• Өнөөдөр 2024-04-25

ИМИЖ: Ерөнхийлөгчийн сонгуулийг “Адуучин” тэмцээнтэй “андуурсан” У.Хүрэлсүх, эгэлээ "дэндүүлсэн" Д.Энхбат

2021-05-13,   1267

           У.Хүрэлсүх эрэмгий, давилуун монгол эрийн имижээр, Д.Энхбат энгийн бөгөөд ухаалаг, халамжтай нөхрийн имижээр энэ удаагийн сонгуульд оролцох нь ээ. Харин С.Эрдэнийн хувьд “унаган” ямбатай “дарга” имижээсээ салж өгөхгүй байсаар, тэр имижээрээ сонгуульд оролцох биз. Түүний имиж хуучин бас уйтгартайн дээр намынх нь дотоод хэрүүл түүнийг нар үзүүлэхгүй нь тодорхой тул энд нь үлдээгээд У.Хүрэлсүх, Д.Энхбат нарын Ерөнхийлөгчийн сонгуульд зориулж бий болгосон имижийг онцолъё. 
 

У.ХҮРЭЛСҮХ-ЭРЭМГИЙ, ДАВИЛУУН, АДУУЧИН

          У.Хүрэлсүхийн хурандаа имиж хуучирч, мотоциклчин имиж нь “моод”-ноос гарсан тул тэр энэ удаагийн сонгуульд адуучин монгол эрийн дүр гаргаж ирсэн бололтой. Адуу бол сэтгэлд нь үүрсэж байдаг мал тул монголчуудад таалагдах дүр яах аргагүй мөн. У.Хүрэлсүх хурандаа, анчин, загасчин, мотоциклчин, танкчин, чоперчин, гитарчин байж үзсэн.  Түүний “дүр”-үүдийг эхэндээ тоолдог байсан ч сүүлдээ тоогоо алдсан даа, монголчууд. Гэхдээ тэр алс хэтэд Ерөнхийлөгч болохдоо зориулж, адуучин дүрийг хадгалж байжээ. 

Өнгөрсөнд үлдсэн У.Хүрэлсүхийн “дүр”-үүдийг баримжаалж, багцалж үзвэл үндсэн хоёр имижийг бүрдүүлж байх шиг харагддаг. 
 
Эхнийх нь “хурандаа имиж”. Ерөнхий сайдаар ажилласан он жилүүддээ тэр Төрийн ордонд цэргийн ёсолгоог “моод” болгож, цэргийн эрээн хувцсыг “гангараа” болгож дэлгэрүүлсэн. Нэмээд “Мөр зэрэгцсэн”, “Дайны цаг үе”, “Галын шугам”, “Цэрэг хүн”, “Нөхөд өө” гэх үгс бол түүний амны уншлага мэт л байсан. Хөдөө, гадаа томилолтоор явбал цэргийн эрээн хувцаснаас сална гэж ер үгүй. Тэр хувцас нь зохино ч гэж ярих юмгүй. Эрээн хувцсанд ухаангүй дуртай түүнийг хослол, зангиа тухгүйдүүлдэг байсан ч байх. Сүүлдээ төрийнхөн дарга, цэрэггүй, хот хөдөөгүй, эрэгтэй, эмэгтэйгүй цэргийн эрээн хувцсаар “гангарах” нь хэтийдэж, хориглох арга хэмжээ хүртэл авахдаа тулсан. Тэгээд төрийнхнөөс У.Хүрэлсүх л эрээн хувцастайгаа үлдсэн дээ. 
 
Тэр Ерөнхий сайд байхдаа цэргийн ангид очиж, хийморио сэргээдэг байв. Тэнд л өөрийнх нь орон зай, эрх чөлөө нь байгаа мэт. Хайртай цэргийн хувцсаа өмсөж, буу агсаж аваад л цэрэг бүхэнтэй шахуу гар барьж, маадгар гэгч нь алхдаг сан. Сэтгэл нь хэт хөөрчихвөл бай буудна, байлдааны танк жолоодно, бүр цаашилбал зурагчин руугаа буугаа чиглүүлж айлгана. Түүний алдарт “Сүүлчийн кадр” хэмээн зургийг санаж буй биз ээ. Мань эр бай руу, эсвэл бусад руу буу чиглүүлж буй тэр үедээ л жинхэнэ эр хүн, удирдагч хүн гэдгээ мэдэрдэг байсан байх. 
 
Удаах нь “хүсэмжит эрийн имиж”. У.Хүрэлсүхийн  мотоцикл унаж, гитар тоглох хоббинд эмэгтэйчүүд илүү дуртай байдаг шиг. Хослол, зангиатай, төв царайтай, төрийн түшээ У.Хүрэлсүх өдөр нь Төрийн ордонд хөгжил, хууль ярьж сууснаа орой нь хар савхи өмсөж, хар шил зүүгээд, чопер хөлөглөж хотын гудамжаар салхи татуулан давхих нь тааварлахын аргагүй, тэгсэн атлаа эрс шийдэмгий, хүсэмжит эрийн имижийг түүнд бүрдүүлж өгдөг байв. Тэгээд ч болоогүй баяр ёслолоор гитар бариад ямар ч эргэлзээгүй тайз руу гарчихна, амралтын өдрүүдэд бялдаржуулах зааланд хөлсөө урсгаж, хэвтээгээс 100 илүү килограммыг шахна, бартаат замын кросс мотоцикл унаж сүрийг үзүүлнэ, шалдан шахуу загасчилна, бүр заримдаа хөвч тайгад цээж нүцгэн, тэгснээ буу үүрчихээд морьтой явж байх. Ер нь тун элдэвтэй нөхөр дөө. 
 

Харин Ерөнхийлөгчийн сонгуульд зориулж тэрбээр моринд хайртай монгол адуучин залуугийн имижийг өөртөө цогцлоолоо. Сүүлийн үед түүний морь унах, эмнэг бугуйлдах техникээ эрс сайжруулж буй зургуудаа цахим орчинд тарж байна. Одоо У.Хүрэлсүхэд уурга шүүрч, унага тамгалж байгаа зураг л дутуу байх шиг. Түүний хөтөлгөөтэй морьтой, хээр талд шуранхай исгэрэн давхих монгол эрийн дүр нь өөрт нь тун сайхан зохиж байх ажээ. Гэхдээ тэр адуучин залуугийн дүрээ өөрөө бодож олсон нь юу л бол. Хаанаас нь ч харсан “Херо” Б.Баатарын “тавилттай” тун төстэй харагдаад байгаа юм. “Херо”Б.Баатар 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа У.Хүрэлсүхэд хандаж “Тулга ахыг уяад түрүүлгэлээ. Дараа нь таныг л...” гэж байснаа биелүүлж байж ч болох. Түүний монгол нэвт ханхалсан пи-ар-ын технологи бий дээ, Х.Баттулгын “Монгол ялна” гэдэг шиг.

 

Д.ЭНХБАТ- УХААЛАГ, ЭНГИЙН, ХАЛАМЖТАЙ

 
            Д.Энхбатын хувьд энгийн, ухаалаг, халамжтай нөхрийн имижээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нь ээ. 
 
Түүний хувьд “Датаком”, “Форум”-аар овоглодог байхаасаа ухаалаг имижтэй байсан. УИХ-ын гишүүнээр дөрвөн жил ажиллахдаа ухаанаа ажил хэрэгтээ ашиглаж, ард түмэнд бүрэн таниулж амжаагүй байж магадгүй ч, лав л энэ имижээ алдаагүй. Улмаар 2014 онд суудаг оффисоос татгалзаж, Улаанбаатар хотоос 30 километр зайд, уул, ус, модны дэргэд гэрээсээ бүх ажлаа хийх болсон. Өдрийн хагасыг автомашины түгжрэлд зарцуулдаг, өндөр шилэн барилгад оффислож мөнгөө дэмий урсгадаг байдлыг гар утас, компьютер хоёроороо сольсон гэх үү дээ. Ингээд тэр ухаалаг гэдэг дээрээ энгийн гэдэг шинэ имижтэй болсон.  
 

Хэд хоногийн өмнө Д.Энхбат эхнэртэйгээ хамт алхаж буй зураг цахим орчинд тарж, олны хайрыг булаав. Д.Энхбат өөрөө хослол, цув, эхнэр нь улаан хүрэн ороолт нөмөрч, мөн өнгийн плаж, өмссөн байх агаад тэд их л халуун дотно, инээмсэглэн алхах нь олонд таалагдсан. Бас тэд хэдий буурал суусан ч хайр, харилцаа нь халуунаараа, хувцаслалт нь цаанаа л нэг донжтой байсан нь олны хайрыг булаажээ. Эхнэрийнх нь инээмсэглэлээс нөхрийнх нь халамж харагддаг гэдэг дээ. Ингээд тэр халамжтай гэх бас нэгэн шинэ имижийг олон нийтэд харуулчихаж байгаа юм. 

 
Д.Энхбатын энэ имиж барууны хэв маягийг өөрийн эрхгүй санагдуулна. Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч эхнэрээ дагуулаад гудамжинд туйлын энгийн алхаж явсан бил үү. АНУ-ын төрийн тэргүүнүүд болох Барак Обама, Доналд Трамп, Жой Байден нараас л үлгэрлэж, тэргүүн хадагтайн тухай ойлголтыг монголчууд мэддэг болж байна. Тиймдээ ч Д.Энхбат эхнэрээ дагуулан гарч ирэх нь содон, сонин, хайр татам харагдсан хэрэг. Д.Энхбат ч үүнийг маш сайн мэдэрч чаджээ. 
 
          Ингээд харвал, Д.Энхбат, У.Хүрэлсүх нарын дундах өрсөлдөөн ширүүсч мэдэх дүр зураг харагдаж байна. Хэдийгээр Д.Энхбат анхнаасаа хүчтэй өрсөлдөгч гэж тодорхойлогдоогүй, сонгох эрхийг хангах төдий нэр дэвшиж байгаа гэгдэж байсан ч тэр аажим аажмаар “фен”-үүдийнхээ тоог нэмсээр байна. Түүний имиж ард түмэнд таалагдаж байна. У.Хүрэлсүх одоо байгаа эрх мэдэл, нэр нөлөөндөө бардаж, ардын хүү, адуучин залуу гэдэг имиж бүрдүүлэхийн төлөө хэт гоё ганган Пи-Ар хийж явсаар ялагдах вий. Зөөлөн нь хатуугаа иддэг гэх үгтэй юм. Нэг үеэ бодвол сонгогчид хөрсөнд буугаагүй, хий хоосон, гоё ганган рекламаас илүү энгийн, бодит амьдралтай ганцхан зурагт “лайк” дардаг болсон цаг шүү.  Нөгөөтээгүүр, тус тусынх нь имижийг бүтэн зургаар нь харвал буу шийдэм агсаж, морь унаж, хөдөө хээр “тэнэдэг” Ерөнхийлөгчтэй болох уу, эсвэл эхнэрээ хөтлөөд ард түмнийхээ дунд алхаж явдаг Ерөнхийлөгчтэй болох уу гэдэг сонголт л харагдаад байна. Тэгэхээр У.Хүрэлсүх имиждээ анхаарахгүй бол Ардын намынхаа 100 жилийн ой дээр Ерөнхийлөгч болох асар том амбицаа адууны захад гээж мэдэх нь байна шүү. 

ИМИЖ: Ерөнхийлөгчийн сонгуулийг “Адуучин” тэмцээнтэй “андуурсан” У.Хүрэлсүх, эгэлээ "дэндүүлсэн" Д.Энхбат
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-14 16:49:25
    Одоо : Одоо сонгуулийг хойшлуулах хэрэгтэй байгаа юм .Олон түмэн хөнгөн хуумгай сонголт хийхийг хүсэхгүй байгаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-13 11:15:27
    Сандра: Ядахдаа л Энхбат нь боловсролтой, орос англи хэлтэй юмдаа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188