• Өнөөдөр 2024-05-15

II РАУНД: Улсын дээд шүүхийн “ринг” дээр өрнөх “тулаан”-д Х.Баттулга, У.Хүрэлсүх нар 1:1 болох уу

2021-04-20,   1432

      Ерөнхийлөгч Х.Баттулга, МАН-ын дарга У.Хүрэлсүх хоёрын Ерөнхийлөгчийн суудлын төлөөх албан ёсны “тулаан”-ы нэгдүгээр “раунд” Үндсэн хуулийн цэц дээр өрнөж, 0:1 харьцаагаар өндөрлөсөн. Тэгвэл хоёрдугаар “раунд” Улсын дээд шүүх дээр өрнөх нь ээ. “Тулаан”-ы эхний үеийг МАН өөрийн “Үндсэн хуулийн цэц”-ийн “ринг”-дээ зохион байгуулсан бол хоёрдугаар үеийг ийнхүү Х.Баттулга “Улсын дээд шүүх” гэх “ринг”-дээ зохион байгуулахаар МАН-ыг “урилаа”. Үзүүштэй “тулаан” болох вий. 
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрх баригч МАН-ыг тараах тухай захирамжаа танилцсаар “тулаан”-ы хоёрдугаар үе эхэлж буйг зарлалаа. Ингэхдээ эрх баригч МАН-ыг Үндсэн хуулийн найман заалт, Улсын төрийн намын тухай хуулийн хоёр, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн дөрөв, Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын найман заалт буюу нийт дөрвөн хууль, тогтоомжийн 22 заалтыг үндэслэн татан буулгаж, тараах ёстой гэж мэдэгдэв. Ингэхдээ “МАН Үндсэн хуулийн дээр гишгэлсэн, үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул учруулсан, орон нутгийн Засаг дарга нарыг цэрэгжүүлсэн, төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авсан” зэрэг хэд хэдэн ноцтой үндэслэл дурджээ. 
        Үүнд нь эрх баригч МАН-аас нэн яаралтай хариу “цохилт” өглөө. Тэд Ерөнхийлөгч Х.Баттулгыг Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Ерөнхийлөгчийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Эрүүгийн хууль зэрэг 10 гаруй хууль, тогтоомж зөрчсөн мэдэгдэл хийлээ хэмээв. Тухайлбал, “Ерөнхийлөгч Х.Баттулга хууль зөрчин гүжир гүтгэлэг агуулсан, шүүхийг захирамжилж, ард түмний эв нэгдлийг хагалан бутаргах, үймээн самуунд уриалан дуудсан шинжтэй мэдэгдэл хийлээ” гэж үндэслэлээ тайлбарлалаа. 
         Ингээд Улсын дээд шүүх Ерөнхийлөгч Х.Баттулгын илгээсэн МАН-ын эсрэг 22 заалтыг нэг бүрчлэн нягтлахын сацуу МАН-ын гаргаж ирсэн Х.Баттулгын эсрэг 10 заалтыг ч судлах хэрэгтэй боллоо. Ардчилсан намын салах, нийлэхийг шийдэж чадахгүй мунгинаж байгаа Улсын дээд шүүх нэмээд Монгол ардын намын тарах, бутрахыг шийдэх хэрэгтэй болчихлоо. Өөрөөр хэлбэл, одоогоор хамгийн анхаарал татсан буюу эрх баригч хоёр намын орших, эс оршихуйг, тарах, тарахгүйг шийдэх хамгийн хариуцлагатай шийдвэр гаргах субъект нь Улсын дээд шүүх болчихлоо гэсэн үг. 
 

Улсын дээд шүүх Х.Баттулгын эцсийн найдвар уу

 
         Өнгөрсөн хугацаанд МАН-аас өөрийнх нь эсрэг хийсэн “цохилт”-уудын эсрэг бараг л хуруугаа хөдөлгөөгүй шахуу Ерөнхийлөгч Х.Баттулга гэнэт гарч ирээд МАН-ыг Улсын дээд шүүхэд өгсөн нь аргаа барсан буюу “үхэхдээ үхэр буугаа тавих” төдий үйлдэл биш гэж харж байна. Х.Баттулга У.Хүрэлсүхийг ялах гээгүй юм бол Улсын дээд шүүхэд дуудах шаардлага байхгүй.  Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэц Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй гэсэн шийдвэр гаргаад байгаа. Цэцийн энэ шийдвэрийг УИХ-аар хэлэлцэж байж хүчин төгөлдөр болох учиртай. Гэтэл цэцийн шийдвэрийг УИХ-аар хэлэлцэхээс өмнө Х.Баттулга МАН-ыг Улсын дээд шүүхэд өгч байгаа нь тохиолдлын хэрэг биш буюу Х.Баттулгын У.Хүрэлсүхэд өгч буй хариу цохилт юм. Чухамдаа Улсын дээд шүүх ямар шийдвэр гаргахаас хамаарч Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын “тулаан”-ы харьцаа 1:1 болох боломжтой. 
 

Хэрвээ энэ “раунд”-ад Х.Баттулга “илүүрхсэн” нөхцөлд У.Хүрэлсүх Үндсэн хуулийн цэцээс гарсан дүгнэлтийг УИХ-ын чуулганаар хүлээж авхуулахгүй байх арга хэмжээ авч, МАН-аа тараалгахгүй авч үлдэх дүрслэл харагдаж байгаа юм. Ингэсэн нөхцөлд Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх цэцийн шийдвэр огт хэрэггүй болж, өрсөлдөх эрх нь нээлттэй үлдэнэ. Товчхондоо У.Хүрэлсүхийн угсраа цохилтуудад хариу өгөх Х.Баттулгын эцсийн “нударга” нь “Улсын дээд шүүх” байхыг үгүйсгэхгүй.

 
        Ийм гаргалгаа яригдсан нөхцөлд “Х.Баттулга Улсын дээд шүүхийг яаж хөдөлгөнө гэж” гэдэг асуулт зүй ёсоор гарч ирнэ. Тэгвэл Х.Баттулгын томилгоог эргэн саная. 2019 оны дөрөвдүгээр сард УИХ-аас ҮАБЗ-ийн зөвлөмж, саналын дагуу шүүх, прокурор, АТГ-ын удирдлагуудыг чөлөөлөх шийдвэр гарч, хөл толгогүй бужигнаж байсан. Тухайн үед Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг чөлөөлж, түүний оронд Д.Ганзоригийг томилох саналыг Улсын дээд шүүгч нар дэвшүүлж байлаа. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга Д.Ганзоригийг батламжлахаас татгалзсан. Улсын дээд шүүхийн шүүгч нар дахин хуралдаж, Х.Батсүрэнг санал болгосныг Ерөнхийлөгч Х.Баттулга батламжилсан байдаг. Гэвч жил гаруйн дараа Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. 
 
Ингээд Улсын дээд шүүхийн шүүгчид хоёр дахь удаагаа Д.Ганзоригийг улсын Ерөнхий шүүгчид санал болгосон бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулга энэ удаад төвөгшөөхүй батламжилж, 2020 оны зургаадугаар сарын 2-нд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн ажилд нь томилсон байдаг. Улсын Ерөнхий шүүгч байхад тэнцэхгүй гэж буцаасан хүнээ жилийн дараа Ерөнхий шүүгчээр томилсон гэсэн үг. Эндээс Ерөнхийлөгч Х.Баттулга Д.Ганзоригийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилохоос эхний удаад яагаад татгалзсан, хоёр дахь удаад нь яагаад зөвшөөрсөн бэ гэдэгт хариултгүй асуулт урган гарсан. Хамгийн бодитой “таамаг” нь Ерөнхийлөгч Х.Баттулга Д.Ганзоригтой “том” тохироо хийж,  Д.Ганзориг эргэлт буцалтгүй “өөрийнх нь хүн” болсон учраас томилгоог баталгаажуулсан гэх. Хэрвээ Д.Ганзориг Х.Баттулгатай гар барьж байж Ерөнхий шүүгчийн суудалд суусан үнэн бол одоо л Х.Баттулгын ачийг нь хариулах цаг мөн. 
 
Энэ өнцгөөс нь харвал Улсын дээд шүүх Ерөнхийлөгч Х.Баттулгын хүргүүлсэн “МАН-ын тараах тухай захирамж”-ыг нэлээд нухацтай авч үзэх нь тодорхой. Ингэхдээ шийдвэрээ Х.Баттулгын талд гаргахыг үгүйсгэхгүй юм. 
 
          Сонирхуулахад, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн хувьд 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн. 2017 онд хууль зүйн ухааны магистр хамгаалсан. 1999-2013 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга, шүүгчээр ажиллаж байгаад 2013 оны дөрөвдүгээр сард Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдсон нэгэн юм. Түүнчлэн Д.Ганзориг нь хамгийн их орлоготой, “бэл”-тэй шүүгчээр нэрлэгдэж байв. Тухайлбал, Лексус-470, Ланд-80, Приус, ГАЗ-66 зэрэг машинтай, калибр, вепрь, ТТ, чех карбин зэрэг бууны цуглуулгатай хэмээгдэж байсан нэгэн билээ. 
 

II РАУНД: Улсын дээд шүүхийн “ринг” дээр өрнөх “тулаан”-д Х.Баттулга, У.Хүрэлсүх нар 1:1 болох уу
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-20 18:37:48
    ?: МАН-ыг тараах нь зөв. УИХ- сууж буй МАН-ын 62 гишүүн хуулиа ч зөв гаргаж чадахгүй ҮХЦ-ээр заалгаад сууж байгаа нь шившиг. Хуулиа буруу гаргачихаад цалингаа бүрэн аваад, согтуугаар машин жолоодоцгоогоод, эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт учруулцгаагаад юу ч болоогүй юм шиг явцгаах юм. МАН тарах цаг нь болсон.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-20 08:33:53
    Зочин: Д.Ганзориг Ерөнхийлөгчийн Хууль бус захирамжинд хөтлөгдөхгүй байлгүй дээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188