• Өнөөдөр 2024-05-16

ЦАР ТАХЛААР “ШАРХДАГСАД” ХАЛХ ГОЛЫН ДАЙНЫХААС ДАВЧИХЛАА ЕРӨНХИЙ САЙД АА, ТА ХААНА БАЙНА ВЭ

2021-04-19,   1526

-ТАВАН НАС ХҮРТЛЭЭ ХЭЛД ОРОХГҮЙ, ӨВӨӨГӨӨ САНДАРГАЖ ЯВСАН ЖААХАН ХҮҮ ХОЖИМ НЬ ЕРӨНХИЙ САЙД БОЛЧИХООД ИНГЭЖ ИХ ХУДАЛ ЯРЬДАГ БОЛОХ ЮМ ЧИНЭЭ ХЭН САНАХ БИЛЭЭ-
             
           Юун түрүүнд, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн сонорт хүргэж, сонирхуулах нэгэн тоо баримт байна. Түүхт “Халх голын дайн” дөрвөн сар үргэлжлэх хугацаанд Монголын талаас 678 хүн шархдаж, 274 хүн нас барсан гэх архивын баримт бий. Харин Л.Оюун-Эрдэнийн засаглаж буй гурван сар хүрэхгүй хугацаанд цар тахлын халдвар тээгч 22 мянга, халдварын улмаас нас барсан хүний тоо 44 болж нэмэгдээд байна. Халдвар авсан хүмүүсийг дайны үеийн “шархдагсад” гэвэл Халх голын дайныхаас даруй 32 дахин их болчихоод байна гэсэн үг. Нас баралт одоогоор 44 буюу халх голын дайныхаас зургаа дахин бага байгаа ч Эрүүл мэндийн яамны өчигдрийн мэдээллээр халдварын улмаас биеийн байдал нь хүндэвтэр 860, хүнд 231, маш хүнд 57 хүн байна. Муугаар бодоход эдгээр хүн ойрын өдрүүдийнх шиг хоногт 5,6-гаараа нас барсаар байвал нас баралтын тоо мөдхөн “Халх голын дайн”-ыхаас давах нь ээ. 
           
         Цар тахлын улмаас ард түмний эрүүл мэнд, амь насанд учирсан хохирол нь алдарт “Халх голын дайн”-ы хохиролтой дүйх, магадгүй ойрын хугацаанд давах хэмжээнд хүрчихээд байхад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хаачив аа. Алс Энэтхэгээс вакцины тусламж ирмэгц түрүүлж гүйж очиж дээжийг нь хийлгэчихээд “Аюулгүй юм байна шүү, ард түмэн минь” гэж “Ардын баатар”-ын дүрд чадмаг тоглож асан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ тээгчид хоногт мянга давж, нас баралт нэмэгдмэгц яагаад сүүдрээ ч үзүүлэхээ больчихов оо. 
 
Хамгийн сүүлд тэр “Хөл хорио тавихгүйн төлөө чөмгөө дундартал ажиллаж, арга сүвэгчиллээ, олдсонгүй. Аргагүйн эрхэнд хөл хорио тогтоолоо, аж ахуйн нэгжүүд, ард түмэн минь, тэвчээрэй, итгэж хүлээгээрэй. Ард түмэн та нарыгаа яаж хоосон хөл хорих вэ, алив энэ 300 мянга. Нэмээд хөл хорионы хугацаанд вакцинжуулалтыг хоёр дахин нэмэгдүүлнэ ээ” гэх маягтай уран үгээр уяруулж, улс нийтээр нь “хулхидаад” алга болсон санагдаж байна.
 
Таван нас хүртлээ хэлд орохгүй, өвөөгөө сандаргаж явсан жаахан хүү хожим нь Ерөнхий сайд болчихоод ингэж их худал ярьдаг болох юм чинээ хэн санах билээ.
 
Халдварын голомтуудыг хумина, бүгдийг нь вакцинжуулна гэсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үгэнд итгэсэн ард түмэн хатуу хөл хорионд хашигдчихаад өдөр бүрийн 11:00 цагийг айдастай хүлээж, нас баралтыг шимшрэн тоолж сууна. Ерөнхий сайдынхаа барааг олж харахаа больсон ард түмэн хэнд итгэхээ, хэнээс юу хүлээхээ мэдэхгүй айж суух зуурт буюу сүүлийн долоо хоног нийт 22 хүн цар тахлаас болж хорвоог орхичихлоо. Аюулт цар тахлаар нийт 44 хүн нартаас буцчихлаа. 
           

Зэвсэгт хүчинд хоёргүй сэтгэлээр зүтгэж явсан хурандаа цар тахалтай тэмцэж яваад халдвар авч, амьдралынхаа сүүлийн өдрүүдийг эмнэлгийн орон дээр “ханиалгаж”, “халуурч” байгаад нас барав. Ард түмний эсрэг зарласан ямар ч “дайн”-д бэлэн байх үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн хурандааг цар тахлаар нас нөгчсөнийх нь хойно хоёрхон цагаан хувцастай хүн насилк дээр түрж, соёмбот тугийн дор ёслуулаад чандарлах зуухны зүг авч явсан. Халдвартай хүн нас бархад ар гэрийнхэнтэй нь салах ёс гүйцэлдүүлж, уулзуулж болохгүй гэх цөвүүн цагийн хатуу журам үйлчилж, тэр ийнхүү цор ганцаар сүүлчийн замдаа одсон. Цар тахлын халдвар авч, цаг бусаар хорвоог орхисон 44 хүнээс ард түмний мэдэж байгаа ганц хүн л энэ хурандаа. 

 
Түүнтэй яг адил, “цагаан хувцастнууд”-аас өөр хэнийг ч харахгүй байсаар хорвоог орхисон 43 хүн бий. Тэдний дунд хүсэл мөрөөдөл дүүрэн 20-хон настай залуу, хүүгээ, охиноо хүнтэй сууж, өөрийг нь өвөө, эмээ болгохыг хүлээж суусан 40 гаруй насныхан,  үр хүүхэд, ач, зээ нараа тойруулан жаргаж суусан настан, буурлууд байсан. Харамсалтай нь, одоо тэднээс шавар ваартай чандар л үлдсэн. 
 
Хайртай аав, ээжийгээ, хань ижлээ, үр хүүхдээ хүний ёсоор ч хөдөөлүүлж чадахгүй, хөл хорионд хашигдаж суугаа тэр 44 гэр бүлийн нулимсыг хэн арчиж, хэн эмгэнэл илэрхийлж, хэн хариуцлага хүлээх вэ. “Халдвар авсан өөрсдийнх нь хохь, амны хаалт зүүж, гараа угааж байх нь яасан юм бэ” гэж тэднийг өөрсдийг нь буруутгаад, үхлийг нь үнэ цэнгүй болгоод, мартах юм уу. “Халдварын голомтуудыг хумина, вакцинжуулна, сайхан цаг ирнэ, Ковидгүй зуны төлөө” гэж чих ичим амлалт өгч, ард түмний итгэл, найдварыг халаасласан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 44 хүн амиа алдчихаад байхад яагаад ямар ч шийдвэр гаргахгүй бүгэж сууна вэ.  
           
         Хэрвээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ амласан шигээ эхний буюу хоёрдугаар сард тогтоосон хөл хорионыхоо үед зөв зохион байгуулалттай ажиллаж, төрийн байгууллагуудаа шахаж, шаардаад халдварын голомтуудаа хумьсан бол өнөөдөр тэр 44 иргэн амьд сууж байх байсан ч юм бил үү. Тахиан дуутай зэрэгцэж босоод, талбар бүрийнхнийг цуглуулан уулзаж, “Өнөө, маргаашгүй улсаа хөгжүүлчих шийдэл надад байна, та нар хамтар” гэж эртэч, эрч хүчтэй гэж өөрийгөө баахан шагшуулж явахын оронд цар тахлаа хэрхэн хумих, вакцинжуулалтаа хэрхэн ойрын хугацаанд хийж дуусгахаа зохицуулж явсан бол өнөөдөр 44 гэр бүл элэг бүтэн байх ч байсан юм бил үү. 

ЦАР ТАХЛААР “ШАРХДАГСАД” ХАЛХ ГОЛЫН ДАЙНЫХААС ДАВЧИХЛАА ЕРӨНХИЙ САЙД АА, ТА ХААНА БАЙНА ВЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-19 12:11:56
    Ковид тусагч: Күэй энэ Хэнтийнхэн сайн зугтааж явдаг улс юм шиг бна ковид хяналтаа алдаад байхад ЕС сураг байдаггүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-19 12:03:15
    Туяа: Сайд ерөнхийлөгч болох гээд ламдуулаад хөл хорионд орсон гэнэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-19 10:44:30
    Бор: Оюун Эрдэнэ МАНын даргаа ерөнхийлөгч болгохын төлөөл ажилласан ард түмний төлөө ажиллаагүй
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188