• Өнөөдөр 2024-05-05

Ардын намын хэдэн дарга ард түмэндээ коронавирусийн цар тахал битүү тараачихлаа

2021-03-26,   1220

Шинэ тохиолдлуудын тоо “галзуурч” байна, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Нийслэлийн Засаг дарга, НОК-ын дарга Д.Сумъяабазар нар аа, одоо яах гэж байна вэ. 
 

Та бүхний уялдаа холбоогүй, ур чадваргүй, хэнэггүй, ажлаа мэддэггүй, удирдан зохион байгуулж чаддаггүй, хайнга байдалтай шууд холбоотойгоор коронавирусийн шинэ тохиолдлуудын тоо “галзуурч” эхэллээ. Хоногт хоёр, гурван шинэ тохиолдол илэрдэг байсан бол одоо 200, 300-гаар тоологдох боллоо. Өнөөдөр л гэхэд 437 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 6332 хүрлээ. Хэд хоноод л “коронавирусийн халдвартай иргэн нас барлаа” гэх таагүй мэдээ дуулдаж байна. Тухай бүрт нь “Тэр хүн настай хүн байсан, тэр хүн өөр хүнд өвчтэй байсан” гэж коронавирусээр нас бараагүй болгох гэж тас гүрийсээр. Гадаадаас авчирсан вакциныхаа дээжийг өөрсөддөө хийлгэчихсэн болхоор ч цар талхаас айхаа больчихсон гэхэ үү, яагаад хоногийн тоо 400 давчихаад байхад цаашид яах тухай Засгийн газар, УОК, НОК-ын аль ч үг дуугарахгүй байна вэ. 

 
Өнгөрсөн сард сар шинийн баярыг давхацуулан 12 хоногийн хатуу хөл хорио тогтоохдоо Л.Оюун-Эрдэнэ, С.Амарсайхан, С.Энхболд гурав ам уралдан “Бид энэ хугацаанд бүх голомтыг хумиж авна. Нэг бол сүүлчийн хөл хорио байх болно. Иргэн бүр хөл хорионы дэглэмийг сайтар сахиж, шинжилгээнд идэвхитэй хамрагдаарай, удахгүй сайхан цаг ирнэ” хэмээн юу юугүй коронавирусгүй болох гэж байгаа мэт мэдэгдэл хийцгээсэн. Иргэд уламжлалт баяраа ч тэмдэглэхгүйгээр хөл хорионы дэглэмийг ягштал барьж, “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд нэг ч өрх хойш суулгүй хамрагдсан. Гэтэл одоо тэр олон хоногийн хөл хорионы, олон мянган шинжилгээний үр дүн хаана байна аа.
 
Коронавирусийн халдвар борооны дараах мөөг шиг, хуурай өвсөн ассан хаврын түймэр шиг хурдацтай тархаж байна. Цаг алдалгүй гарц гаргалгаа олохгүй бол цаашид шинэ тохиолдлын тоо хоногт мянга давах нь.
 
Түүнчлэн, халдварын голомт Улаанбаатар хотоос гадна Сэлэнгэ, Дархан, Орхон, Дорноговь, Дорнод, Хэнтий тэргүүтэй 13 аймагт дэгдлээ. Бүх иргэдээ шинжилгээнд хамруулж, халдвартайг нь ойрын хавьталтай нь тусгаарлаж, “Ногоон бүс” болж чадсан Дархан-Уул аймаг ч эргээд халдварын голомт болов. “Эхний ПСР шинжилгээгээр халдвар илрээгүй хэрнээ хоёр, гурав дахь шинжилгээгээр халдвар илэрч байна” гэж голомтод ажиллаж байгаа эмч нар бишгүй л сануулж, анхааруулсан. Гэтэл энэ сарын нэгнээс эхлээд ганцхан удаагийн ПСР шинжилгээний хариутай хүссэн хэн боловч халдварын голомт, улаан бүс Улаанбаатар хотоос гарч, орон нутагт “бэлчиж” эхэлсэн. Эцэст нь Улаанбаатар хотод байсан халдварын голомт 13 аймагт үсэрхийлчихээд байна. Энд хэн буруутай вэ, гэхээр “72 цагийн хүчинтэй ПСР шинжилгээний бичигтэй бол орон нутагт зорчиж болно” гэдэг шийдвэрийг гаргасан УОК, Засгийн газар буруутай. Ядаж Улаанбаатар хот дотроо халдвараа барьж чадсан бол дахиж 13 аймаг “улаан бүс” руу шилжих шаардлагагүй буюу хохирол амсахгүй, иргэд нь айдасгүй, аюулгүй байх байлаа. 
 
Одоо яах вэ, Ерөнхий сайд аа, Шадар сайд, Эрүүл мэндийн сайд аа, Хотын дарга аа. Ард түмэн өнгөрсөн хугацаанд Засгийн газар, УОК, НОК-ын гаргасан шийдвэрийг бүрийг дуулгавартай биелүүлж, талхаа таллаж аваад ч хамаагүй амны хаалт авахад мөнгө илүүчилж, халдвар хамгааллын дэглэмийг ягштал биелүүлж ирсэн. Гэвч одоо хоногийн тоо 1000 гарсан ч хөл хорионд орох тэнхэлгүй болсноо ард түмэн илэрхийлж байна. Цаг алдалгүй халдварын голомтыг хумих цогц шийдэл олохгүй бол улсаараа халдварын хавьтал болох нь. Хэрвээ тусламжийн хэдэн тун вакцинаа зохион байгуулалт муутайгаар “шахах” ажлаа коронавирустэй тэмцэх шилдэг ажил гэж бодож байгаа бол эндүүрэл шүү. Тиймээс яаралтай цар тахалтай тэмцэх ажлаа хийнэ үү. 
 

Ардын намын хэдэн дарга ард түмэндээ коронавирусийн цар тахал битүү тараачихлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188