• Өнөөдөр 2024-05-17

Ерөнхий сайдын ялгарах үзэл хэтрэх вий

2021-05-18,   1324

              Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дотор бусдыг ялгаварлах, дутагдалтай талаар нь гадуурхах авир нуугдаад байх шиг. Өнгөрсөн 100 гаруй хоногт гарсан шийдвэр, хийсэн үйлдэл бүрээс нь тийм зан үе үехэн цухалзсаар ирэв. Уг нь улсын гал тогоог хариуцаж буй хүнд төрмөл ч бай, олдмол ч бай тийм зан огтоос байж боломгүй л санагдах. Өөртөө нэг дүгнэлт хийхгүй бол улс төрийн ирээдүйн карьерт нь гай сайд болох вий.
 

Баян, ядуу, тарган, туранхайн "ялгаварлал"

 
          Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын тамгаа гардан авсан тэр өдөр түүнээс бусдыг ялгаварлах авир анх удаа цухалзаж билээ. Тэр Ерөнхий сайд болчихоод УИХ-ын чуулганы индэр дээрээс “Буяны тарга гэдэг уламжлалт буруу ойлголтоо засаж, хайртай хүмүүсээ хорхгоор дайлахаа больж, жингийн илүүдэлтэй тэмцэх үндэсний соёлыг хамтдаа бий болгох цаг болжээ” хэмээн эрс шийдэмгий мэдэгдэж байв. Улс үндэстнээ бодсон уриалга мэт боловч эсрэгээрээ тарган хүмүүст “Тарган хүмүүс нь гүйж тур, турахгүй бол соёлгүй, бурангуй харагдаад байна, тэгж байж энэ улс хөгжинө” гэсэн ялгаварлал шиг л санагдсан, нуух юун.
 
Өөрөөр бол, өөрсдийгөө буяны таргатай гэж бодож явдаг “бондгор” хүмүүсээс болж улс орон хөгжихгүй байгаа учраас туранхай байх соёлыг нэвтрүүлэх хэрэгтэй байна гээд хэлчихэж байгаа хэрэг л дээ. Уг нь хүн тарган байснаараа өөртөө л элдэв өвчин хуримтлуулаад байгаа болохоос биш улс үндэсний хөгжлийг хойш татаад, ялангуяа Ерөнхий сайдын ажилд “гай” болоод байгаа юм байхгүй л баймаар. Яах вэ, тарган хүмүүс их өвчлөөд байхаар сайн санасандаа хэлсэн байлаа гэж бодоход арьс өнгө, шашин шүтлэг, тэр байтугай тарган туранхай байх нь  хувь хүний заяагдмал өгөгдөл, бас дархан эрх нь юм л даа. Бодоод үз дээ, Ерөнхий сайд нь Төрийн ордноос “Таргалалттай тэмцэх үндэсний соёл бий болгоно” гээд мэдэгдчихээр түүнийг нь сонссон хэн нэгэн дэргэдээ суусан тарган найзыгаа, эсвэл мярайлаг эхнэрээ шоолонгуй нүдээр харсан л байж таараа. Бас хэн нэгэн тарган эмэгтэй Л.Оюун-Эрдэнийн тэр яриаг сонсоод турах тухай бодохоос илүүтэй бусдад гай болсон мэт мэдрэмж авсан л байж таараа. Өөрөөр бол энэ Ерөнхий сайдаас үлгэрлэсэн ялгаварлан гадуурхалт. 
 
          Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалт бүрдээ л  “Чинээлэг дундаж давхаргатай болж байж улс хөгжинө” гэдэг тодорхойлолт ярихыг сонссон л байлгүй. Нийт хүн амын 3\2 нь ядуу амьдарч байхад Ерөнхий сайд нь “Чинээлэг дундаж давхаргатай болсон цагт улс орон хөгжинө, чанартай амьдарна” гэж байнга фокуслаад байх нь ядуу иргэдээ бас л ялгаварлаж байгаа хэрэг юм  л даа. Өөрөөр хэлбэл, дундаж болон дээд давхаргынханд “Доод давхаргынхнаас болж улс орон муухай харагдаад байна” гэдэг мессеж өгөөд байна гэсэн үг. Хоёр хүн хоорондоо хэрэлдэхдээ ч “чи бол ядуу” гэдэг үг хэлэхгүй байхыг эрмэлздэг байтал Ерөнхий сайд нь жишим ч үгүй баян, хоосны тухай дэлгэрэнгүй яриад байх нь зохимжгүй үйлдэл. 
 

Хоёрдугаар тунгийн "ялгаварлал"

 
           Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд улс даяар вакцинжуулалт эхэлж буйг зарлаж байхдаа “...Монгол Улсын Засгийн газар богино хугацаанд хүн амын 60 хувь буюу 18 наснаас дээш хүн амаа вакцинжуулах ажлыг үе шаттай, шуурхай зохион байгуулна. Вакцинжуулалт сайн дурын үндсэн дээр хийгдэнэ гэдгийг би дахин хэлэхийг хүсэж байна” хэмээн мэдэгдэж байв. Үг, үсгийн зөрүүгүй яг ингэж хэлсэн.
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өөрийнхөө амаар хэлсэн “Сайн дур” гэдэг үг бол “Вакцин хийлгэж болно, хийлгэхгүй байсан ч болно, энэ бол таны эрх” гэсэн үг. 
 
Гэтэл одоо вакцины хоёрдугаар тун хийлгээгүй иргэдийг илт, бүр төрийн бодлогоор ялгаварлаж эхлэв. Вакцин хийлгээгүй л бол төрөөс тэтгэмж авахгүй, ажилдаа явж болохгүй, үсчин, гоо сайхны газар, саун, фитнесээр үйлчлүүлэхгүй, зах худалдааны төвөөр ч үйлчлүүлж болохгүй, сургалтад хамрагдаж болохгүй. Зуны дэлгэр цаг ирж байхад вакцингүй бол хөдөө явах ч хориотой. Өөрийнхөө амаар “Сайн дурын үндсэн дээр вакцин хийнэ” гэчихээд хоёр сарын дотор зангаа хувиргаж, вакцин хийлгээгүй иргэдэд бүх үйлчилгээг хааж байгаа нь асар том ялгаварлан гадуурхалт мөн биз дээ. 
 
         Түүнчлэн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр хоногийн өмнө “Алсын хараа 2050” гэх номын нээлтээ хийжээ. Ингэхдээ зөвхөн вакцины хоёрдугаар тунгаа хийлгэсэн хүмүүст урилга тарааж, ЗТХ-ийн сайд асан М.Зоригт, эдийн засагч, “Дефакто” Д.Жаргалсайхан, нийтлэлч Баабар, Б.Цэнддоо, “Шар айраг”-ийн Г.Ганхүү, аялагч Г.Бадамсамбуу, “Хас”-ын Ч.Ганхуяг зэрэг  “луухрууд” болон “Сомедиан” Б.Идэр-Од, жүжигчин Ж.Алтаншагай, Г.Алтаншагай зэрэг урлаг ослын алдартнууд нээлтэд нь оролцжээ. Л.Оюун-Эрдэнэ өөрөө “Алсын хараа-2050” номын нээлтийнхээ тухай ганц ч зар, мэдээлэл цахим ертөнцөд байршуулаагүйг үзвэл нууцлахыг хүссэн бололтой. Харин үзсэн, сонссон, харснаа “жиргэж”, камертаа буулгаж явдаг ЗТХ-ийн сайд асан М.Зоригтын “пост”-ноос л Л.Оюун-Эрдэнийн “нууц” номын нээлтийг олон нийт мэдэв.
 

Хачирхалтай нь, тус номын нээлт амны хаалтгүй, бас пиво, дарстай өргөн дэлгэр болж өндөрлөжээ. Барагцаагаар 50,60 хүн элбэг цугласан юм уу даа. Оролцсон зочдод буруу юу байх вэ. Харин ард иргэдээ автомашины дугаар, хоёрдугаар тунгаар нь гэрт нь “хорьж”, аж ахуйн нэгжүүдээ бэлэн байдлын зэргээр шалтаглан хаалгыг нь “лацадсан” Ерөнхий сайд өөрөө олон хүн цуглуулж, амны хаалтгүйгээр архи дарс шимсэн шигээ номын баяраа хийгээд сууж байгаа нь бас л том ялгаварлан гадуурхалт мөн биз дээ. 

         Энэ мэтээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санаатай ч юм уу, санаандгүй ч юм уу ялгаварлах үзэл цухалзуулсаар л явна. Уг “Харвардын боловсролтой” гэх намтартай хүнд дотроо нуугдаж байгаа энэ мэт нийтийн эсрэг үзэл суртлаа нуух, ил гаргахгүй байх ухамсар баймаар л юм. Эсвэл албан тушаалын ямба эдлээд үг, үйлдэл, дотоод мөн чанараа ч хазаарлаж чадахаа больчихсон яваа хэрэг үү. Ямартай ч, ялгаварлах гэх нийтийн эсрэг авираа дарж, далдалж явахгүй бол улстөрчийн урт холын замналд нь гай болох вий.
 
 
 

Ерөнхий сайдын ялгарах үзэл хэтрэх вий
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-19 10:10:22
    Зочин : Нэг их буруу пм хэлсэн гэж бодогдохгүй л байна. Таргалалт эрүүл мэндэд сайн биш нь тодорхой. Чинээлэг дундаж давхарагтай болох нь зөвхөн Монголынх ч биш, бүх улс орнуудын мөрөөдөл шүү дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-18 10:29:32
    zochin: Alsiin haraa 2050 olon hunii garaar butsen gej oilgood bsan, ingeheeree l buruu daa
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188