• Өнөөдөр 2024-05-16

“ӨЛСГӨЛӨНГӨӨ ЗОГСООСОН Ч ТЭМЦЛЭЭ ЗОГСООХГҮЙ” ГЭСЭН ГИШҮҮД “АМЬД УУ”

2021-05-17,   573

           Өнгөрсөн даваа гарагт Сүхбаатарын талбайн дэргэдүүр өнгөрөхөд өлсгөлөн зарласан АН-ынхны зарим нь мишокдоо дугжирч, Ц.Туваан сунгалтын дасгал хийж, Н.Алтанхуяг гар утсаа “маажиж”, С.Ганбаатар ганцаараа Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөний чанх арын сандал дээр торойтол сууж байсан. Өнөө өглөө дахин тэр замаар явав. Дугуйтай хогийн сав түрж, шүүр сугавчилсан ТҮК-ийн ажилчнаас өөр хүнгүй, эл хуль. Төв талбайн хүйтэн цемент дээр, соёмбот тугийн доор, эзэн хааны хараанд дан мишокнд хонож, Дуурийн театрын дээгүүр нар өнгийхийг харж хэвтэж асан тэд өдийд гэрт гэртээ дулаан хөнжилдөө сэрж буй биз ээ. АН-ынхан өлсгөлөнгөө зогсоосноос хойш зургаа дахь өдөр эхэлж байна. “Өлсгөлөнгөө зогсоож байгаа ч тэмцлээ дуусгахгүй” гэсээр төв талбайгаас гэр гэртээ харьцгаасан тэд зургаа хоног ам нээсэнгүй. Яг л өнөөдөр төв талбай эл хуль байгаа шиг тэдний тэмцэл ч ор мөргүй алга болсон мэт. Эсвэл мань өлсөгчид далдуураа “тохиролцчихсон” юм болов уу. 
 
     УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ц.Туваан, С.Ганбаатар, Ж.Батсуурь, А.Адъяасүрэн, Н.Ганибал тэргүүтэй АН-ынхан тавдугаар сарын 5-ны орой Сүхбаатарын талбайд сүр дуулиантайгаар өлсгөлөнгөө эхлүүлж байв. Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг нэр дэвшүүлсэн боловч Сонгуулийн ерөнхий хороо хүлээж аваагүйд УИХ дахь АН-ын бүлгийн 13 гишүүн уурссандаа ийнхүү төв талбайд “өлсөж” эхэлсэн хэрэг л дээ. “Нэр дэвшүүлэхгүй байгаа учраас өлсгөлөн зарлахаар шийдлээ” гэж СЕХ-ны үүдэнд мэдэгдсэн атлаа төв талбайд ирж, өлсгөлөнгөө эхлүүлмэгцээ “Нэг намын дарангуйллын эсрэг” гэх цагаан морин жилийн хувьсгалын уриаг “хулгайлан” сууцгаасан. Иймэрхүү уриатай өлсгөлөн, жагсаал хэзээд л сүр дуулиантай болдог учраас ч тэр юм уу.
 
         МАН-ынхан тэднээс баахан “бажгадаж”, төв талбайд цагдаагаар давхар бүсэлсэн. Цагдаа нар тэдний майхных нь хоёр баганыг авч зугтаад, бор эсгийг нь булаацалдаж үзсэн ч Ц.Туваан шуундаа бяртай юм билээ. МАН бодвол тэднийг “Хоргодох майхангүй, дэвсэх эсгийгүй бол удаан өлсөхгүй, зудраад буцна” гэж тооцсон хэрэг биз. Гэхдээ өлсөх чадвар Ардчилсан намынхны “цусанд” байдаг бололтой юм билээ, тэд төв талбайд дан мишоктой долоо хоносон шүү. 
 

Гэхдээ цагаан морин жилийн өлсгөлөн нэг шөнө, хоёр өдөр үргэлжлээд төр эргүүлж чадсан байдаг бол Н.Алтанхуяг ахлагчтай өлсөгчид төв талбайд долоо хоносон атлаа төрд ч, ард түмэнд ч нэг их тоогдолгүй байсаар өндөрлөсөн гэхэд буруудахгүй байх. Тэднийг ийн төв талбайд өлсөж байхад УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн ордноос үл ялиг хоолны үнэр “сэнгэнүүлж” гарч ирээд, “Зөвшилц, үгүй бол би хамт өлсөнө” гэж загнаад буцаж орсон. Ерөнхийлөгч Х.Баттулга гарч ирж, “Ганибал хаана байна” гэж ирцийг нь бүртгээд буцаж орсон. Үнэндээ түүнд тэдний төлөө хийж чадах зүйл байгаагүй байх. Илүү онцгүй нь, өлсөгчдийг “дарангуйлаад” байгаа өнөө МАН-ынхан ч өлсгөлөнг нь үл тоож, байрныхаа гадаа хальт гарч ирснээ “Та нарын өлсөхөөс айхгүй” гэчихээд буцаж орсон. Өөрөөр тэдний өлсгөлөн төрийн түвшинд нэг их “тоогдоогүй”. Эсрэгээ тэднийг өлсөж байх зуурт С.Эрдэнийг СЕХ нэр дэвшигчээр бүртгэж, өлсгөлөнг нь улам “үнэгүйдүүлсэн”. 

 
          Түүнчлэн “Хөл хорио цуцлагдмагц төв талбайд жагсагчид гарч ирж, өлсөгчидтэй хүчээ нэгтгэж, долдугаар сарын 1-ны хар түүх давтагдах вий” гэх айдас дээр, дооргүй байсан. Гэтэл ард түмэн нэг үеэ бодвол хэрсүүжиж, албан тушаал, амин хувийн ашиг сонирхлын төлөө төв талбайд орилж байна уу, ард түмний ашиг сонирхлын төлөө орилж байна уу гэдгийг ялгаж, салгахтайгаа болсон гэдгээ тэдэнд харуулав. Хөл хорио цуцлагдмагц халамцуу голдуу 200, 300 хүн төв талбайд цуглаж, тэднийг дэмжиж буйгаа илэрхийлсэн боловч үдээс хойш С.Эрдэнийн талынхан нэмэгдэж ирснээр өөр хоорондоо хөлөө жийлцэж, Э.Бат-Үүлийг үсдэж, тугаа булаацалдаж байгаад харьцгаасан. Мэдээж тэдний дунд үнэхээр ардчилал үгүй болж, нэг намын дарангуйлал тогтох вий гэх эмээсэн, ардчиллын төлөө сэтгэл зүрхтэй иргэд олон байсан л байх. Тэднийг үгүйсгэх гэсэнгүй. 
 
           Эцэст нь, өлсгөлөн зарлаад ч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх олж авч чадахгүй, харин ч эсрэгээрээ нэр хүндээ унагааж буйгаа мэдэрсэн тэд өнгөрсөн мягмар гарагт буюу өлсгөлөнгийнхөө долоо дахь өдөр УИХ-ын дарга Г.Занданшатартай тохиролцоонд хүрч, гэр гэртээ харьцгаасан. Ингэхдээ хаалтаа эхлэлээсээ ч сүртэй хийж, эхнэр хүүхдээ төв талбайд авчирсан. Угаас өрөвч, өр нимгэн ард түмэн хойно тэдний уярал дүүрэн уулзалтаас өлсөгчдийн турж эцсэнийг, хүүхдүүдийнх нь санаж бэтгэрснийг харж,  өрөвдөж суусан. Тэр зууртаа УИХ-ын 13 гишүүн юуны төлөө өлссөн, ямар үр дүнд хүрсэн бэ гэдгийг нь асуухаа ч мартчихсан. Тэгэх ч гэж тэд тэр халуун дулаан уулзалтаар хаалтаа хийсэн биз. Гэхдээ улс төрийн үр дүнгүй өлсгөлөндөө эхнэр, хүүхдээ хүртэл татаж оролцуулсан нь нэг л ёозгүй санагдсаныг нуух юун. 
 
УИХ-ын гишүүн С.Ганбаатар л ёс болгож “Тэдэнд мөнгө байна, тэдэнд хөлсний бичээчид байна, тэдэнд эрх мэдэл байна. Харин бидэнд Монголын ард түмэн байна. Хурандаа У.Хүрэлсүх хуулийг гажуудуулж, ҮХЦ, СЕХ, УБЕГ-ыг дээрэмдэж, “Хаан болно” гэсэн санаархалд та нарынхаа ачаар саад тавьж чадлаа. Монголоо өмөөрдөг, эр зоригтой, өөрийгөө золиослоход бэлэн 13 охин, хөвгүүнтэй ард түмэн шүү. Та нартаа үнэнч зүтгэнэ” хэмээгээд гэртээ харьсан. 
 
Тэд УИХ-ын дарга Г.Занданшатартай дараах таван асуудалд тохиролцож, дундаасаа ажлын хэсэг байгуулсан гэх. Тухайлбал, 
 
- УБЕГ болон түүний албан хаагчид Улстөрийн намын бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн эсэхэд үнэлэлт, дүгнэлт гаргах,
- УДШ-ийн Тамгын газраас гаргасан АН-тай холбоотой лавлагаа хууль тогтоомжийн дагуу гарсан эсэхэд үнэлэлт, дүгнэлт гаргах,
- СЕХ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллаж байгаа талаар УИХ дээр мэдээлэл сонсох,
- АН болон АН-ын зарим гишүүдээс АТГ-т гаргасан өргөдөл, гомдлын дагуу ямар арга хэмжээ авч байгаа талаар АТГ-ын мэдээллийг УИХ дээр сонсох,
- УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах Ажлын багт АН-тай холбоотой үүсээд байгаа нөхцөлд байдал тухайлбал, тамга тэмдэг бүртгэлтэй холбоотой төрийн байгууллагуудын гаргасан дүгнэлтийг танилцуулах.
 
         Гэвч тэд өлсгөлөнгөө зогсоогоод даруй зургаа хонолоо. Дээрх таван асуудлыг аль нь хэлэлцэгдэж, аль нь шийдлээ олсон гэхээр аль аль нь алга. Өлсгөлөнгөө зогсоосноосоо хойш хэн ч ам нээсэнгүй. Өөрөөр хэлбэл, “Нэг намын дарангуйллын эсрэг” гэх сүртэй уриагаар өлсгөлөн зарлаж суусан тэд ард түмний нүдэн дээр үндсэн таван асуудлаар тохиролцсон нэр зүүгээд чимээгүй болцгоолоо. Магадгүй, жинхэнэ тохиролцоо цаагуураа өрнөсөн юм болов уу. 
 

“ӨЛСГӨЛӨНГӨӨ ЗОГСООСОН Ч ТЭМЦЛЭЭ ЗОГСООХГҮЙ” ГЭСЭН ГИШҮҮД “АМЬД УУ”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-17 08:01:08
    Галиндэв хаана байна.: Ноходууд Хоолойгоо зайлаад алга болов уу? Хошногоо ухуулаад алга болов уу? Хоолоо хэтрүүлээд алга болов уу? Хорлогод ороод алга болов уу? Хороо найруулаад тонилов уу? Хорондоо хордоод далд оров уу? Ккккк
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-17 07:57:30
    Кк: Ха
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188