Эргэлт.мн мэдээллийн сайт орон нутгийн сонгуулийг угтан аймаг, дүүргийн удирдлагууд хийгээд ИТХ-ын төлөөлөгч нарын хийсэн ажил, мөрийн хөтөлбөрт “дүн” тавьж байгаа билээ. Тэгвэл энэ удаа Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга нарыг онцолж байна. Засаг дарга нар гэсний учир нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тус аймгийн засаг дарга гурван удаа солигдсон юм.
2020 оны орон нутгийн сонгуулиар Ховд аймагт МАН олонх болж, аймгийн Засаг даргаар тус намын гишүүн, өмнө нь Засаг даргаар ажиллаж байсан туршлагатай, ИТХ-ын төлөөлөгч Б.Дүгэржавыг улираан томилсон байдаг. Гэтэл үүнээс хоёр жилийн дараа буюу 2022 оны наймдугаар сард түүнийг Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг удаашруулсан гэж үзэж, огцруулах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Гэвч үнэн хэрэгтээ Б.Дүгэржавыг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэнтэй холбоотойгоор чөлөөлсөн гэдэг. Тодруулбал, түүнийг Засаг даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, тендер тоносон, газрын наймааг “цэцэглүүлсэн” гэх хэд хэдэн ноцтой үндэслэлээр шалгажээ.
Баримтын заримаас дурдвал, тэрбээр Ховд аймгийн Жаргалант суманд баригдах Хүнс, хөдөө аж ахуйн газрын лабораторийн барилгын 1.9 тэрбум төгрөгийн тендерт будилаан үүсгэж, тендерт оролцсон компанид давуу байдал олгож, эрх мэдлээ ашиглан хуурамч бичиг баримт гаргаж өгсөн гэнэ. Түүнчлэн Б.Дүгэржав Ховд аймагт газрын наймааг “цэцэглүүлсэн” гэгддэг бөгөөд энэ хэргээрээ мөн хууль, хяналтын байгууллагад шалгагдсан байна. Тодруулбал, Ховд аймгийн Жаргалант сумын ИТХ-аар баталсан 2022 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөг зөрчиж, бусдад давуу эрх олгон, төлөвлөгөөнд тусгагдаагүй хэмжээгээр газар олгож, хууль бус үйлдлийнхээ хариуд хахууль авдаг талаар эх сурвалж манай сайтад мэдээлэл өгч байв. Энэ талаарх дэлгэрэнгүй нийтлэлийг дараах холбоосоор унших боломжтой юм.
Мөн түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг харвал, өөрийн орлого 12 сая, гэр бүлийн орлого 25.3 сая бөгөөд 195 саяар үнэлэгдэх нийтийн хоёр орон сууцтай. 692 сая төгрөгийн үнэ бүхий зургаан тээврийн хэрэгсэл, 185 сая төгрөгийн мал, 155 сая төгрөгийн өмчлөх, эзэмших тус бүр нэг газартай, 18 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 16 сая төгрөгийн хадгаламжтай аж. Түүнчлэн 182 сая төгрөгийн авлага, 120 сая төгрөгийн зээлтэй. Өөрийн эзэмшлийн гэх компанигүй, бизнесгүй хэр нь хөрөнгө орлого нь зээлээ хасаад 1.3 тэрбумд хүрч байгаа нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн хууль, хяналтын байгууллага шалгахаас аргагүй үндэслэл юм.
Б.Дүгэржавыг огцруулсныхаа дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хууль зөрчин, өөрийн зөвлөх, Ажлын албаны дарга Э.Болормааг аймгийн Засаг даргад санал болгосон байдаг. Хууль зөрчсөн гэдгийг тодотговол, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар засаг даргыг тухайн ИТХ нэр дэвшүүлнэ. Харин Ерөнхий сайд томилох үүрэгтэй бөгөөд тухайн нэр дэвшигчийг томилохоос татгалзах эрхтэй. Хэрэв татгалзсан тохиолдолд ИТХ дахин хүнээ нэр дэвшүүлэх хууль, эрх зүйн зохицуулалттай юм. Харин Ерөнхий сайд ийн хууль зөрчин Э.Болормааг томилохдоо аймгийн анхны эмэгтэй Засаг дарга хэмээх пиарыг хийхээ ч мартаагүй. Иймээс ч олон нийт түүнийг хууль зөрчин томилдогдож буйд биш, анхны эмэгтэй Засаг дарга гэдэгт нь илүү ач холбогдол өгсөн. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд орон нутгийн төлөөллийн байгууллагын эрх мэдэлд хөндлөнгөөс халдан, иргэдийн сонголтыг үгүйсгэн, өөрийн төлөөний хүнээ улс төрд “хөтлөн” оруулж, олон нийтэд таниулахын тулд Засаг дарга болгосон гэсэн үг. Хэрэв орон нутгийн өөрөө удирдах байгууллага нь Засаг даргаа томилж чадахгүй хэмжээнд хүрвэл, энэ нь Монгол Улс ардчиллаасаа ухарч байгаагаас ялгаагүй үйлдэл юм.
Э.Болормаа ч өөрийгөө “тооно”-оор орж ирснийг УИХ-ын гишүүний сонгуулийн сурталчилгаагаараа хүлээн зөвшөөрч “Тооноор орж ирж, хаалга нээв” гэсэн юм. Энэ нь гэхдээ хаалга нээсэн гэхээсээ илүү цоожтой айлын тооноор ордог хулгайч шиг байсан тул олон нийт дургүйцлээ илэрхийлсэн.
Тэрбээр Засаг даргын ажлаа авангуутаа өөрийн албан ёсны цахим хуудаснаа “Итгэлийг зүтгэлээр хариулж, төрөлх Ховд нутгийнхаа хөгжлийн төлөө хамтдаа зүтгэж, хичээнгүйлэн ажиллах болно. Сурч эзэмшсэн боловсрол, ажлын туршлагаа Монгол улсынхаа хөгжлийн төлөө зориулж буй шинэ үеийн залуусаа дэмжиж байгаа хүмүүстээ баярлалаа. Төрөлх Ховд нутгаа цэцэглэн хөгжүүлж, Монгол Улсын тэргүүлэх аймаг болгохын төлөө хамтдаа хичээн зүтгэцгээе" хэмээсэн юм. Гэвч тэрбээр хэлсэн шигээ хийж, сурч эзэмшсэн боловсролынхоо хэргийг гаргаж чадаагүй бөгөөд Ховд аймаг ч хөгжлөөрөө тэргүүлэх бус, сүүл мушгисаар буй. Мөн байн байн хэл аманд өртөж, хүмүүсийг улаан өнгийн хувцсаар ижилсүүлсэн нь “Гадаадад өндөр боловсрол эзэмшсэн хүнээс гарахааргүй үйлдэл” хэмээн олны шүүмжлэлийг хүлээсэн. Түүнчлэн аймагтаа хэд хэдэн хүнийг халж сольсноос өөрөөр олигтой ажил хийгээгүй, тавьсан зам нь ганцхан удаагийн борооноор урссан гээд түүнийг тойрох хэл ам дуусаагүй. Түүнийг ажлаа авсны дараахан сэтгүүлч “УИХ-ын сонгуульд нэр дэвших үү” хэмээхэд “Одоохондоо тийм бодол, төлөвлөгөө байхгүй” гэж хариулсан ч түүний зорилго нь УИХ-ын гишүүн байсан гэдэг. Тиймээс ч түүнийг аймгийн намын гишүүд нь дахин олон хүнийг халж солихоос нь урьтаж “дэвшүүлэн зайлуулсан” гэлцэж байна. Түүний жилийн орлого 294 сая төгрөг бөгөөд 1.1 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх дөрвөн орон сууц, нэг оффистой. Мөн гадаад, дотоодын банканд 488 сая төгрөгийн хадгаламжтай хэмээн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ.
Э.Болормаа УИХ-ын ээлжит сонгуульд ялалт байгуулж, парламентын гишүүн болсноор аймгийн Засаг даргын ажлыг өнгөрсөн жил түүний орлогчоор томилогдсон Х.Батболд гүйцэтгэх болсон. Х.Батболд нь ажлын гараагаа аймгийн Манхан сумын ЗДТГ-ын Хүүхэд залуучуудын ажилтнаар эхэлж байсан бөгөөд алхам тутамдаа тушаал ахиж, баг, сум, аймгийн Засаг дарга, ИТХ-ын даргаар ажилласан намтартай нэгэн. Түүний хамгийн сүүлд буюу 2023 онд мэдүүлсэн хөрөнгө, орлогыг нь шүүвэл, өөрийн орлого нь 4.5 сая, гэр бүлийн орлого нь 27 сая төгрөг. Мөн 239 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн нэг орон сууц, нэг хашаа байшинтай. 45 сая төгрөгийн машин, 25 сая төгрөгийн эзэмших гурван газартай бол 110 сая төгрөг бүхий үнэт эдлэлтэй. 43 сая төгрөгийн авлагатай, 77 сая төгрөгийн зээлтэй, “Эсэн дэлхий” ХХК-ийг эзэмшдэг. Түүний хөрөнгө орлого нь хагас тэрбум орчим төгрөгөөр үнэлэгдэж байна. Мөн доор өгүүлэх аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандитай нэг айлын хүргэн буюу эгч, дүү хоёрыг авч суусан базууд юм.
2020 оны орон нутгийн сонгуулийн дараа хуралдаанд оролцсон 40 төлөөлөгчийн 100 хувийн саналаар Г.Пүрэвганди аймгийн ИТХ-ын даргаар дахин сонгогдсон байдаг. Ийн тэрбээр “Аймаг, орон нутгийнхаа хөгжил, цэцэглэлтийн төлөө, ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр хичээн зүтгэх болно. Өмнөхөөсөө илүү сайн ажиллах үүрэг, хариуцлага ирлээ. Үүрүүлсэн ачааг дааж ажиллана” хэмээн хэлж байлаа. Гэвч тэрбээр хэлсэн шигээ ачаа үүрээгүй, ард иргэдийнхээ сайхан амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр ч зүтгээгүй, нэр төдий ИТХ-ын дарга байсан.
Г.Пүрэвганди нь Манхан сумын дунд сургууль, Дорно дахины гүн ухааны дээд сургууль, Радио телевизийн дээд сургуулийн дээд курс, Ховд их сургууль зэргийг төгссөн, төрийн захиргааны магистр зэрэгтэй, 20 гаруй жил улсад ажиллаж буй. Тодруулбал, Улаанбаатар хотын Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн менежер, Ховд аймгийн ҮЭХ-ын Баруун бүсийн сургалтын төвд зохион байгуулагч, МИАТ компанийн Ховд дахь салбарын төлөөлөгч, Ховд аймгийн ЗДТГ-т Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн мэргэжилтэн хийж, 2012 оноос Ховд аймгийн МАН-ын дэд даргын албыг хашиж, 2016 оноос хойш найман жил аймгийнхаа ИТХ-ын даргаар ажилласан байдаг. Тэрбээр 2017 онд ИТХ-аар аймгийн тухайн үеийн Засаг дарга Д.Галсандондогийг огцруулахад гар бие оролцсон бөгөөд энэ үеэр түүнийг ИТХ-ын даргаасаа огцроод тамгаа авч зугтсан гэх мэдээлэл гарч байв. Харин тэрбээр үүнийг үгүйсгэж байсан юм.
Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-д нийцүүлэн аймгийн ИТХ-аас 2020-2024 онд “Хүний хөгжлийг дэмжсэн, бие даасан эдийн засагтай, стандарт бүхий Шинэ Ховд аймгийг цогцлоон хөгжүүлэх” бодлогын томоохон зорилт дэвшүүлсэн. Энэ сарын 16-нд аймгийн ИТХ хуралдаж, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлаа дүгнэжээ. Ингэхдээ өөрсдийгөө маш сайн, бараг үүргээ давуулан биелүүлсэн хэмээн үнэлсэн ч бодит байдал дээр ховдынхны амьдрал бахь байдгаараа, Ховд аймагт хэдэн орон сууц баригдсанаар өөрөөр хөгжсөн гэж нэрлэх зүйл алга байна. Мөн аймгуудын өрсөлдөх чадварын 2023 оны тайлангаар Ховд аймаг 21 аймгаас 62.15 оноогоор буюу 14-т эрэмбэлэгдсэн нь ИТХ хийгээд даргынх нь ажилд дүн тавьж буй хэрэг юм.
Ховд аймгийн ИТХ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд, тэр дундаа ИТХ-ын дарга Г.Пүрэвганди өнгөрсөн найман жил иргэдийг төлөөлөхдөө ард түмэнд хэрэгтэй, чухал шийдвэр огт гаргаагүй гэнэ. Түүнийг ховдынхон “Зоригтой шийдвэр гаргадаггүй. Өнгөрсөн хугацаанд “мануухай” төдий ажилласан” гэж дүгнэж байна.
ЗАСАГ НЬ “ТООНО”-ООР ТОМИЛОГДДОГ, “МАНУУХАЙ” ТӨДИЙ ИТХ-ЫН ДАРГАТАЙ ХОВД АЙМАГ |
|
2025-02-05 16:13:14
2025-02-05 14:51:17
2025-02-05 14:44:05
2025-02-05 14:12:33
2025-02-05 12:58:45
2025-02-05 12:05:52
2025-02-05 10:42:29
2025-02-05 10:41:42
2025-02-05 10:36:02
2025-02-05 10:00:00
2025-02-05 09:53:41
2025-02-05 09:35:59
2025-02-05 09:13:00
2025-02-05 08:36:36
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 06:00:00
2025-02-04 16:37:18
2025-02-04 16:05:43
2025-02-04 15:49:12
2025-02-04 15:44:23
2025-02-04 15:40:52
2025-02-04 15:27:54
2025-02-04 14:05:37
2025-02-04 13:47:16
2025-02-04 13:29:04
2025-02-04 12:27:23
2025-02-04 12:17:34
2025-02-04 11:48:11
2025-02-04 11:36:26
2025-02-04 11:17:30
2025-02-04 11:16:42
2025-02-04 10:28:30
2025-02-04 10:18:23
2025-02-04 09:44:30
2025-02-04 09:37:51
2025-02-04 08:48:33
2025-02-04 08:40:53
2025-02-04 07:20:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |