙ, ЗЭЭЛИЙН САНД НЭР ХОЛБОГДСОН УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-16 10:48:27
    Зочин: УИХ-н гишүүн Л.Энх-Амгалангийн эхнэр, Т.Доржхандын хүү БЗС-с авсан зээлээ эргүүлэн төлсөн гэсэн банкны баримтыг олон нийтийн мэдээлэлийн сайтуудаар тавигдаж байсан санагдана. Б.Энхбаяр гишүүн зээлээ эргүүлэн төлсөн энэ тэр гээд л Зариг сайтын Өнөрөөтэй маргаад ч байлуу яалаа. Б.Энхбаяр гишүүн төлсөн байх магадлалтай. Бусадыг нь бол БЗС-н зээлээ эргүүлэн төлсөн гэж сонсоогүй шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-15 13:43:03
    S: ANUSDI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-10 08:27:32
    Зочин: Өмнөговийн сэддорж наранбаатар нар нүүрснээс гадна тендер төсөв авилгалын асар их гэмт хэргүүд бий. Түтгэлзүүлж байгаад шалгах хэрэгтэй. Хэрвээ жинхэнэ үнэн мөнийг нь олж тогтоох гэж бөйгаа ыол..... худалаа жүжиг бизээ!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-09 20:27:05
    Цог: СЕХ гэж авилгад идэгдсэн бузрын газрыг давхар шалгах ёстой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-09 20:24:25
    moonhh: УИХ д хэрэгт холбогдсон хүнийг дэвшүүлдэг нь буруу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-09 19:49:23
    Иргэн: Бүгдийг нь шоронд шаа хүүрнүүдийг юун УИХ.н гишүүн бэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-09 17:55:44
    иргэн: Хамгийн зэвүүн нь Л ЭНХАМГАЛАН даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-09 10:57:45
    Иргэн: АТГ шалгаад байдаг тэгээд хаана нэг газар очоод хэрэг хэрэгсэхгүй замхараад алга болдог учир бараг цаг цаасны гарз биздээ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188