• Өнөөдөр 2024-04-25

Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа "модоо барих" вий

2021-05-14,   556

         Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа ард түмний амьдрал ямар байх вэ. “Ковидгүй зун байх болов уу” гэж санаа зовнихоос илүүтэй “Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа бидний амьдрал ямар байх вэ” гэж санаа зовох нь илүү бодитоор бодох ёстой асуудал болж хувирлаа. 
 
Эрх баригч МАН эхэндээ “Төсвийн данс улайсан”, “Төрд тийм санхүүгийн боломж байхгүй” гэх хэдхэн үгсээр ам тагладаг байсан бол Ерөнхийлөгчийн сонгууль ойртох тусам тэтгэмж, урамшуулал, хөнгөлөлтөд баруун, солгойгүй мөнгө цацах болов. 

Жишээ нь, эхлээд У.Хүрэлсүхийн Засгийн газар ус, дулаан, цахилгааны төлбөрийг иргэдийн өмнөөс төлж, хүүхэд бүрд сард бүр 100 мянган төгрөг олгож эхэлсэн байдаг. Ус, дулаан, цахилгааны төлбөрт 650 тэрбум төгрөг, хүүхэд бүрд олгох 100 мянган төгрөгт нийт 547 тэрбум төгрөг зарцуулах тооцоо танилцуулж байв. Үргэлжлүүлэн “Хавтгайрсан халамжаас татгалзана” гэж амласан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хөл хоригдсонд 300 мянга, вакцин тариулсанд 50 мянга гэх мэтээр халамжийг “хавтгайруулж” эхэлсэн. Монгол Улсын иргэн бүрд хөл хорионы “цалин” хэлбэрээр 300 мянган төгрөг тараахад л нэг их наяд 26 тэрбум төгрөг зарцуулсан. Коронавирусийн  эсрэг вакцин хийлгэсэн хоёр сая иргэнд 50 мянган төгрөг олголоо гэхэд л 100 тэрбум төгрөг зарцуулна гэсэн үг. 

 
Мөн коронавируст цар тахлын халдвартай нэг иргэний эмчилгээнд найман сая төгрөг зарцуулж байгаа гэж Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн онд мэдэгдэж байв. Тэгвэл өнгөрсөн хугацаанд 46500 хүн цар тахлын халдвар авсан тоон мэдээлэл байна. Нэг иргэний эмчилгээний зардлыг найман сая төгрөгөөр тооцвол 372 тэрбум төгрөг зарцуулсан  байна гэсэн үг. 
 
Энэ мэтээр эрх баригч МАН-ын Засгийн газар Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө улсын төсвийн “улайтал” нь, зээл, тусламжийг “шавхартал” нь мөнгийг тэрбум тэрбумаар нь цацаж, халамж, урамшуулал, тэтгэмж олгож байна. Харамсалтай нь, тэр урамшуулал, тэтгэмж, хөнгөлөлт нь иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд бодит үр дүнгүй байсаар.
 
Жишээ нь, хөл хорионы үеийн 300 мянган төгрөгийн тэтгэмж нь нэг хонины гулууз болоод дууссан бол вакцин тариулсны 50 мянган төгрөгийн урамшуулал нь хоёр шуудай гурил л болж байна. 
 
Коронавируст цар тахлаас үүдэж эдийн засаг үлэмж хэмжээгээр агшиж байхад Засгийн газар “Хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх” зарчмаар ажилласаар, иргэдэд таалагдах гэж бэлэн мөнгө тараасаар байвал Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа ард түмний амьдрал ямар түвшинд очих вэ. Энэ их зардал, зарцуулалтаа хянаж, сонгуулийн дараа ч амьдрал үргэлжилнэ гэдгийг санаж баймаар. 
           

Өөрөөр бол, иргэн бүр хөл хориулсныхаа төлөө авсан 300 мянган төгрөгийн тэтгэмжээ, вакцин тариулсныхаа төлөө авсан 50 мянган төгрөгийн урамшууллаа, аж ахуйн нэгжүүд ажлын байраа хадгалсныхаа төлөө авсан 300-500 сая төгрөгийн зээлээ сонгуулийн дараа хэд нугалж төлөх вэ гэдэг ноцтой асуулт гарч ирж байна. 

 
Эцэст нь, эрх баригч МАН-ын өнгөрсөн хугацаанд тараасан бэлэн мөнгөнүүд нь хоногийн хоол болоод дууссан учраас Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсний дараа ард түмэн коронавируст цар тахалтай, капитализм, социализм нь ялгарахгүй төртэй, өр зээлтэй, өвчин зовлонтой л үлдэх нь ээ.
 

Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа "модоо барих" вий
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188