• Өнөөдөр 2024-05-06

Хоёр дарга сонгож, хүүхэд нохойн “доог” болсон АРДЧИЛСАН НАМ

2021-03-30,   1019

           Нэгэн үе алтан хараацайнууд гэгдэж байсан Ардчиллынхан улайн дээр цугласан хэрээнүүд аятай даргын суудлаа булаацалдан нэг нэгэн рүүгээ “гуаглалдах” болоод удлаа. Улс даяар 200 гаруй мянган иргэнийг тугандаа нэгтгэж, улаан байсан улс төрийг цэнхэртүүлж асан тэр Ардчилсан нам одоо ор мөргүй болсон мэт л байна. Үнэт зүйл, үзэл баримтлал, нэр төр, нийгмийн байр суурь нь ч үгүй болсон гэмээр. Зөвхөн сандал суудлын хэрүүл ноёрхсон, урвалт шарвалт, талцал хуваагдалдаа тарамдуулсан нэр төдий л нам боллоо. Чухамдаа улс төрийн хоёрдогч том хүчин гэх нэршил одоо Ардчилсан намд хэтийдсэн том нэр болж, цаашид тус намаас юу ч хүсэж, хүлээх шаардлагагүй болж байх шиг. Үүнийг тэд өнгөрсөн ням гарагт зохион байгуулсан дотоод сонгууль нэртэй “бантан”-гаараа батлан харуулав. 
 
Ардчилсан намын даргын тамгаа удтал булаацалдаж, хэвлэлээр байлдаж, эцэстээ маргаан нь шүүх дээр оччихоод байгаа С.Эрдэнэ, Ц.Туваан нар өнгөрсөн ням гарагт тус тусдаа намын даргын сонгууль зохион байгууллаа. Хэн нь дарга болохоо шийдэж чадахгүй байгаа С.Эрдэнэ, Ц.Туваан нар хоёр тусдаа намын даргын сонгууль зохион байгуулахаар болсон нь анхнаасаа Монголын улс төрд урд хожид байгаагүй гаж үзэгдэл байсан. Гэтэл аль аль талынх нь сонгуулийн санал хураалтын үйл явц ч Ардчилсан намын түүхэнд байтугай, Монголын улс төрийн түүхэнд байгаагүй бохир явагдсан гэх.
 

С.Эрдэнийн талынхан цахимаар, Ц.Тувааны талынхан цаасаар гишүүд, дэмжигчдийнхээ саналыг авсан. Гэвч сонгууль эхэлсэн цагаас л “Танайх луйвардаж байна. Үгүй танайх булхайцаж байна” гэж хэрэлдэцгээсэн. Эхлээд “царцаа нүүлгэсэн” гэх маргаан дэгдсэн бол төд удалгүй цахим сонгуулийн үр дүнг будлиантуулах зорилгоор сервер рүү хакердсан гэх маргаан өрнөсөн. Үргэлжлүүлээд намын ахмад гишүүдээ намын гишүүнчлэлээсээ хассан, “Нөгөө талынханд битгий санал өгөөрэй, манайд өгөөрэй” гэж мөнгө тараасан гэх хэрүүлүүд үргэлжилсэн. Сүүлд нь Баянгол дүүрэгт саналаа “булаацалдаж”, эгээ л хүн амины хэрэг гарах дөхсөн гэх.

 
Мөнгө тараасан, хакердсан, царцаа нүүлгэсэн гэж ээлж дараалан эсрэг талынхаа сонгуулийн штабыг “ховлож”, өдөржин хэрэлдсэний эцэст С.Эрдэнийн сонгуульд нэр дэвшсэн таван хүнээс М.Тулгат ялсан бол Ц.Тувааны сонгуульд нэр дэвшсэн дөрвөн хүнээс О.Цогтгэрэл ялсан. 
 
Намын даргын нэг сандлыг тэр хоёр хувааж суугаад, тамгаа ээлжилж хэрэглээд байлтай нь биш, одоо тэдний нэрийг намын их хурлаараа оруулж, дараа нь Улсын дээд шүүхэд өргөн барьж, Ардчилсан намын жинхэнэ дарга хэн бэ гэдгийг тодруулах юм байх.
 
Хэн хэн нь эдийн засагч мэргэжилтэй, бизнестэй, намаа нам шиг болгох асар том амбицтай гэнэ. 
 
Нөгөөтэйгүүр тэдний хэн хэнийг нь ялалтад З.Энхболд ихээхэн тус хүргэсэн гэх бөгөөд хэрвээ Дээд шүүх аль нэгийг нь намын дарга болговол З.Энхболд АН-д эзэн сууж, хурууны үзүүрээрээ хөдөлгөж байх далд санаатай гэх яриа ч хаврын салхитай хамт хийсэж байна. Мөн С.Эрдэнэ нь МАН-д дагаар орсон учраас хэрвээ М.Тулгат намын дарга болбол АН ч ялгаагүй МАН-ын мэдэлд очих яриа гараад эхлэв. 
 

МоАХ-ноос Монголын Ардчилсан нам болж өргөжсөнөөсөө хойш 31 жил, зургаан намыг нэгтгэж одоогийн Ардчилсан нам нэрээ олсноос хойш 21 жилийн хугацаанд тус нам ингэтлээ хүүхэд, нохойн доог болж байсан бил үү дээ. Дотоод хагарал, зохион байгуулалтын алдаанаасаа болж УИХ-ын хоёр сонгуульд угсраа ялагдал хүлээж, өвдөг шороодоход нь үнэнч гишүүд дэмжигчид нь намаа тохой түшин босгоод, итгэл найдвараа алдалгүй, хамт байсаар байгаа. Гэвч нэг даргын төлөөх хоёр зэрэгцээ энэ сонгуулиараа тэд цэнхэр зангиа, хөх дээлнээс салдаггүй шахам үнэнч гишүүд дэмжигчдийнхээ урмыг ихээхэн хугалах шиг боллоо. Өдийг хүртэл МАН-ынхны эсрэг намаа хамгаалж, ирээдүйгүй болж байгааг нь мэдсэн ч итгэл найдвараа алдаагүй гишүүд, дэмжигчид нь л хөөрхий байна. 

 
        Дотоод сонгуулиа ч хэл ам, хэрүүл тэмцэл, будлиангүй хийж чадахгүй болтлоо доройтсон Ардчилсан намаас цаашид юу хүсэж, хүлээх вэ. Намын даргынхаа сонгуулийг булхай, луйвраар хийдэг тэд УИХ, ИТХ, Ерөнхийлөгчийн сонгуульд үнэн шударгаар оролцож, зохион байгуулж чадах уу. Ардчилсан нам албан тушаал, эрх мэдэл, сандал суудлын төлөөх шунал шингэсэн фракцын “хараал”-аа арилгахгүй л бол цааш явахааргүй болчихлоо доо. 
 

Хоёр дарга сонгож, хүүхэд нохойн “доог” болсон АРДЧИЛСАН НАМ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-30 11:37:18
    Irgen: АН 2 толгойтой могой болсон ш дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-30 10:03:33
    Би Монгол хүн: Орчин үед амьдарч байгаагийнхаа хувьд бүх талын хяналт тал талаасаа байх ёстой гэж үздэг учраас ардчилал зайлшгүй байх ёстой, олон намын тогтолцоо бол зайлшгүй, хэн нэг нь эсвэл аль нэг тал дангаараа ноёрхох тогтолцоог үгүй болгох ёстой гэж үздэг учраас ардчилсан намыг дэмждэг байлаа, гэж.... Одоо бол ёстой сонин болчихлоо. Энэ нь одоогийн ардчилсан намынхан буюу муу нэртэй махан толгойтой мэлхий Эрдэнэ гэхээсээ илүү ерөөсөө Монгол хүн биднээс болоод байна уу гэж бодогдох болчихлоо .. Бид нийт Монголчууд ардчилал гэж донгосч байдаг энэ муусайнчуудыг сайн ташуурдаж, хулгай хийх боломжийг нь сайн хааж бгч байх л хэрэгтэй юм даа л гэж бодогдох болчихлоо. Гэтэл нийт Монголчуудаа төлөөлүүлээд гаргаж ирсэн хэдэн хүмүүс нь дахиад хулгайчууд байх магадлал их өндөр байна даа гэж... Яана даа яана даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-30 09:37:01
    Зочин: АН г хуулийн дагуу УДШ татан буулгаач
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188