• Өнөөдөр 2024-05-17

У.ХҮРЭЛСҮХ “УРВАГЧ” ГЭДГИЙГ ХЭЗЭЭ Ч БҮҮ МАРТ

2021-05-21,   1564

         -"Урваад л байвал томроод л байх юм байна" гэж буруу ойлгоод хожим ард түмнээс, улс орноос урвах вий-
       
          Өнгөрсөн шөнө У.Хүрэлсүхийн хөрөг нэвтрүүлэг цацагдав. Цахим ертөнцөд түүнийг “Аавдаа ачлалтай, ээждээ энэрэлтэй, ханьдаа түшигтэй, хүний хайлан байж шүү дээ” гэцгээж байна. Хоёрхон хоногийн өмнө л “Хүрэлсүх л биш бол хүрэн баавгай байсан ч Ерөнхийлөгчөөр сонгоно” гэж байсан хүн хүртэл “Уурлаж загнадаг л хүн харагддаг байсан, уг хүн нь хөгжилтэй, улсынхаа төлөө сэтгэлтэй юм” гэх маягтай “сэнхэрсэн” байхыг харав. Түрээсэлж суудаг халаасны өрөөнийхөө шалаар тарваганы арьс битүү зулж, айлын эзнээс ч айхгүй амьдралын төлөө зүтгэж явсан залуу хожим төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшиж байна гэдэг хэн ч сонссон уярам түүх яах аргагүй мөн. Харин өөрийнхөө “0”-ээс эхэлсэн гэх энэ түүхээ өргөн нэвтрүүлгийн телевизээр цацаж, сошиал сүлжээнд бусдаар “зүрх” даруулсан нь сонгуулийн сурталчилгааны хууль номтойгоо харшилдаггүй л байгаа даа. Д.Энхбат, С.Эрдэнэ хоёрыгоо гарааны зурхай дээр үлдээчихээд, түрүүлээд ганцаараа давхичихаагүй  байгаа л гэж. 
 

Түүнийг магтах гэсэнгүй, муулах ч гэсэнгүй. Харин марталгүй санаж байх ёстой түүний нэг том дутагдлыг нь л сануулах гэсэн юм. Тэр том дутагдал нь “урвагч”, хаяагаа “хадардаг” хударгагүй зан. Түүнийг нэг урвасан бол нь хайнга алдаа гээд уучлах сан. Хоёр удаа том, хэд хэдэн удаа жижиг урвасан болохоор нь мартаж болохгүй гээд байгаа юм. Өөрөөр бол, түүнд урвадаг унаган юм уу, эсвэл улс төрд орсноос нь хойш бий болсон олдмол авир бий. 

 
       Өөрийнх нь хэлснээр өнгөрсөн 30 жилийн улс төрийн замнал нь дардан байгаагүй ээ, үнэн. Бас тэр сайрхаж ярьдаг шигээ үнэн шударгын туйл байж, зөв замаар өнөөгийн өндөрлөгт хүрээгүй нь ч үнэн. Өөрөөр бол, хамтран зүтгэгчдээсээ урвадаг увайгүй гэмээр авир нь түүнийг Ерөнхий сайд, эрх баригч намын дарга болгосон. Магадгүй, одоо төрийн тэргүүн болгох нь.
 
         Эхлээд тэр М.Энхболдоос “урвасан”. Тодруулбал, бусдыгаа бодвол цэргийн хувцас зохидог тулдаа Шадар сайдын сэнтийд хоёронтоо хүрч чадсан ч үүнээс дээшлэх боломжгүй байсан У.Хүрэлсүх М.Энхболдоос “урваж”, Ж.Эрдэнэбатыг “хадарсныхаа” хүчинд Ерөнхий сайд, МАН-ын дарга болж мандсан. Тухайлбал, 2016 оны сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулсны дараа нам дотроо “33-ын бүлэг” гэгчийг толгойлж, 2013 оноос хойш өөрийг нь өөд татсан намын дарга М.Энхболдоосоо “урвах” ажиллагаагаа эхлүүлж, явцын дунд Ерөнхий сайд, намын даргын эрх мэдлийг гартаа оруулсан. Тэгээд ч зогсоогүй улс төрд өөрөө хөтөлж оруулсан хуурай дүү Л.Оюун-Эрдэнийгээ М.Энхболдын өөдөөс “сумлаж” тавиад УИХ-ын даргын суудлаас нь буулгаж, оронд нь НАМЗХ-ноос нөхөрлөсөн Г.Занданшатарыгаа тавьсан. Эхний “урвалт” нь ийнхүү түүнийг “бүх юмны дарга” болгосон. Гэвч тэр өөрийгөө “бүх юмны дарга” болсон гэж тооцсонгүй. Учир нь дээр нь Ерөнхийлөгчийн сэнтий ойрхон харагдаад байсан хэрэг. Ингээд тэр хоёр дахь урвалтаа төлөвлөж эхэлсэн. 
Удаад нь тэр Х.Баттулгаас “урвасан”. У.Хүрэлсүх 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөөс Х.Баттулгатай сүжирч, түүнийг ялуулсан гэгдэж байсан өөрөө эрс үгүйсгэж явсаар Ерөнхий сайд болсноосоо хойш Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүний хувиар Х.Баттулгатай албан ёсоор хоршиж, хэд хэдэн “төсөл”, “төлөвлөгөө”-г гар нийлж гүйцэтгэсэн. Тэр дунд сайн ч ажлууд олон бий. 
 
Гэвч Ерөнхий сайд байхаас “уйдаж” өөрөө Ерөнхийлөгч болмоор санагдсан тул Үндсэн хуулиар олгогдсон үнэмлэхүй эрх мэдэлтэй анхны Ерөнхий сайдын суудлаа золин байж Х.Баттулгаас “урвасан”. Ингэхдээ зүгээр урвачихаагүй, Х.Баттулгыг жагсаал зохион байгуулж, ар нуруунаас нь хутга “дүрэх” гэж оролдсон, шүүгч нарыг Төрийн ордонд дуудаж, хэнд ял өгөх даалгавар өгдөг байсан хэрэгт хийгээд явж одсон. Тэгээд ч болоогүй, Үндсэн хуулийн цэцээр шийдвэр гаргуулж, нэр дэвших эрхгүй болгочихсон. Ингэж У.Хүрэлсүх М.Энхболдоос “урваж” МАН-ыг гартаа оруулсан шигээ Х.Баттулгаас “урваж” төрийн тэргүүний сэнтийг төвөггүйгээр өөрийн болгох гэж байна. 
 
Үүрд хамт байх юм шиг санаж явсан У.Хүрэлсүх нь өөрөөс нь урвасныг Х.Баттулга эс хүлээн зөвшөөрч, “шокноосоо” гарч чадахгүй байсаар бүрэн эрхийн хугацаагаа дуусгах гэж байна.
 
       У.Хүрэлсүхийн өдий өндөрлөгт хүрсэн улс төрийн “хөрөг” нь товчхондоо энэ. Хоёр удаа том “урваад” л төрийн тэргүүн болох нь. "Урваад л байвал томроод л байх юм байна" гэж буруу ойлгоод хожим ард түмнээс, улс орноос урвах вий. Тиймдээ ч түүний энэ асар том дутагдлыг нэхэн сануулж байна. 
 

У.ХҮРЭЛСҮХ “УРВАГЧ” ГЭДГИЙГ ХЭЗЭЭ Ч БҮҮ МАРТ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-27 05:12:47
    Ард: ЖДҮ чид дэмжсэн урвагчид хулгайч ихтэй засгийн газрын тэргүүн ийм л хулчгар байж таарна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-21 21:57:44
    ГҮРЖАВ: Жинхэн урвагч ? ДЗЛЗЭН , ТҮГЖИЛ кк
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-21 10:50:32
    Зочин: Эх орноосоо урваагүй юм байгаа биз дээ улс төрийн хувьд байдаг л зүйл үзэл санаа таарахгүй бол хаяад л явна ш дээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188