• Өнөөдөр 2026-08-24

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН

Баянхонгор аймагт шонхор барихаар зөвшөөрөл авсан Арабын нэр бүхий отгийн хүмүүс монгол малчны амийг хохироосон харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл Баянхонгор аймгийн Засаг даргын 2026.08.21-ны А/478 дугаар захирамжаар соёлын зориулалтаар идлэг шонхор агнах зөвшөөрлийг цуцалсан байна. Бид энэ талаар Баянхонгор аймгийн Засаг дарга Э.Энхбаттай холбогдож тодрууллаа.
Тэрбээр, “Эдлэг шонхор шувууг агнах зөвшөөрөлтэй холбоотой аймгийн хэмжээнд Арабууд болон нутгийн иргэдийн хооронд мөргөлдөөн үүсч, нөхцөл байдал хүнд байгаа. Иймээс орон нутгийн удирдлагын хувьд цаг үеийн шаардлагаар, хуулийн хүрээнд нийцэх хамгийн зөв шийдэл бол “Соёлын зориулалтаар идлэг шонхор шувууг бариулах” тусгай зөвшөөрлүүдийг цуцлах явдал байлаа. Бүрэн эрхийнхээ хүрээнд Арабуудын гэрээг цуцалж, хоёр улсын харилцаа, дипломат ёсыг баримтлан нөхцөл байдлын тухай ойлгуулж, эхнээсээ отгуудыг буулгаад явж байна. Сүүлийн хоёр өдөр гэхэд есөн отог буулгаж, 14 машин буцаасан байна. Энэ нь ард иргэдээ болон гадаадын иргэдийн аль алийг нь бодож, хэн хэнийг нь хамгаалсан шийдвэр юм. Мөн иргэдийн дунд гэмт хэрэгт холбогдсон Арабуудыг явуулах гэж байна гэдэг хардлага бий. Гэхдээ тийм биш. Хэрэгт холбогдсон гадаадын иргэд Улаанбаатар хотод Цагдаагийн байгууллагад байцаагдсан. Өчигдөр шүүх хурал нь болж урьдчилсан байдлаар 30 хоногийн таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа юм билээ. Тухайн асуудал гаргасан отгоос бусад хууль журам сахиж, гэрээний дагуу ажиллаж байсан отгууд гомдолтой байж магадгүй юм. Нэг талаараа хэрэгт холбогдсон отгоос болж хэлмэгдэж байна гэсэн үг шүү дээ. Тэд хэрэв гомдол гаргавал дээд шатны байгууллагууд шийдээд явна. Бид албан ёсны отгуудыг буулгасан ч одоо хууль бусаар, хувиараа шонхор барьдаг хүмүүстэй үргэлжлүүлэн тэмцэж байна. Тэр дунд Монгол хүмүүс ч байдаг” гэв.

 


БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188