• Өнөөдөр 2024-05-13

Шилэн дансаар “шилдүүлэгсэд”

2020-11-02,   941

 
Манай улсад 2014 оноос Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Шилэн дансны тухай хуулийн зорилго нь төсвийн орлого, зарлага, өдөр тутмын мөнгөн гүйлгээ, төсвийн гүйцэтгэл, өглөг, авлага, өмч, хөрөнгийн зарцуулалттай холбоотой шийдвэр, үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй, иргэдэд ойлгомжтой байхаар  мэдээлэх юм. Гэтэл улс төрийн эрх мэдэлтэн, дарга нар эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бусаар улсын мөнгийг хувьдаа ашигласныг нотлох баримт илэрсээр байна. Саяхан Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Цогтгэрэл өөрийн цахим хуудастаа “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой хэргүүдийг ил болгосон.  Тэгвэл шилэн данснаас болж булхай нь илчлэгдээд байгаа зарим баримтыг тоймлон хүргэе. 
 
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон 10.7 сая төгрөгөө төлжээ
 
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Монголросцветмет”-ийн орлогч захирлаар ажиллаж байхдаа хүүхдүүдийнхээ сургалтын зардлыг тус үйлдвэрийн газраас төлүүлсэн байдаг. Тэгвэл Г.Ёндон тухайн үед хүүхдийнх нь сургууль руу шилжсэн нийт 10.7 сая төгрөгийг “Монголросцветмет” ТӨҮГ-ын дансанд өнгөрсөн пүрэв гарагт тушаасан байна. “Г.Ёндон сургалтын төлбөр буцаав” гэсэн утга бүхий гүйлгээг аравдугаар сарын 29-ний өдөр “Монголросцветмет” ТӨҮГ-ын Хас банк дахь 5001208361 тоот дансанд шилжүүлсэн баримтаа цахим хаягтаа байршуулан, олон нийтэд түгээжээ. 
 
  
Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Х.Бум-Эрдэнэ өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ
 
Хадгаламжийн даатгалын корпораци болон тус байгууллагын удирдлагатай холбоотой шилэн дансны мэдээлэл ил болж шүүмжлэл дагуулсан. Тодруулбал, Х.Бум-Эрдэнэ компанийн ажилчдаа Шангри-Ла спорт цогцолборт сарын 30 сая төгрөгийн иогийн сургалтад хамруулж, мөн нэг ажилтандаа 45 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг үзүүлсэн мэдээлэл ил болсон юм. Энэ бүх хөрөнгийг Хадгаламжийн даатгалын корпорациас гаргуулсан байдаг. Тэрбээр эдгээр төрийн мөнгөөр хүүдэгнэсэн байдлаасаа болж ажлаа хүлээлгэн өгөөд байна. 
 
 
Монголбанкны шилэн дансны хэргүүд 
 
Монголбанкны шилэн дансанд хэд хэдэн анхаарал татахуйц зарлага байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр Монгол банкны Ерөнхийлөгч “Forbes” сэтгүүлд 10 сая төгрөгөөр ярилцлага хэвлүүлжээ. Мөн өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр “Сэтгүүлчидтэй хийсэн зангиагүй уулзалт” зохион байгуулсны төлбөр есөн сая гаруй төгрөг, дахин найман сая төгрөгөөр хоёр удаа тус уулзалт зохион байгуулсан байна. 
 
Сэтгүүлчидтэй хийсэн өндөр өртөгтэй зангиагүй уулзалтаар тэдний зарлага зогссонгүй. Монгол банк шилдэг ажилтан шалгаруулах арга хэмжээнд заалны түрээс, хүндэтгэлийн зоог, “Фантастик продакшин”-ыг урьсан гэх мэт зардалд нийтдээ 107 сая гаруй төгрөг зарцуулжээ. Үүнтэй холбоотой хэл ам дэгдэж, дарга нь сэтгүүлчдээр багагүй бичүүлж, зэмлүүлсний дараа 100-аад сая төгрөгөө буцааж төлөх болсноо мэдэгдсэн байдаг.
 
 
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн үйлдвэрийн мөнгөөр дахиад л  тансагласан нь ил боллоо
 
"Эрдэнэт" үйлдвэрийн шилэн дансыг шалгаж, улсын мөнгийг үр ашиггүй зарцуулсан зарим баримтыг ил болгосон. Жишээ нь, тус үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн хагас тэрбум төгрөг буюу 512 сая төгрөгөөр Мерседес бенз "G-Class" маркийн автомашин худалдан авахаар захиалга өгсөн баримт ил болсон. Мөн өөртөө  52 саяар массажны сандал, 20 сая төгрөгөөр унадаг дугуй худалдан авсан авсан нь баримтаар нотлогдсон байна. "Эрдэнэт"-ийн захирал Х.Бадамсүрэн өөрийн төрсөн охин Х.Буянжаргалын сургалтын төлбөрт 102.385.101 төгрөгийг "Эрдэнэт" үйлдвэрээс Канадын Торонтогийн их сургууль руу шилжүүлсэн нь мөн илрээд байна. Гэхдээ өнөөдрийг хүртэл тус үйлдвэрийн удирдлагуудад үүнтэй холбоотой ямар нэг тайлбар өгөөгүй байна. 
 
Д.Дэлгэрбаяр үйлдвэрийн данснаас 219 сая төгрөг авсан нь бичигджээ
 
"Эрдэнэт" үйлдвэрийн Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч захирал Д.Дэлгэрбаяр нь "Эмчилгээний зардал" гэж өөртөө 219.063.796 төгрөгийг үйлдвэрийн санхүүгээс шилжүүлэн авчээ. Тодруулбал өнгөрсөн оны аравдугаар сарын 31-ний өдөр 219 сая төгрөгийг “Эрдэнэт” үйлдвэрийн данснаас Дэмбэрэлийн Дэлгэрбаярын эмнэлгийн төлбөр” гэсэн гүйлгээний утгатайгаар гаргуулан авчээ. Тэрбээр 2017 оноос тус үйлдвэрт Нийгмийн асуудал хариуцсан орлогчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад өнгөрсөн оны дөрөвдүгээр сард тушаал ахин орлогч захирал болсон байна. Гүйлгээний огноог харвал тэрбээр орлогч захирал болсныхоо дараа ийнхүү эмчилгээний төлбөр нэртэй их хэмжээний мөнгийг гаргуулан авсан нь тодорхой байгааг эх сурвалжууд онцолж байна.
 
 
 
Төрийн байгууллагын мөнгийг хувьдаа ашигласан гэмт хэргүүд дээрх баримт жишээгээр дуусахгүй биз ээ. Харин хууль, хяналтын байгууллага бүгдэд нь ижил тэгш хариуцлага тооцох болов уу.
 

Шилэн дансаар “шилдүүлэгсэд”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188