• Өнөөдөр 2024-04-26

“Замынхан” таван мянгын данхтай, Хотын дарга үүдэндээ таван саяын халуун хэмжигчтэй

2021-04-14,   1143

           “Хөл хориог ашиглаж эвдэрхий, энхэл донхол замаа зас. Хөл хорионы дараа зам засна гэж хаа сайгүй хаалт босгоод, хэдэн жолооч нарын хараалыг бараад байхгүй, хаа хаанаа амар” гэж хотын дарга Д.Сумъяабазар мундагдсан нь уржигдархан. “Хөл хорионоос гармагцаа толь шиг замаар торойтол давхиад ажилдаа очих нь ээ” гэж хотынхон бид хөөрцөглөсөн. “Бөх хүн бүдүүн баараг л гэдэг, манай энэ харин сүйхээтэй, аж ахуйч, алсын хараатай юм” гэж зарим нь хөөргөсөн. “Хий дэмий хөл хорио” гэж бухимдацгааж байсан нийслэлчүүд “Ядаж замаа засах нь” гэж тайвширцгаасан.
 
       Гэтэл юу болов оо. Хотын дарга маань судалгаагүй үүрэг өгч, зам засах бэлтгэл, бэлэн байдлаа хангаагүй “замынхан”-аа “бажгадуулсан” бололтой юм.  “Замаа зас” гэдэг тушаал авсан замынхан хотын даргын үүргийг үнэгүйдүүлэхгүй гэж сандрахдаа гэр гэрээсээ бариад ирцгээсэн үү, “Нарантуул” захаас бөөндсөн үү, ямартай ч нэг нэг цайны никель данх бариад эвдэрхий замууд дээрээ гарж ирцгээв, өчигдөр. Нийслэлийн автозам дээрх 300 километр үргэлжилсэн заадсыг цайны данханд юүлсэн хар лааваар дүүргэх юм гэнэ. 

Нүх харайлгасан жолооч нар хараал урсгах бүрд зүүн чих нь шуугьж байдаг хөөрхий замынханд буруу өгөх хэцүү. Данхаар байна уу, шанагаар байна уу, зас л гэсэн бол засах нь тэдний үүрэг. Тиймдээ ч данхтай цайгаар аяга дүүргэж байснаас биш данхтай лааваар зам дүүргэж үзээгүй “замынхан” ичсэн байртай тонголзоцгоож харагдсан. Харин XXI дүгээр зууны их хотын өнгө төрх, өөгүй цэмцгэр байдлыг хариуцдаг ТҮК-ийнхэн, замынхнаа хүрз, шүүр, цайны данхнаас өөр хөдөлмөр хөнгөвчлөх “багажгүй” тонголзуулж байгаа хотын дарга Д.Сумъяабазар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын удирдлагуудаас л бурууг байх нь зөв болов уу. Энэ янзаараа хотын доогуур метро тавьчихвал “замынхан” алх бариад туннелээр алхацгаах уу. Дүүжин зам ашиглалтад орчихвол хөөрхий “замынхан” мөн л бахь бариад, кранд зүүгдээд ажиллацгаах юм уу. Дубайд нисдэг такси яваад эхэлснээс жилийн хойно Улаанбаатарт данхаар автозамаа засаад эхэлж байгаа нь хөгжлийн аль түвшин бэ, хотын дарга аа. 

 
Энхэл донхол, энд тэндгүй нүхээр дүүрсэн зам нийслэлчүүдийн толгойны өвчин болоод удаж байгаа. Зам дээрх онгорхой нүхнүүдийг тойрох гэж яваад шүргэлцэнэ, мөргөлдөнө, битүү түгжрэл үүсгэнэ. Харалгүй харайлгасан нэг нь автомашинаа эвдэнэ, хараалаа урсгана. Замын нүхнээс болж осол гаргасан, автомашин эвдэрсэн гэж мянга заргалдаад нэмэргүй учраас өөрсдөө хохироод, өрөөлийн хохирлыг барагдуулаад л дуусна. Жил жилийн зун, намарт зам засвар нэртэй “зам хаалт”-ууд энд тэндгүй бий болж, дахиад л түгжрэл, дахиад л жолооч нарын бухимдал үүснэ. Гэтэл хотын дарга нар нь эвдэрхий замаа засахад анхаарахгүй байж, Зайсан толгойг Сүхбаатарын талбайтай, Ханын материалыг Хорооллын эцэстэй дүүжин замаар холбоно, агаараар зорчино гэдэг “үлгэр” ярина. “Удахгүй агаараар зорчдог болох юм чинь газрын замын эвдрэл падгүй” гэх маягтай. 
 
Нийслэлчүүд ийм зовлон туулаад удаж байгаа учраас хотын дарга Д.Сумъяабазарыг “хөл хориог ашиглаж замаа засна” гэхэд нь туйлын ихээр баярлацгаасан байх. Гэтэл хотын даргын үүрэгдсэн зам засвар нь данхтай эхэлж буй нь нийслэлчүүдийн урмыг хугалж, уурлах, инээхийн завсарт гацаачихлаа. 
 
         Нөгөө автозам ашигласны төлбөр, автозамын хураамж, торгууль, татвар, ачилтын мөнгө хаана, юунд зарцуулагдсан болоод “замынхан” цайны данхнаас өөр багажгүй ажиллаж байгаа юм бэ, Хотын дарга Д.Сумъяабазар аа. Жолооч нараас жил, сар тутамд авдаг хэдэн тэрбумын татвар, торгууль, хураамжийг өөгүй толигор замтай болоход, зам засварынхныг орчин үеийн багаж, хэрэгсэлтэй болгоход зарцуулдаггүй юм бол өөр юунд үрэн таран хийдэг юм бэ. Замын заадсыг нөхдөг зориулалтын багаж, техник байдгийг ядаж л Эрээн яваад үзсэн хүмүүс андахгүй мэднэ шүү дээ. Өөрөө болохоор 10, 20 саяын үнэтэй халуун хэмжигч өрөөнийхөө үүдэнд зоочхоод “Өөрийнхөө мөнгөөр” гэж “даналздаг” атлаа халуунд халж, хүйтэнд хөрж явдаг “замынхан”-даа данд бариулаад “зам зас” гээд гаргахаасаа санаа зовсонгүй юу. 
 

“Замынхан” таван мянгын данхтай, Хотын дарга үүдэндээ таван саяын халуун хэмжигчтэй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-14 13:03:06
    Босоо Ганбаа: Хотыг удирдаж байгаа миний сонгоогүй нөхдүүдийн хандалага нь энэ шүү дээ. Техникийн зуун технологийн зуун ш дээ. Замын хураамж, торгууль где. Ийм зүйлийг засахад зориулсан техник багаж хэрэгсэл авахад зориулагдана шүү дээ. Яасан лойсон засаг төртэй улс вэ дээ бид
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-14 11:06:23
    ажилчин: хах яг л хэллээ дарга гарын тансаглал ажилчин ангийн ажлын багаж
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188