• Өнөөдөр 2025-02-05

ХӨГЖЛӨӨРӨӨ ХОЛ ХОЦОРСОН ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ТЕНДЕР ТҮҮДЭГ, ТҮРИЙВЧ НЬ ГЭНЭТ ТҮНТИЙЖ, ОРЛОГО НЬ ОГЦОМ ӨССӨН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД

2024-09-30,   439

Эргэлт.мн мэдээллийн сайт орон нутгийн сонгуулийг угтан аймаг, дүүргийн удирдлагууд хийгээд ИТХ-ын төлөөлөгч нарын хийсэн ажил, мөрийн хөтөлбөрийн биелэлтэд “дүн” тавьж байгаа билээ. Тэгвэл энэ удаа Говь-Алтай аймгийн ИТХ-ын төлөөлөгч нарыг онцолж байна.


Өнгөрсөн 2020 оны орон нутгийн сонгуулиар Говь-Алтай аймгийн ИТХ-д 41 төлөөлөгч сонгогдсон бөгөөд АН үнэмлэхүй ялалт байгуулсан. Тодруулбал, 41 төлөөлөгчийн 29 нь АН-аас, 11 нь МАН-аас, бие даан нэг төлөөлөгч сонгогдсон байдаг.  Аймгийн ИТХ-д гурав дахь удаагаа сонгогдсон дөрөв, хоёр дахь удаагаа сонгогдсон 13, анх удаа сонгогдсон 24 төлөөлөгч байгаа юм. Харин тус аймаг өрсөлдөх чадварын үнэлгээгээр 21 аймгаас 19-д орж, хөгжлөөрөө хол хоцорчээ. Аймаг нь хөгжлөөрөө сүүл мушгиж байхад хөгжүүлэх үүрэг хүлээсэн ИТХ-ын төлөөлөгч нар нь тендер түүж, түрийвч нь гэнэт түнтийж, хөрөнгө, орлого нь огцом өссөөр байгаа юм. Үүнийг баримтаар хүргэе.

ТЕНДЕР ТҮҮДЭГ ТӨЛӨӨЛӨГЧ М.БАТ-ЭРДЭНЭ, С.СҮХБААТАР, Г.БОЛДБААТАР

Говь-Алтай аймгийн ИТХ-ын төлөөлөгч Мятавын Бат-Эрдэнийн АТГ-т мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдүүлгийг харвал, 2020 онд төлөөлөгчөөр сонгогдоход өөрийн орлого нь 33 сая төгрөг байсан бол үүнээс нэг жилийн дараа 123 сая, 2022 онд 584 сая болж нэмэгдсэн байдаг. Мөн 43.8 сая төгрөгийн үнэ бүхий нэг орон сууц нь 269 саяар үнэлэгдэх хоёр орон сууц болж, 20 сая төгрөгийн “Sai” машин нь 130 сая төгрөгийн “RX 450” болж өөрчлөгдсөн байна. 2020 онд 30 сая төгрөгийн авлагатай байсан бол 2023 онд авлага нь 80 сая төгрөг болжээ. Тэрбээр мөн эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, лабораторийн оношлуур, урвалж импортлох, худалдах, ханган нийлүүлэх “Биомед трейд” ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд өдгөө гүйцэтгэх захирлаар нь ажилладаг. Тус компаниараа төрийн хэд хэдэн тендерт шалгарсан байгаа юм. Тодруулбал, таван жилийн хугацаанд 2.17 тэрбум төгрөгийн өртөг бүхий 12 тендерт шалгарчээ. Тэдгээрийг он цагийн дарааллаар дурдвал,

  1. 2019 онд Баянхонгор аймгийн Жинст сумын ЗДТГ-т эмнэлгийн лаборатори оношилгоо 16 сая төгрөг
  2. 2019 онд Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвд тоног төхөөрөмж худалдан авах 50 сая төгрөг
  3. 2019 онд Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж авах 160 сая төгрөг
  4. 2019 онд БХЯ, Хумха эмчилгээний эм, оношлуур 143 сая төгрөг
  5. 2021 онд Баян-Өлгий аймгийн сумын эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн тоног төхөөрөмж /Баян-Өлгий, Улаанхус, Цэнгэл, Дэлүүн сум/ 550 сая төгрөгийн тендерийн дөрөвдүгээр багц буюу 120 сая төгрөг
  6. 2022 онд Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн Эм эмнэлгийн хэрэгслийн тоног төхөөрөмжийн 1.6 тэрбум төгрөгийн тендерийн Мэс заслын тоног төхөөрөмж, хэрэгслийн 408 сая төгрөг
  7. 2023 онд ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний өвчтөн хянах хэрэгсэл 19.8 сая
  8. 2024 онд Эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 1, 2, 3, 7, 9, 10, 11, 12, 17, 19, 20, 21, 22, 23, 24, 27, 28, 29, 30, 32, 33, 34, 35, 37 дугаар хороо/ нэг тэрбум төгрөг
  9. 2024 онд Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх 33.4 сая төгрөг
  10. 2024 онд Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмнэлгийн хэрэгслийн 12.3 сая
  11. 2024 онд ГССҮТ-ийн Дүрс оношлогооны тоног төхөөрөмж худалдан авах 94.6 сая төгрөг
  12. 2024 онд ГССҮТ-ийн Унтуулгын аппаратын 120 сая төгрөгийн тендерт тус тус шалгарсан байна.

Төлөөлөгч Соднойн Сүхбаатар нь 2019 онд хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ өөрийн орлогыг 77 сая, гэр бүлийн орлогыг 10 сая гэж мэдүүлж байв. Гэтэл үүнээс дөрвөн жилийн дараа буюу 2023 онд өөрийн орлого нь 90 сая болсон бол гэр бүлийн орлого нь 202 сая болж 20 дахин нэмэгдсэн байгаа юм. Мөн 54 сая төгрөгийн мал нь 90 сая болон өсөж, 20 сая төгрөгөөр үнэлэгдэх газартай болсон байдаг. 2019 онд нэг сая төгрөгийн хадгаламжтай байсан тэрбээр 2023 онд 22 сая төгрөгийн хадгаламжтай болжээ. Мөн С.Сүхбаатар нь хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ “Тэнүүн алтайн шарга” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг гэжээ. Тэгвэл тус компани нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийт 1.12 тэрбум төгрөгийн өртөг бүхий дөрвөн тендерт шалгарсан байгаа юм. Тэдгээрийг дурдвал,

  1. 2024 онд Говь-Алтай аймгийн Цогт сумын төвд баригдах 0.‍8 км хатуу хучилттай авто замын ажил 300 сая төгрөг
  2. 2024 онд Говь-Алтай аймгийн Цогт сумын Үндэсний баяр наадмын зардал 50 сая төгрөг
  3. 2023 онд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Малжуулах төсөл арга хэмжээ /Залуу малчдыг дэмжих/ 50 сая төгрөг
  4. 2023 онд Говь-Алтай аймгийн Солонго дулааны станцад нүүрс нийлүүлэх 721 сая төгрөгийн тендерт тус тус шалгарсан байна.

Төлөөлөгч Ганхүүгийн Болдбаатарын өөрийн орлого нь 2019 онд 11.5 сая төгрөг байсан бол 2023 онд 26.5 сая төгрөг болж нэмэгджээ. Мөн гэр бүлийн орлого нь 12.9 сая төгрөгөөс 62.8 сая төгрөг болж, тав дахин нэмэгдсэн байна. Түүнчлэн 723 сая төгрөгийн үнэлгээтэй үйлчилгээний зориулалттай хоёр барилга, нийтийн хоёр орон сууцтай гэж мэдүүлж байсан бол дөрвөн жилийн дараа хоёр орон сууц нь дөрөв болж, үнэлгээ нь нийт 1.14 тэрбум төгрөгт хүрчээ. Үүнээс гадна огт мал аж ахуйгүй байсан тэрбээр 15 сая төгрөгийн малтай болж, хадгаламждаа 4.7 сая төгрөгтэй хэмээж байсан бол хадгаламж нь 27 сая төгрөг болж, тав дахин нэмэгдсэн байна. Мөн бусдаас 172 сая төгрөгийн авлагатай гэнэ. Тэрчлэн “Тэгш-Алтай” ХХК-ийг эзэмшдэг хэмээн мэдүүлсэн бөгөөд тус компани нь 230 сая төгрөгийн өртөг бүхий дөрвөн тендерт шалгарчээ. Тодруулбал,

  1. 2022 онд Говь-Алтай аймгийн Цогт сумын Цэмцгэр Цогт хөтөлбөр: Кобш/ухдаг, түрдэг/ трактор худалдан авах 70 сая төгрөг
  2. 2022 онд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум хогийн автомашин авах 40 сая төгрөг
  3. 2022 онд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум хүлэмжийн аж ахуйтай болох 40 сая төгрөг
  4. 2014 онд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумыг малжуулах хөтөлбөр 90 сая төгрөгийн тендерт тус тус шалгарсан байна.            

ТҮРИЙВЧ ГЭНЭТ ТҮНТИЙЖ, ОРЛОГО НЬ ОГЦОМ ӨССӨН ТӨЛӨӨЛӨГЧ Ч.ЖАРГАЛСАЙХАН, Д.БУЯНХИШИГ, Ч.ЭРДЭНЭ-ОЧИР, Т.ЭРХЭМБАЯР, Г.ЛХАГВАЖАРГАЛ

Говь-Алтай аймгийн төлөөлөгч Чардагийн Жаргалсайхан нь 2019 онд гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн орлогыг 22.8 сая, өрхийн орлогыг 37.1 сая төгрөг гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл 2023 онд өөрийн орлого нь 34.7 сая, өрхийн орлого нь 123 сая  болж нэмэгджээ. Түүнчлэн 192 сая төгрөгийн үнэлгээ бүхий нийтийн хоёр орон сууц нь гурав болж, гарааш авч, нийт үнэлгээ нь 315 сая болсон байдаг. Тэрбээр мөн 192 сая төгрөгийн хадгаламжтай бөгөөд нийт хөрөнгө, орлого нь 750 сая орчим төгрөгт хүрчээ.

Төлөөлөгч Давга овогтой Буянхишиг нь 2019 онд өөрийн орлогоо 14 сая төгрөг гэж мэдүүлсэн бол 2023 онд 23 сая төгрөг болжээ. Мөн гэр бүлийн орлого нь 30 саяас 127 сая төгрөг болж, дөрөв дахин нэмэгдсэн байна. Түүнчлэн 27 сая төгрөгийн нэг машин нь 65 сая төгрөгийн үнэ бүхий хоёр машин болжээ. Үүнээс гадна дансандаа есөн сая, бэлэн 20 сая, мөн 70 сая төгрөгийн авлагатай гэж мэдүүлсэн байна. Түүний хөрөнгө, орлого нь 2019 онд 282 сая төгрөг байсан бол 2023 онд нийт 511 сая төгрөг болжээ.  

Төлөөлөгч Чулуунхүүгийн Эрдэнэ-Очир нь 2019 онд өөрийн орлогоо долоон сая төгрөг хэмээн мэдүүлж байсан бол өнгөрсөн 2023 онд 69.3 сая болж, бараг 10 дахин нэмэгдсэн байгаа юм. Мөн 40 сая төгрөгийн мал нь 85 сая төгрөг болж, 20 саятай байсан хадгаламж нь 120 сая болж, зургаа дахин нэмэгджээ. Түүний хөрөнгө орлого нь 2019 онд 178 сая төгрөг байсан бол 2023 онд нийт 353 сая төгрөг болж нэмэгдсэн байна.

Төлөөлөгч Түмэнжаргалын Эрхэмбаяр нь 2019 онд өөрийн орлогоо 9.1 сая төгрөг гэж мэдүүлж байсан бол 2023 онд 29 сая төгрөг болжээ. Мөн гэр бүлийн орлого нь 2.7 сая төгрөгөөс 51.2 сая төгрөг болтлоо 20 дахин нэмэгдсэн байгаа юм. Түүнчлэн 10 сая төгрөгийн үнэ бүхий нэг машинтай байсан бол 50 сая төгрөгийн хоёр машинтай, 11 сая төгрөгийн мал нь 45 сая төгрөг, 10 саяын үнэт эдлэл нь 20 сая төгрөг болсноос гадна 20 сая төгрөгийн бэлэн мөнгөтэй гэж мэдүүлсэн байна.

Төлөөлөгч Гомбосүрэнгийн Лхагважаргал нь 2019 онд өөрийн орлогоо 43.8 сая, гэр бүлийн орлогоо 28 сая төгрөг гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл 2023 онд өөрийн орлого нь 71 сая, гэр бүлийн орлого нь 40 сая төгрөг болж нэмэгджээ. Мөн 234 сая төгрөгийн нийтийн нэг орон сууц, гарааш нь 406 сая төгрөгийн нийтийн хоёр орон сууц, гарааш болжээ. Түүнчлэн тэрбээр 20 сая төгрөгийн автомашин, есөн сая төгрөгийн мал, 260 сая төгрөгийн газар, 28 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Дансандаа 131 сая төгрөгийн хадгаламжтай бөгөөд есөн сая төгрөгийн авлагатай. 2023 онд мэдүүлснээр хөрөнгө, орлого нь нийт 975 сая төгрөг буюу нэг тэрбумд дөхжээ.

 

 


ХӨГЖЛӨӨРӨӨ ХОЛ ХОЦОРСОН ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ТЕНДЕР ТҮҮДЭГ, ТҮРИЙВЧ НЬ ГЭНЭТ ТҮНТИЙЖ, ОРЛОГО НЬ ОГЦОМ ӨССӨН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-30 22:07:33
    Зочин : Хөдөөгүүр нуль нүхэн жорлон! Псда юмаа!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-30 16:47:44
    Zochin: Ингэж худал мэдээлэл тараагад хэдэн төгрөг авдаг юм бол доо. Хуулийн өмнө хариуцлага хүлээж чадах уу сэтгүүлч ээ кк
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188