• Өнөөдөр 2024-05-15

Х.НЯМБААТАР ХУУЛЬ ЗҮЙН САЙД УУ, ХОТЫН ДАРГА УУ, ХОРИХЫН ХАРГАЛЗАГЧ УУ

2021-04-26,   1081

             Толгой хүрэхгүй сэдэв, хошуу дүрэхгүй асуудал гэж байхгүй нэг сайдтай болжээ, манай улс. Хачин ажилсаг гэх үү, хэвлэлийн хэнээтэй гэх үү, тэр сайдыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гэнэ. Сайдын суудалд анх суухдаа л “Сайдад балчирдсан” хэмээн шүүмжлүүлж асан Х.Нямбаатар өнгөрсөн хугацаанд энд тэндгүй үсчиж, үг, үйлдэл, хандлага бүхнээрээ дээрх шүүмжлэлийг “амилуулж” ирэв. 
 
Ямар сайндаа л Хууль зүй, дотоод хэргийн сайд нь хотын даргынхаа ажлыг “булааж” аваад, автомашины хөдөлгөөн, автобусны цагийн хуваарийг зохицуулж суухыг өчигдөр харлаа. Х.Нямбаатарын албан тушаал нь жижигдээд, хийх ажил нь багадаад байхаар нь УОК-оос түүнд “Автомашины хөдөлгөөнийг хязгаарлах ажлын хэсгийн ахлагч” гэх албан тушаал гаргаж өгсөн юм байх. “Хэнээт” сайд гуай энэ албан тушаалдаа хачин дуртай байгаа бололтой юм. “QR кодгүй бол явна гэж байхгүй шүү, хохино шүү” гэх маягтай цамнаж гарч байна. Тэгснээ “Амьдрал баян шүү дээ, өвдөж зовоод байвал цагдаагаас гуйгаад явахгүй юу” ч гэж байх шиг. 
 

Халдварт цар тахлын үед хөдөлгөөн хязгаарлаж, хүн амаа хамгаалах гэж байгаа бол, хотын даргын ажлыг “булааж”, өмнөөс нь ажил хийсэн болж харагдах гэж байгаа бол харилцаа, хандлагадаа анхаарах ёстой байлаа. Үг, хандлага нь цар тахлаас айж, сандарсан ард түмнийгээ хэтэрхий дээрэлхсэн, даналзсан, даапаалсан, дорд үзсэн, дарангуйлсан өнгө аястай. Дээрээс нь 28 хоногийн хатуу хөл хорионы дараа дахиж хаалгаа нээхгүй ч байж мэдэх аж ахуйн нэгжүүдээ “Хуулийн этгээд”, “нэг жижигхэн хүнсний дэлгүүр бол” гэж цоллоод л. Хорих газар, шорон гянданд хатуу дэг тогтоож байгаа хуяг, харгалзагч уу л гэлтэй. Автомашиныг хязгаарлаж байгаад нь ард түмэн дургүйцсэнгүй, харин хоригдол, хүмүүжигчтэй харилцаж буй мэт энэ харьцаа нь ард түмэнд огтоос таалагдсангүй. 

 
          Өчнөөн удаа үр ашиггүй хөл хорио тогтоож, ард түмнээ хоосон хэтэвчтэй нь хөсөр хаясан Засгийн газрын гишүүн уг нь гэмшсэн, уучлал эрсэн хандлагатай байсан бол ард түмний сэтгэл ядаж бага ч атугай зөөлрөх байлаа. Тэр тусмаа хууль зүйн салбарыг толгойлж байгаа хүн юун түрүүнд зан харилцаа, ёс зүйн асар өндөр мэдлэг, мэдрэмжтэй, төлөвшилтэй байх ёстой баймаар. Даанч Х.Нямбаатарын хувьд хэдэн хууль цээжлэхийнхээ хажуугаар харилцаа, хандлагын соёлд огт суралцаагүй бололтой юм. 
 
Хүн загнаж, хүн бүрийн дээр байгаа мэт мэдрэмж авч байж сэтгэл нь ханадаг хүнийг сэтгэлзүйн шинжлэх ухаанд “Дутуугийн комплекстэй” гэж тайлбарлах явдал бий л дээ. Өөрөөр хэлбэл, сурагч, оюутан ахуйдаа, эсвэл ажлын байран дээр гараад бусдад үргэлж дээрэлхүүлж байсан хүн хожим өндөр албан тушаал, эрх мэдэл очихоороо хэн хүнээс илүү хатуу, дарангуйлагч хандлагатай байдаг гэж тайлбарласан бий. “Хэнээт” сайд Х.Нямбаатар арай энэ төрлийн хүн биш байгаа даа. 
 

Уг нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт автомашины хөдөлгөөн хязгаарлаж, автобусны цаг зарлаж суухаас илүү том ажлууд бишгүй л байгаа санагдах. Төрийн сайдын үндсэн ажлаасаа зугтаж, тээвэр зохицуулалтын хэлтсийн мэргэжилтний ажлыг булааж аваад л хийхээс ичих хэрэгтэй гэсэн үг л дээ. Жишээ нь, хилийн цэрэг ангиудад хэчнээн цэрэг амиа алдаж, амиа хорлож, хэчнээн цэрэг ялтан болж байж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар анхаарах гээд байна вэ. “Дарамт шахалтыг тэвчээгүй” гэх хоёр цэрэг даргыгаа буудаад хөнөөчихлөө, долоохон хоногийн дараа халагдах гэж байсан цэрэг өөрийгөө хөнөөчихлөө. “Цэргийн албан эр хүн болгож хүмүүжүүлнэ” гэж авч явсан эрчүүдийгээ эх орон нь эрэмдэг зэрэмдэг болгоод эсвэл хүйтэн цогцос, нэг бол хүнд гэмт хэрэгтэй ялтан болгоод цэргийн албанаас буцааж байгаагаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдэж байгаа юу. Оюутолгойн хэлэлцээр, С.Зоригийг хэргээр “шоудаж”, архийг “халбагаар” зардаг болгохоор судалж, Ерөнхийлөгчийг “намнах” арга ажиллагаанд бэлдэж, автомашины QR код хэвлэж, автобусны цагийн хуваарь гаргаж суухаас өөр ид шид Х.Нямбаатарт байна уу. 

 
Уг нь Х.Нямбаатар тойрогтоо хэдэн хүүхдийн сургууль цэцэрлэг хэрхэн барих, барилга, уул уурхайн компаниа хэрхэн ажилтай залгуулах тухай бодсон, хэдэн хууль цээжилсэн гишүүн байх үедээ харилцаа нь зөөлөн, үг хэл нь намуухан, хандлага нь зөв, оролцох ёстой асуудалдаа оролцдог байв, эхэндээ. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр дуугаа бүдүүсгэх, цээжээ төвийлгөх, хөмсгөө зангидах нь ихэссээр өнөөдрийн Х.Нямбаатар бий болчихоод байгаа юм. Яаж эхэлсэн гэхээр, У.Хүрэлсүх Ерөнхий сайд болмогцоо Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ гэдэг үеэлүүд өөрийнх нь төлөө дүн өвлийн хүйтэнд, төв талбай дээр хацраа хайрагдтал жагсаж байсныг нь үнэлж нэгийг нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, нөгөөг нь ЗГХЭГ-ын дарга болгосон. Ингээд Х.Нямбаатарыг өөрийнхөө “урдаг нохой” болгож, харсан, хавьтсан болгон луугаа “боргуулж” эхэлсэн. Х.Нямбаатар ч Ерөнхийлөгчид бүлтийтлээ “загнуулах”-аа ч юман чинээ бодолгүй “боргох” үүргээ гүйцэтгэсэн. Тийм ч учраас У.Хүрэлсүх өөрөө огцрохдоо Х.Нямбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар нь улираан дахин “шагнаж”, Л.Оюун-Эрдэнийг өөрийнхөө оронд Ерөнхий сайд болгож дэвшүүлсэн. 
 
          “Эзэн”нь эрх баригч намын дарга, үеэл нь Ерөнхий сайд, өөрөө Хууль зүй, дотоод хэргийн сайд гэхээр Х.Нямбаатарт хэмжээлшгүй эрх мэдэл, бяр чадал мэдрэгдэж эхэлсэн байж болох. Тиймдээ ч хууль, дүрэм, журам гэх үг, өгүүлбэр орсон асуудал бүхнийг өөрийнхөө эрх хэмжээнд хамаатуулж, орж, орооцолдож загнаж, зандарч болно гэж бодсон бололтой юм. 
 

Х.НЯМБААТАР ХУУЛЬ ЗҮЙН САЙД УУ, ХОТЫН ДАРГА УУ, ХОРИХЫН ХАРГАЛЗАГЧ УУ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-26 18:18:11
    Иргэн: Хорихын харгалзагч нь ч юу юмб. Харин Сумьяабазар ажлаа хийж чадахгүй болохоор хотын даргын ажлыг л хийж байх шиг байна. Сумьяабазар өнгөрсөн хол хориог хүн зохион байгуулж чадсан бол халдвар ийм болтлоо нэмэгдэхгүй л байх байсан.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-26 16:10:23
    Zochin: Khelekh um bish. Ene chin ajil yyrgiin khuviaraa medekhgyi, oilgoltgyi bnaa l gsn yg l dee. Ajil khiikhiig zygeer l poprokhtoi adil gj boddog gsn yg.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-26 13:26:29
    Amarbayasgalan : Udakhgui Naym baatar saidiig ogtsoruulnaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-26 13:25:35
    Said: Naymbaatar ogtsoroh bolzoloo ali hediinee hangasan shuu dee Iim chadbargui said bn daa Es zui medleg chadbar alga daa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-26 10:28:14
    Ширнүүдээ: Худалч сайд.яасан нөгөө тагнуулын гүйцэтгэх ажлын зардалаас утас авахуулдаг сэтгүүлч байгаа зарлана гэсэн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-26 09:28:57
    сайд: энэ тэнэг сайданцар огцороосой хилчид үхээд байна
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188