Налайх дүүргийн VI хороо, "Тэнгэрийн энерги" бясалгалын төвд өнгөрсөн долоодугаар сарын 31-ний 22.35 цагийн орчим Хан-Уул дүүргийн II хорооны иргэн 25 настай эмэгтэй О сураггүй болсон тухай дуудлагыг наймдугаар сарын 1-ний өдрийн 11.04 цагт хүлээн авсан байдаг.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 09.06-ны өдрийн 10:00 цагаас тус дүүргийн “Тэнгэрийн-Энерги” бясалгалын төв, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Их хуралдай”, “Байтаг богд”, ”Баянцагаан” гэдэг газруудаар 18 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 35 км-т явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 09.06-ны өдрийн 20:28 цагт түр зогсоожээ. Тэгвэл эрэн хайх ажиллагааг өнөөдрийн 09:30 цагт эхлүүлсэн гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Хэргийг эргэн сануулбал...
Сураггүй болсон охид, бүсгүйчүүд хаачсан бэ
Д.Сэржмядаг хэмээх нэр, тэр бяцхан охины алга болсон тухай уйт мэдээ монголчуудыг хэсэг хугацаанд цочроосон. Гэвч хууль хүчний байгууллагууд тус хэргийг илрүүлж чадалгүй өдийг хүрлээ. Арга цөхөрсөндөө Сэржмядаг охины ээж Б.Хоролмаа “Охиныг маань хайж байгаа эсэхэд эргэлзэж байна” хэмээн хэвлэлд ярилцлага өгсөн байдаг. Ийнхүү бяцхан охиныг олох нь байтугай хэргийн талаар ямар ч сэжүүргүй байтал Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны хөтөлд амьдардаг бас нэг охин алга болж, зургаан сарын дараа жалганаас цогцос нь олдсон.
Үүний дараа хэд хэдэн ийм хэрэг гарсан. Хамгийн сүүлд л гэхэд “Тэнгэрийн энерги” бясалгалын төвөөс О.Оргил хэмээх бясалгагч бүсгүй алга болоод 12 өдөр өнгөрч байна. Энэ хэргийг холбогдох байгууллагууд шалгаж, эрж хайж буй хэдий ч одоо болтол ямар нэгэн сураг гараагүй байгаа аж. Бид О.Оргил гэгч бүсгүй чухам ямар хүн байсан, алга болсон өдөр яг юу болсныг эрэн сурвалжиллаа.
Хэргийг эргэн сануулбал, Налайх дүүргийн VI хорооны нутаг дэвсгэр, “Тэнгэрийн энерги” бясалгалын төвд бясалгал хийж байсан 27 настай эмэгтэй алга болсон байдаг. Тодруулбал, иргэн О.Оргил сураггүй алга болсон дуудлага өнгөрсөн долдугаар сарын 31-ний 22:35 цагт ОБЕГ-т иржээ. Дуудлага хүлээн авснаар эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн боловч дүүргийн Цагдаагийн газраас авсан мэдээллийн дагуу энэ сарын 2-нд эрэн хайх ажиллагааг түр зогсоосон аж. Улмаар энэ сарын 5-нд ар гэрийнх нь зүгээс дахин хүсэлт гаргаснаар Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, эр гэрийн хоёр хүн нийт хоёр автомашин, арван морьтойгоор эрэн хайх ажиллагаа явуулжээ.
“О.ОРГИЛ МАШ ХИЧЭЭНГҮЙ, ЗАРЧИМЧ, САЙН БАГШ”
О.Оргил нь цагаан хоолтон, бясалгагч, багш мэргэжилтэй. Тэрбээр 2018-2019 оны хичээлийн жилд МҮИС-ийн Хууль зүйн удирдлагын сургуульд япон хэлний багшаар ажиллаж байжээ. Бид тус сургуулийн менежер Хоролсүрэнгээс түүний талаар тодруулахад “Манай Оргил маш хичээнгүй, зарчимч, сайн багш. Хичээлээ ойлгомжтой, маш сайн заадаг гэж оюутнууд дандаа магтдаг. Би нэг семистр хамт ажиллаж үзсэн. Нийтэч, зохион байгуулах чадвар сайтай болохоор хамт олон дундаа нэр хүнд өндөр байсан. Гэхдээ Япон явахаар болоод ажлаасаа гарсан. Эргэж ирсэн боловч манай сургууль өөр багш авсан болохоор ажилдаа буцаж орж чадаагүй” гэв. Харин түүний тогтмол очдог байсан гэх Хан-Уул дүүрэгт орших бясалгалын төв түрээсээ төлөх ч чадваргүй болсноор үйл ажиллагаагаа явуулахаа больжээ. Тодруулбал, коронавирусийн цар тахлаас болж хөл хорио тогтоосноос хойш хүн ирэхээ больсон учир өнгөрсөн хоёрдугаар сард хаалгаа барьсан байна.
Хоёр ч удаа цуцлагдсан О.Оргилыг эрэн хайх ажиллагаа аль шатандаа явж буйг Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад “Ар гэр нь хүсэлт гаргасан болохоор энэ сарын 10-нд эрлийн ажиллагааг зогсоосон. Гэвч дахин эрлийн баг гарч өчигдрөөс (уржигдар) эрэн хайх ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Бид энэ талаар хоногийн мэдээндээ дурьдсан” гэлээ. Тухайн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хэрхэн үргэлжилж буйг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Эрэн хайх ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Энэ ажиллагаа нь өөрөө мөрдөн байцаалтын нууцад ордог. Тийм учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Н.СОЛОНГО: ЭХЭНДЭЭ ЭЭЖЭЭСЭЭ НУУГДААД ГАРЧ ИРЭХГҮЙ БАЙНА ГЭЖ БОДСОН
“Ор сураггүй алга болсон бүсгүйн бясалгал хийдэг байсан “Тэнгэрийн энерги” бясалгалын төв нь шашны гаж урсгал байж магадгүй”, “Хэрэв тэнд байсан нь үнэн бол хүмүүс нь бүсгүйн талаар мэдэж байх ёстой” зэрэг яриа олон нийтийн сүлжээнд өрнөх болсон. Гэвч хууль хяналтын байгууллага болон ар гэрийнхнийх нь зүгээс тус бясалгалын төвийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм. Иймээс бид О.Оргилын алга болсон гэх “Тэнгэрийн энерги” бясалгалын төвийг зорилоо. Улаанбаатараас гарч, тус төвд очих хүртэл 60 километр орчим замд машины цуваа үл тасарна.
Тэрэлжийн Мэлхий хаднаас цааш 4.7 км яваад том даваа бий. Яг тэр давааны эхэнд хэсэг газрыг сараалжин төмөр хашаагаар хашиж, цагаанаар буджээ. Тус хашаанд таван ханатай гэмээр том гурван гэр, баригдаж байгаа бололтой хоёр байшин байв. Чулуун шигтгэмэл явган хүний замаар өгсөхөд харуулын байр бололтой жижигхэн пүүтэг угтана. Гэвч ямар нэгэн хүнгүй эл хуль. Харин хэсэг цаашлахад хадан дээр 50 орчим насны эмэгтэй бясалгал хийж байлаа. Түүнийг н.Солонго гэдэг бөгөөд тус төвийн барилга байгууламж, гэрүүдийг сахьдаг гэнэ. Өөрийгөө О.Оргилын номын дүү гэх түүнтэй ярилцлаа.
-Танай бясалгалын төв хэзээнээс үйл ажиллагаагаа эхэлсэн бэ. Шашны гаж урсгал байж болзошгүй хэмээн олон нийтийн сүлжээнд ярьж байсан. Ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Яг ч бясалгалын газар биш шүү дээ. Цагаан хоолтнуудын “Веган дэлхий” хоршоо гэдэг байгууллага. Бид цагаан хоол иддэг болохоороо бясалгал хийдэг. Тэрнээс биш, манайх элдэв гаж урсгалтай, шашны байгууллага биш. Замаар явж буй хүмүүст цагаан хоолоо амтлуулж, сурталчлахаас өөр ажилгүй. Хашаандаа тохижилтын ажил хийж байгаа болохоор хүнгүй байна.
-О.Оргилын хамт явж байсан хүмүүсийн талаар мэдээлэл хомс байгаа. Танайд хэдний өдөр, хэдэн хүнтэй ирсэн бэ. Үйл ажиллагаа явуулахгүй байсан юм бол тэр хүмүүсийг яагаад хүлээж авах болов?
-Би энэ газрыг сахиж, хариуцаж суудаг хүн. О.Оргилтой 2005 оноос бясалгалынхаа шугамаар танилцаж байсан. Бид нэгнийгээ номын эгч, ах гэж ярьдаг, тэр чинээгээрээ бие биенээ хүндэлдэг улс. Хүний хувьд ярих юмгүй оюунлаг охин. Залуу хүн гэхэд янз бүрийн хүмүүстэй нөхөрлөдөггүй, дандаа л инээж явна. Хэзээ ч буруу шийдвэр гаргана гэж байхгүй, гайхалтай хүүхэд. Оргил маань бясалгал хиймээр санагдсан үедээ хүрээд л ирдэг. Сүүлд өнгөрсөн сарын 29-ний үдээс хойш дөрвөн хүнтэй хамт ирсэн. Хэдэн цагийн үед гэдгийг нь санахгүй байна.
Манай энэ байшинд завсар хийж байгаа хоёр залуу, хамт бясалгал хийдэг н.Жаргалмаа нартай ирсэн. Нөгөө нэг охиных нь нэрийг сайн мэдэхгүй байна. Бас л бясалгал хийдэг, цагаан хоолтон. Засварынхан өглөө ирээд ажлаа хийж байгаад орой хот руу буцдаг. Хамт ирсэн хоёр эмэгтэй нь тэдэнтэй хамт оройдоо явсан. О.Оргил надтай хамт хоёр өдөр бясалгал хийсэн юм.
-Алга болсон өдөр нь танайд ямар хүмүүс байсан бэ. Яг юу болсон талаар та тодорхой ярих боломжтой юу?
-Дээр хэлсэн хоёр засварчнаас гадна сантехникийн ажилчид гэх зургаан эрэгтэй хойд гэрт байрласан. Тэднийг авч ирсэн дарга нь эхнэр, хүүхэдтэйгээ явж байсан байхаа, шуугиад л байсан. Мөн гэрийн буурь хийхээр гурван эрэгтэй хүн ирсэн. Хоёр өдөр тэнгэр бүрхэг байсан болохоор би Оргилд “Эгч нь түлээ нүүрсгүй боллоо. Гурван хоног аадар орно гэж байна. Галгүй гэрт чи зутрах байх. Гэртээ харьсан нь дээр биш үү.
Бороо хур орохоо болихоор эргээд ирж болно шүү дээ” гэж хэлж байсан юм. Надад “Үгүй ээ, би бүтэн сайн хүртэл бясалгал хийнэ” гэсэн. Тэгээд би өдөр нь хойд байшин руу орж, засварын ажлыг нь харсан юм. Буцаад гэр рүү орох гэж байтал Оргил гүйж гарч ирээд “Солонго эгч ээ, нөгөө хүмүүс чинь буцах гэж байна уу. Би хамт хот руу явъя” гэсэн. Өөрөө мэдэж байгаа байлгүй гэж бодоод гэрт сууж байтал төд удалгүй “Би багтсангүй ээ” гээд ороод ирсэн.
-Ээжтэйгээ “Намайг ирж аваарай” гэж ярьсан байдаг. Тэр үед та хажууд нь байсан уу?
-“Явлаа” гэж гарчихаад багтаагүйдээ уурласан юм уу, яасан нь бүү мэд, ээж рүүгээ залгаж байсан. Сонсох нь ээ “Намайг ирж аваарай” гэсэн. Гадаа харанхуй байсан гэхээр 22:00 цагийн орчимд байх. Би хажуунаас нь “Чи чинь ийм том болчихсон хүн. Энэ харанхуй шөнө ээжийгээ нааш нь явуулж яах гэсэн юм бэ. Санаа нь зовчихно. Өнөө шөнөдөө хоночихоод, маргааш хүмүүс ирэхээр суугаад явахгүй юу” гэж хэлсэн юм. О.Оргил хэсэг байж байгаад ээж рүүгээ “За за, би бүтэн сайн өдөр хүртэл бясалгахаар боллоо. Ирж аваад хэрэггүй. Гэр рүүгээ буц” гэж ярьсан.
Ээж нь “Бид нар Налайхад ирчихсэн байна. Чи байж бай, одоо очоод авлаа” гэх шиг болно лээ. Түүнээс хойш гэнэтхэн гэрийн гадаа инээд, шуугиан болоод явчихсан. Гэтэл Оргил “Ээж ирчихсэн юм шиг байна. Гадаа хүмүүс дугараад байна” гэсэн хэр нь гарахгүй суугаад байсан. Ингэж ярьснаас хойш 10-20 минутын дараа л ээж, ах хоёр нь ирсэн. Хамт яваагүй болохоор нь эхэндээ ээжээсээ нуугдаад гарч ирэхгүй байна гэж бодсон. Ингээд алга болчихно гэж төсөөлөөгүй.
-Танайхан даяанчид шиг уулын орой, агуй хаданд олон сараар бясалгал хийдэг үү?
-Дээд тал нь гурав хоног хээр бясалгал хийдэг. Бидний хэн нь ч тийм удаан хугацаанд бясалгал хийж байгаагүй.
“БИД ДҮҮГЭЭ ОЛОХ ХҮРТЛЭЭ ТАСРАЛТГҮЙ ХАЙНА”
Алга болсон охины аав М.Бямба-Өлзий олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд “Охин маань алга болохоосоо өмнө “Утасны цэнэг дууслаа, намайг ирж аваач” гэж ээжтэйгээ ярьсан” хэмээн ярьсан байдаг. Бид эрэн хайх ажиллагааны талаар тодруулахаар түүнтэй утсаар холбогдоход “Надад ярилцлага өгөх зав алга” хэмээгээд тасалсан юм. Харин сураггүй болсон бүсгүйн эгч “Ар гэрийнх нь хүсэлтээр эрэн хайх ажиллагааг цуцалсан гэдэг нь худлаа. Бид нар яалаа гэж хайхаа болих вэ дээ. Цаг хором алдахгүй эрж хайх нь чухал байна.
Худлаа ярьдаг хүмүүсийг гуйж хайгаад байх шаардлага байхгүй. Өмнө нь нэг газар яриа өгсөн боловч бидний ярьсныг гуйвуулж тавьсан байна лээ. Тийм болохоор одоо ярилцлага өгхөөс зүрхшээж байна. Гэр бүлийнх нь зүгээс тэр бясалгалын газрыг буруутгасан ямар нэгэн юм яриагүй. Тэр газар нь хад чулуу ихтэй учир эрлийн ажиллагаа явуулахад хүндрэлтэй юм билээ. Олон нийтэд зөв мэдээлэл өгөх хэрэгтэй. Ямартай ч бид дүүгээ олон хүртлээ тасралтгүй хайна” гэв.
ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙНХАН ЦУВРАЛ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГЧИЙГ ХАЙЖ БАЙГАА ГЭВ ҮҮ
Одоогоос долоон жилийн өмнө аравхан настай А хэмээх охиныг давтан үйлдлээр хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарч байсан. Тодруулбал, 2013 онд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутагт арван настай А-г биеэ хамгаалах чадамжгүй байдлыг нь далимдуулан, тохуурхан доромжилж давтан үйлдлээр бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байдаг. Мөн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 15 настай Б-г хүч хэрэглэн хүчиндэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг гарсан.
Тус хэргийг ч мөн иргэн Б үйлдсэн учир Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2019 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр хянан хэлэлцээд Б-г бага насны хүүхэд хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар 11 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Иргэн Б гэгч тус этгээд гэмт хэрэг үйлдэхдээ дагавар охиноо айлган сүрдүүлж, давтан үйлдлээр бэлгийн дур хүслээ ёс бусаар хангадаг, мөн гудамжинд хичээлдээ явж байгаа хүүхдийг айлган авч явж хүчирхийлдэг байсан аж. Цуврал гэмт хэрэг үйлдэж, зүй бусаар бэлгийн дур хүслээ хангадаг нэг ч гэсэн хүн үйлийн үрээ үүрч, ялаа эдэлсэн нь энэ.
Тэгвэл алга болсон эмэгтэйчүүд хаачсан бэ. Албан бус эх сурвалжиийн мэдээлснээр “Нэгж аваад ирье” гэж гараад зургаан сарын дараа жалганаас цогцос нь олдсон охин. “Ээжээ, миний утас унтарлаа, намайг ирж аваарай” гэж яриад сураггүй болсон бүсгүйн хэргийн ард нэг эзэн байж магадгүй гэнэ. Тэрбээр “Эрүүгийн цагдаагийнхан цуврал гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хайж байж байж магадгүй” хэмээн ярьсан юм.
Алга болсон бүсгүйн мөрөөр |
|