• Өнөөдөр 2024-04-27

“ТӨРСӨН” ГАЗРАА МӨХӨХ ТАВИЛАНТАЙ БАЙЖЭЭ, АН

2021-05-09,   862

           Бор эсгийн дээрээс босгосон Ардчилсан намыг 30 жилийн дараа бор эсгийн дээр нь буцааж хэвтүүллээ, тэд. Өлсөж байж байгуулсан Ардчилсан намыг өлсөж байж тараалаа. Ард түмний эрх чөлөөг хүсэмжилсэн хүслийн очоор асаасан ардчиллын галыг албан тушаалын төлөөх шуналын усаар унтраачихлаа, тэр дүр эсгэсэн ардчилагчид. Монголд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, үзэн ядах, үсдэх эрх чөлөөтэй ардчилсан нийгэм үлдэж, энэ нийгмийг авчирсан Ардчилсан нам харин буцчихлаа. Үнэт зүйлгүй, үлгэрлэх лидергүй болсон Ардчилсан нам эцэст нь төв талбай гэх “төрсөн” газраа “уусах” төөрөгтэй байжээ, даанч хайран. Тэгээд бүр ардчиллын буянд албан тушаалын оргилд хүрч, ах дүү, амраг саднаа дээш нь татаж, бизнес хийж, бэл бэнчин цуглуулсан өнөөх ардчилагчид өөрсдөө Ардчилсан намаа үгүй хийх тавилантай байжээ. Өнөө алтыг нь аваад, авдрыг нь хаях гэгч л энэ буюу.
 

“СҮЙРҮҮЛЭГЧ 1 БУЮУ ӨЛСӨГЧИД”

 
           УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ц.Туваан, Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Ж.Батсуурь, Н.Ганибал, А.Адъяасүрэн тэргүүтэй хэсэг гишүүд Их жанжин Д.Сүхбаатарын талбайд улс төрийн өлсгөлөн зарлаад хэд хонолоо. Өчигдөр өглөө хөл хорио цуцлагдмагц халамцуу голцуу иргэд төв талбайд очиж, өлсөгчдөд хүч нэмэв. Урам авсан өлсөгчид өөрсдийнхөө үйлдлийг “Ардчиллын төлөөх цагаан морин жилийн өлсгөлөнгөөс хойших хоёр дахь өлсгөлөн” гэж их л гоёор сүр оруулж ярьцгаав. Ардчилсан намын хуучин бас шинэ гишүүн Н.Алтанхуяг гоцолж “30 жилийн өмнө бидний хүссэн ардчилал энэ биш, нэг намын дарангуйллыг зогсооё”, “Ард түмэнд сонгох эрх чөлөөг нь өг” гэж лоозогнож гарав. Тэгээд нэг бодол төрөв. Албан тушаал, эрх мэдлийн төлөөх тавилттай өлсгөлөнгөө 30 жилийн өмнөх цагаан морин жилийн ардчилсан хувьсгалтай адилтгах хэрэг байна уу. Яах вэ, “Нэг намын дарангуйллын эсрэг” гэх уриа нь анхны цагаан морин жилийн өлсгөлөнтэй адилхан сонсогдож байна. Гэхдээ өлсөгчдийнх нь зорилго, үйл хөдлөл, хандлага, харилцаа, санаархал нь өдөр шөнө шиг өөр харагдаад байна. 
 
          Юу гэхээр, ус, утасны цэнэглэгч төрөөс нэхэж, бор эсгий булаацалдан цагдаатай барьцалдаж , бохь ч амандаа хийсэнгүй гэж гомдоллодог дүр эсгэсэн ардчилагчид ардчилсан нийгмийг Монголд авчраагүй юм. Тухайн үеийн төр нь ч өлсгөлөн зарлагсдаа цагдаагаар “хашаалж”, өдөр шөнөгүй мануулж, доороо дэвсэх бор эсгийг авч зугтдаггүй, толхилцох биш тохиролцох санал тавьдаг зангаргатай байсан юм. Төрийн цагдаа нь ч намаас даалгавар авч, хавьтсан ойртсон болгоныг түлхэж унагаачхаад “Дээрээс тэг гэсэн” гээд дээрэнгүйгээр шазуур зууж, даналзаж зогсдоггүй, тангарагтай байсан юм.  Тиймээс энэ удаагийн өлсгөлөнг ардчиллын төлөөх, нэг намын дарангуйллын төлөөх өлсгөлөн гэж АН ч, МАН ч хамаатуулж яримааргүй, тэрийг нь хүлээж авмааргүй байна. Хэрвээ ард түмний төлөөх өлсгөлөн байсан бол өчигдөр халамцуу голцуу турхирагсад биш өөрийн үзэл бодолтой иргэд төв талбайд гарч очиж, уухай хашхиран дэмжих байсан биз. Харин гарч очоогүйг харвал ард түмний хувьд Ардчилсан нам үгүй болсон. 
 
 

“СҮЙРҮҮЛЭГЧ 2 БУЮУ УРВАГЧИД”

 
          Өчигдөр төв талбайд иргэд цуглаж эхэлмэгц олонх өлсөгчдийн талд орох нь гэж айсан С.Эрдэнэ, Э.Бат-Үүл тэргүүтнүүд “Та нар Ардчилсан намыг төлөөлөх эрхгүй, бид бол жинхэнэ ардчилагчид” хэмээн “Шонхор таур”-ын үүднээс баахан хашхичиж, төв талбайд хүрч ирээд халамцуу нэгэнд үсдүүлээд буцав. Ардчиллынхан ардчиллынхныхаа эсрэг зодолдож, үсдэлцэж, тугаа булаацалдаж, хараалын үг шидэлцэж байхыг харах ямар олигтой байсан гэх вэ. 
 
         Гэхдээ үүнээс ч илүү олиггүй харагдсан зүйл нь хагас жилийн өмнө эхэлсэн тамганы хэрүүл нь эцэстээ Ардчилсан намыг мөхөлд хүргэж буйд хэн нь ч санаа зовж, сэтгэл зовнисон шинжгүй байгаа бололтой юм. Зөвхөн л Ардчилсан намын тамгыг хэн нь гартаа авах, тэгээд Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намын нэрээр хэн нь өрсөлдөх тухай л бодож, тэр зорилгын төлөө л намынхаа нэр хүнд, үнэт зүйлийг уландаа гишгэж, улайран тэмцэлдэж байгаа харагдана. Ингэж улайран тэмцэлдэж байхдаа “Дотоод асуудлаа шийдэж чаддаггүй, эрх мэдлийн шуналаа хазаарлаж чаддаггүй бид одоо хэнд хэрэгтэй вэ, ард түмэнд бидний юунд найдаж саналаа өгөх вэ” гэж огтхон ч бодохгүй байгаа нь харамсалтай. Хэрвээ эрх баригч МАН хэрвээ тэдний энэ маргааныг эхлүүлсэн бол одоо хараад шоолж байгаа даа. Лав л миний мэдэх Ардчилсан нам яг тэр үед төв талбайд “нойрссон”. 
 
 

“ТӨРСӨН” ГАЗРАА МӨХӨХ ТАВИЛАНТАЙ БАЙЖЭЭ, АН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-09 11:41:31
    zochin: Ene niitlel yamar ch utgagui, locikgui, zugeer l ugnii tsugluulga boljee. Alivaa niitleliig notloh barimt, zarchim deer tulguurlan tsoon ugeer bichvel humuust sain hurne. Ugiin songolt denduu gudamjnii hellegtei, ur chadvar muu bichsen bn. Tanai niitleliin ongo ayas sn bdag. Ene neg tuuruuhan
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188